| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2021/0017/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0291 |
| Огноо | 2021-11-02 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0017/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Хохирогч Н.Э-,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 2118000000011 дугаартай хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Агрономич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, “Д Б” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум ..... тоотод оршин суух хаягтай, Б- овогт Б-ийн Б- /РД:ХХХХХХХХ/,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б-, хохирогч Н.Э- нар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажлаар очиж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг, 10 дугаар байрны 01 тоотод Э.М-ын гэрт архидан согтуурч, 2020 оны 12 дугаар сарын 12-ны 01 цагийн орчимд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.Б- нь Н.Э-ын нүүрэн тус газар нь цохиж, хэвлийн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндий цусан хураа, сэмж, нарийн гэдэсний цоорол, чацархайн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Н.Э-ын “...гаднаас Б- орж ирсэн, тэгээд би Б-аас яасан хүмүүсээ гэрт нь хүргэж өгсөн үү гэж асуухад дуугарахгүй уурлаад байхаар нь чи чинь юундаа уурлаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь ширээн дээр давж гарч ирээд миний нүүрэн тус газар цохисон. Тэр үед би ухаан алдаад газар унасан. Би сэрэхэд нүүр хөндүүр болсон хавдсан байсан. Хэвлий орчмоор, хамар хөндүүрлээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн -12/,
Гэрч Б.Ч-ын “...2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 01 цагийн үед Б.Б- өөрийн 95113535 дугаараас залгаад би танай нөхрийг зодчихлоо, энэ нэг л юм өвдөөд байх шиг байна, ёолоод байна гэхээр нь би Б-ыг чи видео калл хийгээд над руу залга гэхэд Б- над руу залгаад манай нөхөр Н.Э-ыг надад араас нь харуулсан. Тэгэхэд манай нөхөр Н.Э- “би үхлээ, Ч-” гээд орилоод байсан. Тэгээд би Б-д түргэн дуудаач гэхэд утсаа салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч Э.Э-ын “...Э-той би утсаар ярьж хаана байгааг нь асуухад Хайрхан багийн 10 дугаар байрны 01 тоотод найзынхаа гэрт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь С-ий бид 32 яваад ороход Э-, Б- 2 дундаа нэг сагс жижиг пиво тавьчихсан аль аль нь жаахан халамцуу байдалтай сууж байсан. Бид 4 хамт суугаад пиво ууж байхад хоорондоо ямар ч хэрүүл маргаангүй зүгээр сууж байсан. Бид 4 өөс өөр хүн тэнд байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч Х.С-ын “...Э өглөө ажлаасаа буусан гээд орон дээр хажуулдаад амарч байсан чинь Э- Б-д хандан чи С-тэй гараад машин халаачих гэж хэлсэн. Тэгсэн чинь Б- хөдлөхгүй суугаад байсан чинь Б- рүү уурлаад түлхээд гарчхаад ир л дээ гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрч Э.М-ын “...2020 оны 10 дугаар сарын дундуур санагдаж байна Улаанбаатар хот руу ажлаар явсан бөгөөд 12 дугаар сарын 11-ний өдөр миний танил Э-, Б- 2 над руу утсаар залгаад бид 2 Шарын гол суманд ирчихсэн байна. Өнөөдөр хөдөө явах гэсэн боловч оройтчихлоо эндээ хонохоос, гэрийн чинь түлхүүр байгаа юм уу гэж асуухаар нь би гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн газраа зааж өгөөд манайд ороод амарчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаартай “...Н.Э-ын биед хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндий цусан хураа, сэмж, нарийн гэдэсний цоорол, чацархайн няцрал, хэвлий хагалгааны дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Н.Э-ын биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Н.Э-ын бие учирсан хэвлийн битүү гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/,
Яллагдагч Б.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э- бид 2 зууралдаад зодолдсон. Тухайн үед би нэлээн согтуу байсан. ...өглөө сэрээд Э-ыг харахад нүүрний баруун шанаа хэсэг нь хөхөрсөн хэвлий хавиар нь өвдөөд байна гээд байсан, ...Э-той зууралдаад зодолдоод байснаа мэдэж байна. Э- бид 2-ыг зодолдож байхад өөр хүн байгаагүй бид 2 л байсан, ... тухайн үедээ би уур хөдлөөд хаашаа цохисон талаар сайн санахгүй байна. Хэсэг хугацааны дараа би тайвшраад Э-ын эхнэр лүү нь залгаад бид 2 хоорондоо маргалдаад зодолдсон гэж хэлсэн. Э-ын эхнэрийн данс руу 4.100.000 төгрөг өгөөд бэлнээр 2.200.000 төгрөг өгсөн. Тэгээд нийт 6.300.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 131-134/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-5/,
Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмнэлгийн хуудас болон эмнэлгийн бусад баримтууд /хх-ийн 32-80/,
Эмчилгээний баримтууд /хх-ийн 107-125/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндий цусан хураа, сэмж, нарийн гэдэсний цоорол, чацархайн няцрал гэмтэл нь цаг тухайд нь эмнэлгийн тусламж үзүүлээгүй бол амь насанд аюул учруулж болохуйц байсан байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч Б.Б- хүлээн зөвшөөрч 8,763,368 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн ба уг төлбөрийг шүүх хуралдааныг завсарлуулах хугацаанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Б-аас гаргуулах төлбөргүй байна.
Хохирогч Н.Э- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7-р сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан “Ялаас өршөөн хасах” хэсэгт хамаарч байна.
Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул өршөөлд хамааруулах үндэслэлтэй байна.
Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, Б.Б-ыг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Э- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД