| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 1714001730193 |
| Дугаар | 2018/ДШМ/030 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2018/ДШМ/030
Г.Тд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Цогжавхлан
Хохирогч В.Д
Хохирогчийн өмгөөлөгч Б.Бурмаа
Шүүгдэгч Г.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа
Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн давж заалдах гомдлоор Г.Тд холбогдох эрүүгийн 1714001730193 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Оргиу овогт Г.Т, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлтгүй,
Г.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг “Хуурайн дээд гол” гэх газарт иргэн В.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Оргиу овогт Г.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164.2-д зааснаар Г.Тд оногдуулсан хоёр зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Т нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, хууль ёсны төлөөлөгч Д.Мянганбаатарыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.7 дугаар зүйлийн 1-д заасан Зөрчлийн хэрэг үүсгүүлхээр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох материалыг шилжүүлхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.2-д зааснаар Г.Тээс 1.005.000 төгрөг гаргуулж хохирогч В.Дт олгож, уг хохирлыг 2018 оны 3 дугаар сарын 23-ны дотор төлөхөөр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Г.Тийн эзэмшлийн “S-6” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гар утсыг хохирол нөхөн төлөх зорилгоор зарцуулхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь анхан шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлтийг гаргаж, ямар үндэслэлээр тухайн хүсэлтийг гаргаж байгааг тайлбарласан боловч тус хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Г.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг “Хуурайн дээд гол” гэх газарт иргэн В.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн №69 дугаар шүүгчийн захирамж гарган /хх-ийн 84-р тал/ хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх, яллагдагч Г.Т болон түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасан ажиллагааг хийлгүйгээр орхигдуулсан байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь утга найруулга болон үг үсгийн алдаа ихтэй, ойлгогдохгүй, тогтоох хэсэгт Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэх 2 өөр байгууллага байгаа мэтээр бичигдсэн байгааг цаашид тухайн байгууллагын оноосон нэрийг зөв сонгон хэрэглэж байх нь зүйтэйг дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар Г.Тийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг, мөн хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Тд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3-т заасныг тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Г.Тд холбогдох эрүүгийн 1714001730193 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Тд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Д.ЭРДЭНЭБИЛЭГ