Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00811

 

 П.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02544 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 269 дүгээр магадлалтай,

П.Б-ын нэхэмжлэлтэй,

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон, Т.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2002 онд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 3 дугаар баазад автобусны жолоочоор ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаагүй. Миний бие хамт олныхоо илтгэлийг хүлээн 2015 онд Үйлдвэрчний хорооны сонгуульт үүрэг хүлээн 3 дугаар баазын орон тооны даргаар ажиллаж байгаад орон тооны бус хороон даргаар ажиллах болсон. Ажилчдын зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд ажил олгогчтойгоо үл ойлголцон маргаснаас болоод 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/648 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Зорчигч тээврийн нэгтгэл-3 ОНӨААТҮГ-ыг шинээр байгуулаад бүртгүүлсэн байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1-д зааснаар хариуцагчаа солих хүсэлт гаргасан. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: П.Б- нь 2002 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т жолоочоор ажилд орсон. 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1868 тоот тушаалаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил хийхээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 10 дугаар сарын 14-ний 6/1501 тоот тушаалаар Үйлдвэрчний эвлэлийн даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөж, ажилдаа орох хүсэлт гаргасны дагуу жолоочоор ажиллуулсан. П.Б- нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 2 удаа 16 хоногийн акт авч, лист оруулсан. Үүнээс хойш байгууллагатай холбоо бариагүй, өвчтэй гэдгээ нотлох баримт авчирч өгөөгүй 77002255 утсаар асууж лавлахад очиж уулзана гэсэн боловч ирээгүй. 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 49 хоног шалтгаангүй ажил тасалж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.1.17 хэсэг, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтуудыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг тус тус үндэслэн захиргаанаас цаашид итгэл хүлээлгэх боломжгүй гэж үзээд ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. Иймд П.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02544 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-с ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 269 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02544 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02544 тоот шүүхийн шийдвэр, 2019 оны 02 сарын 13-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 269 тоот магадлалыг эс зөвшөөрөн дараах хяналтын шатанд гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халагдахдаа Зорчигч тээврийн нэгтгэлийн Автобусны 3 дугаар баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны бус даргаар ажиллаж байсан болохыг дараах хэргийн материалд авагдсан нотлох баримт нотолдог. Үүнд: Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаагийн 2017.08.28-ны өдрийн 84 тоотоор тус холбооны гишүүн байгууллага болох Зорчигч тээврийн нэгтгэлийн Автобус-3 баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар ажилладаг болохыг тодорхойлсон. /ХХ-74/, 2015.04.30-ны өдрийн 11 тоотоор Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн тогтоолоор сонгууль явуулах тухай тогтоол /ХХ-78/, тооллогын комиссын тогтоол /ХХ-79/-р тогтоогддог.

Хоёр шатны шүүх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр нь байхгүй байгаа учраас ҮЭ-ийн хороон дарга биш бөгөөд өөр гэрчилгээтэй Ц.Ариунбаатарыг хороон дарга гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь бүртгүүлэх гэхээр захиргааны дарамт ҮЭ-ийн үйл ажиллагаанд нөлөөлсөн тул уг нөлөөнөөс болоод өөрчлөлт оруулахад чухал шаардлагатай баримт болох бүх гишүүдийн хурлын тогтоол шийдвэрийг өмнөх дарга байсан Төөрүүл албан бланк дээр гаргахдаа тэгүүлэгчдийн хурлын шийдвэр гэснээс болоод цаг хугацаанд нь бүртгүүлж чадаагүй мөн энэхүү зөрчлөө арилгаад гарын үсэг зуруулах гэхээр тэрээр үгүй гээд зурч өгдөггүй байснаас болоод цаг хугацаанд нь бүртгүүлээгүйг 2018.11.21-ны өдрийн 0035312 т0от дугаартай шийтгэлийн хуудсанд удаа дараагийн хүсэлтээр хугацаандаа бүртгүүлээгүй нь нотлогдож байгаа тул гээд 500.000 төгрөгөөр торгуулсан баримт нотлох. Орон тооны болон орон тооны бус даргын асуудлыг энэхүү шүүх хурлууд дээр хэлээд байхад шүүхээс анхаарч үзсэнгүй. Энэхүү орон тооны болон бусын эрх зүйн зохицуулалт нь ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 6.2.-т “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэж заасан зохицуулалтаар тайлбарлагдана. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй гэдэг нь ажил үүргээ хийж байгаа орон тооны бус даргыг хэлж байгаа бөгөөд тэрээр ҮЭ-ийн үйл ажиллагааг хийснийхээ төлөө тодорхой хэмжээний урамшууллыг авдаг бол орон тоогоор ажилладаг үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөд хийж байгаа ҮЭ-ийн хороон дарга гишүүдийн татвараас цалинждагаараа ялгаатай болно. тэгэхээр ажил олгогч энэхүү хуулийн зохицуулалтыг зөрчсөн байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэгчийг ажлаас халсан 2017.07.28-ны өдрийн Б/648 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг үндэслэсэн байгаа. Энэхүү үндэслэлийн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.6-д 3 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан бол гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг 49 хоног шалтгаангүй ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч 49 хоног ажил таслаагүй. Эмнэлгийн хуудсаар чөлөөтэй байсан. /ХХ-75-76 хуудас/ Яагаад гэвэл нэхэмжлэгч бол өвчтөн эмчийн бичиж өгсөн магадалгааг авах л эрхтэй болохоос эмнэлгийн мэргэшсэн ажилтан биш байхад яагаад эмнэлгийн эмч ажилтныг магадалгаа гаргахдаа баримтлах журмыг баримтлаагүй байна гээд байгаа юм бэ. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болох байгууллагын утас 77002255 дугаараас нэхэмжлэгчтэй 2017.06.06-ны өдөр нэхэмжлэгчийн гар утасны дугаар болох 96680550 тоот дугаарт залгаад 115 секунд буюу 3 минут 8 секунд ярьсан байгаа /ХХ-99/ юнитель үүрэн холбооны байгууллагаас өгсөн тодорхойлолтоор нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2,-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчөөд 2017.6.07-ны өдрөөс 2017.07.24-ны өдөр буюу нэг сар 17 хоногийн дараа ажлаас халж байгаа юм бэ, мөн ажлаас халах тушаалд заасан шиг 49 хоног биш 47 хоног байгаагаас хархад уг тушаал өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй гарсан тушаал шийдвэр гэж үзэж байна.

Иймд тус шүүх тогтоолдоо Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02544 тоот шийдвэр, 2019 оны 02 сарын 13-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 269 тоот магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч П.Б-ын “...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ эс зөвшөөрч маргахдаа “...ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан” гэсэн тайлбар гаргажээ.

Ажил олгогч 2017 оны 7 дугаар сарын 28-ний өдөр Б/648 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгчийг автобусны жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэл болгожээ. Уг тушаалд нэхэмжлэгч нь ... 49 хоног шалтгаангүйгээр ажил тасалж ноцтой зөрчил” гаргасан талаар дурдсан байх ба зохигчид энэ талаар мэтгэлцжээ.

Зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.5, 5.1.6-т ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор заасан ба нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 3-с 7 дугаар сарын 26-ний өдөр хүртэл ажилдаа ирээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Хэргийн 75, 76 дугаар талд авагдсан Эмнэлгийн магадлагаанд ерөнхий эмчийн гарын үсэг зурагдаагүй, ажлаас халах тушаалд заасан хугацаанд өвчтэй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн Д.Баттулга нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдсөн, түүнийг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр жолоочийн ажилд томилжээ /хэргийн 30 дугаар тал/.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02544 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 269 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ