Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Э.Одхүү даргалж 
           Улсын яллагч: Б.Батсайхан 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
    Шүүгдэгч: Б.Ганболд
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн хуралдаанаар 
    Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дүүрэн овогт Баатарын Ганболдод холбогдох эрүүгийн 201603000141 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Эрчимийн 09-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Дүүрэн овогт Баатарын Ганболд /РД:АД82080217/
    Шүүгдэгч Б.Ганболд нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Батномгон” нэртэй дэлгүүрийн баруун талын гүүрэн дээр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 2.1.А-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно”, мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хохирогч Ч.Сумъяабаатарыг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 


ТОГТООХ нь:


Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Ганболдын: Би 03 сарын 18-ны өдөр Батномгоны гүүрээр уруудаж явахад урдаас нэг суудлын автомашин ирж байсан бөгөөд тэр үед бид хоёрын гэрэл гялбаад дундуур нэг хүн ороод ирэхээр нь би сандраад тоормосоо гишгэтэл тэр хүнийг өвдөгний хамгаалалтаараа мөргөөд, өөрөө гүүрний хашлага мөргөж унасан. Би тэр үед согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Тухайн үед ийм асуудал болсон, гэх мэдүүлэг.  
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ч.Сумъяабаатарын: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ аймгийн төв рүү цэргийн баяр гэж орж ирээд өөрийн хамаатны дүү Чимэдрэгзэн гэх айлд өглөө очсон. Тэнд тал шил архи уучихаад, цагдаагийн байранд байх хамаатны Наранцэцэгийнд очсон тэр үед тэднийх хүүхдийн бие тааруу гээд эмнэлэг рүү явж байсан. Тэгээд надад нэг шил архи өгсөн юм. Тэгээд харих санаатай зам дагаад явж байсан. Тухайн үед ойролцоогоор 20 цаг болж байсан байх тэгээд явсаар байгаад Батномгон дэлгүүрийн ойролцоо би замынхаа баруун талаар явж байгаад гүүр тулж ирсэн тэр үед гүүр хөндлөн гарах гэж алхаад явж байтал миний урдаас буюу онгоцны буудал талаас машин юм уу мотоциклийн гэрэл туссан тэгээд нэг мэдсэн би мотоцикльд дайруулчихсан эмнэлэг дээр ирсэн байсан. Тухайн үед замынхаа баруун гар талаар явж байгаад зүүн гар тийшээ гүүр хөндлөн гарч Батномгон дэлгүүрийн чигтэй алхаж байсан. Би тэр үед яг гүүрэн дээр мотоцикльд мөргүүлсэн. Тэнд ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Намайг Ганболд гэх залуу мотоцикльтой явж байгаад дайрсан байсан. Намайг яаж дайрсан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед мөргүүлээд би саваад унасан. Тэгээд цаашаа санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Миний биед уг зам тээврийн ослоос буюу Ганболдын унаж явсан мотоцикльд мөргүүлсэнээс болж тархиндаа гэмтэл авсан мөн гарын алга язарч оёо тавиулсан байгаа. Би тал шил архи уусан. Тухайн үед би бага зэргийн согтолттой явж байсан. Ганболдыг архи уусан байсан талаар мэдээгүй эмнэлэг дээр ирээд Ганболд гэх залууг архи уусан байсныг мэдсэн. Би тэр үед ганцаараа харих санаатай явж байсан. Намайг мөргөсөн гэх мотоцикльтой хүн хэр зэрэг хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна урдаас гэрэл гараад тэгээд нэг мэдсэн намайг мөргөчихсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардлыг Б.Ганболд гэх залуу бүрэн төлж барагдуулж намайг хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-27-28х/ 
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Дарханбаатарын: “...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн гэрээсээ гараад Бор толгойд байх доод Петровис шатахуун түгээх станцаас машиндаа бензин хийчихээд аймгийн төв рүү явж байсан юм. Тухайн үед цаг ойролцоогоор 20 цаг болж байсан. Тэгээд намайг төв замаар явж байхад миний урдаас буюу ертөнцийн зүгээр баруун талаас гүүрний цаанаас нэг мотоцикль ирж явсан. Тэгээд тэр мотоциклийн  гэрэл далбилзаад түс тас гэх чимээ гарсан тэр үед миний машины гэрэлд тэр мотоцикльтой хүн гүүрний хашлага мөргөж байгаа нь харагдсан. Тэхээр нь би гүүрний ойролцоо очоод машинаа зогсоогоод машинаас буугаад хартал гүүрний гол хэсэгт дээлтэй хүн газар хэвтэж байсан. Түүний цаахан талд мотоциклийн жолооч бололтой нэг залуу гүүрний хашлагны ойролцоо мотоциклийнхоо урд талд урд талын дугуйныхаа хажууд уначихсан хэвтэж байсан. Тэр үед тэр 2 хүн хоёулаа ухаангүй байсан. Тэгээд би замын 2 талын хөдөлгөөнийг хашаад ирж яваа машинуудыг зогсоосон. Тэгээд цагдаа дуудаад байж байх үед мотоциклийн жолооч сэрээд босч ирээд гүүр тойроод явах гэхээр нь би тэр залууг хөдөлж болохгүй гээд авч ирээд мотоциклийнх нь хажууд суулгасан. Тэр үед тэр залуугаас архи үнэртэж байсан. Тэгээд байж байх үед цагдаа нар болон эмч нар ирсэн тэгээд би явсан. Би тэр мотоцикльтой залуу явган зорчигчийг яг мөргөхыг хараагүй. Миний машины гэрэлд орж ирсэн тэр түс тас гэж дуу гараад дараа нь тэр мотоцикльтой хүн гүүрний хашлага мөргөөд унаж байгаа харагдсан. Тэр мотоцикльтой хүн ертөнцийн зүгээр баруун талаас буюу аймгийн төв хэсгээс зүүн тал руу буюу Бор толгой чиглэлтэй байдлаар төв замаар явж байсан. Тэр мотоцикльтой хүн хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар би мэдэхгүй ямар ч байсан тэр мотоцикльтой хүн гүүрний хашлага мөргөх үедээ бол нилээн хүчтэй мөргөж байсан. Түс тас гээд чимээ гарсан анх эхлээд тэр мотоциклийн гэрэл нь мурчигнаж ирээд тэгээд дараа нь хашлага мөргөсөн. Би тухайн үед явган зорчигч явж байсныг хараагүй тэгээд машинаас буугаад ирсэн чинь гүүрний гол хэсэгт нэг хүн хэвтэж байсан. Цаана нь мотоциклийн жолооч мотоциклийнхоо урд дугуйны хажууд хэвтэж байсан. Мотоциклийн жолооч намхандуу нуруутай 25-30 насны, күртэктэй, жинсэн өмдтэй залуу байсан. Тэр залуугийн нүүр улаан цус болчихсон цус гараад байсан. Тэгээд хэсэг ухаангүй байж байгаад босоод явах гэхээр нь би очиж мотоциклийнх нь хажууд суулгаад хараад байж байх үед цагдаа нар ирсэн. Тэгээд тэр залууг аваад явсан. Би тэр үед ганцаараа явж байсан. Уг ослыг надаас өөр харсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-29-30х/ 
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Ховор-Эрдэнэ: “...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би жижүүртэй байсан юм. Тэр үед 20 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр Батномгон дэлгүүрийн хажуу талын гүүрэн дээр мотоцикьтой хүн явган зорчигч дайрчихлаа гэсэн дуудлага ирээд уг дуудлаган дээр очих үед Батномгон дэлгүүрийн хажуу талын асфалтан гүүрэн дээр зам тээврийн осол гарсан байсан. Тухайн үед гүүрний урд талд мотоциклийг гүүрний хашлага налуулаад тавьсан байсан. Мотоциклийн хажуу талд нэг хүн сууж байсан. Хажууд нь цагдаа зогсож байсан гүүрний гол хэсэгт дээлтэй 55-60 орчим насны эрэгтэй хүн хажуу талаараа унасан байдалтай газар хэвтэж байсан ба толгойноос нь бага зэрэг цус гарсан баруун гарын алганд том хэмжээтэй зүсэгдсэн шархтай согтуу хүн хэвтэж байсан. Тухайн үед би үзлэг хийхэд амин үзүүлэлт тогтвортой байсан. Хүзүүнд бэхэлгээ тавих үед тэр ах бэхэлгээг аваад бэхэлгээ тавиулахгүй байсан. Толгой болон гарын шарханд боолт хийж эмнэлэгт тээвэрлэн хүргэсэн. Эмнэлэгт ирээд гарын болон толгойны язарсан шарханд цэвэрлэгээ хийж анхлагч цэгцлэгч хийж оёдол тавьж эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн үед мотоциклийн хажууд зогсож байсан хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар сайн мэдэхгүй байна. Тэр хүнийг би үзэж эмчилгээ хийх үед миний бие зүгээр гээд байсан. Намайг дуудлагаар очих үед гүүрний гол хэсэгт мотоцикльд дайруулсан гэх дээлтэй эрэгтэй хэвтэж байсан уг гүүрний урд талд хашлага налуулж зогсоосон мотоцикль байсан ба түүний хажуу талд мотоциклийн жолооч зогсож байсан. Тухайн үед тэр хүнд үзлэг хийгээгүй болохоор биедээ ямар нэгэн бэртэл авсан талаар мэдэхгүй байна. Тэр үед би жолооч нь зүгээр үү гэж асуухад тэр мотоциклийн жолооч гэх залуу би зүгээр гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-31-32х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Булгантамирын: “...би Ч.Сумъяабаатар, Б.Ганболд гэх хүмүүсийг танихгүй. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Жаст-Ойл шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан. Тэр үед бүрэнхий тасарч байхад ойролцоогоор 20 цагийн орчимд баахан цагдаа нар манай ажлын ойролцоо байх гүүрэн дээр ирсэн ба яг юу болсон талаар хараагүй, сүүлд нь сонсоход мотоцикльтой хүн гүүрэн дээр явган зорчигчыг дайрсан гэж байсан. Манай Жаст-Ойл шатахуун түгээх станц гадна болон дотор талдаа ямар нэгэн хяналтын камергүй. Би уг зам тээврийн ослыг хараагүй. Намайг харах үед баахан цагдаа нар гүүрэн дээр ирчихсэн зам хаагаад байсан. Гүүр харагдах боломжтой камер туссан аж ахуй нэгж байгууллага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-33-34х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Нарантуяагийн: “...би Ч.Сумъяабаатар, Б.Ганболд гэх хүмүүсийг танихгүй. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сум 7 дугаар баг Бор толгойн 2-20 Тоотод Батномгон нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Намайг аймгийн төвөөс гэр рүүгээ машинтай ирж явах үед манай дэлгүүрийн хажуу талд байх асфалтан гүүрэн дээр зам тээврийн осол гарсан гээд зам хаачихсан цагдаа нар гүүрэн дээр зогсож байсан. Би гүүрний хажуу талаар мөсөөр гол гарах үедээ харах үед гүүрний гол хэсэгт нэг хүн хэвтэж байгаа бололтой түүний цаана нэг мотоцикль байгаа харагдаж байсан. Би өөр зүйл бол сайн анзаарч хараагүй. Тэгээд гэртээ орчихсон. Сүүлд нь сонсож байхад манай дэлгүүрийн хажуу талын гүүрэн дээр явган зорчигчийг мотоцикльтой хүн дайрсан байна гэж дуулсан. Манай дэлгүүр зөвхөн дэлгүүрийн дотор тал болон гадаа үүдийг харуулсан хяналтын камер байдаг. Харин дэлгүүрийн хажуу талд байх гүүр рүү харсан камер байдаггүй. Манай ойролцоо асфалтан гүүр рүү харсан камертай аж ахуй нэгж байхгүй...” гэх мэдүүлэг /хх-35-36х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Төгсжаргалын: “...би Б.Ганболдыг танина. Б.Ганболд нь манай нөхөр байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой 20-21 цагийн орчимд намайг ажил дээрээ байж байх үед манай нөхөр Б.Ганболд над руу утсаар ярьж би Батномгон дэлгүүрийн хажуу талын гүүрэн дээр хүн дайрчихлаа гэж хэлсэн. Тэхээр нь би хэрэг болсон гэх газар нь ирэх үед цагдаа нар ирчихсэн байсан манай нөхөрт дайруулсан гэх хүнийг эмнэлгийн машин ирээд аваад явсан байсан. Харин манай нөхөр Ганболд байсан тэр үед Ганболдын нүүр цус болчихсон хацар зовхи орчимоос нь цус гараад байж байсан. Би тухайн үед яг юу болсон талаар бол хараагүй болохоор тодорхой хэлж мэдэхгүй манай нөхөр Ганболд би хүн дайрчихсан гэж байсан. Тэгээд би эмнэлэг дээр очиж манай нөхрийн унаж явсан мотоцикльд мөргүүлсэн гэх хүнтэй очиж уулзсан. Уг мотоцикль  манай нөхөр Ганболдын өөрийнх нь эзэмшлийн мотоцикль байгаа юм. Уг мотоциклийг манай нөхөр бид 2 миний өөрийн төрсөн ах болох Ч.Сайханбилэг гэх хүнээс худалдаж авсан. Манай ах Ч.Сайханбилэгт мотоциклийн гаалийн бичиг байсан боловч одоо эрээд хаана байгааг нь олохгүй байгаа. Б.Ганболд бид 2 уг мотоциклийг ахаасаа 2015 оны 07 сард 200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Манай нөхөр Б.Ганболд мотоциклийн таксинд явж мөнгө олдог байсан. Хааяа нэг архи уучихдаг, архи уусан үедээ бол үг дуу цөөтэй томоотой байдаг. Манай нөхөр Б.Ганболд уг нь их томоотой хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-37-38х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Чанцалын: “...би Б.Ганболдыг танина. Б.Ганболд нь манай хүргэн байгаа юм. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй би уг хэргийг хараагүй болохоор яг юу болсон талаар мэдэхгүй. Харин өөр бусад байдлын талаар мэдүүлэг өгнө. Манай хүргэн Б.Ганболдын тухайн үед жолоодож явсан улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль бол манай хүргэн Б.Ганболдын өөрийн эзэмшлийн мотоцикль байгаа юм. Уг мотоциклийг манай хүргэн миний төрсөн хүү Сайханбилэгээс 2015 оны 07-08 дугаар сарын үед 200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Түүнээс хойш манай хүргэн дахиж ямар нэгэн мотоцикль худалдаж аваагүй. Энэ мотоциклийг жолоодож байгаа. Тухайн үед уг мотоциклийг манай хүргэн миний төрсөн хүүгээс бэлэн мөнгийг нь өгч худалдаж авч байсан. 2013 онд үйлдвэрлэгдсэн мотоцикль байгаа юм. Манай хүү Сайханбилэг энэ мотоциклийг 2013 онд шинээр нь авч унаж хэрэглэж байгаад өөрөө шинэ мотоцикль аваад хуучин мотоциклио манай хүргэнд зарсан юм. Одоо энэ мотоцикль манай хүргэн Б.Ганболдын эзэмшлийн мотоцикль болсон. Манай хүү Сайханбилэг өөрөө ирж мэдүүлэг өгөх гэхээр хөдөө гэрт нь хүн байхгүй ганцаараа байгаа болохоор ирж энэ талаар мэдүүлэг өгөх боломжгүй байгаа. Уг мотоциклийг манай хүргэн худалдан авсан нь үнэн. Энэ талаар манайхаас маргаад байх хүн байхгүй. Манай хүргэн Б.Ганболд үе үе архи уучихдаг, архи дарсанд ерөнхийдөө дуртай хүн байгаа юм. Архи дарс уухгүй бол манай хүргэн их томоотой сайн хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-39-40х/ 
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Галягийн: “...би Б.Ганболдыг танина. Б.Ганболд манай хүргэн хүү байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд надад татгалзах зүйл байхгүй. Миний төрсөн хамгийн том хүү Сайханбилэг 2013 онд Улаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикль шинээр нь худалдан авч байсан. Тэгээд 2015 онд шинэ мотоцикль дахин худалдаж аваад хуучин улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклио манай хүргэн Б.Ганболдод 2015 оны 07-08 дугаар сарын үед бэлнээр нь 200.000 төгрөгөөр зарж байсан. Тухайн үед манай охин Төгсжаргал болон манай хүргэн Б.Ганболд 2 бага багаар надад мөнгө хадгалуулж байсан. Тэр мөнгөөрөө авч байсан юм. Одоо энэ мотоцикль бол манай хүргэн Б.Ганболдын мотоцикль байгаа юм. Манай хүү Сайханбилэг хөдөө малтай ганц гэрээрээ хол байдаг учраас ирэх боломжгүй байна. Уг мотоциклийг хэн хэзээ хаанаас хэрхэн яаж авч байсан талаар манай эхнэр Чанцал бид 2 сайн мэднэ. Уг мотоциклийг Б.Ганболдын мотоцикль биш гэж маргах хүн байхгүй эзэн нь Б.Ганболд өөрөө байгаа юм. Б.Ганболд архи дарсанд бол нилээн дуртай хүн, архи өгвөл уучихдаг хүн байгаа юм. Архи уухгүй бол гарын ур дүү сайтай, ажилд сайн, томоотой хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-41-42х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагч Б.Ганболдын: “...би ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаараа мэдэж байна. Би Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх үүргээ уншиж ойлголоо надад асуух зүйл байхгүй. Би өмгөөлөгч Н.Энхжаргалын хамтаар мэдүүлэг өгнө. Би 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ архи уучихсан байх үедээ 20 цагийн орчимд өөрийн гэр болох Эрчим хорооллоос Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой гараад Бор толгой буюу Ирээдүй сургуулийн ойролцоо байх өөрийн найз Бааяа гэх айлд очих гэж явж байх үед миний урдаас машины гэрэл гялбах үед миний урд талд буюу гүүрэн дээр явган зорчигч явж байгаа харагдсан. Тэгээд би мотоциклио зогсоох гээд тоормослоод зогсож чадалгүй гүүрэн дээр явж байсан явган зорчигчийг мотоциклиороо мөргөөд би гүүрний хашлага мөргөж унаад ухаан алдсан тэгээд нэг сэрэх үед цагдаа нар ирсэн байсан. Намайг сэрэх үед цагдаа нар ирсэн байсан. Миний унаж явсан мотоцикльд мөргүүлсэн хүн замын голд хэвтэж байсан. Би тухайн үед ойролцоогоор 40 км цагийн хурдтай явж байсан би унаж явсан мотоциклио 3-4 дүгээр араандаа хийгээд явж байсан. Би тухайн үед гайгүй байсан. Би гэрээсээ гарахаасаа өмнө нэг шил архи уусан байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Тухайн үед явган зорчигч гүүрэн дээр явж байхыг хараад мотоциклио зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэсэн. Тухайн үед явган зорчигчийг асфалтан гүүрний яг гол хэсэгт мотоциклийнхоо зүүн талын өвдөгний хамгаалалт орчмоор шүргэж мөргөсөн. Тухайн үед миний унаж явсан улаан өнгийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль нь миний өөрийн эзэмшлийн мотоцикль байгаа юм. Надад гаалийн бичиг нь байгаа. Гэрчилгээ бол аваагүй байгаа. Би тэр үед 24 дүгээр байрны аюулгүйн тойргоор эргээд Бор толгой руу буюу Ирээдүй сургуулийн ойролцоо байх найзых руугаа явж байсан.
Би урьд өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн  би 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд улсын дугааргүй өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож яваад Батномгон хүнс барааны дэлгүүрийн хажуу талд байх асфалтан гүүрэн дээр Ч.Сумъяабаатар гэх хүнийг дайрч биед нь гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Надад урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ өөр нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогч Ч.Сумъяабаатарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Ч.Сумъяабаатар одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон.
Тухайн үед жолоодож явсан Мустанг-5 маркийн мотоциклийн рүл дээр уяатай байсан цэнхэр өнгийн хамгаалах малгай миний өөрийн малгай  байгаа юм. Би тухайн үед хамгаалах малгай өмсөж яваагүй явж байгаад зам тээврийн осол гаргасан. Тухайн үед цэнхэр өнгийн хамгаалах малгайгаа мотоциклийнхоо рүл дээр өлгөчихсөн явж байсан. Би уг нь замын хөдөлгөөнд оролцох бүрдээ хамгаалах малгай өмсөж хэрэглэдэг. Одоо бодоход тэр үед мотоциклио 5 дугаар араанд нь хийгээд явж байсан санагдаж байна. Би яг тодорхой санахгүй байна. Ерөнхийдөө 5 дугаар араандаа хийгээд явж байсан байж магадгүй тэр үед архи дарс уусан байсан тэгээд осолд орсон болохоор мотоциклио яг хэд дүгээр араанд хийж явсан талаар мэдэхгүй байна. Яг хэдэн км цагийн хурдтай явсан талаараа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-89-90, 92-93, 94х/ 
    * Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт: “...1 Шинжээч эмч а/д Б.Отгонжаргалын №10 тоот дүгнэлтээр улсын дугааргүй улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явсан Б.Ганболдын гэх цусанд 1.6 промиль спиртийн алкоголь илрэв энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Жолооч Б.Ганболд нь Монгол Улсын ЗХД 2.7 А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг мөн Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.1.А-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. 2. Улсын дугааргүй улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн хурдыг тогтоох боломжгүй, зогсоох арга хэмжээ авсан байна. 3. Осол болсон замын нөхцөл байдал нь асфалтан тэгш, хуурай зам байв. 4. Жолооч Б.Ганболд “В” ангилалын 363281 дугаарын жолооны эрхийн үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт /хх-48х/
    * Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаартай дүгнэлт: “...1. Ч.Сумъяабаатарын биед зүүн зулайн хэсгийн хуйханд шарх, баруун гарын алганд гүн шарх, баруун чихний дэлбээний ар талд цус хуралт, хамар, духны баруун хэсэг, баруун хацар, зовхи, зүүн шууны гадна доод хэсэгт зулгаралт, зүүн гарын сарвууны ядам, дунд хурууны 1 дүгээр үений ар талд жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Осолд орсон тухайн цагт үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй. 5. Шинжлүүлэгчийн 3 дугаар шатлалын эмнэлэгт онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт /хх-60х/
    * Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 108 дугаартай дүгнэлтийн нэмэлт: “...1. Ч.Сумъяабаатарын биед духны зүүн урд хэсгээс баруун зулай чамархай руу чиглэсэн ташуу шугаман хугарал, духны зүүн тал, зүүн чамархай, зулай хэсгийн тархины эдийн хүнд зэргийн няцралт, тархины 2 тал бөмбөлгийн таславч хооронд тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хамар, зүүн зулай хэсгийн хуйханд шарх, баруун гарын алганд гүн шарх, баруун чихний дэлбээний ар талд цус хуралт, хамар, духны баруун хэсэг, баруун хацар, зовхи, зүүн шууны гадна доод хэсэгт зулгаралт, зүүн гарын сарвууны ядам, дунд хурууны 1 дүгээр үений ар талд жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Осолд орсон тухайн цагт үүссэн байх боломжтой. Ч.Сумъяабаатар нь хамар 2 нүдний ухархайн дотор ханын хуучин цөмөрсөн хугарал гэмтэлтэй байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-2, 3-1-3-д зааснаар /гавал тархины гэмтэл нь/ амь биед аюултай шинжээрээ хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь нийлээд 2-4-1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%, түүнээс дээш хувиар алдагдуулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-53х/
    * Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт: “...1. Ч.Сумъяабаатарын гэх цусанд 2.1 промиль спиртийн алкоголь илрэв. 2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. 3. Ч.Сумъяабаатар нь 3 дугаар бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-68х/
    * Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаартай дүгнэлт: “...1. Б.Ганболдын биед тархи доргилт, баруун хацрын дээд хэсэгт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шинжлүүлэгч 3 дугаар шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт /хх-73х/
    * Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт: “...1. Б.Ганболдын гэх цусанд 1.6 промиль спиртийн алкоголь илрэв. 2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. 3. Б.Ганболд нь 3 дугаар бүлгийн цустай...” гэх дүгнэлт /хх-74х/
    * Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт: “...1. Шинжээч эмч а/д Б.Отгонжаргалын 10 тоот дүгнэлтээр Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Ганболдын гэх цусанд 1.6 промиль спиртийн алкоголь илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтээр жолооч Б.Ганболд нь Монгол Улсын ЗХД-ын 2-7-р зүйл жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. 2.7 а-д Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ЦЕГ-ын жолоочийн лавлагаанаас Б.Ганболд нь В ангилалын 363281 тоот хүчинтэй үнэмлэхтэй байгаа нь МУ-н ЗХД-н 2.1.А-д Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодоно”, ЗХД-г 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Шинжээч эмч а/д Б.Отгонжаргалын 09 тоот дүгнэлтээр Ч.Сумъяабаатарын гэх цусанд 2.1 промиль спиртийн алкоголь илрэв энэ нь согтолтийн дунд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтээр зорчигч Ч.Сумъяабаатар нь 3 дугаар зүйл Явган зорчигчийн үүрэг 3.9 Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно 3.9.г Өөрийгөө жолоодож хянаж чадахааргүй үедээ зорчих хэсгээр явах, 3.4-д заасан Явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтууд зөрчсөн байна. 3. Уг зам тээврийн осол хэрэг Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Ганболдын ЗХД-н 2.7.а-д заасан Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, ЗХД-н 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас гарсан гэж үзэж байна. 4. Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Ганболд нь тухайн нөхцөлд хурдаа тохируулж яваагүй байна. Энэ нь үзлэгээр 6 метр тоормозлоод явган зорчигч мөргөснөөр батлагдаж байна. 5. Асфальт, тэгш, хуурай үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар таатай байсан байна. 6. Б.Ганболд нь мотоцикль жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүй, “В” ангилалын жолооны хүчинтэй 363281 дугаарын үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт /хх-80-81х/
    * Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6х/
    * Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-8, 21-22х/
    * Хөрөнгийн үнэлгээ /хх-44х/
    * Ч.Сумъяабаатарын өвчний түүх /хх-61-67х/
    * Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 117 дугаартай тодорхойлолт /хх-101х/
    * Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-105-106х/ зэрэг болно. 

Шүүгдэгч Б.Ганболд нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Батномгон” нэртэй дэлгүүрийн баруун талын гүүрэн дээр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 2.1.А-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно”, мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Ч.Сумъяабаатарыг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч Ч.Сумъяабаатарын “...20 цаг болж байсан байх тэгээд явсаар байгаад Батномгон дэлгүүрийн ойролцоо би замынхаа баруун талаар явж байгаад гүүр тулж ирсэн тэр үед гүүр хөндлөн гарах гэж алаад явж байтал миний урдаас буюу онгоцны буудал талаас машин юм уу мотоциклийн гэрэл туссан тэгээд нэг мэдсэн би мотоцикльд дайруулчихсан эмнэлэг дээр ирсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Дарханбаатарын “...намайг төв замаар явж байхад миний урдаас буюу ертөнцийн зүгээр баруун талаас гүүрний цаанаас нэг мотоцикль ирж явсан. Тэгээд тэр мотоциклийн  гэрэл далбилзаад түс тас гэх чимээ гарсан тэр үед миний машины гэрэлд тэр мотоцикльтой хүн гүүрний хашлага мөргөж байгаа нь харагдсан. Тэхээр нь би гүүрний ойролцоо очоод машинаа зогсоогоод машинаас буугаад хартал гүүрний гол хэсэгт дээлтэй хүн газар  хэвтэж байсан. Түүний цаахан талд мотоциклийн жолооч бололтой нэг залуу гүүрний хашлагны ойролцоо мотоциклийнхоо урд талд урд талын дугуйныхаа хажууд уначихсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Ховор-Эрдэнийн “...Мотоциклийн хажуу талд нэг хүн сууж байсан. Хажууд нь цагдаа зогсож байсан гүүрний гол хэсэгт дээлтэй 55-60 орчим насны эрэгтэй хүн хажуу талаараа унасан байдалтай газар хэвтэж байсан ба толгойноос нь бага зэрэг цус гарсан баруун гарын алганд том хэмжээтэй зүсэгдсэн шархтай согтуу хүн хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Төгсжаргалын “...2016 оны 03 дугаар сарын 18-ны орой 20-21 цагийн орчимд намайг ажил дээрээ байж байх үед манай нөхөр Б.Ганболд над руу утсаар ярьж би Батномгон дэлгүүрийн хажуу талын гүүрэн дээр хүн дайрчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “...улсын дугааргүй улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явсан Б.Ганболдын гэх цусанд 1.6 промиль спиртийн алкоголь илрэв энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Жолооч Б.Ганболд нь Монгол Улсын ЗХД 2.7 А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг мөн Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.1.А-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн...” гэсэн 21 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны “...1. Ч.Сумъяабаатарын биед духны зүүн урд хэсгээс баруун зулай чамархай руу чиглэсэн ташуу шугаман хугарал, духны зүүн тал, зүүн чамархай, зулай хэсгийн тархины эдийн хүнд зэргийн няцралт, тархины 2 тал бөмбөлгийн таславч хооронд тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хамар, зүүн зулай хэсгийн хуйханд шарх, баруун гарын алганд гүн шарх, баруун чихний дэлбээний ар талд цус хуралт, хамар, духны баруун хэсэг, баруун хацар, зовхи, зүүн шууны гадна доод хэсэгт зулгаралт, зүүн гарын сарвууны ядам, дунд хурууны 1 дүгээр үений ар талд жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Осолд орсон тухайн цагт үүссэн байх боломжтой. Ч.Сумъяабаатар нь хамар 2 нүдний ухархайн дотор ханын хуучин цөмөрсөн хугарал гэмтэлтэй байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3-1-2, 3-1-3-д зааснаар /гавал тархины гэмтэл нь/ амь биед аюултай шинжээрээ хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь нийлээд 2-4-1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%, түүнээс дээш хувиар алдагдуулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэх боломжтой...” гэх 108 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Б.Ганболдын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ганболд нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, хохирогч Ч.Сумяъабаатарын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан, үйлдэл хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна. 
Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул Б.Ганболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 
Хохирогч Ч.Сумъяабаатар нь хохирол төлбөрөө авсан, нэхэмжлэх зүйлгүй болсон талаар мэдүүлэг өгсөн /хх-28х/ бичгээр хүсэлт /хх-98х/ гаргасан байх тул шүүгдэгч Б.Ганболдыг бусдад учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч Б.Ганболд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар /хх-105-106х/ тогтоогдож байх ба түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дүүрэн овогт Баатарын Ганболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.2-т зааснаар шүүгдэгч Б.Ганболдыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  /нэг/ жил хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ганболдод оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Ганболд бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ганболдын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 05 сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн Улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг өмчлөгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Эрчимийн 09-11 тоотод оршин суух Баатарын Ганболдод буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Ганболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

8. Шүүгдэгч Б.Ганболдод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулахаар шийтгэх тогтоолын хувийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

9. Шийтгэх тогтоолыг танилцуулснаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж шүүгдэгч Б.Ганболдод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Э.ОДХҮҮ