Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1214

 

 

 

 

 

 

2021         11          11                                      2021/ШЦТ/1214

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ю.Батсүх,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Билгүүн /ҮД:3046/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Над холбогдох 2106 00000 1682 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхон 66-Д байрны 6-125 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Товогт Бгийн Н /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Н нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монел 32 дугаар гудамжны 705 тоотод 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэвтэрч хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг түлхэж хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтрэн Самсунг Эс-21 загварын гар утсыг хулгайлж 2.564.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Б.Цовоогийн өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчим ажиллаа тараад гэр лүүгээ харих замдаа хуучин хамтран амьдарч байсан Н гэх хүүхэнтэй таараад бид хоёр манай гэрт Нын авчирсан Алтан Чингис нэртэй тал хүртэл нь уусан 0,75 литр хэмжээтэй архийг хувааж уугаад манай гэрт хоносон. Маргааш өглөө буюу 2021 оны 08 дугаар сарын 01-ний өглөө 06 цагийн орчимд бид хоёр гарахаар болоод гэрээс гарахад Н намайг гар утсаа авчхаач гэхээр нь би хаячихна гээд гэртээ өөрийн Самсунг Эс-21 загварын гар утсаа үлдээгээд гарсан. Тэгээд би ажилдаа яваагүй, Нтай нийлээд гудамжинд таарсан хүмүүстэй архи уусаар байгаад гэртээ 23 цаг өнгөрч байхад ороод амарсан. Өглөө би гар утсаа үзэхэд үлдээсэн газар байхгүй болохоор нь би хажууд ахынхаа гэр лүү ороод камер шүүж үзэхэд Н манай гэрийн цонхоор ороод буцаж хаалгаар гараад явж байгаа дүрс бичигдсэн...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Нын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Өмнө нь Нараа бид хоёр гар утсыг нь зараад хамт ууж байсан, тэрийгээ намайг гар утсаа авсан гээд байдаг юм. Тэр гар утсыг нэхэж надтай маргалдаад надаас гар утас нэхээд байхаар нь би Амраагийн гэрээс Самсунг маркийн гар утсыг нь аваад би Нараад өгчихсөн юм. Амраагийн гэр лүү орохдоо би амбаарын цонхоор нь ороод авчихсан юм. Хаалга нь цоожтой байхаар нь би ганцаараа гэр лүү нь ороод авчихсан, өөр хүн ороогүй. Нараа надаас гар утас аваад тэндээсээ салаад явчихсан. Амраа өөрийнх нь гар утсыг намайг авсныг мэдээгүй. Дараа нь хашааныхаа камерыг шүүж үзээд мэдсэн байсан, тэгээд намайг гэрээс ирж аваад цагдаа дээр авчирсан... Би Нарааг гар утас нэхээд байхаар нь Амраагийн гар утсыг аваад өгчихсөн. Амраа надад гар утсаа авах зөвшөөрөл өгөөгүй, би өмнөх өдөр нь Амраатай гэрт нь хоносон юм, тэгээд гэрт нь гар утас байгааг мэдэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх.13/,

“Дамно” ХХК-н 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн БЗ1-21-664 дугаартай Хөрөнгийн Үнэлгээний тайлан /хх.17-18/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.22-23/,

Шүүгдэгч Б.Нын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.25-28/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх.32,34-37/,

Шүүгдэгч Б.Нын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.52/,

Хохирогч Б.Цовоогийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирол нөхөн төлсөн баримт /хх.53/, 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.54/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Н нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монел 32-705 тоотод 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэвтэрч хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг түлхэж хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтрэн Самсунг Эс-21 загварын гар утсыг хулгайлж 2.564.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Б.Цовоогийн өгсөн: “... би гар утсаа үзэхэд үлдээсэн газар байхгүй болохоор нь би хажууд ахынхаа гэр лүү ороод камер шүүж үзэхэд Н манай гэрийн цонхоор ороод буцаж хаалгаар гараад явж байгаа дүрс бичигдсэн...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Нын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Амраагийн гэрээс Самсунг маркийн гар утсыг нь аваад би Нараад өгчихсөн юм. Амраагийн гэр лүү орохдоо би амбаарын цонхоор нь ороод авчихсан юм. Хаалга нь цоожтой байхаар нь би ганцаараа гэр лүү нь ороод авчихсан... би өмнөх өдөр нь Амраатай гэрт нь хоносон юм, тэгээд гэрт нь гар утас байгааг мэдэж байсан юм.” гэх мэдүүлэг /хх.13/,

“Дамно” ХХК-н 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн БЗ1-21-664 дугаартай Хөрөнгийн Үнэлгээний тайлан /хх.17-18/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.22-23/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Нын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Нын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Б.Цовоод Самсунг Эс 21 гар утсыг буцаан өгсөн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Б.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Б.Над эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт Б.Ныг урьд нь цагдан хорьсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Товогт Бгийн Ныг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Над 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Над оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ныг урьд нь цагдан хорьсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Над авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                      С.ӨСӨХБАЯР