Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0157/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Д.Батмөнх,

Гэрч Н.А, Ч.Т,

Шүүгдэгч Н.Сын өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч Х.Б, Ч.М нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Н.С, Х.Б, Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Н.С, Т овогт Ч.М, З овогт Х.Б нарт холбогдох эрүүгийн 2118000450129 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Т овогт Н.С /РД: /, 1975 оны 3 дугаар сарын 23-нд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх нийгэм судлалын багш мэргэжилтэй, “Дархан-Уул аймгийн ........... сумын ** дугаар сургуульд захирал ажилтай, ам бүл 6, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

2. Монгол Улсын иргэн, З овогт Х.Б /РД: 1977 оны 02 дугаар сарын 24-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

3. Монгол Улсын иргэн, Т овогт Ч.М /РД: /, 1995 оны 4 дүгээр сарын 16-нд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уламжлалтын сувилагч мэргэжилтэй, “...........” ХК-нд үйлдвэрийн бага эмч ажилтай, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Д.Батмөнх нь шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч Х.Б, Ч.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х.Бгийн өгсөн: Тухайн үед өлгүүрчнээр ажиллаж байсан. Багш нарын баяр дөхсөн байсан учир “ажлын хамт олондоо нэг хонь өгье” гэж захиралд хэлсэн. Захирал “мал хэрэггүй мөнгийг нь өгчих” гэсэн, ийм үйлдлийг хээл хахууль болдог гэж мэдээгүй гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ч.Мын өгсөн: Ажилд орохоор захирал Н.Стай уулзсан. Ажилд орох анкет өгье гэж бодсон. Захирал орон тоо байгаа талаар хэлсэн. Ингээд ажилд орохоор болсон. Захирал “сургуулийн засварын ажил их байгаа боломжоороо хэдэн төгрөг өгөөч” гэхээр нь өрөөнд нь нөхөртэйгөө утсаар яриад “200.000 төгрөг өгье” гэхэд “болно” гэж хэлсэн. Тэгээд ааваас 200.000 төгрөг аваад өгсөн. Захирал “дансаар авахгүй бэлнээр өгчих” гэсний дагуу мөнгийг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Сын өгсөн: ...Б нь надад “ажлын хамт олондоо нэг хонь өгнө” гэх зүйлийг хэлсэн. Би 2020 оны намар “нөгөө жирэмсний амралтаа авсан хүн нь ажилдаа орох гэж байгаад хүүхдээ үргэлжлүүлж харна гэж надад хэлсэн, цаасаар хүсэлтээ өгөөгүй байгаа” гэдгийг Бд хэлсэн. Мөн “өөр хүмүүс ажилд орох сонирхлоо илэрхийлсэн” гэдгийг ч хэлсэн. Би  Бг авч үлдэх сонирхолтой, цаашлаад сургуулийн гал тогоонд үндсэн ажилчнаар авч үлдэх саналтай байгаа гэдгээ ч хэлсэн. Б өөрөө буруу ойлгосон юм шиг байна лээ. Ч.Мын хувьд, Маас гадна өмнө нь сувилагчаар ажиллаж байсан хүн ажилд орох сонирхолтой байсан. Би тэр хүнд “жирэмсний амралттай байгаа хүний оронд түр орон тоогоор орно, та ажлаасаа гарч орох юм уу?” гэхэд “орохгүй” гэдгээ хэлсэн. Сургуульд яаралтай эмч ажилд авах шаардлагатай, өөр эмч олдохгүй байсан. Тэгээд ажилчдын хурал дээрээ ярилцаад Мыг дуудсан. Зайлшгүй хүн ажиллуулах шаардлагатай байсан тул холбогдох хүмүүстэй ярилцаад Мыг ажилд авсан. Өмнө нь ажиллаж байсан эмч нь 11 сард ажилдаа эргэж ормоор байна гэсэн тул Мыг ажлаас нь чөлөөлсөн. М надад гомдсон зүйл байгаа байх. Тухайн үед сургуулийн орчныг сайжруулах шаардлага ирсэн байсан тул камер, гэрлийн асуудлуудаа шийдэх талаар ярилцахад М 200.000 төгрөгийн хандив өгсөн. Үүнийг юунд зарцуулах талаар няравтайгаар ярилцсан. Ингээд сургууль гэр хороололд алслагдмал байрлалтай учир ажилчдын хоол халаах зорилгоор богино долгионы зуух авсан. Нийгмийн асуудал шийдэх гэхээр төсөв байдаггүй, ажилчид, багш нар сургуульдаа хандив өгдөг асуудал байсан. Хандиваар авч байсан багаж хэрэгслүүд ч байдаг. Маас 200.000 төгрөг, Бгаас 170.000 төгрөг, нийт 370.000 төгрөг авснаас 200.000 төгрөгөөр нь богино долгионы зуух авсан. Үлдэгдэл мөнгийг тус сумын цагаан байрыг засварлах төсөв хийлгэх зардлын урьдчилгаанд 100.000 төгрөгийг, уг байрыг ашиглах боломжтой эсэхийг тогтоолгохоор мэргэжлийн хүн авчирч үзүүлсэн зардалд үлдэгдэл мөнгийг нь зарцуулсан. Сургуульд өгсөн хандивыг Төрийн сангийн дансанд байршуулж, тайлагнасан зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

Гэрч Н.Аийн өгсөн: Манай байгууллага албан ёсоор бичгээр хандив авдаг. Хамт олны хуримтлал гэж байхгүй. Ажилчдаараа салхинд гарах болохоор шинээр орсон ажилчид хамт олондоо хонь гэх мэт зүйлс авч өгдөг. Мыг хандив өгснийг сүүлд саяхан мэдсэн. Ажилчдын ашиглаж байгаа богино долгионы зуухыг захирал 2021 оны 01 дүгээр сард авч ирсэн. Манай ажилчид богино долгионы зуух хэрэгтэй байгаа талаар надад санал гаргаж байгаагүй, захиралд ийм санал гаргасан байх. Байгууллагад бараа материал худалдаж авах ажлыг нярав гүйцэтгэх ёстой. Захирал С нь төсөл хийлгэнэ гээд 100.000 төгрөгийг надаас аваад буцааж төлсөн. Бо багшийн ангийн засварын мөнгө байсан учир буцааж авсан гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Тгийн өгсөн: Сургуулийн эмч нь ажлын байрны тодорхойлолтоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, өвчин илэрвэл дараагийн байгууллагад хандах үүрэгтэй. Манай сургуульд эмч олдохгүй байсан учир Ч.Мыг ажилд авах асуудлыг хурлаар хэлэлцээд эмчийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэж үзээд ажилд авсан. Манай сургуульд богино долгионы зуух хэрэгтэй, одоо ашиглаж байгаа. Сургуулийн харьяанд байдаг цагаан байранд засвар оруулах талаар олон жил яригдаж байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд

Гэрч Б.Згийн өгсөн: ...Миний мэдэж байгаагаар сургуулийн эмч Маас 200.000 төгрөг бэлнээр авсан гэж байсан. Учир нь Мыг ажилд авсан гэж мөнгө авсан юм байна лээ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25/,

Гэрч Д.НТгийн өгсөн: ...2020 онд манай байгууллагад урсгал засварын зардалд улсын төсвөөс 5.800.000 төгрөг тусгагдаж, 3.686.000 төгрөгөөр сургуулийн гадна хаалгаар 2 ширхэг металл хаалга худалдаж авсан. 2.113.400 төгрөгөөр цайны газрын засварын материал худалдаж авсан. Иргэд болон аж ахуй нэгж байгууллагаас хандив тусламж аваагүй. Багш ажилчид, сурагчдаас мөнгө хураах, авахыг хатуу хориглосон байдаг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37/,

Гэрч Б.Уын өгсөн: ...2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай эхнэр М над руу яриад “АТМ ороод 200.000 төгрөг аваад ирээч” гэхээр нь би Шарын гол сумын Дархан багийн 15 дугаар байранд байдаг ХААН банкны АТМ-аас 200.000 төгрөг аваад эхнэр Мд сургуулийнх нь гадаа аваачиж өгсөн. Тухайн үед Мыг захиралдаа хахууль өгөх гэж байгааг мэдээгүй. Сүүлд цагдаа сэргийлэх болоод яваад байхаар нь юу болсон талаар асуухад тэр мөнгийг захиралдаа өгсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106/,

Гэрч О.Нийн өгсөн: .............. сумын ** дугаар сургуулиас эмч ажилд авна гэсэн ажлын байрны захиалга огт өгөөгүй. Тухайн үед манай байгууллагад Ардагельд гэж эмч мэргэжилтэй хүн ажил хайгчаар бүртгүүлсэн байсан. Үүнээс өөр мэдэгдэж бүртгүүлсэн хүн байгаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108/,

Шүүгдэгч Ч.Мын гэрчээр өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд ажилд орохоор захирал Н.Стай очиж уулзсан. Тэгэхэд намайг “сувилагч мэргэжилтэй, эмчлэх эрхгүй болохоор ажилд авах боломжгүй. Гэхдээ би энэ асуудлыг чинь хариуцаад чамайг ажилд авъя. Сургуулийн засварын ажил их байгаа боломжоороо хэдэн төгрөг өгөөч” гэж хэлэхээр нь “200.000 төгрөг болох уу?” гэхэд “болно болно” гэсэн. Тэгээд би аав Чимэдцэрэнгээс өөрийн ХААН банк дахь 5496****** тоот дансаар 200.000 төгрөг авсан. 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “тушаал чинь гарна, ажилдаа ороорой” гэхээр нь би 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сургууль дээр очиход С захирал уулзаад “нөгөө мөнгө чинь юу болж байна” гэхээр нь би “бэлэн байна. Та дансаа өгчих” гэхэд “дансаа өгөхгүй, бэлнээр нь авна” гээд өөрийнхөө өрөөнд надаас 200.000 төгрөгийг бэлнээр тоолж аваад намайг ажилдаа орж болно гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26, 44-45/,

Шүүгдэгч Х.Бгийн гэрчээр өгсөн: Би анх 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд жирэмсний амралттай хүний оронд өлгүүрчнээр ажилд орсон. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад ээлжийн амралтаа авсан ба энэ үед миний өмнө ажиллаж байсан хүн дахиад 1 жилийн чөлөө үргэлжлүүлж авна гэхээр нь би сургууль дээр очиж захиралтай уулзсан. Тэгтэл “нөгөө хүн чинь өргөдлөө бичиж өгөөгүй байна, чи түр хүлээж бай” гээд намайг явуулсан. Үүний дараа 2020 оны 9 дүгээр сард С захиралтай дахин очиж уулзахад “чи хүлээж бай, өнгөрсөн жил чамтай хамт өргөдөл өгсөн хүмүүсээс нэг нь ажилд орно гэж ярьсан. Ажил гарвал чамайг дуудна” гэхээр нь би түүнийг гар хараад байгаа юм байна гэж бодоод “та ажилд авах юм бол танд нэг хонь өгье” гэж хэлэхэд өөдөөс “хонь яах вэ, зүгээр мөнгийг нь өгчих. Тэгвэл ажилд авъя” гэсэн. Тэгэхээр нь би 2020 оны 9 дүгээр сарын 20-нд улсаас олгодог хүүхдийн мөнгөө Төрийн банкнаас бэлнээр нь аваад гэртээ хадгалчихсан байсан 200.000 төгрөгөөсөө 170.000 төгрөгийг захирал Сын өрөөнд 2020 оны 9 дүгээр сарын 22-оос 24-ний аль нэг өдөр нь оруулж өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31, 39-40/,

Шүүгдэгч Н.Сын гэрчээр өгсөн: ...манай сургуульд шинээр ажилд орж байгаа, эсвэл тэтгэвэрт гарч байгаа хамт олноо дайлж цайлах, хонь мал, мөнгө төгрөг өгдөг жишиг тогтсон. Маас 200.00 төгрөг, Бгаас 170.000 төгрөг, нийт 370.000 төгрөг авч 240.000 төгрөгөөр нь сургуулийнхаа багш нарын өрөөнд шарх шүүгээ авсан. 100.000 төгрөгөөр нь багш нарын байрны засварын ажлын төсвийн хөлсөнд өгч, үлдсэн мөнгийг нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг авч ирээд буцааж хүргэж өгөхөд зориулж тээврийн хэрэгсэлдээ шатахуун хийсэн. Түүнээс би өөртөө мөнгө төгрөг хэрэглэсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34/,

Шүүгдэгч Ч.Мын бичсэн “8 дугаар сарын 27-ны өдөр ажилд орохоор очиж уулзсан. 200.000 төгрөг нэхсэн. Тухайн үед би мөнгөгүй байсан болохоор өөрийн ааваас 200.000 төгрөг авч 9 дүгээр сарын 01-нд асуухад нь дансаа өгчих гэсэн боловч бэлнээр авна гээд бэлнээр авчирч өгсөн. Тэгээд онцгой байдал зарласан үед надад огт урьдчилж хэлээгүй байж ажлаа хүлээлц гэж ажлаас халсан” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 5/,

Дархан-Уул аймгийн ........... сумын ** дугаар сургуулийн багш ажилчдын төлөөллөөс Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга Б.Лхамсүрэнд гаргасан өргөдөл /1-р хх-ийн 6-8/,

Шүүгдэгч Х.Бгийн бичсэн “Миний бие Б нь 2019 оны 11 дүгээр сард тус сургуульд жирэмсний амралт авсан хүний оронд өлгүүрчнээр ажиллаад 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад эргээд 9 дүгээр сард ажилдаа орно гээд очсон боловч өөр хүн авах гэж байгаа гээд авахгүй байсан тул 1 мал өгье гэж хэлсэн боловч мал авахгүй бэлэн мөнгө өг гэхэд нь 170.000 төгрөг өгч ажилд орсон” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 9/,

Шүүгдэгч Х.Бгийн Төрийн банк дахь 140500****** дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 42/,

Шүүгдэгч Ч.Мын ХААН банк дахь 5496****** дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 48/,

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 73-80/,

Шүүгдэгч Х.Бг өлгүүрчин албан тушаалд томилсон тухай Дархан-Уул аймгийн ........... сумын ** дугаар сургуулийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/15 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 81/,

Шүүгдэгч Ч.Мыг эмчийн албан тушаалд түр томилсон тухай Дархан-Уул аймгийн ........... сумын ** дугаар сургуулийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 83/,

Шүүгдэгч Н.Сыг Дархан-Уул аймгийн ........... сумын ** дугаар сургуулийн захирлаар түр томилох тухай аймгийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01-Б/49 дугаартай захирамжийн хуулбар /1-р хх-ийн 87-88/,

Дархан-Уул аймгийн ........... сумын ** дугаар сургуулийн багш нарын 4 айлын орон сууцны барилгын засварын ажлын төсөв /1-р хх-ийн 156-232/,

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/494, А/761 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн эмчийн ажлын байрны үлгэрчилсэн загвар /1-р хх-ийн 234-239/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.С нь Дархан-Уул аймгийн .................. сумын Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн ажлын албан өрөөнд хахууль өгөгч Ч.Мын ашиг сонирхлын үүднээс Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил болон ажлын туршлага, мэргэжлийн сургалтад хамрагдаагүй, мэргэжлийн үнэмлэхгүй, 1 жилийн хугацаатай сувилах үйл ажиллагаа эрхэлсэн, шаардлага хангахгүй хүнийг хүчээр түр томилон ажиллуулах тухай тушаал гаргаж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж 200.000 төгрөгийн хахууль авсан. Мөн Н.С нь Дархан-Уул аймгийн .................. сумын Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн захирлын албан өрөөнд хахууль өгөгч Х.Бгийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр  170.000 төгрөгийн хахууль авсан. Шүүгдэгч Ч.М нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал Н.Сын албаны эрх, чиг үүрэг, албан тушаалын байдалд холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийн хахууль өгсөн. Шүүгдэгч Х.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал Н.Сын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалд холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 170.000 хахууль өгсөн. Эдгээр үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан, шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Б, Ч.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Өмгөөлөгч Ө.Өлзиймаа дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Б нь 170.000 төгрөг, шүүгдэгч Ч.М нь 200.000 төгрөгийг сургуулийн захирал Н.Ст өгсөн нь тогтоогдсон учир гэм буруугийн талаар маргахгүй байна гэв.

Өмгөөлөгч П.Батжаргал дүгнэлтдээ: ...Гэрч Ч.Т нь сургууль эмчгүйгээр ажиллах боломжгүй, эмч олдоогүй, ганц олдсон Мыг ажилд авсан, авахдаа ажлын байрны шаардлага хангасан гэдгийг хэлсэн. Мыг сургуулийн захирал Н.С ганцаараа ажилд аваагүй хурлаар хэлэлцэж түр орон тоон дээр авсан байдаг. Эмчийн ажлын үлгэрчилсэн загвар дээр заасан шаардлагыг хангаагүй гэж Улсын яллагч буруутгаж байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтыг судлахад эмчийн ажлын байрны тодорхойлолт хэрэгт байгаагүй. Ч.М нь бакалаврын зэрэгтэй, сувилагчийн мэргэжлийн дипломтой, мэргэжлийн үнэмлэхтэй, үнэмлэхийн хугацаа нь 2021 оны 06 дугаар сард дуусна гэж мэдүүлсэн байдаг, ажлын туршлагын хувьд 2 ч байгууллагад бага эмч, сувилагчаар ажиллаж байсан. Энэ бүх шаардлагыг хангаад ажилд орсон. Сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн зааврыг дагаж шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Ч.М, Х.Б нараас мөнгө авсан үйлдэлтэй маргадаггүй. Харин ямар зорилгоор, ямар сэдлээр мөнгө авсныг мөнгө авснаас хойших үйл баримтаар нотлох боломжтой. Энэ мөнгөнүүдийг сургуулийн засварын ажил болон богино долгионы зуух худалдаж авахад зарцуулсан. Н.С нь хувьдаа завшсан зүйл байхгүй. Шүүгдэгч Ч.М нь сургуулийн засварын ажилд хандив болгож 200.000 төгрөгийг, шүүгдэгч Х.Б нь өөрийн санаачилгаар хамт олондоо 170.000 төгрөгийг тус тус өгсөн. Энэ нь хахууль өгөх, авах гэмт хэргийн шинжгүй байх тул шүүгдэгч Н.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар Дархан-Уул аймгийн ............... сумын Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн захирал Н.С нь тус сургуулийн эмчийн сул орон тоонд ажилд орох хүсэлттэй Ч.Маас 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр буюу 22, 23, 24-ний өдрүүдийн үеэр тус сургуулийн өлгүүрчний сул орон тоонд ажилд орох хүсэлттэй Х.Бгаас 170.000 төгрөгийг тус тус бэлнээр авсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.С болон түүний өмгөөлөгчөөс шүүгдэгч Ч.Маас 200.000 төгрөг, Х.Бгаас 170.000 төгрөг, нийт 370.000 төгрөгийг сургуулийн үйл ажиллагаанд хандиваар авч, багш ажилчдад зориулан богино долгионы зуух худалдаж авах, багш нарын байрны засварын ажлын төсвийг хийлгэх ажлуудад зарцуулсан нь хахууль авах гэмт хэргийн шинжгүй гэж мэтгэлцэж байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 17 дугаар зүйлийн 17.1-д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно” гэж, 17.2-т “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа нийтийн албаны хэрэгцээнд, ажилтны сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг энэ хуулийн 17.1-д заасан хязгаарлалтад хамаарахгүй бол авч болно” гэж, 17.3-т “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж тус тус заажээ.

Гэтэл нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймгийн .................... сумын Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн захирал Н.С нь нийтийн хэрэгцээнд болох багш, ажилчдын ажлын байрны нөхцөлийг сайжруулах үйл ажиллагаанд зориулан өөрийн байгууллагын сул орон тоонд ажилд орохыг хүсэгч Ч.М, Х.Б нараас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мөнгө авсан үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 17 дугаар зүйлийн дээрх заалтуудыг зөрчсөн үйлдэл байна.

Иймд шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч нараас гаргасан Ч.М, Х.Б нараас 370.000 төгрөгийн хандив авч, багш нарын ажиллах нөхцөлийг сайжруулахад ашигласан, хувийн хэрэгцээндээ зарцуулаагүй, уг үйлдэлд хахууль авах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Н.Ст холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт нь үндэслэлгүй юм.

Харин прокуророос шүүгдэгч Н.Сыг сургуулийн эмчийн албан тушаалын тодорхойлолтод тэнцэхгүй Ч.Мыг тухайн албан тушаалд томилж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Ч.Маас 200.000 төгрөг авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна гэх өмгөөлөгч П.Батжаргалын хүсэлт нь үндэслэлтэй байна.

Учир нь хэрэгт авагдсан Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/494, А/761 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар /1-р хх-ийн 234-238/-ын тавигдах шаардлагыг шүүгдэгч Ч.М нь хангасан, эсхүл хангаагүй гэх нөхцөл байдлыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй. Нөгөөтэйгөөр гэрч Ч.Т нь “...Ч.Мыг ажилд авах асуудлыг хурлаар хэлэлцээд эмчийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэж үзээд ажилд авсан...” гэж мэдүүлснийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч Н.Сыг ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй хүнийг ажилд авч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэх нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Сын Дархан-Уул аймгийн ................. сумын Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн эмчийн сул орон тоонд ажилд орох хүсэлттэй Ч.Маас 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр буюу 22, 23, 24-ний өдрүүдийн үеэр тус сургуулийн өлгүүрчний сул орон тоонд ажилд орох хүсэлттэй Х.Бгаас 170.000 төгрөгийг тус тус бэлнээр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн, шүүгдэгч Ч.Мын Дархан-Уул аймгийн ................. сумын Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн эмчийн албан тушаалд томилогдохын тулд захирал Н.Ст 200.000 төгрөг өгсөн, шүүгдэгч Х.Бгийн Дархан-Уул аймгийн ................ сумын Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн өлгүүрчний албан тушаалд томилогдохын тулд захирал Н.Ст 170.000 төгрөг өгсөн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Б, Ч.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.С, Х.Б, Ч.М нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Б, Ч.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх санал гаргасан бол өмгөөлөгч Ө.Өлзиймаа нь шүүгдэгч Х.Б, Ч.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, тэдний гэр бүлийн байдал, ажил эрхлэлт бүхий хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарыг тэнсэж өгнө үү гэж, өмгөөлөгч П.Батжаргал нь шүүгдэгч Н.Сын хувийн байдлыг харгалзан 5400 нэгжээр торгох ялаар шийтгэж өгнө үү гэж тус тус мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Н.С нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгч Х.Б, Ч.М нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 84, 89, 90/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 93-94/-аар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.С, Х.Б, Ч.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Ч.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна гэж заасан тул шүүгдэгч Х.Б, Ч.М нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тоолох нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Сын цалин хөлс, бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 600.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Саас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 370.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т овогт Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Т овогт Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овогт Ч.М, З овогт Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Ч.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Ч.М нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулсугай.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Ч.М нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Саас 370.000 /гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

10. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С, Х.Б, Ч.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.С, Х.Б, Ч.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР