| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2021/0195/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/245 |
| Огноо | 2021-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0195/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ч.Бд холбогдох 2118000000214 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ч.Б /РД: /, 1991 оны 11 дүгээр сарын 15-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Быг 2021 оны 4 дүгээр сарын 07-нд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Тосгоны ** дугаар гудамжны ** тоотод иргэн Б.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ч.Бы өгсөн: ...Эхнэрийгээ хайгаад танил айл болох Бийнд хашаанд очиход эхнэр найз нартайгаа хамт архи уугаад сууж байхаар нь уур хүрээд эхнэрийн найз Атай хэрэлдсэн. Аг би цохиогүй, сандлаас түлхсэн юм. Сандлаас унахдаа эвгүй уначих шиг болсон. Түүний биед үүссэн гэмтэл миний үйлдлээс болж үүссэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Б.Аийн өгсөн: ...Б ирээд эхнэр Утайгаа маргаж байснаа зүгээр сууж байсан надтай юу ч дуугарахгүй хүрч ирээд “энэ муу гичийг чинь одоо алаад өгье. Чи дандаа намайг энэ муутай харддаг биз дээ” гээд миний зүүн талын чихний орчимд гараараа нэг удаа алгадахад би хажуу тал руугаа унасан. Тэгтэл Б намайг хөлөөрөө дэвсээд эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
Гэрч А.Угийн өгсөн: ...Б нэлээн согтуу байдалтай ирээд “чи ах нартайгаа нийлж архи уугаад байхдаа яадаг юм” гээд над руу уурлахад хажуугаас А “чи яах гэж ирсэн юм бэ? чамайг хэн дуудсан юм бэ? би найзуудтайгаа байна” гэж хэлэхэд Бы уур нь хүрээд А руу дайрч түүний шанаа руу гараараа нэг удаа цохиод түлхэж унагаасан. Тэгэхэд А цаад талд нь байсан амбаарын модыг мөргөөд унасан... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 240 дугаартай “Б.Аийн биед тархи доргилт, нүүрэнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Аийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Аийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/,
Б.Аийн тархины бор цагаан эдийн ялгарал буурсан, хавантай гэх толгойн тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээний дүгнэлт, рентген зураг /хх-ийн 22-23/,
Б.Аийн зүүн хацар хавдаж улайсан, зүүн чих арын хэсэг хүзүү рүүгээ хавдсан, хөндүүр эмзэглэлтэй, толгойн хуйхны хэсэг нэлэнхийдээ эмзэглэлтэй, хамрын баруун угалзны орчим шалбархай, нүүр нэлэнхийдээ хавдаж улайсан эмзэглэлтэй, хүзүү хөдөлгөөн хязгаарлагдмал гэх эмчийн тодорхойлолт /хх-ийн 24/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 07-нд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Тосгоны ** дугаар гудамжны ** тоотод иргэн Б.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч Ч.Б нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, улсын яллагчийн яллаж байгаа хэргийн Эрүүгийн хуулийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Тосгоны ** дугаар гудамжны ** тоотод иргэн Б.Аийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Аийн эрүүл мэндэд тархи доргилт, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Аийн “...Ч.Б нь миний гомдлыг барагдуулж өгсөн тул би ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлтээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
Шүүгдэгч Ч.Бы үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР