Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0609

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Л” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0645 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Л” НҮТББ /РД:00000000/

Хариуцагч  Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ч”

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Б”

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

 

Хэргийн индекс: 128/2023/0667/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0645 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг тус тус баримтлан “Л” НҮТББ-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/1627 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Л” НҮТББ-ын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23/127 тоот мэдэгдлийг хүлээн авахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2. Нэхэмжлэгч “Л” НҮТББ дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “1. Манай байгууллага анх 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад жагсаал хийх мэдэгдлийг хүргүүлсэн. Тус мэдэгдлийн хариуд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Та бүхний хүсэлт ирүүлсэн хугцаанд төрийн айлчлал, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ давхцаж болзошгүй тул жагсаал цуглаан зохиох байгуулах өдрөөс 7 хүногийн өмнө дахин хүсэлтээ илгээж шийдвэрлүүлнэ” үү хэмээн хариу өгсөн. Үүний дараагаар 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дахин мэдэгдэл  хүргүүлэхэд 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 1/1627 дугаарт мэдэгдэлийг хүргүүлсэн.

2. Тус Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1/1627 дугаарт хариу мэдэгдэлд жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй” гэж заасны дагуу жагсаал цуглаан хийх байршил хугацааг өөрчлөх талаар санал хүргэгдээгүй.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болох Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан үндэслэл болох “олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах” гэсэн заалт нь үзэсгэлэн худалдаа тогтмол зохион байгуулагддаг буюу үзэсгэлэн худалдаа байнга зохион байгуулж буй байгууллагад хамаарна. Харин нэхэмжлэлийн гол газар болох Сүхбаатарын талбай нь тус хэлбэрийн газарт хамаарахгүй тул шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна.

4. Тус хэрэгт нотлох баримтаар авагдсан “Ромын пап ламын айлчлал”-тай холбоотой албан бичиг нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн буюу жагсаал цуглаан зохион байгуулагдах 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөртэй давхцахгүй байна.

Иймд жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар “урьдчилан өөр арга хэмжээ төлөвлөсөн, эсхүл арга хэмжээ давхцасан бол нийгмийн хэв журмыг сахиулах, эмх замбраагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж” жагсаал цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс шууд татгалзах эрхийг аливаа Засаг даргад олгоогүй байхад засаг даргын тус шийдвэрийг хэвээр үлдээсэн тус шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

1. Нэхэмжлэгч “Л” НҮТББ-аас гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/1627 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Л” НҮТББ-ын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23/127 тоот мэдэгдлийг хүлээн авахыг даалгах” нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “... Сүхбаатарын талбайд нэхэмжлэгчийн жагсаал товлосон 08 дугаар сарын 29-ний өдөр хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар бүртгэгдсэн байх тул Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу хариуцагчийн татгалзсан шийдвэр үндэслэлтэй” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэхээргүй байна.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... “олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах” гэсэн заалт нь үзэсгэлэн худалдаа тогтмол зохион байгуулагддаг буюу үзэсгэлэн худалдаа байнга зохион байгуулж буй байгууллагад хамаарна. Харин нэхэмжлэлийн гол газар болох Сүхбаатарын талбай нь тус хэлбэрийн газарт хамаарахгүй тул шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй” гэжээ.

3. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Дараахь байгууллага оршин байгаа газар энэ хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно: ... 4/ олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах” гэж заасанд хамаарахаар байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

4. Дээрх хуульд заасан “үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах” гэдгийг зөвхөн үзэсгэлэн худалдаа тогтмол, байнга зохион байгуулж буй байгууллагад хамаарна гэж ойлгохгүй бөгөөд тухайн өдөр хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар бүртгэгдсэн Сүхбаатарын талбай нь дээрх хориглосон газарт хамаарна.

5. Мөн давж заалдах гомдолд “... жагсаал цуглаан хийх байршил хугацааг өөрчлөх талаар санал хүргэгдээгүй. ... Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар “урьдчилан өөр арга хэмжээ төлөвлөсөн, эсхүл арга хэмжээ давхцасан бол нийгмийн хэв журмыг сахиулах, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж” жагсаал цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс шууд татгалзах эрхийг аливаа Засаг даргад олгоогүй” гэжээ.

6. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-д “Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй” гэж заасан.

7. Уг хуулийн “нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал” гэснийг жагсаал хийх өдөр, газар тодорхойгүй бол нэмж тодруулах, эсхүл зохион байгуулагч нь мэдэгдэлдээ хэрэв тухайн талбайд жагсаал хийх боломжгүй бол жагсаал хийх газар, хугацаагаа өөрчлөх боломжтой талаараа дурдсан тохиолдлыг ойлгохоор байх бөгөөд мэдэгдэлд заасан газар, хугацаа тодорхой, мөн өөрчилж болох талаар санал гаргаагүй байхад “зохицуулбал зохих асуудал үүссэн” гэж үзэж, жагсаал хийх газрыг өөрчлөх талаар зохицуулалт хийхийг хариуцагчид үүрэг болгосон заалт гэж үзэхээргүй байна.

8. Иймээс мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ: 2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол”  гэж заасныг хариуцагч зөрчөөгүй байна.

9. Түүнчлэн хэрэгт Төрийн тусгай хамгаалалтын газраас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга “Б”-д хүргүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 680 дугаар албан бичгээр: “Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Гэгээн хутагт Пап Францис 2023 оны 09 дүгээр сарын 01-нээс 04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Иймд Төрийн ордон, Сүхбаатарын талбай орчмын нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, суулт болон урлаг, соёл, бусад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхад анхаарч, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны ажиллана уу” гэх баримт авагдсан, маргаан бүхий албан бичигт “... төрийн айлчлал, ёслол хүндэтгэлийн арга хэмжээний бэлтгэл ажлууд хийгдэж байгаа ...” гэжээ.

10. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хэрэгт нотлох баримтаар авагдсан “Ромын пап ламын айлчлал”-тай холбоотой албан бичиг нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн буюу жагсаал цуглаан зохион байгуулагдах 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөртэй давхцахгүй байна” гэх гомдлыг хангахааргүй байна.

11. Учир нь хэдийгээр тухайн айлчлал нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байх боловч үүнтэй холбоотойгоор эрх бүхий этгээдээс төрийн айлчлал, ёслол хүндэтгэлийн арга хэмжээний бэлтгэл ажлууд хийгдэж байгааг мэдэгдсэн байх тул ийнхүү хариу өгсөн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Л” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ч”-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ