Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2022/0671/З |
Дугаар | 221/МА2023/0551 |
Огноо | 2023-08-24 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2023/0551
2023 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 221/МА2023/0551 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
Ё.Г***ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Ё.Г***,
Хэргийн оролцогчид
Нэхэмжлэгч Ё.Г***,
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Б***, П.У*** нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай “Хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох, илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актын Ё.Г***од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас Ё.Г***ын өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг хариуцагчид даалгах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0477 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л*** нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э*** нар.
Хэргийн индекс: 128/2022/0671/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ё.Г***оос Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Б***, П.У*** нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай “Хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох, илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актын Ё.Г***од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас Ё.Г***ын өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг хариуцагчид даалгах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0477 дугаар шийдвэрээр “Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3, 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Г***ын Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Б***, П.У*** нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай улсын байцаагчийн актын Ё.Г***од холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль бус үйлдлээс болж Ё.Г***ын өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Миний бие Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох тухай” 02 дугаар тогтоолоор тэтгэвэр тогтоосон. Баянхонгор аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр тушаалаар миний бие мод бэлтгэлийн тасгийн аж ахуйн нярвын ажлыг өөрийн үндсэн ажил болох гуалинчийн ажлыг цуг хийж 2 газраас цалин авч явсан бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан,
3.2. Захиргааны хэргийн шүүх Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг няцааж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, би хуурамч баримт бичиг бүрдүүлж тэтгэвэрт ороогүй,
3.3. Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйл, 110 дүгээр зүйлийн 110.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд шүүх нотлох баримтыг буруу үнэлэн, хуулийг буруу хэрэглэсэн тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0477 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:
3.1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 131/ШШ2017/00584 дүгээр шийдвэрээр “...Ё.Г*** нь 1978 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин, төмөрчнөөр, 1982 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа мод бэлтгэлийн тасагт гаулинчаар, 1990 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Тонгорог хоршоололд гаулинчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож” шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
3.2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг Говь-Алтай, Баянхонгор, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст шалгалт шалгалтын нэгдсэн удирдамж”-ийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нар Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 296 иргэний, 2018, 2019, 2020 онуудад шинээр тогтоосон 2542 иргэний тэтгэврийн тогтоолт, олголтыг, мөн хугацааны нийт тэтгэврийн олголтыг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, анхан шатны баримтад үндэслэн шалгаж, улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаар актын 1 дүгээр хавсралтаар хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон гэх нэр бүхий 5 иргэний тэтгэврийн олголтыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоож шийдвэрлэсний 3 дугаарт нэхэмжлэгч Ё.Г*** “шүүхийн шийдвэр, архивын лавлагаа зөрсөн” гэх үндэслэлээр бичигджээ.
4. Анхан шатны шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 131/ШШ2017/00584 дүгээр хүчин төгөлдөр шийдвэр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэн “... Ё.Г*** нь Баянхонгор аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр тушаалаар мод бэлтгэлийн тасгийн аж ахуйн нярваар гуалинчинаар, тус аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1990 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тушаалаар нярваар /1990 оны 3 дугаар сарын 01-нээс эхлэн Тонгорог хоршооллын ажилчнаар шилжүүлэн ажиллуулахаар/ тус тус ажиллаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоож байна” хэмээн дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
5. Тодруулбал, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 131/ШШ2017/00584 дүгээр шийдвэрээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болох нэхэмжлэгч С.Г***ыг “1978 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин, төмөрчнөөр, 1982 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа мод бэлтгэлийн тасагт гаулинчаар, 1990 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Тонгорог хоршоололд гаулинчаар” тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосон. Улмаар нийгмийн даатгалын байгууллагаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-д заасан “хөдөлмөрийн хүнд нөхцөлд” ажилласантай холбоотой болзол хангасан гэж үзэж, өндөр насны тэтгэвэр тогтоож олгосон.
6. Гэтэл хариуцагчаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх явцдаа дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт “архивын лавлагаа”-тай зөрсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэн нэхэмжлэгч Ё.Г***ыг “хуурамч баримт бичиг бүрдүүлэн” тэтгэвэр тогтоолгосон гэж үзэн, маргаан бүхий улсын байцаагчийн актаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоохоор шийдвэрлэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-т “Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно”, 1/ “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол”, 4 дэх хэсгийн “Энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байхад анхан шатны шүүх иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримттай холбогдуулан эсрэг агуулга бүхий дүгнэлтийг дахин хийж, маргаан бүхий улсын байцаагчийн актыг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг зөрчсөн.
Энэ талаарх нэхэмжлэгчийн “... нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин дүгнэлт өгөх эрх Захиргааны хэргийн шүүх болон нийгмийн даатгалын байгууллагад байхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0477 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3, 29 дүгээр зүйлийн 4-д заасныг үндэслэн Ё.Г***ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Б***, П.У*** нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаар актын Ё.Г***од холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ё.Г***ын өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА