Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 418

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх хуралдаанаар Г.Энхтуяагийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал  тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

             Шүүх  хуралдаанд:

         Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд  1967 онд төрсөн, бүрэн бус  дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй,Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хаорооны 1338 тоотод /хашаанд/ оршин суух,”Буураг сутай ” ХХК-д лангуу түрээслэн хувиараа худалдаа эрхэлдэг 

                                      Боржигон  овгийн Гувааны Энхтуяа   

                                      регистрийн  дугаар: МЖ- 67053009

 

             Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  С.Энхтайван  нар  оролцов.                                        

                                                            

                                                         Тодорхойлох нь:

  Нэхэмжлэгч Г.Энхтуяа  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           ...Миний бие анх Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 1985 онд ажилд орсон. Үүнээс хойш тасралтгүй 1991 он хүртэл худалдагчаар ажилласан. Миний бүх бичиг баримт “Худалдаа бэлтгэлийн анги”-д байсан боловч гэнэт галын аюул болж шатсан тул үүнийн Нармандах, Цэрэндэжид, Лхагвасүрэн  нараар гэрч болгон тогтоож өгнө үү!...гэжээ.

                                               

Нэхэмжлэгч:  Г.Энхтуяа  шүүхэд гаргасан тайлбартаа:

         ...Би 1985 онд худалдагчийн 45 хоногийн курс төгсөөд Зүүнбүрэн сумын “Худалдаа бэлтгэлийн анги-д  худалдагчаар ажилд орж  1991 оны 02 дугаар сарыг хүртэл тасралтгүй ажилласан. Тэгээд Дархан хотод ажиллаж амьдрахаар болж шилжсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл “Худалдаа бэлтгэл”-ийн ангийн бүх материал шатсан гээд ямар ч бичиг баримт олдоогүй. Надад олдсон нь Үйлдвэрчний эвлэлийн батлах л байна. Мөн бичиг баримт шатсан гэдгийг батлуулахаар хамт ажиллаж байсан хүмүүсээр тодорхойлолт гаргуулж гэрчээр асуулгасан. Иймд намайг 1985 оноос 1991 оны 02 дугаар сар хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү!...гэв.

 

                  Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                          Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Г.Энхтуяа нь  шүүхэд 1985 оны 03 дугаар сараас 1991 оны 1 дүгээр сар хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Худалдаа бэлтгэлийн анги”-д худалдагчаар ажиллаж байсан боловч ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтууд нь устсан байх тул   ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэл  гаргажээ.   

            Г.Энхтуяа 1984 онд Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгсч  Сэлэнгэ аймгийн “Найрамдал Сангийн аж ахуй”-д илгээлтээр ажиллаж байгаад, худалдагч бэлтгэх 45 хоногийн курст суралцан 1985 оны 3 дугаар сард Зүүнбүрэн сумын “Худалдаа бэлтгэлийн анги”-д худалдагчаар ажилд орж, 1991 он хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс олгосон №662615 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд “Улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн 1984 оны 6 дугаар сар” гэж тэмдэглэгдсэн, мөн дээрх батлахад МҮЭ-ийн гишүүний хураамж төлсөн бичилт, нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх Ж.Нармандах, Г.Лхагвасүрэн, Д.Цэрэндэжид нарын шүүхэд гаргасан “...1985 оны 3 дугаар сард ажилд орсон. 1991 оныг дуустал хамт ажиллаж байсан...” гэх тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан авсан гэрчийн “...мэдүүлгүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Харин нэхэмжлэгч нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулинд хамрагдаж 1990-2000 онд ажиллаж  байснаар тооцуулсан байх тул 1990 онд ажилласан жилийг давхардуулан тогтоох шаардлагагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.  

            Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Г.Энхтуяаг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1985 оны 3 дугаар сараас 1990 он хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

     Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон  овгийн Гувааны Энхтуяаг  1985 оны 3 дугаар сараас 1990 он хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Худалдаа бэлтгэлийн анги”-д худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1991 онд ажилласан жил тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй   болохыг  дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14 хоногийн  дотор шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

         5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн  шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан  авсанд  тооцсугай.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           7. Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн  дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ