| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00338/И |
| Дугаар | 375 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 375
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Хишигдэлгэрийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант суманд 1960 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, тракторч-комбайнч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, Даагат 1 дүгээр баг, Ишгэнт гудамжны 6-5 тоотод оршин суух, Хушаат сумын Халаатын төвд галч ажилтай
Сартуул овгийн Доржийн Хишигдэлгэр
регистрийн дугаар:МЛ–60021617
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Д.Хишигдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Миний бие 1980-1993 онуудад “Цагаантолгой” Сангийн аж ахуйд тракторч-комбайнч хийж байсан бөгөөд хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарах гээд материалаа бүрдүүлсэн боловч аймгийн Төв архиваас тухайн ажиллаж байсан ажилд орсон, гарсан тушаал олдохгүй, мөн тухайн үед “Цагаантолгойн” архив шатсан тул материал гаргах боломжгүй байгаа гэсэн. Ийм учраас шүүхэд гаргаж өгсөн материалуудыг үндэслэн ажилласан жилийг минь тогтоож өгнө үү!... гэжээ.
Нэхэмжлэгч: Д.Хишигдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... 1980 онд Сант сумын Техник мэргэжлийн сургууль төгсөөд трактор, комбайнчаар “Цагаантолгойн Сангийн аж ахуй”-д ажилд орсон. Ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа. Архив шатсан гэсэн учраас 1980-1993 онд “Цагаантолгойн Сангийн аж ахуй”-д тракторч-комбайнчаар ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна. Тухайн үед намайг ажиллаж байхад хамт ажиллаж байсан Б.Алтанцэцэг, Г.Наранцэцэг, Ш.Болд нар хамт ажиллаж байсан тухайгаа тодорхойлолт гаргаж өгсөн. Тухайн үед бүхий л тракторч-комбайнчдыг “механикжуулагчид” гэж нэрлэдэг байсан. Тэгээд тушаалуудад “механикжуулагч” “тракторч” гэж л бичснээр “комбайнч” гэж бичиж байгаагүй юм билээ. Бидний хувьд гэвэл хавар нь трактороор газар хагалах, боловсруулах, тариагаа тарих, намар нь комбайнаа барьж тариагаа хураах ажлуудыг хийдэг байсан. Миний хувьд намайг ажиллаж байх үед надтай холбоотой гарч байсан тушаал шийдвэрүүдийг архиваас гаргаж өгсөн байгаа. Иймд намайг 1980-1993 онд “Цагаантолголйн Сангийн аж ахуй”-д тракторч –комбайнчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү! ...гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Хишигдэлгэр нь шүүхэд Сэлэнгэ аймгийн Сант сумын “Цагаантолгойн Сангийн аж ахуй”-д 1980-1993 онд тракторч-комбайнчнаар ажиллаж байсан боловч ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа улмаас ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.Хишигдэлгэр нь Техник мэргэжлийн сургуулийг тракторч-комбайнч мэргэжлээр төгсч 1980 оны 07 дугаар сарын 02-нд Сэлэнгэ аймгийн “Цагаантолгойн Сангийн аж ахуй”-д хуваарилагдан, 1980 оны 08 дугаар сарын 22-ноос Зөвлөлтийн мэргэжилтэнүүдийг дагалдан тракторч-комбайнчнаар ажиллаж эхэлсэн байна.
Д.Хишигдэлгэрт холбогдон гарч байсан зарим тушаал шийдвэрүүдэд “тракторч-комбайнч” гэж ажил мэргэжлийг талаар тодорхой заагаагүй боловч нэхэмжлэгч нь “Цагаантолгойн Сангийн аж ахуй” болон “Цагаантолгой” Хувьцаат компанид /байгууллага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд Хувьцаат компани болсон/ 1980 оны 07 дугаар сарын 02-ноос 1993 оны 9 дүгээр сар хүртэл тракторч-комбайнчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн “Цагаантолгойн Сангийн аж ахуй”-н даргын 1980 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 138 дугаар “Ажилд томилох тухай тушаал”-д “Техник мэргэжлийн сургууль төгсч ирсэн нэр бүхийн тракторчдыг зохих бригадуудад хуваарилан 07 дугаар сарын 1-нээс эхлэн хавсралт ёсоор ажиллуулсугай”, Сэлэнгэ аймгийн “Цагаантолгойн Сангийн аж ахуй”-н даргын 1980 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 173 дугаар “1980 оны ургац хураалтанд ажиллах Зөвлөлт Холбооны улсаас уригдсан ирсэн мэргэжилтэнүүдийг дагалдан сурах Монгол комбайнчдыг томилох тухай” тушаалд “Купишин Владимир Ивановичийг 2 дугаар бригадад дагалдан сурах комбайнч... М.Хишигдэлгэр” гэх, Сэлэнгэ аймгийн “Цагаантолгойн Сангийн аж ахуй”-н даргын 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 174 дүгээр, 1986 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 155 дугаар, 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 271 дүгээр, 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 211 дүгээр “Ээлжийн амралт олгох тухай”, 1983 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 196 дугаар, 1986 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаар “Механикжуулагчдийн удаан жилийн нэмэгдэл олгох тухай”, 1991 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 96 дугаар “Хаврын тариалалтын ажлыг зохион байгуулах, ажлын цагийг уртасган ажиллуулах тухай”, 1992 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр “Шатах тослох материалын зарцуулалтыг сайжруулах талаар авах арга хэмжээ” гэх тушаалууд, мөн нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх Б.Алтанцэцэг, Г.Наранцэцэг, Ш.Болд нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, гэрч Ш.Болдын “ ...Тухайн үед Техник мэргэжлийн суруулийн комбайн-тракторчны ангийг 2 хуваагаад дадлагат гаргасан. Дадлагаа дуусч ирээд л ажилд орж байсан. Би Д.Хишигдэлгэртэй 1980 ныг 8 дугаар сараас 2003 оны 6 дугаар сар хүртэл ажилласан. Д.Хишигдэлгэр бид хоёр хоёулаа таркторч-комбайнчнаар ажиллаж байсан. Манай компани \цалин мөнгөө өгч чадахгүйд хүрч би 6 сард өөр ажилд шилжин ажилласан, Хишигдэлгэр ажиллаж л байсан ... “ гэх хууль сануулан авсан мэдүүлгүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Д.Хишигдэлгэрийг Сэлэнгэ аймгийн “Цагаантолгойн Сангийн аж ахуй”, “Цагаантолгой” Хувьцаат компанид 1980 оны 07 дугаар сарын 02-ноос 1993 оны 9 дүгээр сар хүртэл тракторч-комбайнчаар ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сартуул овгийн Доржийн Хишигдэлгэрийг Сэлэнгэ аймгийн “Цагаантолгойн Сангийн аж ахуй”, “Цагаантолгой” Хувьцаат компанид 1980 оны 07 дугаар сарын 02-ноос 1993 оны 9 дүгээр сар хүртэл тракторч-комбайнчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Хишигдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ