Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/647

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа /томилолтоор/,

иргэдийн төлөөлөгч З.Золбаяр,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас М.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 551 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, /РД:***/. М.М.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 31 дүгээр байрны 29 тоотод хохирогч Э.Бын цээжин тус газарт 3 удаа хутгалж, эрүүл мэндэд нь зүүн суганы урд хэсэгт зүсэгдсэн шарх, өвчүүний баруун хажуу хэсэгт цээжний хөндийн нэвтэрсэн шарх,  баруун уушиг авчилт, цээжний хөндийд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд “Би өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлнө. ” гэв.

           Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

           Шүүгдэгч М.М согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 31 дүгээр байрны 29 тоотод хохирогч Э.Бын цээжин тус газарт 3 удаа хутгалж, биед нь хүнд хохирол санаатай учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

           Мөрдөн байцаалтад Э.Бын хохирогчоор өгсөн “...Бид нар авсан архиа уугаад сууж байтал М, А нар хоорондоо зодолдсоноо яриад байсан. Гэтэл М хутга аваад Б рүү дайрсан гэх мэтээр яриад байхаар нь би 2 найзыгаа аваад явъя гэж бодоод “би 2 найзыгаа аваад явлаа” гэж хэлэхэд М та нар бүгдээрээ зайлцгаа гэх мэтээр дайраад доромжлоод байсан. Тэгээд үүдэнд нь хувцсаа өмсөөд зогсож байтал М ирээд миний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд машин барих хүн дуудаад бид нар хүлээж байх хооронд Бийн найз охин Мийн гэр рүү буцаад орчихсон байсан. Тэгээд Б араас нь орсон. Тэр 2 гарч ирэхгүй удаад байхаар нь би араас нь ороход нэг үл таних залуу ирчихсэн тэр 4 сууж байсан. Би ороод Б, А 2-ыг “явъя” гэхэд нөгөө үл таних залуу босож ирээд надтай муудалцаад бид 2 ноцолдсон. Гэтэл нэг мэдэхэд М ороод ирчихсэн хутгаар миний цээж хэсэгт 3 удаа хутгалсан. Тэгээд байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

 

Мөрдөн байцаалтад М.Бийн гэрчээр өгсөн “...Мийн гэрт очоод бид нар хоорондоо ярилцаж байгаад нэг шил Соёрхол нэртэй 0,75 литрийн архи авч уусан. Тэгээд би найзыгаа дуудсан бөгөөд Б ирсэн. Тэгээд бид нар дахин нэг шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал М Быг алгадаад авсан. Тэр 2 маргалдаад байж байтал Б.А бид 2-ыг явъя гээд бид 3 гарсан. Гадаа байж байтал манай найз охин Мийн гэр рү эргээд орчихсон байсан. Би араас нь ороход М, хажуу өрөөнийх нь залуу гараад ирчихсэн пиво ууж байсан. Тэгээд бид юм яриад сууж байтал Б орж ирээд явъя гэхэд М маргалдаад эхэлсэн. Гэтэл нөгөө залуу Бтой муудалцаад зууралдаад эхэлсэн. Тэгээд тэр 2-ыг салгаад байж байтал М Бтой зууралдаад үлсэн. Би тэр залууг Боос салгахад гарт нь ямар нэгэн хутга, мэсний зүйл байгаагүй. Удалгүй байж байтал шалан дээр цус дусаад эхэлсэн. Быг М хутгалсан байх, тэр 2 ноцолдоод үлдсэн. Гэтэл хажуу өрөөнийх нь хүн гарч ирээд салгаад цагдаа дуудсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

 

Мөрдөн байцаалтад М.Аийн гэрчээр өгсөн “...Мийн гэрт бид 4 нэг шил архи хувааж уугаад байж байтал М гэнэт агсам тавиад бид нарыг хөөгөөд эхэлсэн. Гэтэл Б “явъя” гэж хэлээд бид 3 гараад Бын машинд сууж байгаад би тамхи авахаар ТҮЦ орсон. Тэгээд замаараа Мийнд ороход хажуу өрөөнийх нь залуу гараад ирчихсэн пиво ууж байсан. Тэгээд би шууд унтаад өгсөн. Гэтэл дуу чимээ гараад байхаар нь сэрээд харахад тэд нар хутга, шөвөг яриад байсан. Би согтуу байсан болохоор босож чадаагүй. Тэгээд М би хутгалсан гэж яриад байсан. Би бол яг хутгалсан эсэхийг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

 

Мөрдөн байцаалтад Ц.Лын гэрчээр өгсөн “...М нь 2020 оны 10 дугаар сард манай хажуугийн өрөөнд нүүж ирсэн ба бид 2 танилцсанаас хойш бид 2 үе үе бэлгийн харилцаанд ордог болсон. Тэгээд хэрэг гардаг өдөр би гаднаас орж ирэхэд М өрөөндөө нэг эмэгтэй найзтайгаа архи уугаад сууж байсан. Тэгээд би өрөөндөө ороод хувцсаа солиод байж байтал М орж ирээд өрөөндөө дагуулаад орсон. Тэгээд бид 3 пиво уугаад сууж байтал гаднаас Б гэдэг залуу орж ирсэн. Тэгтэл Б гэх залуу гаднаас орж ирэнгүүтээ хэл амаар доромжлоод намайг 2-3 удаа цохиод авсан. Тэгээд би уурлаад эргээгээд цохих гэхэд М намайг өрөө рүү маань оруулчихсан. Тэгээд байж байтал тэр залуу Мийг зодоод М хашхираад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд эргэж гараад тэр залуутай ноцолдоод эхэлсэн. Гэтэл М дундуур орж ирээд Бын цээжин тус газарт хутгаар хэд хэд хатгачих шиг болсон. Тэгээд бид нар маргалдахаа болиод ухаан ороод харахад Б газарт унасан. Тэгээд би өрөөндөө орчихсон. Удалгүй цагдаа нар ирсэн байсан. М нүүж ирсэн цагаасаа хойш архи уугаагүй өдөр гэж байхгүй, бараг өдөр бүр архи уудаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/,

 

           Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1086 дугаартай “...Э.Бын биед дээд уруулын дотор салстын шарх, зүүн суганы урд хэсэгт зүсэгдсэн шарх, өвчүүний баруун хажуу хэсэгт цээжний хөндийн нэвтэрсэн шарх, баруун уушгины  авчилт, цээжний хөндийн цус хуралт”, цээжний баруун хөндийн гуурс тавих мэс ажилбарын дараах байдал тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэг болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 тал/,

 

           Мөрдөн байцаалтад М.Мийн яллагдагчаар өгсөн “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Б  шууд орж ирээд намайг 4-5 удаа алгадаад авсан. Тэгээд би орилтол хажуу өрөөний Л гарч ирээд болиулах гэтэл нүүрэн тус газарт 7-8 удаа цохиод зодож эхэлсэн. Тэгээд би тэр 2-ыг салгаад Лаг өрөө рүү нь оруулсан. Гэтэл Б намайг дохиод олон удаа цохиод байсан. Тэгээд Л гарч ирээд Б тэр 2 зодолдоод эхэлсэн. Зодолдоод салахгүй байхаар нь би сервантнаас хутга аваад Бын цээжин тус газарт 2-3 удаа хатгачихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-13 тал/,

 

Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 432 дугаартай өвчний түүх /хх-ийн 50-60 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

           Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 86-87, 89-92 тал/, түүний хүүхэд М.Хийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 88 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 103 тал/, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа /хх-ийн 104 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 105 тал/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 106-107 тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 108 тал/, өрхийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх-ийн 112 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

           Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Шүүгдэгч М.М нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

         Хяналтын прокуророос М.Мийн үйлдсэн Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх шинжээр нь зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

           Иймд шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

           Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлт,  

           Шүүгдэгчийн өмгөөлөгч “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан”  гэж дүгнэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх санал дүгнэлт,

 

           Иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч М.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн санал дүгнэлт хэлж оролцлоо.

           Хэргийн үйл баримтыг тогтоосон бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчид өөрт нь болон түүний ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай санал дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Шүүхээс шүүгдэгч М.Мт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

        Шүүгдэгч М.Мийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд ахуйн хүрээнд архидан согтуурсан байдал нөлөөлсөн гэж үзсэн ба  гэмт хэргийн улмаас хүний биед хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт  5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

         Энэ хэрэг анхан шатны шүүхэд хянагдах явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

           Шүүгдэгч М.Мийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Ялаас өршөөн хасах” хуулийн  үйлчлэлд хамаарч байна.

           Иймд шүүхээс шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов. 

           Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж буй хувийн байдлыг харгалзан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

           Шүүгдэгч М.Мийг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШТ/71 дугаартай шүүхийн тогтоолоор эрэн сурвалжилж 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс цагдан хорьсон бөгөөд нийт 36 хоног цагдан хоригдсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Мийн цагдан хоригдсон 36 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцож зүйтэй.

   Хорих ял шийтгэгдсэн шүүгдэгч М.М нь   бага насны хүүхэдтэй болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх-ийн112/

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч М.Мийн бага насны хүүхэд болох 2014 оны 7 дугаар сарын 06-нд төрсөн 7 нас 3  сар, 02 хоногтой хүү /РД:ФА14270618/ Мийн Хт асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах нь зүйтэй.

           Хохирол төлбөрийн тухайд хохирогч Э.Бод гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан бөгөөд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд шүүгдэгчээс 200.000 төгрөгийг /хх-ийн 110 тал/ нэхэмжилсэн байх ба холбогдох баримтыг хэрэгт хавсарган ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч М.Мийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож,  хохирогч нь холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

            

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Мийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

         4. М.Мийн биечлэн эдлэх 3 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний  цагдан хоригдсон  36 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.Шүүгдэгч М.Мийн бага насны хүүхэд 2014 оны 7 дугаар сарын 06-нд төрсөн 7 нас, 3  сар, 02 хоногтой  хүү /РД:***/ Мийн Хт асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад  даалгасугай.

 

        7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

              

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАЙРИЙЖАВ

                 

                                    ШҮҮГЧИД                             С.БОЛОРТУЯА

 

                                                                                   Г.ЗОЛБОО