Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/684

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: В.Батдэлгэр,

Шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,

Гэрч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Цад холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ***, урьд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.  Ц.Ц , /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ц.Ц нь “2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22-оос 23 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB” центрийн урд талын зогсоолд хохирогч Э.Стай тээврийн хэрэгсэл ачуулахгүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний зүүн чих рүү нь алгадаж зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Ц.Ц нь “2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22-оос 23 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB” центрийн урд талын зогсоолд хохирогч Э.Стай тээврийн хэрэгсэл ачуулахгүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний зүүн чих рүү нь алгадаж зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цын “...Би 3 дугаар сарын 18-ны өдөр ажлын байран дээрээ ажлын хамт олонтойгоо 1 шил архи уугаад 22 цагийн үед UB авто центрын хажууд замын цагдаа зогсоохоор нь зогссон. Миний машиныг ачихаар болоод бид нар маргалдсан байдаг юм. Тэгээд ачигч машин ирсэн. Ачигч машины залуучуудтай бас маргалдсан. Ачигч машины залуучууд бидэнтэй маргаж байгаад хамт явж байсан н.Өнөрчимэг гэж эмэгтэйг түлхэж унагасан. Тэгээд шууд зугтаагаад гүйсэн. Тэр гүйсэн залуу дахин гарч ирээгүй. Тэгээд хэрүүл маргаан болоод салсан. Тухайн үед замын цагдаагийн энгэрийн камерийн бичлэгээр ажиллаж байгаа бөгөөд замын цагдаа бидэнд энгэрийн камер бичлэг хийж байгаа шүү гэж анхааруулж байсан. Тэгээд маргааш өглөө нь машинаа авах гээд очиход надаас 1.000.000 төгрөг нэхсэн. Би өгч чадахгүй, яасан гэж та нарт 1.000.000 төгрөг өгөх юм бэ гээд салсан. Миний машиныг тэр өдрөө журмын хашаа гаргаж өгөөгүй. Би телевиз дуудаж байж гаргаж авсан. Тийм л зүйл болсон. Миний машины дугуйн гадна талын обудны калпакийг авч шидсэн. Тэрнээс болж маргасан. Тэр үед буруу ойлгосон байсан. Маргааш нь буруу гэдгээ мэдсэн. н.Өийг түлхэж унагасан асуудал дараа нь болсон юм. Бичлэг дээр байгаа үйл явдал бол маргалдаад, биднийг хэлэх, хэлэхгүй үгээр хэлээд байж байсан үйл явдал юм. Надад өөр хэлэх зүйл алга. Мөнгөн торгууль оногдуулж өгнө үү....” гэх мэдүүлэг, 

Эрүүгийн *** дугаартай хэргээс

Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн “Шуурхай удирдлагын тасаг”-т 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуудлага мэдээлэл өгсөн тухай Дуудлага мэдээллийн хуудас /хх-ийн 15 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.С хохирогчоор өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг  дэвсгэрт байрлах УБ авто центрийн гадна талын авто зогсоол дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлийн автомашиныг журмын хашаанд хийлгэх гэсэн дуудлага Замын цагдаагаас дуудлагыг цагдаагийн хошууч А өгсний дагуу би жолооч Згийн хамт очсон. Очиход Ниссан Ваниат маркийн *** улсын дугаартай автомашин байхаар нь тухайн тээврийн хэрэгслийг тойруулан бичлэг хийхэд тухайн автомашинаас 3 эрэгтэй 2 эмэгтэй хүн бууж ирснээ намайг хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд “чи яахаараа миний тээврийн хэрэгслийг ачдаг юм гөлөг минь ална шүү” гэх мэтээр дарамталж эхэлсэн. Тэгээд би дуудлага өгсөн цагдаа, цагдаагийн  хошууч А дээр очиж хэлсэн. Тухайн цагдаа хамт тухайн автомашин дээр ирснээ “наад автомашинаа ач” гэж хэлсэн. Би тухайн автомашиныг тойруулан өөрийн гар утсаараа бичлэг хийчхээд тухайн автомашиныг ачихад дахин хэл амаар доромжилж цохих гэж хар савхи, өмссөн халзан толгойтой залуу дайрч түлхэхээр нь би хойшоо ухарч унахад миний ард зогсож байсан нэг эмэгтэй хамт унасан. Тэгээд би босож ирээд зугтаасан. Эргэж харахад манай жолооч З руу дайрч байхаар очиж цагдаа Аыг дуудаж салгасан. Тэгээд автомашиныг нь ачиж байхад тухайн хар савхи өмссөн, халзан толгойтой залуу ирж миний чих рүү алгадаж төмсөг хэсэг рүү цохихоор нь цагдаад дуудлага өгсөн. Надад учирсан гэмтлийн зардлыг төлүүлмээр байна. Эмчилгээний төлбөр 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Аын гэрчээр өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэн Баянгол дүүргийн 9-р нутаг дэвсгэрт авто зам дээр ажиглалт хийж байхад Ниссан ваниас маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад жолооч Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан учир тухайн тээврийн хэрэгслийг саатуулж арга хэмжээ авахад ард талд сууж байсан зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Би ачигч тэрэг дуудан тухайн тээврийн хэрэгслийг замаас чөлөөлж UB center-н урд талын зогсоолд оруулсан. Ниссан ваниас маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх залуу ачигчтай маргалдаж ачуулахгүй гэж ачигчийн туслах Сыг түлхээд байхаар нь би очиж боль гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн нэг иргэнийг саатуулж байсан учир тухайн жолооч руу очих гээд явсан хойгуур Сыг газар унгаачихсан дээр нь тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх хар куртиктай, халзан толгойтой залуу дээр нь гарсан байхаар нь салгасан. Тэгээд Ниссан ваниас маркийн *** улсын дугаартай автомашиныг ачуулж явуулсан. Сд Ниссан Ваниас маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох хар куртектэй, халзан толгойтой залуу гэмтэл учруулсан байх... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Згийн гэрчээр өгсөн”...2021 оны 03-р сарын 18-ны өдөр өөрийн ажлын байр болох “Баянхаяабуса” ХХК-ийн журмын хашаанд байхад Баянгол дүүргийн Замын цагдаагаас дуудлага ирсний дагуу  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах UB center-ийн урд талын авто зогсоол дээрээс Ниссан ваниат маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийх гэж ачихад  миний туслах С тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гар утсан дээрээ бичлэг хийхэд тухайн тээврийн хэрэгслээс нэг залуу бууж ирснээ Сын нүүр хэсэг рүү алгадаж байгаа харагдсан. Тэгээд би тухайн залууг холдуулсны дараа С зугтаасан. Араас нэг залуу хөөгөөд байсан тэгээд би 102 утсан дуудлага өгсөн. Сын халзан толгойтой хар куртиктэй эрэгтэй хүн зохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Бын гэрчээр өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр найз Цын ажлын байр болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 8 дугаар байрны 1 тоотод найз нөхдийн хамт 0,75 граммын Эдэн гэх нэртэй архи дөрвүүлээ хувааж уусан. Цын тээврийн хэрэгслийг ажлын дүү Б бариад явж байхад цагдаа зогсоосон. Тухайн автомашиныг ачна гэхээр нь юу болоод ачих гээд байгаа талаар цагдаагаас асуухад ачна гэхээс өөр зүйл ярихгүй байсан. Удалгүй ачилтын тээврийн хэрэгсэл ирж машинаас 2 залуу бууж ирсэн. Бид ачуулахгүй байх талаар ярилцах гэж байхад миний ард зогсож байсан Ө гэх эмэгтэй газарт унахаар нь би ачлагын залууг араас нь хөөгөөд гүйцээгүй. Эргэж ирэхэд Цын тээврийн хэрэгслийг ачаад явсан байсан. Цтай зодолдсон эсэхийг мэдээгүй. Ц ачлагын залууг цохисон гэхээр зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

 

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2521 дугаартай “...Э.Сын биед зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал тогтоогдов. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Цын гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би өөрийн ажлын байр болох Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8-р байрны 1 тоотод найз нөхөд болон ажлынхаа хамт олонтой 0,75 граммын Эден гэх нэртэй архинаас 3 рунк уусан. Тэгээд согтуугаар тээврийн хэрэгсэл барьж болохгүй учраас дуудлагын жолооч дуудсан боловч ирээгүй. Манай ажлын дүү Б би тээврийн хэрэгслийг чинь бариад явах уу би архи уугаагүй гэхээр нь за за тэг гэж автомашиныхаа  түлхүүрийг өгсөн. Тэгээд автомашинд би, эхнэр Цолмон, Б, Ө гэх эмэгтэй мөн жолоочоор Б нар байсан. Бид нар 21 цаг 30 минутын орчимд 3,4-р хорооллын эцэс дээр явж байгаад замын цагдаа манай тээврийн хэрэгслийг зогсоосон. Б бууж бичиг баримтаа шалгуулснаа эргэж орж ирсэн ахаа таны автомашиныг журмын хашаанд хийнэ гэхээр нь бид нар автомашинаас буухад ачлагын автомашин 2 залуутай ирсэн байхаар нь ачуулахгүй гэж маргаан үүсгэсэн. Энэ үед ачлагын нэг жижиг биетэй залуу манай ажлын эмэгтэй Өг түлхэж унагасан. Тэгээд тухайн залуу зугтаахаар нь Б араас нь хөөсөн боловч баригдаагүй. Тэгээд би ард үлдсэн ачлагын залуутай маргалдаж байхад манай эхнэр Цолмон бид 2-ыг салгаж авч явсан. Биед нь гэмтэл учруулаагүй. Зодоон гэхээр зүйл болоогүй, харин хоорондоо маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Цын яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдөр мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-61 тал/,

 

2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ““ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлгийн “дэлбээ эмзэглэлгүй, суваг хэвийн, хэнгэргэн хальс цоорхой, ирмэг жигд биш /шинэ/, хэнгэргэн хальс цоорхой, хэнгэргэн хөндийд эрүүл” гэх дүгнэлт, холбогдох баримтууд /хх-ийн 83-85 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 87 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 88 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 62-69 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Ц.Цад холбогдох хэрэгт шүүгдэгч нь “би гэмтэл учруулаагүй, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид маргалдсан, зодоон болоогүй” гэж мэдүүлэх боловч хэргийн үйл баримт, нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Э.Сын биед хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Сын  мэдүүлэг /хх-22 тал, 26 тал, / гэрч Б.Аын мэдүүлэг /хх-32-33 тал, / гэрч Г.Згийн мэдүүлэг /хх-39 тал/, шинжээч эмчийн 2521 дугаартай дүгнэлт /хх-49 тал/, гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-59 тал/, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан CD бүхий бичлэг, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ““ЭМЖЖ” эмнэлгийн  чих хамар хоолойн эмнэлгийн дүгнэлт /хх-84 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Быг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулж  гэрчээр асуусан ба гэрч Ц.Б нь шүүгдэгчийг хохирогч Э.Сын биед халдаагүй, халдсаныг хараагүй гэж мэдүүлсэн. Шүүх, гэрч Ц.Б болон шүүгдэгчийн өөрийн өгсөн хохирогч Э.Сын биед халдаагүй гэх мэдүүлгийг үгүйсгэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримттай харьцуулан дүгнэж, хэргийн бодит байдлыг тогтоосон болно.

 

Тодруулбал, гэрч Ц.Бын  мэдүүлгийг  шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон бусад бичгийн нотлох баримттай харьцуулан дүгнэхэд түүний мэдүүлэг хэргийн бодит байдалтай бүрэн нийцэхгүй, шүүгдэгч нь хохирогчийн биед халдаагүй болохыг эргэлзээгүйгээр бүрэн нотолж чадаагүй,  “... хохирогчтой зодолдсон эсэхийг мэдэхгүй, Ц ачлагын залууг цохисон гэх зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг өөрөө эргэлзээтэй, гэрч Ц.Б шүүгдэгчтэй найз нөхдийн харилцаатай, шүүгдэгч болон гэрч Ц.Б нар нь гэмт хэрэг гарсан өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хамт явж байсан зэрэг нь түүний гэрчээр өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн нотолгооны ач холбогдлыг бууруулсан, гэрч Ц.Бын мэдүүлэг эргэлзээтэй  гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгч Б.Балжидмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа шүүгдэгчид холбогдох хэргийг цагаатгах байр суурьтай, гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, мэдүүлгүүдийг хөдөлбөргүй тогтоох ёстой, хохирогчид гэмтэл учруулсан хүнийг тогтоох ёстой, хэргийг цагаатгах байр суурьтай гэж мэтгэлцсэн ба өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэл муутай,  хүлээж авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг хуульчилсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.С нь түүний биед хөнгөн гэмтэл учруулсан этгээдийг шууд зааж мэдүүлсэн, гэрч Б.А Г.З нарын мэдүүлгээр хохирогчийн мэдүүлэг давхар батлагдсан, гэрч нар болох Ц.Б,  Б.А,  Г.З нар нь үйл баримтын хүрээнд нөхцөл байдлыг мэдүүлсэн байх ба гэрч нар өөр өөрөөр нөхцөл байдлыг мэдүүлэхийг  үйл баримт хөтөлбөргүйгээр тогтоогдоогүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй  ба хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны  өдрийн 2521 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 2521 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Цыг  “2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22-оос 23 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB” центрийн урд талын зогсоолд хохирогч Э.Стай тээврийн хэрэгсэл ачуулахгүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний зүүн чих рүү нь алгадаж зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Э.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 2.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилжээ.

 

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөрийн баримтуудыг шинжлэн судлаад 2021 оны 03 дугаар 23-ны өдрийн “ЭМЖЖ” эмнэлгийн 35.000 төгрөгийн баримттай иргэний нэхэмжлэлийг энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд тооцон хангаж, үлдэгдэл 1.650.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Цаас 35.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Сд олгож шийдвэрлэлээ.

 

Мөн хохирогч Э.С нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Цад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Цыг 750 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Балжидмаа нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, Монгол улсад тархсан Covid19 цар тахлын нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 750 /долоон зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх ялтны торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг шүүхийн шийдвэр хэрэгт хавсаргаж, гэмт хэргийн улмаас хохирогч Э.Сд 35.000 төгрөгийн төлбөл зохих хохирол төлбөртэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цыг 750 /долоон зуун тавь /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Цаас 35.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Сын эмчилгээний зардалд олгосугай.

 

6. Хохирогч Э.С нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ