Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2022/0501/З |
Дугаар | 221/МА2023/0554 |
Огноо | 2023-08-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2023/0554
“Г***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Г***” ХХК,
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0356 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Э***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н*** нар.
Хэргийн индекс: 128/2022/0501/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г***” ХХК-иас шүүхэд хандан “2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0356 дугаар шийдвэрээр Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г***” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, маргаан бүхий акт нь Ашигт малтмалын тухай хууль тогтоомжууд болон холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй,
3.2. Захиргааны байгууллагын хууль зөрчиж гаргасан шийдвэрийг зөвтгөсөн байдлаар хэт нэг талыг барин дүгнэлт гаргасан,
3.3. Нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт гаргасан буюу нөхөх олговрын асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж дүгнэсэн нь буруу,
3.4 Хариуцагчаас зөвхөн усны эх үүсвэртэй давхцаж байгаа гэх үндэслэлээр манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байхад шүүх талуудын маргаагүй асуудлаар буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэх зэрэг дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, анх Төв аймгийн Алтанбулаг сумын Татам-3 нэртэй газарт 25 гектар талбайг бүхий газарт ашигт малтмал ашиглах эрхийг олгож 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 13401А тоот тус зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байна.
Улмаар маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгох тухай” А/1025 дугаар захирамжаар “...Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Гишүүний ам нэртэй газар дахь .... “Г***” ХХК-ийн MV-013401 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Улаанбаатар хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд орсон” гэх үндэслэлээр тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч “Г***” ХХК-иас тус шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандан нийслэлийн Засаг даргын 2021 оны “Тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгох тухай” А/1025 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгохоор маргажээ.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.
Энэ дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.
5. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсарган өгсөн тусгай зөвшөөрлийн хуулбараас үзэхэд нэхэмжлэгч нь “Төв аймгийн Алтанбулаг сумын Татам-3” нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааг явуулж, байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой үйл ажиллагаатай холбогдуулан тус суманд үйл ажиллагааг явуулж, холбогдох тайланг өгч байсан хэмээн тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2021 оны “Тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгох тухай” А/1025 дугаар захирамжид дурдсан “Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Гишүүний ам” гэх газар нь дээрх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тэмдэглэсэн газар мөн эсэх, тухайн тусгай зөвшөөрлийн талбай нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах эсхүл Төв аймгийн нутаг дэвсгэрт хамаарах аль нь болох асуудлыг нэг мөр шалган тогтоогоогүй, нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувийг зэрэг холбогдох баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцэхгүй байна.
6. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт дүгнэлт хийлгүй хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0356 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА