| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/02351/И |
| Дугаар | 2375 |
| Огноо | 2017-07-16 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 2375
| 2017 оны 07 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2017/02375 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, МД-1 байр 401 тоотод оршин байрлах Титан-Инвест ХХК /2807368/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202-90 тоотод оршин байрлах Орвитеко ХХК /5472202/ холбогдох,
Хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд үлдэгдэл төлбөр 75,000,180 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь анх 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдааны чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно.
Орвитеко ХХК-ийн зүгээс вольфрам баяжуулах жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр вольфрамын хүдрийг /цаашид “түүхий эд” гэх/ боловсруулан, боловсруулсан хүдрээс гарсан баяжмалыг зах зээлийн үнээр худалдан авагчид / Адуляр ХХК-нд/ худалдан борлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж түүхий эд худалдан авах эргэлтийн хөрөнгө байхгүй тул манай компанид хамтран ажиллах санал тавьсан.
Хамтран ажиллах санал тавихдаа баяжмалын үйлдвэрлэлийн ерөнхий үйл ажиллагаа, түүний ажиллах горим, орон нутгаас худалдан авах түүхий эдийн судалгаа, гарсан баяжмалыг борлуулахаар Худалдан авагчтай хийсэн худалдах, худалдан авах гэрээг ирүүлсэн бөгөөд манай компанийн зүгээс худалдах, худалдан авах гэрээг судалж үзсэний үндсэн дээр хамтран ажиллах шийдвэр гаргаж 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 01/02/2017 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулан хамтарч ажилласан болно. Энэхүү гэрээнд хавсралт болгон 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Орвитеко” ХХК болон Адуляр ХХК-ний хооронд байгуулагдсан 01 тоот “Худалдах худалдан авах гэрээ”-г хавсаргаж, “Хамтран ажиллах гэрээ”-ний хавсралтаар батлагдсан гэрээний төсвийг талууд /ашиг, алдагдал/ баталснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Талуудын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 7 дэх хэсэгт: “А” талын түүхий эд худалдан авахад гаргах төлбөр нь тээврийн зардал болон томилолтын зардал багтсан 110,000,000 төгрөг байна...” гэсэн нөхцөлийг гэрээнд оролцогч талууд тохиролцож, дээрх төлбөрийн задаргааг гэрээний хавсралтад нарийн тооцон аль аль талынхаа олох ашгийг тусгаж өгсөн байдаг.
Өөрөөр хэлбэл, түүхий эд болох нийт 7500 кг вольфрамын хүдрийг орон нутгаас худалдан авч “Б” талын вольфрам баяжуулах жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр боловсруулан бүтээгдэхүүн гаргахад баяжмалын агууламж нь 65 хувь буюу 5625 кг баяжмал гарах бөгөөд 25 хувийн хаягдал гарахаар тооцож, (7500 кг х 14.200 төг =106,500,000) төгрөг болохоор тохиролцсон.
Мөн түүхий эд болох вольфрамын хүдрийг Ховд аймгийн түүхийн эдийн борлуулагчаас худалдан авч орон нутгаас Улаанбаатар хот руу тээвэрлэх тээврийн зардлыг (7500кг х 300 төг =2.250.000) төгрөг, 2 хүний томилолтын зардалд 1,250,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг байхаар, гэрээний дагуу 110,000,000 төгрөг байхаар талууд тохиролцон хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан.
Нэхэмжлэгч Титан-Инвест ХХК-ний зүгээс гэрээнд заасан төлбөр шилжүүлэх үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлж 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Орвитеко ХХК-ийн Хаан банкны 5009451095 тоот төгрөгийн дансанд 108,664,800 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 501,775 төгрөгийг “...ховд томилолт..." гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлсэн. Мөн орон нутагт байрлах зочид буудлын төлбөр, шатахууны зардал зэргийг манай компани хариуцан төлж өөрөөсөө зардлуудыг гаргаж байсан.
Дээрх ажлыг талууд хамтран хийж гүйцэтгэхдээ гэрээний 11 дэх хэсэгт: “...Энэхуү гэрээний хугацаа нь 20 хоног байх ба 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг дуустал байна...” гэж гэрээний хугацааг мөн харилцан тохиролцсон болно. Гэрээний хугацаа дууссаны дараа Орвитеко ХХК нь манай компаниас гарсан эргэлтийн хөрөнгө, олох ёстой байсан ашгийг буцаан төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул арга буюу 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11 тоот мэдэгдлийг Орвитеко ХХК-д хүргүүлсэн бөгөөд энэхүү мэдэгдлийг хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай компанийн худалдаа хөгжлийн банкны 460021474 тоот дансанд Орвитеко ХХК-иас 74,200,000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдэл 49,693,750 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй, гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгчийг чирэгдүүлсээр байсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлбөрөө төлөх талаар хариу албан бичиг ирүүлж байсан.
Түүнчлэн Орвитеко ХХК болон Адуляр ХХК-ийн хооронд байгуулагдсан “Худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу талууд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Бараа хүлээлцсэн акт... ” үйлдсэн байдаг ба энэ хугацаанд нийт 8410 кг гянт болдын баяжмалыг бэлэн болгон “Адуляр” ХХК-нд шилжүүлсэн өгсөн, өгөхдөө “Титан-Инвест” ХХК-ийн өмчлөлд байгаа баяжмалыг бидэнд мэдэгдэлгүйгээр, төлбөрийг төлөлгүйгээр шилжүүлсэн байсныг сүүлд олж мэдсэн. Гэрээнд заасны дагуу баяжмалыг борлуулсны дараа “А” тал нь борлуулалтын нийт төлбөрийг өөрийн дансанд худалдан авагчаас шилжүүлэн авч, эхний ээлжид өөрийн гаргасан зардлыг суутган авах, мөн олсон ашгийг гэрээний хавсралтад заасан тооцооллын дагуу нэмж авч үлдэгдэл төлбөрийг “Б’' талын дансанд шилжүүлэх ёстой байсан боловч “Б” тал нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Талууд “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу 5625 кг баяжмалыг 9 ам доллар-аар тооцон нийт 125,043,750 төгрөгийн орлого олохоор тооцож, энэхүү орлогоос “А” тал буюу Титан-Инвест ХХК-иас эргэлтийн хөрөнгөнд зарцуулсан 110,000,000 төгрөгийн зардлыг, Титан-Инвест ХХК-ийн авах (5625 кг х 1 USD= 13,893,750) төгрөгийн цэвэр ашгийг хасаад үлдсэн ашгийг “Б” тал болох Орвитеко ХХК авахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл баяжмал худалдан боловсруулсны ашгийг ч манай компанид өгөөгүй байна. “Хамтран ажиллах гэрээ”-ний 19 дэх хэсэгт: “...Энэхүү гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг урьдчилгаа төлсөн дүнгээс тооцож, хугацаа хэтрүүлсэн тал нь нөгөө талд төлнө...” гэж үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар тохирсон боловч гэрээний хугацаа дуусах өдөр “Б” тал болох “Орвитеко” ХХК нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Орвитеко ХХК нь гэрээний үүргээс 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 74,200,000 төгрөгийг төлөхдөө нийт 22 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул (74.200.000 х 0.5 =371,000 төг х 22 хоног= 8,162,000) төгрөгийн алдангийг бидэнд төлөх үүрэгтэй ба үүнийг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй гэж үзэж байна.
Харин гэрээний үлдэгдэл төлбөр болох 49,693,750 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 69 хоногийн (2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл) алдангид (49,693,750 х 0.5 = 248,470 төг х 69 хоног= 17,144,430) төгрөгийн алдангийг хууль болон гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч Орвитеко ХХК-иас гэрээний үүргийн биелэлтэд үлдэгдэл төлбөр 49,693,750 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 25,306,430 төгрөг, нийт 75,000,180 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Титан-Инвест ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 75,000,180 төгрөгийн 12,653,215 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Орвитеко ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 31,173,482 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 16-нд 31,173,482 төгрөгийг нэхэмжлэгч Титан-Инвест ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Титан-Инвест ХХК нь хариуцагч Орвитеко ХХК-иас хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд үлдэгдэл төлбөр 75,000,180 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Титан-Инвест ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 75,000,180 төгрөгийн 12,653,215 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Орвитеко ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 31,173,482 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 31,173,482 төгрөгийг нэхэмжлэгч Титан-Инвест ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Титан-Инвест ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орвитеко ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд үлдэгдэл төлбөр 75,000,180 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Титан-Инвест ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 75,000,180 төгрөгийн 12,653,215 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Орвитеко ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 31,173,482 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 31,173,482 төгрөгийг нэхэмжлэгч Титан-Инвест ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,960 төгрөгийн тал хувь болох 266,480 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Орвитеко ХХК-иас 266,480 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Титан-Инвест ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ