Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 371

 

               Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Жи-Мобайл” ХХК-ий нэхэмжлэлтэй Б.Мөнхтуяад холбогдох “Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 150.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

 

                                              Тодорхойлох нь:

          Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          ...Нэхэмжлэлийн үндэслэл: Б.Мөнхтуяа нь манай компанитай 2014 оны 07 дугаар сарын  18-ны өдөр 1124919 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан.  Б.Мөнхтуяа нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 100.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.

              Нэхэмжлэлийн шаардлага: Иймд Б.Мөнхтуяагаас “Төхөөрөмж зээлдээр худалдах, худалдан авах гэрээний  дагуу төхөрөөмжийн үлдэгдэл төлбөр 100.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 818 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 50.000 төгрөг буюу нийт 150.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож  өгнө үү! гэжээ.

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхномин 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд  гаргасан  тайлбартаа:

       ...  Нэхэмжлэгч “Жи- Мобайл” ХХК нь хариуцагч Б.Мөнхтуяад холбогдуулан 150.000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 150.000 төгрөгөөс үндсэн төлбөр 100.000 төгрөгийг төлсөн тул алданги 50.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна ... гэжээ.

 

                                                             Үндэслэх нь:

                Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь Б.Мөнхтуяад холбогдуулан “Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 150.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

                Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Мөнхтуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 150.000 төгрөгнөөс үндсэн төлбөр 100.000 төгрөгийг төлж барагдуулснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Энхномин нь 50.000 төгрөгнийхөө нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзаж байгаа болох нь түүний шүүхэд гаргасан  хүсэлтээр нотлогдож  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

 

            

               Энэ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 100.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.    

 

             Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Жи-Мобайл” ХХК-ий нэхэмжлэлтэй Б.Мөнхтуяад холбогдох “Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 150.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 50.000 төгрөгнийхөө нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзсан болохыг дурдаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 100.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Жи- Мобайл” ХХК-д олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                      ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ