Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 15

 

Л, Б, У нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Батнасан

Шүүгдэгч Л, Б, У

          Шүүгдэгч Л, Б нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүгдэгч У-н өмгөөлөгч Б.Болормаа, өсвөр насны шүүгдэгч У-н хууль ёсны төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Л, Б нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдлоор Л, Б, У нарт холбогдох 17160009900053 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л, Б, У нар нь 2017 оны 10 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цээл сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Д  эзэнтэй “Цангилах” нэртэй худалдааны төвийн цоож цүүг эвдэн нэвтэрч 562.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйл, бэлэн мөнгө хулгайлсан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 Анхан шатны шүүх: Л,Б, У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л,Б, У нарыг 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У, Б нарт оногдуулсан 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж жинхэнэ эдлэх ялыг 07 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-д оногдуулсан 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б өсвөр насны шүүгдэгч У нарт оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэхийг дурдаж, Шүүгдэгч Л, Б, өсвөр насны шүүгдэгч У нарыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан нүүрэн хэсэгтээ морины толгой товойлгон хөөмөлдсөн бор өнгийн хэтэвч 1 ширхэг, АЕ1320993, AJ0165871, AD7305565 серийн дугаартай 10 төгрөгийн 3 ширхэг дэвсгэрт, Е91671122F серийн дугаартай 1 америк доллар 1 ширхэг, XG91030787 серийн дугаартай 5 юанийн 1 ширхэг дэвсгэртийг хохирогч Д-д олгож, мотоциклийн үрүүлийн никель төмрийг устгаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 350.000 төгрөгийн үнэлгээтэй улсын дугааргүй Мустанг-5 маркын улаан өнгийн мотоцикль, AZ6720876, AA5536720, AD9068145 серийн дугаартай 20.000 төгрөгийн 3 ширхэг дэвсгэрт, AF2635107, AJ7585780, AJ1903413 серийн дугаартай 10000 төгрөгийн 3 ширхэг дэвсгэрт, нийт 90.000 төгрөгийг тус тус улсын орлого болгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Л өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүгдэгч Лнь хэрэг үйлдэх үедээ буюу 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20 нас 10 сар 10 хоногтой байсан боловч шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үед 21 нас 03 сар 26 хоногтой болсон байх тул Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлгийн өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт нь Эрүүгийн хуулийн 8.1.5 дахь хэсэгт заасан нас буюу 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд мөн адил хамааруулж ойлгохоор хуульчлагдсан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гэмт хэрэг үйлдэх үедээ 21 нас хүрээгүй байсан миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ял шийтгэл оногдуулсан. 

Тиймээс Л-д эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв. 

  Прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд нэр томьёоны тодорхойлолт заасан байдаг. Энэ хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.17 дахь хэсэгт “өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” гэж Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг гэж тодорхой заасан байдаг. Өсвөр насны сэжигтэн яллагдагч шүүгдэгч гэж хэнийг ойлгох вэ гэхээр Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүн гэж заасан байна. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэх үедээ 19 настай байсан Б, 20 настай байсан Л нар нь өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэсэн нэр томьёонд хамаарахгүй. Иймээс эрүүгийн хуулийн 8 дугаар бүлгийг хэрэглэх болмжгүй гэж дүгнэж байна. Харин өсвөр насны шүүгдэгч У-н тухайд гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан. Ар гэрийн байдал, хохиролоо төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг нь харгалзан оногдуулсан ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх нь эрхэм шүүгч нарын дотоод итгэлийн асуудал байгаа. Харин шүүгдэгч Б, У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзэж байна гэв. 

         Шүүгдэгч У-н Б.Болормаа: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж заасан. Тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээ нь 2 жил байгаа. 2 жилийн ялын хоёрны нэг гэхээр 1 жил болох боломжтой, 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн ялыг 2 дахин  багасгаж 6 сарын хорих ялыг оногдуулах бүрэн боломжтой юм. Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянаж Өсвөр насны шүүгдэгч У-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Өсвөр насны шүүгдэгч У-н хууль ёсны төлөөлөгч Б,  У манай том хүүхэд. Аав нь өнгөрсөн, би хүүхдүүдтэйгээ амьдардаг юм. Ар гэрийн байдал, гэмт хэргээ, хүлээсэн байдал, хохирогчид хохирол барагдуулсан, хохирогч гомдолгүй гэсэн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг багасгаж, болдог бол торгуулийн ял юмуу тэнсэж өгнө үү. 

Шүүгдэгч Л: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бид нар хэргээ цагдаад өөрсдөө илчилсэн. Үүнээс хойш дахиж ийм хэрэг хийхгүй зөв хүн болж төлөвшинө гэв.  

Шүүгдэгч Б: Бид 3 хоригдоод 54 хонож байна. Энэ хугацаанд их зүйл ухаарч их гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг хийхгүй, гэмт хэрэгт холбогдохгүй ухаарах болно гэв. 54 хоног хоригдох хугацаандаа зүрхээр хатгаж ухаан алдаж, 2 удаа түргэн дуудсан. Байнга зүрхээр өвдөж байгаа. Миний ялыг хөнгөлж өгнө үү гэж хүсч байна гэв.

Шүүгдэгч У: Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Ээж дүү нараа тэжээх хүн ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Зөв хүн болж сайхан амьдарна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг төдийгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж хэргийг шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Л, Б өсвөр насны шүүгдэгч У нар нь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 2017 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цээл сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Цангилах хүнсний дэлгүүрийн хаалганы цоож, цүүг хөшиж хаалгыг онгойлгон орж бэлэн 450000 төгрөг, 30000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний бор өнгийн хэтэвч, 1 сагс буюу 6 ширхэг, нэг бүр нь 7000 төгрөгийн үнэтэй пиво, нэг блок буюу 10 ширхэг нэг бүр нь 4000 төгрөгийн парламент тамхи зэрэг 562000 төгрөгийн үнэтэй эд зүйл хулгайлсан байна.

Энэ нь хохирогч Д-ийн: “2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 22 цаг 30 минутад худалдааны төвөө хаагаад гэртээ харьсан. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өглөө Худалдааны төвийн арын хаалга онгорхой байхаар нь хэсгийн төлөөлөгчид хулгай орсон талаар мэдэгдсэн. Худалдааны төвийн лангуун доогуур байсан орлогын бэлэн мөнгө 450000 төгрөг, эмэгтэй хүний 30000 төгрөгийн үнэтэй, бор өнгийн хэтэвч, хүнсний агуулахад байсан 1 сагс, 6 ширхэг 42000 төгрөгийн үнэтэй пиво, 1 блок, 10 ширхэг 40000 төгрөгийн үнэтэй парламент тамхи алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 12-13 дугаар хуудас/

Гэрч Б-н: “У, Б, Л нарын эцэг эх болох Б, М, Б нар ирээд манай хүүхдүүд танай дэлгүүрээс хулгай хийсэн байна. Бид нар хохирлыг нь барагдуулъя гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг.” /Хэргийн 1 дүгээр хавтасны 193-194 дугаар хуудас/

Гэрч Э-ийн: ”Л нилээд мөнгөжүү байсан ба надад 25000 төгрөгөөр хятад мотоциклийн аккумлятор, 20000 төгрөгөөр бензин, 2000 төгрөгөөр улаан шонхор тамхи авч өгсөн. Харин Л 48000 төгрөгөөр 

дотроо 24 ширхэгтэй Сэрүүн гэдэг пиво авсан.” гэсэн мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 21-22 дугаар хуудас/

Гэрч Т-н: “Тэр шөнийн 12 цагийн үед манай гэрэл унтарсан. Шалгаж үзтэл Цангилах худалдааны төвийн арын өндөр хүчдэлийн шон дээр байдаг хайрцаг доторх  тогийг салгасан байсан. Би нэг их юм бодолгүй тогоо залгачихаад гэртээ орсон” гэсэн мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 191-192 дугаар хуудас/

Шүүгдэгч Л, Б, У нарын: “Пиво худалдаж авч уух гэж явж байгаад онгорхой дэлгүүр олдохгүй болохоор нь Бид гурав ярилцаж байгаад хэн хэн нь зөвшөөрөөд сайн дурын үндсэн дээр бүлэглэж энэ хэргийг үйлдсэн.” гэсэн мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 92-94, 101-103, дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, бэлэн мөнгө, хэтэвч, цоож хөшсөн металл зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл фото зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэргээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон байх тул шүүгдэгч нарын мэдүүлэг нь тэдний уг гэмт хэргийг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг гэмт хэргийн шинж болгон зааснаас гадна шүүгдэгч нарыг машин механизм ашиглаж уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б-н эзэмшлийн 350000 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклийг усын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд уг гэмт хэргийг бүлэглэн үйлдэх нь тухайн гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжид хамаарахгүй бөгөөд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно. 

Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах боломжтой байхаар зохицуулсан бөгөөд уг мотоцикл нь хэний өмчлөлийн эд хөрөнгө болох нь хангалттай тогтоогдоогүйгээс гадна уг мотоциклийг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл шүүгдэгч нар нь пиво худалдан авч уух зорилгоор Б-н аав Б-н мустанг 5 маркийн, улаан өнгийн мотоциклоор Говь-Алтай аймгийн Цээл сумын төв орж ирсэн байх бөгөөд онгорхой дэлгүүр олдоогүйн улмаас үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч эд зүйл хулгайлсан байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэдгийг хулгайн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгодог бөгөөд хулгайн үйлдэл төгссөний дараа эд зүйлийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулдаггүй.

Хулгайн гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

Шүүгдэгч нар хулгайн гэмт хэрэг төгссөний дараа унаж ирсэн мотоциклоороо буцаж явсан байх бөгөөд эд зүйл хулгайлахдаа мотоцикл ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Л нь хэрэг үйлдэх үедээ буюу 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20 жил, 10 сар, 10 хоногийн настай байсан боловч шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үед 21 жил, 03 сар, 26 хоногийн настай болсон байх тул Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг тусгайлан зохицуулсан бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байна.

Мөн Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж болохоор заасан байна. 

Гэвч энэ зүйлийн хорин нэгэн насанд хүрээгүй хүн гэдэгт зөвхөн гэмт хэрэг үйлдэх үедээ хорин нэгэн насанд хүрээгүй хүнийг хамааруулж ойлгох уу эсхүл гэмт хэрэг үйлдэх үедээ хорин нэгэн насанд хүрээгүй байсан боловч хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед хорин нэгэн насанд хүрсэн хүнийг ч нэгэн адил хамааруулах уу гэдэг нь эргэлзээтэй байна.

Түүчлэн гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан боловч шүүхээр хэргийг шийдвэрлэх үед хорин нэгэн насанд хүрсэн хүнийг хэрхэн шийдвэрлэх нь хуулийн зохицуулалтаас тодорхойгүй байна.

1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 40/33 дугаар тогтоолоор батлагдсан Насанд хүрээгүй хүмүүсийн талаар шүүн таслах ажиллагаа явуулах тухай НҮБ-ын наад захын жишиг журамд "Өсвөр насны хүн" гэж тухайн улсын эрх зүйн тогтолцоонд үйлдсэн хэрэгт нь насанд хүрсэн хүнээс ялгаатай хэлбэрээр хариуцлага хүлээлгэхээр заасан “хүүхэд” буюу “залуу хүнийг” ойлгох бөгөөд өсвөр насны хүнийг засан хүмүүжүүлэх байгууллагад хорих явдлыг зайлшгүй шаардлагатай хамгийн богино хугацаанд эцсийн арга хэмжээ болгон хэрэглэвэл зохино гэж заасан байдаг.

Монгол Улсын эрүүгийн хуульд олон улсын хүний эрхийн энэхүү стандартад нийцүүлэн өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг тусгай журмаар зохицуулж, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ялгамжтай бодлого баримталхаар заасан байна.  

  Тиймээс Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж болно.” гэж заасныг гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй байсан хүнийг өсвөр насны хүнтэй адилтган үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг хэрэглэж ял оногдуулах боломжтой байна гэж уг хуулийг шүүгдэгчид ашигтайгаар тайлбарлаж хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Л, Б нарт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээгэх тусгай журамд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгод нийцэж байгаа бөгөөд өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэсэн байх тухай Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай нийцнэ гэж шүүх үзсэн болно.

Иймд Прокуророос Л, Б, У нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 17160009900053 дугаар эрүүгийн хэргээс Л,Б, У нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л, У  нарт оногдуулсан хорих ялын хэмжээг давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд багасган өөрчлөлт оруулж, шүүгдэгч  Л-н өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь дэд хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

а/ Шийтгэх тогтоолд: 

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх дэд хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх дэд хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л, Б, У нарт холбогдох Эрүүгийн 17160009900053 дугаар хэргээс Л, Б, Унар нь машин механизм ашиглаж эд зүйл хулгайлсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

б/ Шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг: 

“Шүүгдэгч Л, Б , өсвөр насны шүүгдэгч У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

в/ Шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх дэд хэсэгт зааснаар шүүгдэгч Л, Б нарт 01 жил 2 сарын хугацаагаар хорих, өсвөр насны шүүгдэгч У 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай” гэж, 

г/ Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг: 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У-д оногдуулсан 1 жилийн, шүүгдэгч Л, Б нарт оногдуулсан 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж өсвөр насны шүүгдэгч У-н жинхэнэ эдлэх хорих ялыг 06 сарын хугацаагаар, шүүгдэгч  Л, Б нарын жинхэнэ эдлэх хорих ялыг 07 сарын хугацаагаар тус тус тогтоосугай” гэж,

д/ Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг:

“Шүүгдэгч Л, Б нарт оногдуулсан 07 сарын, өсвөр насны шүүгдэгч У-д оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж

е/ Шийтгэх тогтоолын 6 дахь заалтын:

“мотоциклийн рулийн никель төмрийг устгаж, гэсний дараа “мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 350000 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугааргүй, мустанг-5 маркийн, улаан өнгийн мотоцикль” гэснийг        

“мөн 350000 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугааргүй, мустанг 5 маркийн, улаан өнгийн мотоциклийг эзэмшигч Б-д буцаан олгож,” гэж тус тус өөрчилсүгэй.

ё/ Шийтгэх тогтоолын 7 дахь заалтын:

“Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй” гэснийг “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л, Б, У нарын цагдан хоригдсон 54 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.” гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.БАТТОГТОХ

                     ШҮҮГЧИД                                   Б.НАМХАЙДОРЖ

                Ч.ЭНХТӨР