Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 202/ÌÀ2017/00023

 

 

 

Б.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2017/00217 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц -д холбогдох

Байшин буулгах, зөөвөрлөх, буцаан барих зардалд 7344202 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Ч.Г, Г.Э нарын Б.Гын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Ц.Цгийн гаргасан давж  заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Х, хариуцагч            Ч.Ц, хариуцагчийн өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Эрдэнэчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ц нь 2010 оны 10 сарын 10-даар манай гэр бүлийн хүн болох Ч.Бд газраа манай газар хураагдах гээд байна, танайх 200 га газрыг минь худалдаж аваад байшин барь гэхээр нь манай нөхөр байшингийн материал худалдан авчирч уг газар дээр 2 давхар байшин барьсан. Газрын үнийг бол мөнгө нь яахав эхлээд байшингаа барь, дараа нь бололцоотой болсон хойноо мөнгөө өгөөрэй гэсэн. Бид газрын үнэ болох 1500000 төгрөгийг 2012.09.01-нд Цгийн дансанд тушаасан. Түүнээс хойш газрын гэрчилгээгээ өөрийн эзэмшилд шилжүүлье гэхээр явцын дунд эгч нь зохицуулаад өгье гэсэн. Бид байшингаа барих явцад гэрэл тогны хэрэгцээ их гарсан тул газрын гэрчилгээгээ авъя гэхээр энэ гэрчилгээгээр гэрлээ тавиулчих гээд хуулбарыг нь өгсөн. Тэгээд бид байшингаа бариад дууссан. Гэтэл 2014 оны 09 сарын 6, 7-ны өдрүүдэд Цтэй уулзахад би газраа 18 сая төгрөгөөр зарсан, та нарт хамааралгүй болсон, та нар байшингаа буулгаад нүүгээрэй гэдэг болсон. 2013 онд газрын үнэ 3 сая төгрөг болсон гээд нэхсэн. Бид газрын гэрчилгээгээ гаргаад өгвөл хамаа алга гэж байхад дахиад 8 сая төгрөг өгвөл газраа хувааж өгнө гэсэн. Тэгээд бид мөнгөө өгөөд авъя гэтэл одоо 18 сая төгрөгөөр зарсан, та нарт хамаагүй гээд байна. Бидэнд худлаа хэлж байшин бариулчихаад одоо хүргэн Атаа худалдсан гээд А нь 2015.03.11-ний өдөр ирээд танайх хурдан нүү, тэгэхгүй бол танайхыг албадан нүүлгэнэ гэж хэлсэн. Тиймээс уг газрын эзэмшигчээр Б.Г намайг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэхэмжлэхдээ:  Бид уг маргаан бүхий газрыг Цгээс шударгаар худалдаж авсан болно. Г нь газрын эзэмшигч байсан бол яагаад биднийг байшин барьж байхад хориглоогүй нь тодорхойгүй. Эндээс дүгнэлт хийхэд Ц уг газрыг бидэнд худалдахыг Г мэдэж байсан гэж үзэхээр байна. Бид анхнаасаа уг газрыг Цгийн эзэмшлийн газар гэж бодож үнэмшиж байсан ба Ц ч бидэнд тэгж итгүүлсэн. Миний бие Ггийн нэхэмжлэлтэй холбоотойгоор анхны нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж тус газрыг бидэнд өөрийн газар мэтээр итгүүлж зарсан Цгээс байшингаа буулгах, зөөх, буцааж барих зардлаа үнэлгээний байгууллагын тооцсон үнэлгээ болох 11619800 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжлэхдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** ХХК, *** ХХК, *** ХХК, Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбоог шинжээчээр томилсон боловч өөр өөр үнэлгээ гарсан ч дундыг баримтлан Ч.Цгээс 7344202 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ч.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сайншанд сумын 1-р баг, *** тоот 400 м2 газар хураагдах шалтгаан нөхцөл тухайн үедээ байгаагүй.  Ч.Ц миний бие уг газар дээр байшин барих гээд байшингийн суурь тавьсан ба Ч.Б ирээд манай байшингийн суурийн зүүн талд жижиг байшин бариад байж байя гэж гуйхаар нь би зөвшөөрөөд өөрийнхөө хүргэний эзэмшлийн газар дээр Бийг газар харуулахаар буулгасан бөгөөд худалдсан зүйлгүй.  Би Бээс 1500000 төгрөгийг бууснаас нь хойш 2013 онд дансаараа хүлээн авсан ба газар ашигласны төлбөрт тооцож авсан. Б 2010 онд надтай уулзаж хэлэхдээ манай хүүхдүүд 2-р сургуульд явдаг учир ойр байх хэрэгтэй байна гээд дараа нь байшингаа барих явцад болон барьсны дараа нь халаалт, тог тавиулъя гэхээр нь би бас зөвшөөрөөд очиж байцаагчтай нь уулзаж өгч гэрлийг нь тавиулсан, халаалт тавихад нь хүргэнээ гуйж шугамыг нь гагнуулж тавиулж өгсөн. Нэхэмжлэгч Б.Г нь байшингаа барьж дуусчихаад манай газрыг авахаар 2014 онд Сумын газрын албаар орж хөөцөлдсөн байсан. Бидний дунд газрын гэрчилгээ шилжүүлэх талаар нүүр нүүрээ харж тодорхой ярьж тохиролцоогүй. Надтай Гын нөхөр Б л анх бууя гэж уулзсан, Гыг би сайн танихгүй, уулзаж ярилцаж тохиролцоогүй. Бд газрын гэрчилгээний хуулбараа канондож өгөхдөө хүн амьтан ирээд хөөж туухаар бол үзүүлж харуулж байгаарай гэж хэлээд өгсөн юм.  Г нь газраа авахаар хөөцөлдөөд бүтэхгүй, газар хүний нэр дээр болохоор нь манай газрыг авах гэж улайрч байна. Г эзэмшлийн газраа Гд шилжүүлэхгүй, өөрсдөө ашиглахаар болсон. Миний нэр дээр ямар ч газар байхгүй. Би зөвхөн аав ээжийг нь таньдаг, мөн Бийг гуйсан болохоор л буулгасан. Тийм болохоор би газрыг бусдад шилжүүлэх эрхгүй. Тиймээс Гд шилжүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Нэхэмжилж байгаа 7 сая төгрөгийг өгч чадахгүй, 7 жил болоход эднийхийг хөөж тууж байгаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Шүүхэд хандахын оронд ирж уулзсан бол тохирч болох байсан. Газрыг 9 сая төгрөгөөр хүн авъя гэсэн, би эдэнд газрын үнэ нэмэгдээд байна, 6500000 төгрөг нэмээд өг гэхэд өгнө гээд алга болсон. удаж байж 1500000 төгрөг өгсөн. 5 төгрөгний гарзгүй 7 жил амьдарчихаад ингэж байгаад гомдолтой байна. Хатанбулаг нүүлгэх мөнгө авна гэдийг зөвшөөрөхгүй, би Хатанбулагаас авчраагүй, 7 жил байшингаа ч барьж чадахгүй би өөрөө хохирч байна. ер нь бол манайх 400 м2 газрыг талаар нь хуваагаад 200 м2 газрыг худалдсан.  гэтэл 4:5 хэмжээтэй байшин барина гэж байснаа 7:5 хэмжээтэй байшин барьсан. уул нь бол тохирч болох байсан, эд нар өөрсдөө шүүхэд өгсөн болохоор уур хүрсэн гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Г, Г.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 05 сарын 26-ны өдрийн 60 тоот захирамжаар тус сумын *** тоотод  байршилтай 400 м2 талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихээр болж улмаар *** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 2005 онд авч жил бүр газар эзэмших гэрээгээ шинэчлэн байгуулж, газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж ирсэн билээ.  Би 2010 оны намар газар дээрээ 12х7 харьцаатай байшингийнхаа суурийг ухаж цутгалт хийх гэж байхад Б.Гын нөхөр Ч.Б 2010 оны 10 сард манай ээж Цтэй уулзах 5:4 хэмжээтэй торхон байшин түр бариад бууя гэж гуйсан.  Гэвч энэхүү байшинг барилгүй 5х7 хэмжээтэй том торх барьчихаад надтай уулзаж тохироогүй байж улмаар миний газрыг авахаар аймаг, сумын газрын албанд өргөдөл гарган, хэл ам үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Бид газраа өгөх хүсэл алга байна. Иймд өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар хариуцагч Цгээс 7344202 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгож,

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар гуравдагч этгээд Ч.Г, Г.Э нарын эзэмшлийн *** тоот, эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээтэй газраас нэхэмжлэгч Б.Гыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд Ч.Г, Г.Э нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 271866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 19364 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 132457 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардалд 330000 төгрөгийг хариуцагч Цгээс гаргуулан *** ХХК-нд олгохоор, шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Ц давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Нэхэмжлэгч Б бидний хооронд газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б тохиролцсон хугацаандаа газрын үнийг бүрэн гүйцэд төлөөгүй ба газрын тал хэмжээнээс хэтрүүлэн байшин барьсан зэргээс болж бидний хооронд гэрээ хэлцэл хийгдээгүй, байшинг буулгах, барих, зөөвөрлөн нүүлгэх зардал нь ямар баримтанд үндэслэгдэж гаргуулж байгаа нь нотлох баримтаар тодорхойлогдоогүй байхад энэ бүгдийг дүгнэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Б нь газрын үнийг хугацаандаа төлөөгүйгээс гэрээ хэлцэл хийгдээгүйг анхаарч үзэлгүй зөвхөн намайг доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн гэж үзэх нь үндэслэлгүй. Миний хувьд хүүхдүүдээсээ итгэмжлэл аваад газрыг шилжүүлэн өгөх боломж байсан. Хүүхдүүд ч энэ бүгдийг мэдэж байснаар газраа чөлөөлүүлэхийг шаардсан байгаа. Б надтай газрын талыг 3 сая төгрөгөөр тохиролцоод энэ жилдээ бол байшин сав бариад өгч чадахгүй, ирэх жил өгнө гэж хэлээд өгөөгүй, 2 жил өнгөрсний дараагаар миний дансруу 1500000 төгрөг хийгээд, холбогдож уулзалгүй байж байгаад л 2014 ондоо Аймгийн газрын албанд Г гомдол гаргасан байсан. Гын 200 м2 газар эзэмшигчээр тогтоолгохоор шаардсан шаардлагаа өөрчилж байшингаа буулгах, зөөврлөн нүүлгэх, буцаан барих зардлыг нэхэмжилж байгаа шаардлага нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.  *** ХХК-ийн төсвийн үнэлгээ байшингийн нөхцөл байдалтай тохирохгүй үнэлгээг үндэслэл болгосонд гомдолтой байна. Бийн барьсан байшин нь стандартаар баригдаагүй бөгөөд байшинд орсон материалууд ч 1м2-д ногдох хэмжээгээрээ ороогүй байдаг. Энэ нь хөрөнгө үнэлгээний төвийн үнэлгээний хэсэгт тодорхой дурдагдсан ба *** ХХК-ийн үнэлгээг гаргасан төсөвчид ирж байшингийн энэхүү нөхцлийг хараагүй, *** ХХК-ийн зураг төсөлчнөөр хэмжээг авахуулан үнэлж дүгнэсэнд гомдолтой байна. Харин хөрөнгө үнэлгээний газраас үнэлсэн үнэлгээ нь байшинд орсон материалуудыг нэг бүрчлэн үзэж тогтоосон. Хөрөнгө үнэлгээний газраар байшингийн үнэлгээг хийлгэхээр нэхэмжлэгч тал шүүхэд хүсэлтээ гаргаснаар үнэлгээ гарсан бөгөөд тухайн үнэлгээний үнийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлгүй. Би Бд гэрээ хийхгүй, газрыг өөрийн нэр дээр байдаг, хураагдах гэж байгаа газар гэж хэлээгүй байхад намайг хэтэрхий гүтгэн, хэлсэн ярьсныг гуйвуулж мушгиж байгааг анхаарч үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /хх-11,130/ Б.Г нь  хариуцагч Ч.Цд холбогдуулан *** тоот 400 га газрын 200 га газрын эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг ”уг газарт барьсан байшинг буулгаж, зөөвөрлөх буцаан барих зардал 7 344 202 төгрөгийг гаргуулах” гэж өөрчилсөн бөгөөд гуравдагч этгээд Ч.Г, Г.Э нар нь нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гд холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргажээ.  

Анхан шатны шүүхээс “үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох байшинг буулгаж зөөвөрлөх, буцаан барих зардал болох  7344202 төгрөг гаргуулах болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийн хариуцагч буюу “...Ц.Цгээс 7344202 төгрөг гаргуулах”-аар шийдвэрлэснийг тэрээр үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Газрын тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Г нь маргаан бүхий 400 м2/га/ газрыг 15 жилийн хугацаатай, “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар” эзэмших эрхийн гэрчилгээтэй /хх-5/ байх ба энэхүү гэрчилгээний хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр, газар эзэмших эрх нь дуусгавар болоогүй, уг гэрчилгээний хамтран эзэмшигчдийн бүртгэлд хариуцагч Ц.Цгийн нэр бүртгэгдээгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан буюу хариуцагчийг эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүйн гадна энэ талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцүүлэн үнэлж чадаагүй гэж үзлээ.

Газар эзэмшигч Ч.Г өөрийн эзэмших эрхтэй газрыг бусдад шилжүүлэх эрхийг хариуцагч Б.Цд олгосон эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй төдийгүй  нэхэмжлэгч Ч.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нар хариуцагч Б.Цг энэхүү газрыг эзэмших эрхгүй болохыг мэдсэн атлаа хэлцэл хийсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно.” 38.4-д заасан “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэснийг тус тус зөрчсөн байх тул Б.Ц, Ч.Б, Б.Г нарын хооронд хийгдсэн “Ч.Гн эзэмших эрхтэй 400 м2/га/ газар”-ын 200 м2/га/ газрыг худалдах, худалдан авах тухай хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн...” хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б, түүний төлөөлөгч Б.Г, хариуцагч Б.Ц нарын хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь тэднийг хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч Б.Ц нь бусдын эзэмшлийн газрыг өөрийнх мэтээр ойлгуулж,  бусдыг байшин бариулсан, өөрийн дураар газрыг үнэлж, мөнгө авсан буруутай,  нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эзэмших эрхтэй газрыг хуулийн дагуу өөрсдийн эзэмшилд шилжээгүй байхад 2 давхар дүнзэн байшинг тохирсон хэмжээнээс томсгож барьсан, 200 м2 /га/ газрын үнэ гэж 1500000 төгрөгийг шилжүүлсэн буруутай байх ба нэхэмжлэгч, хариуцагч талууд аль аль нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн  буруутай байна.  

Энэ нь нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гын “...хариуцагч  Б.Ц газрын үнийг, мөнгө нь яахав, эхлээд яаралтай байшингаа барь, газрын гэрчилгээг явцын дунд эгч нь зохицуулаад өгнө гэсний дагуу газрын үнэ 1500000 төгрөгийг өгөхөөс өмнө,  2010 онд уг 2 давхар дүнзэн байшин /хх-8, 66/-г барьсан, газрын үнэ 1500000 төгрөгийг 2012-09-01-ний өдөр хариуцагч Б.Цд шилжүүлсэн /хх-9/ гэсэн тайлбар, хариуцагч Б.Цгийн “...Ч.Бээс 1500000 төгрөгийг хүлээж авсан, ер нь бол манайх 400 м.кв газрыг талаар нь хуваагаад 200-г нь худалдсан 6500000 төгрөгийг өгөөрэй, өгсөн 1500000 төгрөгөө энэ мөнгөнөөсөө суутгаарай гэж хэлсэн, үлдэгдэл 5000000 төгрөг дээр тохирч болох байсан, эд нар өөрсдөө шүүхэд өгсөн болохоор уур хүрсэн /хх-215/”  гэсэн тайлбар нь тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан “Хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар өгөх” үүрэгтэй талаарх заалтыг зөрчөөгүй, бодит үнэнд нийцсэн төдийгүй хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлохдоо “Барилгын төсөвчдийн холбоо” буюу түүний томилсон этгээд болох “***” ХХК-ийн үнэлгээчин Д.С, мэргэшсэн төсөвчин С.А нарын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09/2 дугаартай дүгнэлтийг үндэслэсэн нь нотлох баримтыг үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журамд нийцжээ.

Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчдын хүсэлтээр байшинг буулгаж зөөвөрлөх зардлын талаар нийт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд үүнд:

  1. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч “***” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтээр /хх-61-65/ 11619800 төгрөг,
  2. Хариуцагч талын хүсэлтээр шинжээч “***” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтээр /хх94-104/ 9506910 төгрөг,
  3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч  “***” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтээр  /хх-114-123/ 5553000 төгрөг,
  4. Зохигчдын хүсэлтээр шинжээч “Барилгын төсөвчдийн холбоо” буюу түүний томилсон этгээд болох “***” ХХК-ийн үнэлгээчин Д.С, мэргэшсэн төсөвчин С.А нарын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09/2 дугаартай дүгнэлтээр 7344202 төгрөгөөр тус тус үнэлж, шинжээч “***” ХХК, “***” ХХК, “***” ХХК-ууд нь дүгнэлт гаргахдаа хэн алиныхаа гаргасан дүгнэлт /үнэлгээг/ үгүйсгээгүй хэдий ч тэдний гаргасан дүгнэлтийг шинжээч “Барилгын төсөвчдийн холбоо” буюу түүний томилсон этгээд болох “***” ХХК-ийн үнэлгээчин Д.С, мэргэшсэн төсөвчин С.А нар үгүйсгэсэн ба энэ нь  зохигчдын хэн алиных хүсэлтийн дагуу томилогдсон шинжээч тул тэдний гаргасан дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 Дээрх бүгдээс дүгнэж үзэхэд хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд талуудын аль аль нь буруутай байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан “Хүчин төгөлдөр бус хэлцэл  хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэсэн заалтын дагуу барьсан байшинг буулгаж, зөөвөрлөх буцаан барих зардал 7344202 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 50 хувийг буюу 3672101 төгрөгийг хариуцагч Б.Цгээс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан заалтад холбогдох өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” тухай агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлт /хх-76,84/-ийн заримыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад энэ асуудлаар ямар нэг хүсэлт, гомдол гаргаагүй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч, түүний өмгөөлөгчөөс гомдол, саналгүй гэснээс үзэхэд энэ нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчөөгүй буюу  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.3-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2017/00217 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.6-д зааснаар хариуцагч Ч.Цгээс 3672101 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3672101 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтын “...271866...” гэснийг “...290430...” гэж, “...132457...” гэснийг “...73704...” гэж тус тус өөрчилж, “...Б.Гд гэсний дараа 70200 төгрөг гаргуулж гуравдагч этгээд Ч.Гд тус тус олгосугай” гэж нэмж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Цгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Цгээс  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 132457 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                                    Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                            Н.БОЛОРМАА