Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0194/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Х.Бд холбогдох эрүүгийн 2118000540187 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Х.Б /РД: /, 1991 оны 7 дугаар сарын 19-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Быг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод “Х........ н..........” фэйсбүүк хаяг ашиглан ашиг олох зорилгоор сугалаа ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог Техас нэртэй хөзрийн мөрийтэй тоглоом зохион байгуулж 739 удаагийн үйлдлээр нийт 3.669.850 төгрөгийн ашиг олсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х.Бын өгсөн: ...мөнгө олох өөр аргагүй болоод Техас нэртэй тоглоом тоглуулсан. 3.669.800 төгрөг олоод байрны төлбөр, хоол хүнсэндээ зарцуулсан. Ингэж тоглоом тоглуулахыг хууль бус болохыг мэдээгүй. Он гарсны дараа мэдээд больсон... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Иргэний нэхэмжлэгч О.Дийн өгсөн: Би Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт нягтлан бодогчоор ажилладаг. Манай байгууллагад 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн “Пийк ом аудит” ХХК-ийн шинжээч нарын гаргасан дүгнэлтийн төлбөр болох 500.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл ирсэн. Тухайн “Пийк ом аудит” ХХК-ийн нэхэмжилсэн 500.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас “Пийк ом аудит” ХХК-ийн ХААН банкны 5046****** тоот данс руу шилжүүлсэн байгаа. Манай байгууллагад мөрдөн шалгах ажиллагаанд төрөөс хуваарилж өгсөн мөнгө учраас манай энэ мөнгийг Х.Баас нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч Н.Шын өгсөн: ...Манай нөхөр Б нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл фэйсбүүкийн “Х........ н..........” гэсэн хаягаас хөзөр ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Тухайн үед Б бид хоёр Хуучин хорооллын ** дүгээр байрны ** тоот хажуу өрөөг түрээсэлж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Шүүгдэгч Х.Б нь цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан гэх Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цаглаагийн албаны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11/523 дугаартай албан бичиг /хх-ийн 7/,

Шүүгдэгч Х.Бын Самсунг эс-8 загварын гар утсаар түүний “Х........ н..........” фэйсбүүк хаягт үзлэг хийхэд уг хаягт байрлуулсан бичлэгийн сэтгэгдэл хэсэгт A A-с 2р хийсэн, G ts-с 5 дээр хийсэн, за ёндоо, ёндоороод байгаа юм шиг, ёндоорохгүй байгаа юм шиг, H H-с ёндоо орсон, азтай байна гэх сэтгэгдэл бичсэн байв... гэх www.facebook.com цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/,

Шүүгдэгч Х.Бын ХААН банк дахь 5055****** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22/,

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Х.Бын эзэмшлийн Самсунг эс-8 загварын хуучин гар утас 120.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,

“Пийк ом аудит” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 21/224 дугаартай “Х.Бын эзэмшлийн ХААН банкны 5055****** дугаартай дансанд мөрийтэй тоглоом тоглосон шинжтэй, бусад хүмүүсийн данснаас мөрийгөө тавьж мөнгөө шилжүүлж байгаа болон хожсон мөрийний мөнийг тодорхой зарим хүмүүсийн дансанд буцаан шилжүүлж байгаа гэж ойлгогдохоор гүйлгээнүүд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд гарсан байна. Нийт 0121 данснаас 5055****** дугаартай дансанд 739 удаагийн гүйлгээгээр 14.971.100 төгрөгийн орлогын гүйлгээ орж, 76 данс, 50 удаагийн пос машины нийт 513 удаагийн гүйлгээгээр 14.866.344 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байна. Бооцоо тавиагүй данснууд руу 790.360 төгрөг, бооцоо тавиагүй 5001****** данс руу 1.292.000 төгрөг тус тус шилжүүлж мөн пос машинд 1.589.074 төгрөгийн төлбөр төлснөөр нийт 3.671.434 төгрөгийг ашигласан байна. Үүнээс 1.584 төгрөг нь өөрийн дансанд байсан хувийн мөнгөнөөс шилжсэн байна. Харин 3.669.850 төгрөг нь хонжворт тоглоомын ашиг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-73/,

Шүүгдэгч Х.Бын ХААН банкны 5055****** тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 80-114/,

Шүүгдэгч Х.Бын ХААН банкны данс руу хонжворт тоглоомд оролцсон шинжтэй мөнгө шилжүүлсэн нэр бүхий иргэдийн дансны хуулганууд /хх-ийн 136-172/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод “Х........ н..........” фэйсбүүк хаяг ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог Техас нэртэй хөзрийн мөрийтэй тоглоом зохион байгуулж 739 удаагийн үйлдлээр нийт 3.669.850 төгрөгийн ашиг олж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

Шүүгдэгч Х.Б нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, улсын яллагчийн яллаж байгаа Эрүүгийн хуулийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон шүүгдэгч Х.Бын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод “Х........ н..........” фэйсбүүк хаяг ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог Техас нэртэй хөзрийн мөрийтэй тоглоом зохион байгуулж 739 удаагийн үйлдлээр нийт 3.669.850 төгрөгийн ашиг олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгч Х.Б нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128/, охин Б.Аийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 134/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 180-201/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч Х.Б нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг Самсунг эс-8 загварын гар утас ашиглаж үйлдсэн ба 3.669.850 төгрөгийн ашиг олсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баас Самсунг эс-8 загварын гар утасны үнэ болох 120.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3.669.850 төгрөг, нийт 3.789.850 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гаргасан “Пийк ом аудит” ХХК-ийн ажлын хөлс болох 500.000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох тул шүүгдэгчээс 500.000 төгрөг гаргуулж Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баас 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баас 3.789.850 /гурван сая долоон зуун наян есөн мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР