| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2021/0268/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/292 |
| Огноо | 2021-11-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0268/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч Ч.Г, Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Ч.Г, Б овогт Л.Э нарт холбогдох эрүүгийн 2118000000279 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Х овогт Ч.Г /РД: /, 1978 оны 02 дугаар сарын 10-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, услалтын системийн операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,
2. Монгол Улсын иргэн, Б овогт Л.Э /РД: /, 1979 оны 3 дугаар сарын 15-нд Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Э, Ч.Г нарыг бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Цайдмын хөндий гэх газарт зам засварын ажил гүйцэтгэж байсан “...............” ХХК-ийн гэр баазын гадна байсан Хово маркийн том оврын ачааны автомашины дугуй 2 ширхэг, авто замын засварын индүүний шинэ дугуй 1 ширхэг, хуучин дугуй 1 ширхэг, 100 литр дизель түлш зэргийг нууцаар, хууль бусаар авч 6.710.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ч.Гийн өгсөн: ...хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Банк санхүүгийн зээлээ төлөх зорилгоор хулгай хийсэн... гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Л.Эын өгсөн: ..Гийг би түлш аваарай гэж дуудсан. Хулгай хийсэн техник нь надад байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Э.Хийн өгсөн: ...2021 оны 8 дугаар сарын 31-ээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Цайдмын хөндий гэх газарт байрладаг гэр баазын гадна байсан Хово маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг шинэ дугуй, авто индүүний шинэ 1 ширхэг дугуй, 1 ширхэг хуучин дугуй зэрэг эд зүйлс болон ковшны түлшний савнаас 100 литр шатахуун хулгайлаад аваад явчихсан байсан. Тэгээд Цагдаагийн газарт мэдэгдэж шалгуулахад манай компанийн ковшны операторчин Л.Э гэх хүн нутгийн Ч.Г гэх хүнтэй нийлж нууцаар хулгайлсан байсныг илрүүлэн бид нарын хохирлыг барагдуулсан. Манай компаниас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Гэрч М.Бийн өгсөн: ...2021 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө 9 цагийн орчимд манай компанийн ажилтан Г над руу залгаад “Цайдмын хөндийн гэр баазын гадна байсан Хово маркийн том оврын тээврийн хэрэгслийн 2 ширхэг шинэ дугуй, авто гридерийн 1 ширхэг дугуй, авто замын индүүний 1 ширхэг дугуй, нийт 4 ширхэг шинэ дугуй алга болсон байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би Цайдмын хөндийд ирээд агуулах хариуцдаг хятад хүн рүү яриад “тухайн 4 ширхэг дугуйг агуулахад буцааж хийсэн үү?” гэж асуухад “хийгээгүй” гэж хэлсэн. Тэгээд харуул Хаби ах руу залгаад тухайн 4 ширхэг дугуйны талаар асуухад “мэдэхгүй байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
Гэрч О.Цын өгсөн: ...өчигдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 31-ний орой ажлаасаа буугаад машинаа байрлуулж байхад дугуй засдаг гэрийн урд хэсэгт 2 ширхэг хово машины шинэ дугуй байсныг би харсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33/,
Шүүгдэгч Ч.Гийн яллагдагчаар өгсөн: ...Э утсаар “ажлын бааз дээр ирээд дугуй, түлш авхуулмаар байна” гэж ярьсан. Тэгээд 4 ширхэг тус бүр нь 25 литрийн сав аваад Эын байрлаж байгаа баазад очсон. Э ковшноос 4 саванд түлш хийж өгсөн. Дараа нь Хово маркийн машины 2 ширхэг шинэ дугуй, ковш машины 2 ширхэг дугуй авсан. Эдгээр зүйлсийг Э надад 2.600.000 төгрөгөөр худалдахаар тохирсон... гэх мэдүүлэг /хх-ийн 49/,
Шүүгдэгч Л.Эын яллагдагчаар өгсөн: 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдмын хөндий гэх газарт байрлалтай “...............” ХХК-ийн ажилчдын байранд байрлах дугуй засварын гэрийн гадна байсан ковшны шинэ болон хуучин дугуй, Хово маркийн машины 2 ширхэг дугуй, өөрийн жолооддог байсан ковш машинаас 100 литр түлш зэргийг хулгайлан авсан. Үүнийг өөрийн танил найз болох Г гэх Цайдмын хөндийд дугуй засвар ажиллуулдаг залуутай нийлж хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 51/,
Хэрэг учрал болсон гэх Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдмын хөндий гэх газарт байрлах 6 ширхэг монгол гэр бүхий газарт үзлэг хийж, гэрч М.Бээр Хово маркийн том оврын тээврийн хэрэгслийн 2 ширхэг шинэ дугуй, автогридерийн 1 ширхэг шинэ дугуй, авто индүүний 1 ширхэг шинэ дугуй байсан гэх газрыг заалгуулав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17/,
...Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Цайдам хэсгийн ** дүгээр гудамжны ** тоотын амбаарт үзлэг хийж, AEOLUS гэсэн бичвэртэй, 12.00 R20 хэмжээтэй, том оврын тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, цэнхэр, хар хөх, ногоон, шар өнгийн хуванцар материалтай, тус бүр 25 литрийн хэмжээтэй саванд авто машины түлш мэт шингэн зүйл, TRIANGLE гэсэн бичвэртэй, 20.5-25 хэмжээтэй 1 ширхэг шинэ болон шавар мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хуучин дугуй тус тус байсныг тус тус хураан авч, “...............” ХХК-ийн ажилтан М.Бд хүлээлгэн өгөв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-25/,
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Хово маркийн том оврын ачааны автомашины 2 ширхэг шинэ дугуй, авто зам засварын индүүний 1 ширхэг шинэ дугуй, 1 ширхэг хуучин дугуй, 100 литр дизель түлш зэрэг 6.710.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Э, Ч.Г нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Цайдмын хөндий гэх газарт зам засварын ажил гүйцэтгэж байсан “...............” ХХК-ийн гэр баазын гадна байсан Хово маркийн том оврын ачааны автомашины дугуй 2 ширхэг, авто замын засварын индүүний шинэ дугуй 1 ширхэг, авто замын индүүний хуучин дугуй 1 ширхэг, 100 литр дизель түлш зэргийг нууцаар, хууль бусаар авч 6.710.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.
Өмгөөлөгч Өлзиймаа нь дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа болно гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Л.Э, Ч.Г нар нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Цайдмын хөндий гэх газарт зам засварын ажил гүйцэтгэж байсан “...............” ХХК-ийн гэр баазын гадна байсан нийт 6.710.000 төгрөгийн үнэ бүхий Хово маркийн том оврын ачааны автомашины дугуй 2 ширхэг, авто замын индүүний шинэ дугуй 1 ширхэг, авто замын индүүний хуучин дугуй 1 ширхэг, 100 литр дизель түлш зэргийг зохих ажилтанд мэдэгдэлгүйгээр авсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Л.Э, Ч.Г нарын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Л.Э, Ч.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас “...............” ХХК-нд 6.710.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүдэгч Ч.Гийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Цайдам хэсгийн 1 дүгээр гудамжны 13 тоотод хийсэн хэргийн газрын үзлэгээр “...............” ХХК-аас алдагдсан эд зүйлийг хураан авч, тухайн байгууллагын ажилтанд хүлээлгэж өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Цайдам хэсгийн ** дүгээр гудамжны ** тоотын амбаарт үзлэг хийж, AEOLUS гэсэн бичвэртэй, 12.00 R20 хэмжээтэй, том оврын тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, цэнхэр, хар хөх, ногоон, шар өнгийн хуванцар материалтай, тус бүр 25 литрийн хэмжээтэй саванд авто машины түлш мэт шингэн зүйл, TRIANGLE гэсэн бичвэртэй, 20.5-25 хэмжээтэй 1 ширхэг шинэ болон шавар мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хуучин дугуй тус тус байсныг тус тус хураан авч, “...............” ХХК-ийн ажилтан М.Бд хүлээлгэн өгөв...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-25/, хохирогч “...............” ХХК-ийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон Э.Хийн “...алдсан эд зүйлээ эргүүлэн авсан тул гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 9/, “...Цагдаагийн газарт мэдэгдэж шалгуулахад манай компанийн ковшны операторчин Л.Э гэх хүн нутгийн Ч.Г гэх хүнтэй нийлж нууцаар хулгайлсан байсныг илрүүлэн бид нарын хохирлыг барагдуулсан. Манай компаниас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29/ зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Л.Э, Ч.Г нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч Л.Э нь сүрьеэ өвчнөө эмчлүүлж байгаа, хорих ял оногдуулбал бусад ялтнуудад өвчин халдаах эрсдэлтэй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн ба энэ нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байгаа. Шүүгдэгч нарын урьд ял шийтгүүлж байсан байдлыг харахад энэ удаад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, нийгмээс тусгаарлахгүй байх нь зүйтэй гэсэн саналтай байна. Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч Л.Э нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгч Ч.Г нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгч Л.Э нь ам бүл 7, дүү нарын хамт амьдардаг, сүрьеэ өвчтэй гэх хувийн байдал нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113, 117/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 115-116, 120-123/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн магадалгаа, цээжний рентген зураг /хх-ийн 150-151/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э, Ч.Г нарыг тус бүр 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Э, Ч.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгч нарт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Л.Э, Ч.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ч.Г, Б овогт Л.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э, Ч.Г нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э, Ч.Г нарт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Л.Э, Ч.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э, Ч.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Э, Ч.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР