Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/270

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0391/Э/219/2021/0010

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогч Ш.Бат-Өлзий,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ц.Ст холбогдох эрүүгийн 2018004140404 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ц.С /РД: /, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Сыг 2020 оны 7 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Бага ноён” гэх газраас 3 ширхэг ургаа нарс мод буюу 2.47 м.куб модыг зөвшөөрөлгүй бэлтгэж 0*-6* СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 3.166.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх эрх бүхий “..........................” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Бага ноён” гэх газраас ой цэвэрлэх зорилгоор 190 м.куб нарс модыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 01-ний хооронд бэлтгэхээр Дархан-Уул аймгийн Сум дундын ойн ангитай 2020 оны 7 дугаар сарын 01-нд гэрээ байгуулан, тусгаарлалт хийлгэсэн,

“..........................” ХХК-д хөлсөөр ажиллаж байсан Ц.С нь 2020 оны 7 дугаар сарын 15-нд тус компанийн модыг тусгаарлалт хийлгэсэн талбай болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Бага ноён” гэх газраас бэлтгэж байхдаа тусгаарласан талбайн хилийн гадна талбайгаас 3 ширхэг ургаа нарс мод буюу нийт 2.47 м.куб модыг бэлтгэж 0*-6* СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологид 3.166.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Сын өгсөн: ...Би .......................... ХХК-д ажил хийж байх үедээ 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Бага ноён гэх газарт мод бэлтгэхээр яваад, мод бэлтгэж байх явцдаа отводноос гарч мод бэлтгэсэн гэдгийг мэдэлгүй тэр модыг огтолсон юм. Мод огтолсны дараа харахад зөвшөөрөгдсөн талбайгаас гарчихсан байсан... гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.Бн өгсөн: Хэргийн материалтай танилцаж, учирсан хохирлыг мэдсэн. Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох

Хэргийн газрын үзлэг хийсэн: ...0*-6* СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинаар мод бэлтгэсэн талбайд очиж Жи Пи Эс багажаар тодорхойлоход 1. N49.18.38.06, Е 106.44.36.87, 2. N 49.18.37.80, E 106.44.41.54, 3. N 49.18.37.83, E 106.44.43.24 цэг тус бүр ургах чадвартай босоо нойтон мод хөрөөдөж бэлтгэсэн байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-14/,

Шүүгдэгч Ц.Сын мод бэлтгэхдээ ашигласан гэх цахилгаан модны хөрөөг иргэний хариуцагч Ш.Гөөс хураан авсан тэмдэглэл, цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 18-21/,

Дархан-уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 23-ний өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хх-ийн 23/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лийн өгсөн: ...Сум дундын ойн ангийн мэргэжилтний гаргасан үнэлгээтэй танилцлаа. Хонгор сумын хүрээлэн байгаа орчинд учирсан 3,166,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчинд учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бодож 9,498,000 төгрөгийг нөхөн төлүүлмээр байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26/, 

Иргэний хариуцагч Ш.Гийн гэрчээр өгсөн: ...Ц.С нойтон мод бэлтгэсэн. Би анх мод бэлтгэж байхад нь хуурай мод бэлтгэнэ, нойтон мод бэлтгэж болохгүй гэж хэлж анхааруулсан. Манай компанийн нэр дээр ажиллаж байсан жолооч нар өөрсдөө дур мэдэн ургах чадвартай мод тусгаарлагдсан талбайгаас гадна талбайд бэлтгэсэн байсан. 0*-6* СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл нь манай компанийн өмч бөгөөд С жолоочоор ажиллаж байхдаа уг тусгаарласан талбай дээр цэвэрлэгээний огтлолоор мод бэлтгэж байхдаа 1-2 ширхэг нойтон мод унагааж машинд ачиж гарах гэхээр тулаад байсан юм гэж ярьж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34, 35-36/,

Гэрч Ц.Нийн өгсөн: ....”..........................” ХХК-д ажиллаж байгаа гээд Ц.С нь 0*-6* СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр мод бэлтгэнэ гэхээр нь 8 м.куб цэвэрлэгээний огтлолоор мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41/,

Шүүгдэгч Ц.Сын гэрчээр өгсөн: ...Би “..........................” ХХК-ийн тусгаарласан талбайгаас ургах чадваргүй мод бэлтгэх эрхтэй байсан. Тухайн үед тусгаарласан талбайгаас хуурай мод бэлтгэж ачиж байсан юм. Тэгээд хоёрын хооронд ганц нэг мод ачаагаа татахад дутаад байхаар нь босоо нойтон нарс мод хөрөөдөж бэлтгэж ачаад ойгоос гарах гэтэл хоёр ширхэг мод ачаанд тулаад байхаар нь хөрөөдөж унагаад явсан. Нойтон ургах чадваргүй мод бэлтгэж байгаа үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгийг мэдэж байсан. Сум дундын ойн ангиас цэвэрлэгээний огтлолоор мод бэлтгэхийг зөвшөөрөөгүй, тусгаарлаагүй Хонгор сумын 2 дугаар баг “Бага ноён” гэх газрын ойн сан бүхий талбайгаас хууль бусаар 3 ширхэг 2.47 м.куб мод хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45/,

Гэрч С.Оийн өгсөн: .......................... ХХК-ийн захирал Г над руу яриад цэвэрлэгээний огтлолоор мод бэлтгэх эрх авсан, чи ирж ажиллах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд .......................... ХХК-ний мод бэлтгэхээр тусгаарлуулсан талбай болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Бага ноён гэх газраас мод бэлтгэхээр 0*-6* СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машинтай Д, Ч, С нарын хамт ирсэн. 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр салхинд үндсээрээ булгарч унасан болон босоо хуурай мод бэлтгэж модыг ачсан. Гэтэл Ц.С мод дутаад байна гээд нэг ширхэг босоо нойтон мод хөрөөдөж бэлтгэсэн. Тэр модыг Чука бид хоёр ачсан. Тэгээд ойгоос гарах гэтэл хоёр бүдүүн босоо нойтон мод машины ачаанд тулаад байхаар нь хөрөөчин Д түүнийг хөрөөдөж унагаагаад Чука бид хоёр замаас холдуулаад явсан. Тэгээд Хонгор сумын Цайдам гэх газарт байрлах “..........................” ХХК-ийн хашаанд 2020 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 2 цагийн үед ирж амарсан. Ч бид хоёр бэлтгэсэн модыг ачдаг болохоор тусгаарласан талбайг мэдэхгүй. С манай тусгаарласан талбай гэж хэлж өгсөн. Бид Ц.Сын хэлсэн зүйлийг хийдэг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/,

Гэрч Д.Чын өгсөн: ...2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр салхинд үндсээрээ булгарч унасан болон босоо хуурай мод бэлтгэж ачсан. Ц.С мод дутаад байна гэхэд хөрөөчний хөрөөдөж бэлдсэн модыг О бид ачиж ойгоос гарах гэтэл хоёр бүдүүн босоо нойтон мод машины ачаанд тулсан. Гэтэл хөрөөчин Д уг модыг хөрөөдөж унагаагаад О бид хоёр замаас холдуулаад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49/,

Гэрч Т.Дын өгсөн: ...Би 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “..........................” ХХК-ийн захирал Гтэй аман гэрээ хийж машин мод хөрөөдөж бэлтгэхээр болсон ба тухайн өдрөө 0*-6* СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машинтай С, Г, Ч, О нарын хамт 2020 оны 7 дугаар сарын 17-ны өглөө мод бэлтгэх газраа ирсэн. Г мод бэлтгэх талбайг зааж өгсөн. Эхний өдөр 13 ширхэг хуурай босоо мод унагаж бэлтгэсэн. Хоёр дахь өдөр нь буюу 7 дугаар сарын 18-ны өдөр “Бага ноён” гэх газар ойн ангиас тэмдэг тавьж цэнхэр будгаар будсан модыг түүж нийт 14 ширхэг хуурай, 6 ширхэг нойтон босоо мод хөрөөдсөн.  Би нойтон мод хөрөөдөж болохгүй гэдгийг мэдэж байсан ч машин зам гаргах гээд 1, 2 ширхэг нойтон мод хөрөөдсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53/,

Шинжээч А.Булганы өгсөн: Ц.Сын бэлтгэсэн мод болон бусад иргэдийн мод бэлтгэсэн газар дээр цагдаагийн алба хаагч нарын хамтаар очиж шалгалт хийж, хүн тус бүрээр хэдэн ширхэг мод бэлтгэснийг өөрсдөөр нь заалгуулж, дараа би өөрөө модны хожуул тус бүрээр хэмжиж м.кубийг гаргасан юм. Ц.С нь 11 дугаартай дүгнэлтэд нийт 3 ширхэг мод бэлтгэсэн болохыг хожуул тус бүрээр хэмжиж тогтоосон юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83/,

Дархан-Уул аймгийн Сум дундын ойн ангийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай “Иргэн Ц.Сын бэлтгэсэн 3 ширхэг мод нь цаашид ургах чадвартай 2.47 м.куб нарс мод байна. 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байгаль хамгаалагч Д.Наранхүүгийн олгосон ДАА серитэй 005302 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт цэвэрлэгээний огтлолоор хэрэглээний мод бэлтгэх буюу байгалийн аясаар унасан цаашид амьдрах чадваргүй хэрэглээний мод авахаар заасан байна. Гэвч мод бэлтгэхдээ цаашид амьдрах чадвартай ургаа /босоо/ мод бэлтгэсэн байгаа нь мод бэлтгэх эрхийн бичигт заасан огтлолтын төрлийг зөрчиж бэлтгэсэн байна. Иргэн Ц.Сын бэлтгэсэн дээрх солбицол бүхий 3 мод нь “..........................” ХХК-ийн мод бэлтгэхээр тусгаарласан талбайн хилийн гадна талбайгаас бэлтгэсэн байна. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1-д “Гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэ арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж заасан байна. Иргэн Ц.Сын бэлтгэсэн гэх цаашид амьдрах чадвартай хэрэглээний нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 712101*2.47 м.куб*1.8”/итгэлцүүр/=3.166.000 /Гурван сая нэг зуун жаран зургаан мянга/ төгрөг болж байна....” гэх шинжээчийн дүгнэлт, хууль бус мод бэлтгэсэн талбайн байршлын зураглал /1-р хх-ийн 75-80/,

1981 онд үйлдвэрлэгдсэн ЗИЛ-131 маркийн авто машины үнэлгээ 2.500.000 төгрөг, Модны цахилгаан хөрөөний үнэлгээ /хуучин/ 50.000 төгрөг гэх “Капитал зууч” ХХК-ний шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 85-87/,

 “..........................” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ /1-р хх-ийн 116-117/,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны 15 дугаартай Ойгоос мод бэлтгэх хуваарь батлах тухай захирамжийн хуулбар /1-р хх-ийн 118-122/,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай Ойгоос мод бэлтгэх хуваарь батлах тухай тогтоол /1-р хх-ийн 123/,

Дархан-Уул аймгийн Сум дундын ойн анги болон “..........................” ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 01-нд байгуулсан Мод бэлтгэх гэрээ, Ойн ангийн дүгнэлт /1-р хх-ийн 125-126/,      

Мод бэлтгэлийн талбай тусгаарлалтын материал №09 /хх-ийн 135-142/, 005302 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /1-р хх-ийн 175/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.С нь 2020 оны 7 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Бага ноён” гэх газраас 3 ширхэг ургаа нарс мод буюу 2.47 м.куб модыг зөвшөөрөлгүй бэлтгэж 0*-6* СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 3.166.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Гэм буруугийн талаар маргахгүй, зүйлчлэл дээр маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заажээ.

Шүүгдэгч Ц.С нь “..........................” ХХК-д гэрээний дагуу мод бэлтгэх эрх олгож, тусгаарлалт хийсэн талбайгаас тус компанийн нэрийн өмнөөс мод бэлтгэх эрхтэй бөгөөд өөр бусад газраас мод бэлтгэх эрхгүй болно. Гэтэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага ноён” гэх газарт “..........................” ХХК-ийн тусгаарлалт хийлгэсэн талбайгаас мод бэлтгэх явцдаа талбайн хилийн гаднаас 3 ширхэг ургаа нарс модыг унагаж, тээвэрлэсэн үйлдлийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн нийтийн өмчид халдаж зориуд хохирол учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  1. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Сын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол нь 3.166.000 төгрөг болох нь Дархан-Уул аймгийн Сум дундын ойн ангийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан ба шүүгдэгч Ц.Сын байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр нь 9.498.000 төгрөг болох нь хоёрдугаар хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10-04-039/23 дугаартай актаар нотлогдож байх тул 9.498.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.С нь 4.749.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төлсөн болох нь Төрийн банкны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Саас байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 4.749.000 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолдог бөгөөд шүүгдэгч Ц.С нь 2020 оны 7 дугаар сарын 15-нд гэмт хэрэг үйлдсэн, 2020 оны 9 дүгээр сарын 11-нд яллагдагчаар татагдсан байх тул Ц.Ст холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.      

Шүүгдэгч Ц.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/-аар тогтоогдож байх ба  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.С нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломжийг харгалзан үзээд түүнд оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар, гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулахаар заажээ.

Шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг үйлдэхдээ 50.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, С.Гийн өмчлөлийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий ЗИЛ-131 маркийн 0*-6* СЭҮ дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг ашигласан болох нь хэрэгт авагдсан иргэний хариуцагч Ш.Г, шүүгдэгч Ц.С нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 174/, “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Саас ЗИЛ-131 маркийн 0*-6* СЭҮ дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2.47 м.куб нарс мод зэргийг хураан авч тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай тогтоолоос ЗИЛ-131 маркийн 0*-6* СЭҮ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч С.Гт олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ст оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 /долоо/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Саас Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор битүүмжилсэн ЗИЛ-131 маркийн 0*-6* СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, 2.47 м.куб нарс модыг улсын орлого болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Саас 4.749.000 /дөрвөн сая долоон зуун дөчин есөн мянга/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

7. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоос ЗИЛ-131 маркийн 0*-6* СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч С.Гт олгосугай.

8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ст өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР