Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00812

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02769 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 354 дүгээр магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

28.130.484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дүгэржавын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 03/16 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, Х ХХК-ийн барилгын В1 давхарт /8 тоот/ 22 метр квадрат талбайг 3 жилийн хугацаатай түрээслүүлж, түрээсийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн төлөхөөр түрээсийн гэрээ байгуулсан болно. Түрээсийн гэрээнд зааснаар 2018 оны 1-12 дугаар сар, 2019 оны 1-3 дугаар саруудад сарын түрээсийн төлбөр 8.800.000 төгрөг /НӨАТ орсон/ байхаар заасан. Талууд 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дээр дурдсан 03/16 дугаартай Түрээсийн гэрээнд хамаарах Нэмэлт хөнгөлөлтийн гэрээ байгуулж, Б ХХК-д 2018 оныг дуустал түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийг тодорхой нөхцөлтэйгөөр олгосон. Талбайн болон менежментийн төлбөрт 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 31-ийг хүртэл нийт 6.160.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл нийт 6.600.000 төгрөг байхаар тогтоон үндсэн гэрээгээр тохирсон. Б ХХК нь 2018 онд нэг ч удаа түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлж байгаагүй. Иймд Хүннү молл ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 877/18 тоот албан бичгээр нэмэлт хөнгөлөлтийн гэрээний холбогдох заалтын дагуу хөнгөлөлтийг цуцалж байгааг мэдэгдэж, 2018 оны 1-8 дугаар саруудын түрээсийн төлбөрийн зөрүүг нэхэмжилсэн. 2018 оны 9 дүгээр сарын 19-ний 15/18 тоот албан бичгээрээ гэрээг цуцалж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талбай хүлээлцэх хүсэлтээ ирүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгож түрээсийн болон цахилгаан, ус, хоцролтын төлбөр нийт 35.523.405.51 төгрөгийг Б ХХК нь Х ХХК-д төлөх талаарх Тооцооны үлдэгдлийн баталгаа болон хариуцагчийн дэлгэрэнгүй тайланд тус компанийн захирал Х.Болорчимэг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарын үсгээ зурсан. Хөнгөлөлтийн гэрээ цуцалсны улмаас 2018 оны 1-8 дугаар сард Үндсэн гэрээгээр тогтоосон түрээсийн төлбөр болон хөнгөлөлттэй төлж байсан дүнгийн зөрүү 20.638.400 төгрөг, 2018 оны 1-6 дугаар сард 15.840.000 төгрөг, 2018 оны 7, 8 дугаар сар 4.798.400 төгрөг, дээр дурдсан төлбөрт бодсон алданги 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30 /20.638.400*25 хоног*0.5=2.579.800/, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр 8.800.000 төгрөг, 9 дүгээр сарын түрээсийн алданги 1.320.000 төгрөг, 2018 оны 8, 9 дүгээр сарын цахилгааны төлбөр 929.982,82 төгрөг, 2018 оны 8, 9 дүгээр сарын усны төлбөр 763.314,50 төгрөг, хоцролтын төлбөр 180.000 төгрөг, талбайн засвар 518 987.36 төгрөг, нийт дүн 35.730.484,68 төгрөг, үүнээс 2016 онд гэрээ байгуулах үед депозит 12.000.000 төгрөг байршуулснаас 2016 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөрт 4.400.000 төгрөг суутгуулсан Депозитын үлдэгдэл 7.600.000 төгрөгийг суутган хасч, нийт 28.130.484,68 төгрөгийг Б ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр №03/16 дугаартай Түрээсийн гэрээ-г Х ХХК-тай байгуулсан Хүннү моллын В1 давхрын үйлчилгээний 22 метр квадрат талбайг Турк хоолны зориулалтаар 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэн ашиглахаар харилцан тохиролцсон. Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй. Б ХХК-ийн захирал Х.Болорчимэгийн нөхөр болох С.Санчирхүү нь Х ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байгаад нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр С.Санчирхүү нь ажлаасаа гарсан. Үүний дагуу Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Болормаагийн зүгээс тус төвийн 1 дүгээр давхарт Х.Болорчимэг, С.Санчирхүү нарын хамтран ажиллуулж байсан Турк хоолны газрыг Хүннү моллоос гаргах, цаашид үйл ажиллагааг нь явуулахгүй байх үүднээс хавчин гадуурхаж түрээсийн төлбөр тооцоог хугацаандаа төлөөгүй гэсэн үндэслэлээр төлбөрийг төлөх талаар хугацаатай мэдэгдэл ирүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчих болсон. Бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар: ...2016 оны 4-12 сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөр 4.000.000 төгрөг, 2017 оны 1-12 сар хүртэл хугацаанд 5.600.000 төгрөг, 2018 оны 1-12 дугаар сар хүртэл 8.000.000 төгрөг... байхаар тус тус тохиролцсон бөгөөд манай компанийн зүгээс түрээсийн төлбөрийг гэрээний дагуу зохих ёсоор, шударгаар, хугацаанд нь бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлж ирсэн. 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Нэмэлт хөнгөлөлтийн гэрээ-г байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байхаар тохирсон байсан. Гэтэл түрээслүүлэгч болох Х ХХК-ийн зүгээс дээр дурдсан зүйлээр шалтаглан Түрээсийн гэрээ болон Нэмэлт хөнгөлөлтийн гэрээ хүчин төгөлдөр байхад гэрээний үүргээ илтэд зөрчин 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Түрээсийн төлбөр-ийн зөрүү гэх /Хөнгөлөлтийн гэрээний дагуу 2018 оны 1-8 сар/-ын төлбөр 20 638 400 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх талаар түрээслэгчид нэхэмжлэх ирүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Нэмэлт хөнгөлөлтийн гэрээнд дээрх байдлаар заасны дагуу түрээслэгчийн зүгээс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийн хөнгөлөлт эдэлсэн 28.130.484.68 төгрөгийг буцаан төлөх үүрэггүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02769 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-иас 5 529 496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22.600.988 төгрөг 68 мөнгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.602 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 103.422 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 354 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02769 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5 529 496 гэснийг 6 472 283 гэж, 22 600 988 гэснийг 21 658 201 гэж, 2 дах заалтын 103 422 гэснийг 118 506 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Хүннү молл ХХК-ийн төлсөн 270 955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дүгэржав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02769 шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №354 дугаар магадлал эс зөвшөөрч хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Б нь 2018.10.1-ний өдөр хүртэл хугацаанд нэг ч удаа үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн тухай баримт бичиг үйлдэж байгаагүй, хэрэгт тийм баримт байхгүй байхад шүүх Иргэний хуулийн 236.5 дахь хэсгийг үндэслэхдээ мөн зүйлийн 236.6-д заасныг хэрэглэлгүйгээр тийм баримт бичиг байгаа мэтээр дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй, угаас Иргэний хуулийн 236.5 дахь хэсгийг хэрэглэх ёсгүй байсан. 2018 оны 1-р сар, 2-р сарын түрээсийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй буюу хугацаа хожимдуулж 2018.01.08, 2018.02.06, 2018.03.09-ны өдрүүдэд төлснийг шүүх ялимгүй зөрчил гэж үзсэн. Энэхүү хөнгөлөлт эдлүүлэх гэрээний гол нөхцөл нь Хүннү моллын хувьд сар бүрийн 1-ний өдөр төлбөрөө авах явдал байсан. Гэрээний гол нөхцөл зөрчигдсөн байхад шүүх уг зөрчлийг ялимгүй гэж үзэх үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан нэмэлт хөнгөлөлтийн гэрээнд хэрэв төлбөрийг төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд нэмэлт хөнгөлөлтийн гэрээ цуцлагдана гэдгийг нэмэлт хөнгөлөлтийн гэрээний 3.2-т “Түрээслэгч энэхүү гэрээний 4 дүгээр зүйлд заасан нөхцөлийг 100 хувь биелүүлээгүй бол энэхүү нэмэлт гэрээ нь автоматаар цуцлагдана.”; 3.3-т “Нэмэлт гэрээ цуцлагдсан ч гэрээний 4.4-т заасан хөнгөлөлтийн зөрүү дүнг нөхөж төлөх түрээслэгчийн үүрэг хэвээр хадгалагдана.”; 4.1-д “Түрээслэгч нь нэмэлт гэрээний хугацаанд доорх үүргээ үргэлжлүүлэн 100% биелүүлж байгаа нөхцөлд энэхүү үйл ажиллагааны хөнгөлөлтийг эдэлсээр байна.”; 4.1.2-т “Түрээсийн төлбөрийг энэхүү гэрээний 2.2 (энэ нь сар бүрийн 1-ний өдөр түрээсийн төлбөр төлөх заалт)-т заасан хугацаанд бүрэн төлөх;”; 4.2-т “Түрээслэгчийн үйл ажиллагааны хөнгөлөлт эдлэх эрх дараах нөхцөлд цуцлагдаж хүчингүй болно.”; 4.2.1-д “Нэмэлт гэрээний 4.1-д заасан нөхцөлийг түрээслэгч хангаагүй”; 4.3-т “Түрээслэгч төлбөрийг энэхүү гэрээний 2.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлбөр хожимдсон хугацаанаас эхлэн үйл ажиллагааны хөнгөлөлт хүчингүйд тооцогдож, Төлбөр нь үндсэн гэрээнд заасан дүнгээр бодогдоно.” гэж тус тус зааж, талууд тохиролцон гэрээнд гарыг үсгээ зурж, тамгаа дарсан. Гэрээний гол нөхцөлийг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болно. Гэтэл давж заалдах шатны шүүх 8 дугаар сарын 13-нд нэмэлт хөнгөлөлтийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзсэнийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хүннү Молл ХХК нь Б ХХК-таи 2018 оны 3 сарын 5-ны өдөр Нэмэлт хөнгөлөлтийн гэрээ байгуулснаас хойш Бтэй 2018 оны 10 сарын 1-нд үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа (ХХ-ийн 44 хуудас)-наас өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан баримт бичиг, тооцоо нийлсэн акт үйлдэж байгаагүй. Энэ хугацаанд Б ХХК-ийн захирлын нөхөр Санчирхүү нь Хүннү Молл ХХК-ийн Санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан захирал байсан нь сар бүр тооцоо нийлж, баримт бичиг үйлдэхгүй явж ирсэн нөхцөл байдалтай хамаатай гэж үздэг. Түрээсийн төлбөрийн тооцооноос (ХХ-ийн 47 ху) харвал Б ХХК нь 2018 оны 1 сараас эхлэн гэрээ цуцлах хүртэл бүх сар бүрийн түрээсийн төлбөрийг нэг ч удаа хугацаанд нь гүйцэтгэж байгаагүй. Шүүх “үүргийг ялимгүй зөрчсөн” гэж тооцохдоо талуудын ашиг сонирхлыг харгалзан тухайн зөрчил дэх хохирол, үүргээ гүйцэтгээгүйгээс бий болох үр дагавар, нөгөө талд бий болох эрсдэл зэргийг харгалзах ёстой. Гэтэл Хүннү Молл ХХК нь нэмэлт хөнгөлөлтийн гэрээнд заасан хөнгөлөлттэй үнэ бүхий түрээсийн төлбөрийг 9 сарын турш хугацаандаа аваагүй, тус байгууллагад итгэж, цагтаа түрээсийн төлбөр авахын тулд түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлснээрээ 21 сая гаруй төгрөгийн алдсан байхад шүүх ялимгүй зөрчил гэж үзсэн бол Хүннү моллын хувьд 21 сая төгрөг бол ялимгүй зөрчил, ялимгүй хэмжээ биш юм. Хүннү молл ХХК нэмэлт гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг Б ХХК-аас шаардаж байгаа нь гэрээний чөлөөт байдлыг зөрчсөн явдал болохгүй. Үүргийн гүйцэтгэлээс барьцааг хассан бол алданги тооцох үндэслэлгүй мэт шүүх шийдвэрлэжээ. Алданги гэж үүргээ гүйцэтгээгүй талын төлөх ёстой мөнгөн төлбөр байтал барьцаа суутган авсан бол алданги тооцохгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Түрээслүүлэгч барьцаа суутган авах нь өөрөө түрээслүүлэгчийн бүрэн эрх бөгөөд Түрээсийн үндсэн гэрээний 10.1-д “...Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Түрээслүүлэгч нь энэхүү гэрээг цуцалж учирсан хохирлоо барьцаанаас суутган авна...” гэж зохицуулсан ба Хүннү Молл ХХК нь өөрийн түрээсийн төлбөр, зөрүү, хохирол, алданги зэргийг тооцсоны дараагаар барьцааны үлдэгдлийг хасан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл 7,600,000 төгрөгийн барьцааг гэрээ цуцлах хүртэл алдангийг тооцсоны дараагаар хасах үндэслэлтэй байхад шүүх нэг талыг баримтлан хариуцагчийн эрх ашгийг хамгаалан шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд 8 дугаар сарын түрээсийн төлбөрт алдангийг тооцох ёстой. Давж заалдах шатны шүүх: Хүннү молл ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан захирал С.Санчирхүү талуудын хоорондын гэрээний харилцаанд нөлөөлсөн гэх байдал маргаагүй зүйл биш байхаас гадна Б ХХК-ийн захирал Х.Болорчимэгийн гарын үсэг бүхий тооцооны үлдэгдлийг баталгааны талаар хариуцагч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд маргаж байгаа тохиолдолд уг баримтын эрх зүйн үндэслэлийг шүүх хянах учиртай.” (Магадлал 7 ху) гэж үзжээ. Шүүхийн энэхүү маргаагүй зүйл гэх үндэслэлийг ойлгохгүй байна. Бид С.Санчирхүү буюу хариуцагчийн гэр бүлийн хүнийг гэрээний талуудын харилцаанд нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ талаар ч өмнөх шүүх хуралдаанд тайлбарлаж байсан. Түрээсийн үндсэн болон хөнгөлөлтийн зөрүү төлбөрийг хариуцагч төлөх үүргийнхээ талаар болон нэмэлт хөнгөлөлтийн гэрээний нөхцөл, түрээсийн үндсэн гэрээнд заасны дагуу мэдэж байсан, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн баримт бичиг байсаар байхад шүүх энэ нотлох баримтыг анхаарахгүй байгаад гомдолтой байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 сарын 22-ны өдрийн №354 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1-т заасан “5 529 496” гэснийг “28,130,184” гэж өөрчлөн, үүнтэй уялдсан холбогдох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Хүннү молл” ХХК нь хариуцагч “Б” ХХК-с 28.130.484 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа түрээсийн төлбөр, алданги, ашиглалтын болон засварын зардал гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

Зохигчийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь Хүннү молл барилгын В1 давхрын 22 м.кв талбайг турк хоолны фүүд кортын зориулалтаар 3 жилийн хугацаагаар эзэмшүүлж, ашиглуулахаар шилжүүлэх, хариуцагч нь мөн онд сар бүр 4.000.000 төгрөг, 2017 онд сар бүр 5.600.000 төгрөг, 2018, 2019 онд сар бүр 8.000.000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохирчээ.

Талууд 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Нэмэлт хөнгөлөлтийн гэрээ байгуулж, түрээслэгч төлбөрийг сар бүрийн 1-ний өдөр төлсөн тохиолдолд түрээслүүлэгч нь 2018 оны 1-7 дугаар сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрөөс сар бүр 2.400.000 төгрөг, 12 сарыг дуустал сар бүр 2.000.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх, хэрэв төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хөнгөлөлт хүчингүйд тооцогдож, төлбөрийг үндсэн гэрээнд заасан хэмжээгээр төлөхөөр тохирчээ /хэргийн 10-29 дүгээр тал/

Талууд түрээсийн болон нэмэлт гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 46.000 м.кв талбай бүхий барилгыг бүхэлд нь бус харин тодорхой хэсэг буюу 22 м.кв талбайг түрээслүүлсэн,  гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба 2016, 2017 оны түрээсийн төлбөрийн талаар шаардлага гаргаагүй болно.

Харин хариуцагч нэмэлт хөнгөлөлтийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлсөн эсэх, 2018 оны 1-7 дугаар сарын түрээсийн төлбөрийг хэрхэн тооцох нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

“Б” ХХК нь 2018 оны 1, 2 дугаар сард тус бүр 6.160.000 төгрөг төлөхөөс 1 сарын 8, 2 дугаар сарын 6-ний өдөр тус бүр 4.400.000 төгрөг, 3 дугаар сарын 9-ний өдөр 3.520.000 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Нэмэлт хөнгөлөлтийн гэрээ байгуулагдсанаар түрээслэгч өмнөх 2 сарын дутуу төлбөрийг төлснөөр хариуцагч энэ хугацааны үүргээ бүрэн биелүүлжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 4-7 дугаар сарын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэж үзэн 2018 оны 8 дугаар сарын 13-ний өдөр нэмэлт хөнгөлөлтийн гэрээг цуцалж, төлбөрийг үндсэн гэрээнд зааснаар тооцож зөрүү 20.638.400 төгрөг шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б ХХК нь 2018 оны 4-7 дугаар сарын төлбөрийг 1-9 хоногийн хугацаагаар хэтрүүлэн төлсөн боловч энэ тохиолдолд үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэмэлт хөнгөлөлтийн гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т нийцээгүй тул зөрүү төлбөр шаардах эрхгүй.

Хариуцагч 2018 оны 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр төлөөгүй болохоо үгүйсгээгүй бөгөөд түрээсийн гэрээний 11.1-т  түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 2.1-т заасан хугацаанаас 5-с дээш хоногоор хожимдуулсан тохиолдолд хоног тутам түрээсийн төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохирчээ.

Түүнчлэн түрээсийн гэрээний 2.2, 2.3-т зааснаар түрээслэгч түрээсийн талбайд ашиглагдах цахилгаан эрчим хүч, усны төлбөрийг тоолуурын заалтаар хариуцан төлөхөөр тохирсон ба нэхэмжлэгч нь цахилгааны төлбөр 929.982 төгрөг, усны төлбөрт 763.314 төгрөг шаардсаныг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-т “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан ба хөлслөгч үүргээ биелүүлээгүйгээс хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй талаар мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зохицуулжээ.

Түрээсийн гэрээний 2.6-т зааснаар түрээслэгч нь хоцорч онгойсон 1 минутад 500 төгрөгийн төлбөр төлөхөөр тохирсон ба 6.8-т “...түрээсийн талбайг анх хүлээлгэн өгөх үеийн байдалд нь оруулж хүлээлгэн өгөх ба хэрэв анхны байдалд нь оруулаагүй бол ...гарах зардлыг хариуцна гэжээ.

Нэхэмжлэгч талбайн засварт 518.987 төгрөг, хоцролтын төлбөрт 180.000 төгрөг тус тус нэхэмжлэхдээ дээрх заалтыг үндэслэсэн, хариуцагч хохирол төлбөрийн актад гарын үсэг зуржээ.   

Түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйгээс зохигчийн хооронд маргаан үүсч, улмаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, түрээсийн талбайг буцаан авчээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 6.472.283 төгрөгийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн холбогдох заалтад нийцжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 354 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дүгэржавын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 266.241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ