Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0246/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овогт Э.Гт холбогдох эрүүгийн 2118002160262 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овогт Э.Г /РД: /, 1969 оны 9 дүгээр сарын 26-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, галт тэрэг үзэгч мэргэжилтэй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Гийг 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ........ багийн .... дугаар байрны гадна хамтран амьдрагч Л.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Гийн өгсөн: ...7 дугаар сарын 12-ны өглөө ажлаасаа бууж ирээд эхнэр Утай машин дотроо шар айраг ууж байгаад маргалдаад У миний нүүр лүү цохихоор нь би эргүүлээд хацар луу нь алгадсан. Ийм л зүйл болсон... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Л.Уын өгсөн: ...2021 оны 7 дугаар сарын 12-ны орой нөхөр Г гэртээ ирээд “би нэг шар айраг уучихмаар байна” гээд дэлгүүр орж 2.5 литрийн 1 ширхэг шар айраг аваад түүнийгээ машин дотроо уучхаад жаахан халсан хойноо “чи намайг ямар ч хамаагүй хүнтэй харддаг” гэсэн шалтгаанаар миний зүүн талын нүд рүү 2-3 удаа цохиж дараа нь цээж болон гар луу гараараа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Насанд хүрээгүй гэрч Э.Сн өгсөн: ...машин дотроо ээжтэй хамт шар айраг уугаад суусан бөгөөд удалгүй хойд аав Г нь “чи яагаад байгаа юм бэ?” гээд дуу нь чангараад ирэхээр нь би гэрээс гараад очтол ээжийн зүүн талын хөмсөг нь зулгарсан шархтай болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 458 дугаартай “Л.Уын биед нүүр, цээжний зүүн өмнө хэсгийн цус хуралт, баруун тохой орчмын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Л.Уын биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Л.Уын биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/,

Л.Уын зүүн нүдний эргэн тойрон хөхөрсөн, баруун нүдний хөмсөгний дээд талд хэсэг газар хөхөрсөн гэх тодорхойлолт /хх-ийн 14/,

“Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 1 оноо буюу бага түвшинд” гэх тэмдэглэл /хх-ийн 17-18/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ........ багийн .... дугаар байрны гадна хамтран амьдрагч Л.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Э.Гийг 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ........ багийн .... дугаар байрны гадна хамтран амьдрагч Л.Уын нүүр болон цээж, гар луу нь цохиж улмаар эрүүл мэндэд нь нүүр, цээжний зүүн өмнө хэсгийн цус хуралт, баруун тохой орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Түүнчлэн шүүгдэгч Э.Г, хохирогч Л.У нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох хамтран амьдрагч мөн болох нь насанд хүрээгүй гэрч Э.С болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч Э.Гийн хамтран амьдрагч Л.Уын бие махбодод халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Уын эрүүл мэндэд нүүр, цээжний зүүн өмнө хэсгийн цус хуралт, баруун тохой орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь гомдол саналтай, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгч Э.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ................. ажилтай зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/, ..................... даргын тодорхойлолт /хх-ийн 53/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын .................. багийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 46/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Гийн хувийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Гт оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР