Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0222/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт А.Хад холбогдох 2118000000240 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт А.Х /РД: /, 1990 оны 7 дугаар сарын 02-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.Х нь 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн ** дугаар байрны гадна иргэн Б.Отай маргалдан харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь нэг шүдний үгүй байдал, баруун тохой шуу, хүзүү, хоолойн зүүн өмнө, хамар орчим, цээжинд зулгаралт, дээд уруулд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хэрэгт авагдсан:

- ...2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Х, У, Хын эхнэр Улаанаа, Бн нарын хамт 0.75 литрийн Хараа нэртэй 4-5 шил архийг хувааж уусан. Би нэлээн согтоод тасраад унтчихсан байсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад сэрэхэд Х нь “миний гар утас алга болчихлоо” гээд над руу дайраад байсан. Бид хоёр маргалдаж байгаад гадагшаа гарсан. Тэгээд гадаа гараад Х бид 2 маргалдаж байгаад зодолдсон. Би яаж зодолдсон талаараа сайн санахгүй байна. Би газарт уначихсан байхад эгч Оч, ах М нар намайг сэрээгээд эмнэлэгт үзүүлсэн. Миний үүдэн 1 шүд унасан, дотор буйл 2 талаараа язарсан, зүүн ташаа хэсэг хөндүүртэй алхахад хэцүү өвдөж байна... гэх хохирогч Б.Оын мэдүүлэг /хх-ийн 9/,

- ...Х, О нар барилцаж аваад муудалцаад эхэлсэн. Харанхуй байсан учир сайн харж чадаагүй. Ямар ч байсан дээр доороо ороод зодолдож байсан... гэх гэрч Б.Очийн мэдүүлэг /хх-ийн 17/,

- ...О нь Хын шанаа тус газарт нэг удаа гараараа цохиход Х хойшоо саваад унасан. Тэгээд босож ирээд “чи яаж байгаа юм бэ?” гээд От хэлэхэд дахин Хын нүүр рүү гараараа цохисон. Энэ үед Х уурлаад Оын нүүр лүү 2-3 удаа цохиж дараа нь барилцаж аваад газар баахан өнхөрч хөрвөөгөөд байсан... гэх гэрч Э.Дийн мэдүүлэг /хх-ийн 19/,

- ...манай эгч Оч над руу “О хүнтэй маргаад би салгаж дийлэхгүй байна” гэхээр нь би очсон. Намайг очиход зодоон дуусчихсан байдалтай Оын хамар амнаас цус гарчихсан зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Оч “О Х гэх залуутай зодолдоод нэг шүд нь уначихлаа” гэж хэлсэн... гэх гэрч М.Мөнхбаярын мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- ...О “би чиний гар утсыг авсан юм уу?” гэж уурлаад миний нүүр рүү гараараа нэг удаа цохиход би хойшоо шалбааг дээр унасан. Тэр үед миний уур хүрч босож ирээд Оын амны орчимд гараараа нэг удаа цохиж, дараа нь зууралдаж байгаад хамт газарт унаж баахан хөрвөөж ноцолдсон... гэх шүүгдэгч А.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39/,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 479 дугаартай “Б.Оын биед нэг шүдний үгүй байдал, баруун тохой, шуу, хүзүү, хоолойн зүүн өмнө, хамар орчим, цээжинд зулгаралт, дээд уруулд цус хуралт, тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Оын биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Оын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,

- Б.Оын 2.1 дүгээр шүд хугарсан, буйл завжинд язарсан шархтай, хүзүүнд боомилсон оромтой улайсан, цээжинд 5.0х7.0 сантиметр, 4.0х4.5 сантиметр, 3.0х4.5 сантиметр хумсны зулгаралт шархтай... гэх эмчийн тодорхойлолт /хх-ийн 27/,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 478 дугаартай “А.Хын биед цээжний баруун өмнө, баруун тохой, 2 талын өвдөгт зулгаралт, духанд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. А.Хын биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай баг тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Оын эрүүл мэндэд нэг шүдний үгүй байдал, баруун тохой шуу, хүзүү, хоолойн зүүн өмнө, хамар орчим, цээжинд зулгаралт, дээд уруулд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 200.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Оын “...А.Х миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 99/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч А.Хын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн ** дугаар байрны гадна иргэн Б.Отай маргалдан харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь нэг шүдний үгүй байдал, баруун тохой шуу, хүзүү, хоолойн зүүн өмнө, хамар орчим, цээжинд зулгаралт, дээд уруулд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Улсын яллагчаас шүүгдэгч А.Хад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч А.Х нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 69-91/, охин Х.М, Х.Э нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 61-62/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Хын хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Хад оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР