Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00259

 

О.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01882 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2147 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч О.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХААИС-д холбогдох,

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүд 2 919 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч О.Н-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б О.Н- би 2002 оноос тус сургуульд багш, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлаар ажиллаж ирсэн. ХААИС-ийн захирал Т.Хэрүүга нь 2018 оны 2, 3 дугаар сард удаа дараа өрөөндөө дуудан "... ажлыг өөр хүнд өгнө, дээрээс шахаад байна, албан бичгээр чиглэл ирүүлээд байна" гэж хэлсэн. Миний хувьд зөвшөөрөхгүй байна гэдгээ илэрхийлсэн. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр утсаар залган тушаал гаргалаа гэхэд нь зөвшөөрөхгүй гэдгээ дахин хэлээд очиж уулзахад дараагийн хүндээ ажлаа хүлээлгээд өгчих гэсэн. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар "Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохирсноор дуусгавар болгоно" гэснийг үндэслэсэн. Гэтэл бид ямар нэгэн ярьж тохирсон зүйл байхгүй, зөвшөөрөхгүй тухайгаа тодорхой хэлж ойлгуулсан байтал үндэслэлгүй тушаал гаргаж ажлаас чөлөөлсөнд гомдолтой. Иймд Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/58 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

2017 оны 12 дугаар сард тухайн сургуулийн менежерүүдийн үр дүнгийн гэрээг дүгнэх, 2018 оны хүний нөөцийн талаар шийдвэр гаргахтай холбогдуулан ажлын хариуцлага, үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл, менежерийн хамт олноо нэгтгэх ур чадвар, ажилдаа хандах хандлага, манлайллыг үүрэг, оролцоо зэргээр хамт олны санал асуулга явуулсан. Агроэкологийн сургуулийн хамт олноос О.Н- маш муу гэсэн үнэлгээтэй байсан. Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга О.Н-тэй уулзаж ярилцаад, Иноваци, бизнес хөгжлийн төвийн захирлын ажил санал болгосныг хүлээн зөвшөөрч, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирлын үүрэгт ажлаа дуусгавар болгохоор тохирсныг албажуулж Б/58 дугаар тушаал гарсан. О.Н- Иноваци, бизнес хөгжлийн төвийн захирлаар ажиллахаар шилжихдээ өөрийн хэрэглэж байсан эд зүйлсээ авч явъя гэсэн хүсэлт гаргасныг ХААИС-ийн захирал хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар харилцан тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар халах нь тухайн хүний нэр хүндийн асуудал яригдана гэсэн байдлаар хандаж, О.Н-тэй харилцан тохиролцож, өөр ажилд шилжихээ хүлээн зөвшөөрсөн тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иноваци, бизнес хөгжлийн төвийн захирал нь ТҮМБ-8-3 гэсэн албан тушаалын зэрэглэлтэй тул Агроэкологийн сургуулийн захирлын албан тушаалын зэрэглэлтэй адил албан тушаал юм. Өөрөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр өнөөдрийг хүртэл тухайн албан тушаалд ажиллаж, цалинг авч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зааснаар тохиролцсон гэдэг нь харагдаж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01882 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Н-г Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 1 028 522 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 890 678 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 29 234 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2147 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 99 435 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “...үзвэл нотлох баримт гаргуулж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж гаргаснаас хойш 10 минутын дараа дахин шүүх хуралдааныг эхлүүлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар тухайн үндэслэлээр гаргасан захирамжид талууд гомдол гаргах эрх зөрчигджээ...” мөн “Дээрх нотлох баримтыг гаргаж өгсөнтэй холбоотойгоор талууд санал, хүсэлтгүй” гээд шүүгчийн асуултанд хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд /1хх141/ тусгагдсан байх боловч энэ нь хуульд зааснаар хэргийн оролцогчоос тухайн захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь шүүх хуралдааны явцад шүүх хуралдаан даргалагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шүүгчийн захирамж гаргасан. Шүүгч тухайн захирамжинд гомдол гаргах эрхтэйг дурдан, гомдол гаргах, эсэхийг талуудаас лавлан тодруулсан бөгөөд талууд захирамжид гомдол гаргахгүй гэсэн хариуг /хавтас хэргийн 143-р тал/ өгснөөр шүүх хуралдаан завсарлан тухайн өдрийн 10 цаг 15 минутанд дахин шүүх хурал эхэлсэн.

Хариуцагчийн өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй гэдгээ тодорхой хэлсэн бөгөөд тэр нь тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг. Хавтаст хэргийн 143 дугаар талд “...Өнөөдөр нэхэмжлэгч өөрөө аваад ирэх боломжтой баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шаардаж гаргуулах нъ хир зохимжтой юм бэ. Би шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй боловч энэ талаар хэлж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулмаар байна” гэсэн маш тодорхой тайлбар хэлсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь энэхүү нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй үндэслэлгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ...болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан ба хариуцагчийн өмгөөлөгч нарын тайлбар, мөн шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримт болно гэж хуульд тодорхой заасан байхад давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянаж үзэлгүй үндэслэлгүй дүгнэлт хийлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч ... захирамж, шийтгэвэрт ... гомдол гаргаж болногэж заасан байгаа бөгөөд энэ нь хэргийн оролцогч нар гомдол гаргаж, мөн гаргахгүй байсан ч болно гэсэн утгыг агуулж байна гэж ойлгогдохоор байна.

Шүүх хуралдааны явцад шүүгч нь талуудаас гомдол гаргах эсэхийг тодруулж, гомдол гаргах эрхийг нь хуулийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг олгосон бөгөөд талууд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхгүй гэдгээ тодорхой мэдэгдсэнээр шүүх хуралдааныг хойшлуулж, дахин шинээр эхэлсэн ...байхад хариуцагчийн өмгөөлөгч нар дараа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болгож гомдол гаргаж, үүнийг нь давж заалдах шатны шүүх хүлээн авч гомдлыг нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болж, хэргийн оролцогчийн нэг талд хэтэрхий үйлчилсэн явдал боллоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг хариуцагчийн гаргасан үйлдэлд хэрэглэж болох ба тухайн шүүх хуралдаан болсон өдөр хариуцагч тал нотлох баримт гаргуулахаар хойшлуулсан шүүгчийн захирамжийг зөвшөөрөхгүй, гомдол гаргана гэдгээ илэрхийлсэн бол ийм асуудал болохгүй байх байсан. Нөгөө талаар аливаа эрх зүйн маргаан шийдвэрлэх явцад маргаж байгаа асуудлыг 2 тал аль аль нь зөвшөөрсөн тохиолдолд уг маргаантай асуудал шийдвэрлэгдсэн гэж үзэх ба хариуцагчийн өмгөөлөгч нар тухайн үед нь гомдол гаргахгүй гэсэн мөртлөө дараа нь энэ асуудлаар маргаан үүсгэж байгаа нь хуульч хүнд байж боломжгүй явдал бөгөөд талууд шүүх хуралдаан хойшлуулсан шүүгчийн захирамжид гомдол гаргах нь хэргийн шийдвэрлэлтэд огт нөлөөлөхгүй юм.

Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн цахим хуудсан дээр тавигдсан хурлын дараалалд энэхүү хэргийн шүүх хуралдаан нь 08:30 цагийн 3 дахь хурал байсан бөгөөд нэхэмжлэгч талаас 08:35 цагт буюу 5 минутын дараа орсон боловч товыг өөрчлөн манай хурлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байсан.

...Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт О.Н- нь 2017 оны ажлын менежерийн үр дүнгийн гэрээ, 2018 оны хамт олны санал асуулгаар “маш муу” үнэлэгдсэн мэтээр намайг худал гүтгэсэн байна. Энэ нь:

а/. Менежерийн гэрээний үр дүнгийн биелэлтийн үнэлгээний тухайд: ХААИС нь дотроо 5 бүрэлдэхүүний сургуультай. Бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын үр дүнгийн гэрээний биелэлтийг ХААИС-ийн захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг /дэд захирлууд/ дүгнэдэг, гэтэл хариуцагч талаас менежерийн үр дүнгийн гэрээг хамт олон дүгнэдэг мэтээр зориуд худал мэдээллийг шүүхэд гаргаж байна.

б/. Санал асуулгын тухайд: ...хууль бус үйлдлүүдийг биелүүлээгүй, хамтран гүйцэтгээгүй, оролцоогүй, хууль, дүрэм, журам сахиж ажиллахыг өөрт нь сануулж, анхааруулж ажилласны төлөө намайг албан өрөөндөө 2 удаа дуудаж “Би бол том захирал хүн шүү, чи хэлсэн болгоныг олон юм ярилгүй гүйцэтгэж ажиллах ёстой, үгүй бол ингэж ажилладаг хүнд нь ажлаа өг” гэж дарамталж, элдэв үгээр доромжилсон. Энэ бүхнээс үүдэлтэй хууль бус гуйврыг нь үл биелүүлсэн, эсэргүүцсэнд ХААИС-ийн бүрэлдэхүүний 5 сургуулийн 5 захирал ажиллаж байхад шударга тэгш байдлыг үл баримтлан зөвхөн намайг онцгойлон надад хонзогнож “Удирдлагын манлайлал, үйл ажиллагаанд өгөх үнэлгээ” нэртэй албан бус асуулгыг урьдаас төлөвлөн Агроэкологийн сургуулийн орлогч захирал Ш.Оюунтуяа /Б.Буянзаяагийн найз, хамтрагч/-тай үгсэн хуйвалдаж өөрийн талын хэсэг хүнээр санал асуулга хуудсыг өөрт ашигтай байдлаар бөглүүлсэн байдаг. Энэ санал асуулгын талаар ХААИС-ийн нэр бүхий удирдлага /Захирал Т.Хэрүүга, дэд захирал Г.Гантулга, Ж.Батчулуун, Ө.Лхагвасүрэн нар/-аас тодруулахад албан ёсоор ийм зүйл зохион байгуулаагүй ингэж болохгүй гэдгийг батлан хэлсэн. Хариуцагчийн өмгөөлөгчид ХААИС-иас албан ёсоор зохион байгуулаагүй асуулгыг үнэн мэт тайлбарлаж, миний нэр хүндэд халдаж байна.

д/. Цалин хөлсний тухайд: Агроэкологийн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ТҮМБ-8-3, доктор, дэд профессорын, албан тушаалын нэмэгдэлтэй нийт 2 103 781 төгрөгийн цалин авч байсан, харин одоогийн ажил Инноваци, бизнес хөгжлийн төвийн захирлын ажил ТҮМБ-8-3, доктор, дэд профессорын нэмэгдэлтэй нийт 1 760 940 төгрөгийн цалин авч байна. ХААИС-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалаар захиргааны ажилтан гэдэг ангилалд хамааруулж тооцон цалин олгож байгаа нь өмнөх хийж байсан ажлын цалингаас 342 841 төгрөгөөр бага олгогдож байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2147 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01882 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгч О.Н- нь хариуцагч ХААИС-д холбогдуулан захирлын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б\58 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ХААИС-ийн Аэроэкологийн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, “цалин хөлс гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч ХААИС нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч О.Н-гийн талаар хамт олны дунд явуулсан санал асуулгын дүнг үндэслэн О.Н-тэй харилцан тохиролцож, өөр ажилд шилжүүлсэн гэж  нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Н-г ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас цалингийн зөрүүд 1 028 522 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны хоёр үндэслэл заасан байна:

-анхан шатны шүүх нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн захирамжид хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг зөрчсөн

-шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-той хэргийн оролцогчийн танилцах, энэ баримтын талаар мэтгэлцэх эрхийг хязгаарласан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын дээрх үндэслэл нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх зайлшгүй нөхцөл болохгүй байна.

Анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 05 минутаас эхэлсэн, хэргийг агуулгынх нь хувьд хэлэлцэж, талуудын тайлбар, мэтгэлцээг явуулсны дараа шүүх хуралдааныг шинээр нотлох баримт гаргуулахаар мөн өдрийн 09 цаг 40 минут хүртэл хойшлуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байна. Шүүх хуралдааныг хэрэг хянан хэлэлцэхээс өмнө хойшлуулах эсэхийг шийдвэрлэдэг болохоос бус эхлээд төгсгөлийн шатанд яваа хуралдааныг хойшлуулах боломжгүй юм. Мөн ийнхүү шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэхэд 09 цаг 40 минут болсон байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байгаагаас гадна шүүх зарим зүйлийг тодруулах шаардлагатай бол шүүх хуралдааныг хойшлуулах биш харин завсарлах боломжтой байжээ.

Анхан шатны шүүх шүүх хуралдааныг 10 минут хойшлуулсан шүүгчийн захирамжид 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан нь хэрэгжих боломж муутай заалт болсон байна.

Анхан шатны шүүхийн дээрх алдаатай ажиллагааны талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн гэж үзэхээр боловч хэргийг дахин хянан хэлэлцүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа залруулагдах боломжтой эсэхийг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Хэргийн 29 дүгээр талд авагдсан О.Н-гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт түүний 2016, 2017, 2018 оны 4 дүгээр сар хүртэл төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх мэдээлэл тусгагдсан, нэхэмжлэгч О.Н- 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б\58 дугаар тушаалаар Аэроэкологийн сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа Инновацийн бизнес хөгжлийн төвийн захирлын албан үүргийг гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч ХААИС нь нэхэмжлэгч О.Н-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх ТҮЦ машинаас авсан тодорхойлолттой танилцалгүйгээр энэ талаар мэтгэлцэх боломжоор хангагдаагүй гэж үзэх боломжгүй юм. Ажилтанд олгогдсон цалин, хөлс, эдгээрээс нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн үнийн дүнгийн талаар шууд мэдээлэл бүхий этгээд нь ажил олгогч өөрөө байдаг учир энэ талаар шүүхэд нотлох баримт гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах эрхийг нь иргэдэд чөлөөтэй олгогддог ТҮЦ машинаас авсан лавлагааны мэдээлэлтэй танилцаагүй байдал хязгаарлах үндэслэл болохгүй.

Нөгөө талаар, хариуцагч тал энэхүү нэг хуудас бүхий тодорхойлолтой танилцаагүй, улмаар энэ баримтын талаар мэтгэлцэх боломжгүй байсан гэх үндэслэл шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдахгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Тухайлбал, нэхэмжлэгч О.Н- нь Аэроэкологийн сургуулийн захирлын ажлаас өөр ажил хийхээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж үзээгүй шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл тогтоогдохгүй байна. Эрхэлж буй ажлаас нь ажил олгогч чөлөөлөхийг мэдэгдэж, өөр ажил санал болгоход ажилтан санал болгосон ажлыг нь хийсэн явдал ажлаас чөлөөлөхийг зөвшөөрсөн, хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч О.Н-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалаас ажил олгогчийн санаачилгаар чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах шалтгаан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заагаагүй байна. 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч О.Н-г ХААИС-ийн Аэроэкологийн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, О.Н-гийн Эрдэм шинжилгээний албаны харьяа Инноваци бизнес хөгжлийн төвийн захирлаар ажилласан үеийн цалин хөлсийг тооцож, хариуцагчаас цалингийн зөрүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2147 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01882 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчид хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 29 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН