Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/624

 

 

 

 

 

 

  

     2021         10            14                                        2021/ШЦТ/657             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр,

            улсын яллагч Д.Батзаяа,

   шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б нь “...2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Л өмчлөлийн тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн нүүрс нь янданг сольж 1.530.000 төгрөгөөр борлуулан бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөрөнгө завшсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б нь Л зөвшөөрлийн дагуу түүнд итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох 0000 улсын дугаартай Тоёота Приус-20 загварын авто машиныг авч унахдаа тухайн авто машины нүүрсэн янданг нь сольж хохирогчид 1.530.000 /нэг сая таван зуун гучин мянга/-н төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулан хөрөнгө завшсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бийн өгсөн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Л хохирлыг төлж барагдуулна, би 1.530.000 төгрөг авсан…” гэх мэдүүлэг, 

 

Эрүүгийн 0000 хэргээс шинжлэн судалсан:

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л хохирогчоор өгсөн “...2020 оны 03, 04 саруудад Б гэх залуу миний 0000 гэх улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг авч явсан. 2020  оны 7 дугаар сард миний машин нэг сонин болчихсон дуу гараад байсан тэгээд би засварын газарт аваачаад үзүүлтэл миний машины нүүрсэн яндан байхгүй болчихсон өөр энгийн яндантай болчихсон байсан. Би Баас өөр хүнд машинаа өгч байгаагүй учраас би “чамайг цагдаа шүүхэд өгөхгүй, өөр зүйл нэхэхгүй, чи миний машины нүүрсэн янданг буцаагаад өгчих” гэж хэлсэн. Гэтэл Б “уучлаарай надад мөнгөний хэрэг гараад чиний машины нүүрсэн янданг авад зарчихсан юм аа, нэг сарын дараа би хохирлыг чинь барагдуулна” гэсэн. Энэ явдлаас хойш Б миний хохирлыг барагдуулаагүй утсаар залгах болгонд 7 хоногийн дараа гэх маягаар цаг удаасаар байгаад өдий хүрсэн. Тухайн машиныг би 2015 онд дүү А нэр дээр Хаан банкны зээлээр 15 сая төгрөгөөр авч байсан. Бтай Улаанбаатар төмөр замд ажлын найзууд гэдэг шугамаар танилцсан. Энгийн төлөв даруу, хүнтэй муудалцаж яваад байдаггүй залуу байсан. Миний мэдэхийн гар утсаар мөрийтэй  тоглоом тоглоод байдаг гэсэн. Манай харуулын гар утсаар ярьж байгаад нөгөө талын хаалгаад гараад зугтаагаад ломбардад тавьчихсан гэсэн. Би гомдолтой байна. Хохирол төлбөрөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

“Д” хөрөнгийн үнэлгээний төвийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 000000000 дугаартай тайлан /хх-ийн 16-17 тал,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Бийн яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Л Приус-30 маркийн автомашиныг гуйж авч яваад 22-ын товчоо нь дээр аваачаад нүүрсэн янданг нь авч зарсан. Тээврийн хэрэгслээс нь өөр эд зүйл аваагүй бөгөөд тухайн үед Хаан банкнаас зээлийн төлбөр нэхэгдээд мөнгөний хэрэг гарсан тул янданг нь авч зарсан. Би янданг нь танихгүй хүнд зарсан бөгөөд 250.000 төгрөгөөр зараад оронд нь энгийн яндан үнэгүй тавиулсан. Хохирлоо нөхөн төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 28-30 тал/, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31 тал/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 32 тал/, Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 33 тал/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 34 тал/, Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “…шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшин авсан…” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Б “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Л хохирлыг төлж барагдуулна…” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тус тус  оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Завших” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч өөрийн эд хөрөнгийг сайн дураар шилжүүлэн өгсөн буюу итгэмжлэн хариуцуулж, итгэмжлэгдэн хариуцсан этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт, шалгалтгүйгээр буцаан өгөхгүйгээр бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд оруулж хууль бусаар ашигласан  байх онцлогтой.

 

Шүүгдэгч Б нь хохирогч Л итгэмжлэн олгосон Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг авч яван нүүрсэн янданг нь сольж завшин улмаар хохирогчид 1.530.000 /нэг сая таван зуун гучин мянга/-н төгрөг буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэх дээрх үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б нь Л зөвшөөрлийн дагуу түүнд итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох 0000 улсын дугаартай Тоёота Приус-20 загварын авто машиныг авч унахдаа тухайн авто машины нүүрсэн янданг нь сольж хохирогчид 1.530.000 /нэг сая таван зуун гучин мянга/-н төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулан хөрөнгө завшсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэж Бийг “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар

Шүүгдэгч Б нь хохирогч Б.Лид 1.530.000 /нэг сая таван зуун гучин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.  

 

Шүүхээс, шүүгдэгч Баас 1.530.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Лид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 000000000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх ба түүнийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамааруулж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0000000 дугаартай шүүгчийн захирамжаар торгох ялаас өршөөн хэлтрүүлсэн болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Баас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бийг 500/ таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Б -д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б-аас нийт 1.530.000 /нэг сая таван зуун гучин мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Б.Л-д олгосугай.

 

6. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй,  гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Бид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ