Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2023/0546

 

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2023/0546

Улаанбаатар хот

           

 

                       “Д*** х*** а***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:                                              

Шүүх хуралдаан даргалагч Т.Энхмаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Д*** х*** а***” ХХК,

Хариуцагч нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/688 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0447 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У***,

Хэргийн индекс: 128/2022/0420/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д*** х*** а***” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/688 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0447 дугаар шийдвэрээр “Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д*** х*** а***” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" А/688 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1. Хариуцагч шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэж, хариуцагчийн буруутай үйлдлийг зөвтгөж шийдвэрлэсэн нь буруу,

 3.2. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нийцээгүй,

 3.3. Маргаан бүхий актыг гарсан талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй нь тогтоогдож байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй,

3.4. Нэхэмжлэгч тухайн газартаа үйл ажиллагаа явуулж, хөрөнгө зарцуулсан бөгөөд хариуцагч шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн нь нэхэмжлэгчийн газрын төлбөрөө төлөөгүй зөрчлийг үгүйсгэхгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна. 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан нотлох баримтаар,

3.1. Нэхэмжлэгч “Д*** х*** а***” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1331 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, 000323120 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон.

3.2. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/688 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Д*** х*** а***” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

4. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”,  40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” хэмээн,

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ...газрын төлбөр төлөгч байна”, 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус заасан  бөгөөд хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу газар эзэмшигч этгээд нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж, газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.

5. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2017 онд “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулснаас хойш маргаан бүхий газартаа орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барих зорилгоор 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн МЗХ2018/17-02 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулан, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ”-г байгуулан, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ус сувгийн удирдах газраас, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “М***” ХХК-аас, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “У***” ТӨХК-иас, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “У***” ТӨХК-иас  холбогдох техникийн нөхцөлийг гаргуулах авах үйл ажиллагааг явуулж байсан боловч 2017-2021 онд газрын төлбөрт 3,036,798 төгрөг төлөхөөс 2018 онд 585,640 төгрөг,  2022 онд 851,200 төгрөг нийт 1,436,840 төгрөгийг төлж 1,599,958 төгрөгийн үлдэгдэлтэй буюу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар тогтоогдсон.

Үүнтэй холбогдуулан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 болон 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй ч 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн маргаан бүхий акт “хуульд нийцсэн” хэмээн дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                     ШҮҮГЧ                                           Т.ЭНХМАА

        

                          ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                     ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА