Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 00126

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, 

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Б.Отгонцэцэг

Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Б.Отгонцэцэгт холбогдох 201614000224 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1975 оны 01 сарын 04-ний өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 19-22А тоотод оршин суудаг, урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 сарын 15-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2009 оны 07 сарын 29-нд Өршөөр үзүүлэх тухай хуулиар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овгийн Бирагийн Отгонцэцэг /РД:ФЖ75010405/

 

Шүүгдэгч Б.Отгонцэцэг нь 2016 оны 03 сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 20-03 тоот Э.Оюунтуяагийн гэрээс ТСЛ маркийн 32 инчийн ЛСД зурагт, эмэгтэй хүний цүнх, үсний индүү, будаа гоймон зэрэг эд зүйл хулгайлж 451.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Отгонцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Би хэрэг гардаг өдөр ар талынхаа айлд байж байгаад замын гэрлийн шон дагаж явж байгаад Нарааг дэлгүүрийн гадаа хүргэж өгчихөөд буцсан. Би энэ хэргийг үйлдээгүй, надад энэ хэргийг тулгаад байсан. Тэгэхээр нь би хүлээн зөвшөөрч бичиж өгсөн. Би тэдний хашаагаар ороогүй, яагаад гутлын мөр тэдний хашаанд гарсныг мэдэхгүй, мөр судлалын шинжээчийн дүгэлттэй танилцаагүй, Гэхдээ танилцсан гэж зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Би буруугаа мэдэж байна. Би гэртээ ганцхан хүүхдээ орхичихоод ирсэн. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Э.Оюунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би нөхөр хүүхдийнхээ хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн 20-03 тоотод оршин суудаг. 2016 оны 03 сарын 21-ний өдрийн орой бага хүү Түмэнбаярын бие өвдөөд эмнэлэг рүү дуудлага өгсөн чинь боломжтой бол өөрсдөө ирээд үзүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр хүүхдээ аваад эмнэлэг рүү явсан. Энэ үед том хүү Бусанбаяр өвөөгийндөө байсан. Нөхөр бид хоёр хүү Түмэнбаярыг аваад гэрээсээ 23 цаг 10 минутын орчим гарсан. Эмнэлэг рүү явахдаа байшингийхаа буюу гэрийнхээ гэрлийг унтраагаагүй явсан. Эмнэлэг дээр очиж хүүхдээ үзүүлчихээд эргээд ирэхэд манай гэрт хулгайч орж манай гэрийн зурагт болон миний өөрийн хэрэглэж байсан гар цүнх, үсний индүү гал тогооны шүүгээнд байсан будаа, гоймон зэрэг эд  зүйлийг авч явсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн хүмүүс ирж үзээд манай хашаанд нэг гутлын мөр байна. Маргааш өдөр дахин ирж үзнэ шүү гээд явсан. Маргааш өглөө 7 цаг өнгөрч байхад цагдаагийн хүмүүс дахин ирээд үзлэг хийсэн гэсэн мэдүүлэг /хх 16 ху/

 

-Гэрч Ч.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Эхнэр бид хоёрыг хүүхдээ аваад гэрээсээ гараад гудамжны зүүн талын үзүүр дээр очиж байхад гэр нь манай урд гудамжинд байдаг Отгонцэцэг гэж эмэгтэй нэг эмэгтэй хүний хамт зөрөөд явсан. Отгонцэцэг эхнэр бид хоёрыг эргэж хараад явсан. Хүүхдээ эмнэлэг дээр авч очиж үзүүлээд шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалгыг эвдэж хулгай ороод 32 инчийн ТСL маркийн зурагт, эхнэрийн цүнх, үсний индүү, будаа гоймон зэрэг эд зүйлийг хулгай хийж аваад явсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд манай гэр дотор юм үзээд дараа нь хашаан дотор мөр хайж байгаад эхнэр бид хоёрын гутлын мөрнөөс өөр хээтэй мөр харуулаад энэ хэний мөр вэ гэсэн тэгэхээр нь эхнэр бид хоёрын гутлын мөр биш байна. Манайд гаднаас ойрын хэдэн өдөр хүн ирээгүй гэдгээ хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 19 ху/

 

-Гэрч Г.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Он сар өдрийг нь тодорхой санахгүй байна. Би өөрөө хуванцар сав, лааз шил түүдэг юм. Нэг өдөр 12 цагийн орчим гэрээсээ гараад гэрийнхээ хойд талд байдаг жалгаар лааз шил түүж явсан чинь цагаан өнгийн машины буфер байсан. Тэгэхээр нь очоод сонирхоод үзсэн чинь дээр нь эмэгтэй хүний цүнх хэвтэж байсан. Тэгэхээр нь буферийг сөхөөд үзсэн чинь хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт байсан. Цүнхийг онгойлгоод үзсэн чинь жолооны дүрмийн зурагтай ном дэвтэр байсан. Мөн миний танил Оюунтуяагийн зурагтай улаан өнгийн паспорт байсан. Би тэр зурагтыг аваад гэртээ харьсан. Гэртээ хариад Оюунтуяагийн гар утасны дугаарыг хүнээс асууж олоод түүнтэй утсаар ярьсан чинь Оюунтуяа өчигдөр манай гэрт хулгай ороод би цагдаа дээр байж байгаад ирлээ гэсэн. Эрдэнэ багийн 20-23 тоотоос хойд зүгт 2 гудамж яваад байсан гэсэн мэдүүлэг /хх 23-24 ху/

 

-Гэрч О.Ууганзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ээж орой гэртээ ирэхдээ нилээд согтуу байсан. Ярьж чадахгүй болсон байхаар нь би түүнийг нилээд согтуу байна гэж бодсон. Нэг асуусан зүйлээ олон дахин асуугаад байсан. Ээж гэртээ орж ирээд би хаашаа гарч яваад  хэдэн цагт ирсэн бэ гэж надаас хэд хэдэн удаа асуусан. Ээж тэр өдрийн орой цагдаагийн газарт хураалгасан түрийтэй хар өнгийн гуталтай явж байсан. Маргааш өдөр нь ээжийн өмсөж явсан гутлыг нь хурааж авсан шүү дээ, ээж тэр гуталтайгаа урьд өдөр нь явж байсан гэсэн мэдүүлэг /хх 27 ху/

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 59 тоот дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжлэгдэж буй хэргийн газрын үзлэгийн явцад илрүүлж, бэхжүүлсэн гутлын мөрнүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Отгонцэцэгийн гэх гутлын улаар үүсгэгдсэн байна.

3. Энэ нь гутлын мөр болон гутлын улны хээний хэлбэр, хэмжээ, элэгдэлт зэрэг шинж тэмдгүүдийн цогцоор батлагдаж байна гэсэн дүгнэлт /хх 29-31 ху/

 

-Эд зүйлийн үнэлгээ /хх 36 ху/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- 3-11 ху/

-Хураан авах тухай тогтоол, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх 57-58 ху/

-Б.Отгонцэцэгийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 53-56 ху/   зэрэг болно.

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.  

 Шүүгдэгч Б.Отгонцэцэг нь 2016 оны 03 сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 20-03 тоот Э.Оюунтуяагийн гэрээс ТСЛ маркийн 32 инчийн ЛСД зурагт, эмэгтэй хүний цүнх, үсний индүү, будаа гоймон зэрэг эд зүйл хулгайлж 451.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Э.Оюунтуяагийн “...Эмнэлэг дээр очиж хүүхдээ үзүүлчихээд эргээд ирэхэд манай гэрт хулгайч орж манай гэрийн зурагт болон миний өөрийн хэрэглэж байсан гар цүнх, үсний индүү гал тогооны шүүгээнд байсан будаа, гоймон зэрэг эд  зүйлийг авч явсан байсан” /хх 16 ху/, гэрч Ч.Баатархүүгийн “...Хүүхдээ эмнэлэг дээр авч очиж үзүүлээд шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалгыг эвдэж хулгай ороод 32 инчийн ТСL маркийн зурагт, эхнэрийн цүнх, үсний индүү, будаа гоймон зэрэг эд зүйлийг хулгай хийж аваад явсан байсан. ...хашаан дотор мөр хайж байгаад эхнэр бид хоёрын гутлын мөрнөөс өөр хээтэй мөр харуулаад энэ хэний мөр вэ гэсэн тэгэхээр нь эхнэр бид хоёрын гутлын мөр биш байна. Манайд гаднаас ойрын хэдэн өдөр хүн ирээгүй гэдгээ хэлсэн” /хх 19 ху/, Г.Энхцэцэгийн “...лааз шил түүж явсан чинь цагаан өнгийн машины буфер байсан. Тэгэхээр нь очоод сонирхоод үзсэн чинь дээр нь эмэгтэй хүний цүнх хэвтэж байсан. Тэгэхээр нь буферийг сөхөөд үзсэн чинь хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт байсан. Цүнхийг онгойлгоод үзсэн чинь жолооны дүрмийн зурагтай ном дэвтэр байсан. Мөн миний танил Оюунтуяагийн зурагтай улаан өнгийн паспорт байсан. Би тэр зурагтыг аваад гэртээ харьсан” /хх 23-24 ху/, О.Ууганзаяагийн “...Ээж орой гэртээ ирэхдээ нилээд согтуу байсан. Ярьж чадахгүй болсон байхаар нь би түүнийг нилээд согтуу байна гэж бодсон. Нэг асуусан зүйлээ олон дахин асуугаад байсан. Ээж гэртээ орж ирээд би хаашаа гарч яваад  хэдэн цагт ирсэн бэ гэж надаас хэд хэдэн удаа асуусан. Ээж тэр өдрийн орой цагдаагийн газарт хураалгасан түрийтэй хар өнгийн гуталтай явж байсан” /хх 27 ху/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн явцад илрүүлж, бэхжүүлсэн гутлын мөрнүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Отгонцэцэгийн гэх гутлын улаар үүсгэгдсэн болохыг тогтоосон 59 тоот шинжээчийн дүгнэлт,  эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Отгонцэцэг нь “...замын гэрлийн шон дагаж явж байгаад Нарааг дэлгүүрийн гадаа хүргэж өгчихөөд буцсан. Би энэ хэргийг үйлдээгүй, надад энэ хэргийг тулгаад байсан. Тэгэхээр нь би хүлээн зөвшөөрч бичиж өгсөн. Би тэдний хашаагаар ороогүй, яагаад гутлын мөр тэдний хашаанд гарсныг мэдэхгүй” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм бурууг нотолж мэдүүлэх үүрэггүй юм.  

 

Иймд Б.Отгонцэцэгийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогчид 451.500 төгрөгний хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд ТСЛ маркийн 32 инчийн телевизор, эмэгтэй хүний цүнх зэргийг буцаан өгсөн тул үлдэх хохирол болон үсний индүү, будаа, гоймонгийн үнэ нийт 16.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч  Э.Оюунтуяад олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмэгтэй хүний түрийтэй, хар өнгийн 1 хос гутлыг шүүгдэгч Б.Отгонцэцэгт буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Бирагийн Отгонцэцэгийг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Отгонцэцэгийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Отгонцэцэгт оногдуулсан 3 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан түрийтэй хар өнгийн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.  

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Отгонцэцэгээс 16.500 /арван зургаан мянга таван зуу/  төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 20-03 тоотод оршин суудаг Эрдэнэдалайгийн Оюунтуяа /РД:ФБ89040308, Утас: 94420693/-д  олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Отгонцэцэгт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.БАЙГАЛМАА