Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 14

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Х.Гүнжидмаа,

Иргэний нэхэмжлэгч Б түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч П, түүний өмгөөлөгч Д.Батмөнх

Нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Х.Гүнжидмаагийн гаргасан эсэргүүцлээр П-д холбогдох эрүүгийн 1716001560009 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

П нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн үед 76-83 ГАҮ улсын дугаартай, Ниссан навара маркийн авто машин жолоодож Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Дөтийн даваа уруудаж замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг болон мөн дүрмийн 2.3 дахь хэсэгт заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо, орж байгаа үед жолоочийн талын шил арчигч ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг, 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас машин онхолдож, иргэн Б-ийн биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б-н эзэмшлийн 76-83 ГАҮ улсын дугаартай ниссан навара маркийн авто машинд 6026000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймгийн прокурорын газраас П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч П-дхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн 1716001560009 дугаар эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл тайлбартаа: “Анхан шатны шүүх шүүгдэгч П-ийн үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж дүгнэсэн атлаа Аймгийн прокурорын газраас шүүгдэгч П-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн нь няцаагдаж байна гэж дүгнэн цагаатгасан нь өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн байна.

Түүнчлэн П нь  согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж, Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь гэм буруугийн шүүх хуралдаанаар яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын мэтгэлцээний байдал болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэсэн боловч П-ийн согтуурлыг багажаар шалгасан баримт нь эх хувь биш, согтуурлын хувь бичсэн хэсэг, он, сар, өдөр нь засвартай гэж дүгнэн  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэж зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүх өөрөө үгүйсгэсэн байна.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэж тэмдэглэсэн байна. Шүүгдэгч П нь шүүхийн хэлэлцүүлэгт Монгол хэл бичиг мэдэхгүй гэж мэдүүлсэнийг үндэслэн уг байдлыг нягталж үзэлгүйгээр хэргийн шийдвэрлэлтийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй.   

Анхан шатны шүүх ослын талаарх шинжээчийн дүгнэлтэд замын хөдөлгөөний дүрэмд заасан зүйлийг ерөнхий байдлаар бичсэн гэж дүгнэсэн атлаа шинжээчийн дүгнэлтийн аль заалт нь ямар үндэслэлээр тухайн хэргийг шийдвэрлэхэд саад болж байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй.

П-ийн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол болж тухайн хүний биед болон эд хөрөнгөд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байхад шууд үгүйсгэсэн.

Тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг нотлоогүй гэх үндэслэлээр хэргийг цагаатгаж байгаа нь хууль хэрэглээний хувьд алдаатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.8 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийн аль хэсгээр нь хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлээ анхан шатны шүүх тодорхой заагаагүй нь илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Тиймээс анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гаргасан бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар заасан байх шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, 1.3 дэх хэсэгт зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэгт зааснаар илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү?” гэжээ.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, П нь машиныг ямар үндэслэлээр жолоодсон зэрэг нь тодорхой бус байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү?” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна, шүүгдэгч П нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж, Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь гэм буруугийн шүүх хуралдаанаар яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын мэтгэлцээний байдал болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж тус тус дүгнэжээ.

Мөн шинжээч Б.Бөхбаярын “...0.20 хувийн согтолт тогтоогдоогүй учир согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзээгүй” гэсэн дүгнэлт, П-ийн “драгер үлээлгэхэд 0.10 хувийн согтолттой гарсан” гэсэн мэдүүлэг зэрэг нь согуурал шалгасан баримт нь эх хувь биш, баримтын сар, өдөр, согтуурлын хувь бичсэн хэсэг засвартай байгаагаар няцаагдаж байна гэж дүгнэжээ.

Түүнчлэн гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын 3 шил архийг дөрвүүлээ хувааж уусан гэсэн мэдүүлгээр П нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь давхар батлагдаж, прокуророос П-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь няцаагдаж байна гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргахаар заасан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхээс хэргийн талаар тогтоосон байдлыг болон шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгахаар заасан байна.   

Тодруулбал цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт зөвхөн шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын үндэслэлийг тусгах буюу, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн яллах талын дүгнэлт, саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгахаар заасан байна.

Гэтэл анхан шатны шүүх нь цагаатгах тогтоолдоо хэргийн талаар тогтоосон байдлыг дурдахдаа шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэрэг мөн байна гэж дүгнэн  шүүгдэгчийг цагаатгах нотлох баримтын үндэслэлийг ч улсын яллагчийн дүгнэлтийг ч няцаан үгүйсгэсэн байна.    

            Мөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын удирлага болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дах хэсэгт шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бол хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахаар тус тус зохицуулсан байна.

Гэтэл анхан шатны шүүх “П-д тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцнэ” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П-д болбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорын газарт буцаахаар шийдвэрлэж дээр дурдсан хоёр үндэслэлийн алинаар нь хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлээ тайлбарлаагүй байна.    

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгийн 2.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор, мөн зүйл, хэсгийн 2.2 дах заалтад шүүгэдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор заасан байтал цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоосны дараа хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй гэж заасан нь учир дутагдалтай байна.

Тиймээс анхан шатны шүүхийн энэхүү цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн  3, 6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу шүүх шийдвэр гаргахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Учир нь Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэгдэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.6 дугаар зүйлд “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гаргасан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтоохоор”, мөн журмын 2.5 дугаар зүйлд “Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэхээр” тус тус зохицуулсан байна.

Гэвч тухайн үед П-ийн цусан дахь агууламжаар нь согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг журмын дагуу тогтоогоогүй байх бөгөөд энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Хэдийгээр гэрч, хохирогч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт бид дөрвүүлээ 3 шил архи хувааж уусан гэж мэдүүлсэн байх боловч хэн нь ямар хэмжээтэй согтууруулах ундаа хэрэглэсэн, П тээврийн хэрэгсэл жолоодоход саад болохуйц хэмжээний согтолттой байсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Харин гэрч Б, О нарын мэдүүлгээр Гашууны хөндий уруудаж явахад Б нь их согтсонсс машинаа жолоодож чадахгүй, зам онохгүй 3 удаа замаас гаргаж нэг удаа замын хажуугийн чулуу мөргүүлэх шахсанаас Б, О нар нь П-ийг чи машиныг барьчих юмуу? гэхэд П, Б нар зөвшөөрч П-р авто машинаа жолоодуулсан байх бөгөөд осолд орсон авто машиныг цагдаагийн байгууллага дээр авч ирж П-г согтуурал шалгах багажаар шалгахад амьсгал дахь спиртийн агууламж нь 0.10 промиль байсан зэргээс дүгнэхэд П нь тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь нотлогдоогүй байна.

Шүүгдэгч П  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцаж “Танилцлаа” гэсэн тэмдэглэгээ хийж гарын үсэг зурж байсан, болон B, C ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй болох нь хэрэгт авагдсан байна.

Гэвч П нь Монгол бичиг мэдэхгүй болох нь тогтоогдож шүүгдэгч өмгөөлөгч авахаасаа өмнө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн гэж үзэж хүсэлт гаргавал шүүх хүсэлтийг хянан хэлэлцэж шүүгдэгчийн урьд өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар нотлох баримтад тооцохгүй байх боломжтой байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж шүүх үзвэл дахин шинжилгээ хийлгэх боломжтойг дурьдах нь зүйтэй байна.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн прокурорын эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
  2. Шүүгдэгч П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.