Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0591

 

 

 

 

 

 

 

 

Л.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Нэхэмжлэгч: Л.Т

Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Гуравдагч этгээд: Б.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1, 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, 4/02 дугаартай “Хурлын дарга чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, 4/03 дугаартай “Хурлын дарга сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, 4/04 дугаартай “Тэргүүлэгчдэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажил албан тушаалд эгүүлэн томилох, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр даалгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Т, өмгөөлөгч Ж.Э

Хариуцагчийн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 125/2022/0003/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Т нь Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай хуралдааныг хууль бус болгохыг тогтоолгох, 4/01 дугаартай тогтоолын 1, 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, 4/02, 4/03, 4/04 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын ажилд эгүүлэн томилох, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, мөн тус өдрөөс хойш хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр:

“ 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн  Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/04 дүгээр “Тэргүүлэгчдэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-б,  20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь заалт,  2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/02 дугаартай “Хурлын дарга чөлөөлөх тухай” тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/03 дугаартай “Хурлын дарга сонгох тухай” тогтоолуудыг тус тус  хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож,  нэхэмжлэгч Л.Тийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож,

3 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2, 102.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид /Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд/ даалгаж тус тус шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нь  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шүүх хэргийн бодит байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн тус тус батална.” гэсэнтэй нийцсэн. 

3.2. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдахаар 21 төлөөлөгч буюу 100 хувийн ирцтэй хуралдаан эхэлж тухайн хуралдаанд Ардын намын Бүлгээс Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр өөрчлөлт оруулах саналыг гаргаж санал хураахад 11 гишүүн оруулахаар болонгуут үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын бүлэг завсарлага 2 удаа авсан боловч цагтаа ирэлгүй бүгд тарж алга болсон байдаг.

3.3. Дараагийн хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 19-ний орой 11 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж шийдвэрийг гаргасан бөгөөд энэхүү хуралдааныг хууль бус гэж үзэх үндэслэлгүйгээс гадна нэг хоногийн өмнө төлөөлөгч нарт энэ талаар мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй юм. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүх гишүүдэд мэдэгдсэн гэж үзэх бөгөөд 2 хоногийн дараа Хурлын даргыг огцруулах талаар тогтоол гаргасан. Тухайн завсарлага авсан өдрөөс хойш намын бүлгүүд болон гишүүдэд хурлын нарийн бичиг Баттулга удаа дараа Иргэдийн хурлыг хуралдаанаа явуулах талаар утсаар мэдэгдэж зарим төлөөлөгч нарын гэрт нь очсон талаараа шүүх хуралдаан болон шүүхэд өгсөн 2 удаагийн мэдүүлэгтээ хэлсэн.

3.4. Нэхэмжлэгч болон Ардчилсан намын бүлэг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр болох хуралдааны талаар мэдсэн боловч санаатайгаар өөрсдөө хуралдаандаа ирээгүй тул тус өдрийн хуралдаанд хэлэлцэх асуудлын дараалалд оруулж хууль журмын дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж шийдвэрээ гаргасан.

3.5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан нэг хоногийн өмнө Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдэд мэдэгдэх гэснийг зөрчөөгүй байхад шүүх хэт нэг талыг баримталж хуулийн энэхүү заалтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тайлбарлаагүй байна.

3.6. Учир нь Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуралдаж даргаа огцруулах шийдвэр нь хуулийн дээрх заалтад заасан санал гэж үзэх бөгөөд улс төрийн аливаа шийдвэрийг шүүх дахин хянаж үнэлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай тогтоолоор Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг баталж, мөн өдрийн “Хурлын дарга чөлөөлөх тухай” 4/02 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б” дахь заалтыг үндэслэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Т-ийг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Хурлын дарга сонгох тухай” 4/03 дугаар тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б” дэх заалтыг үндэслэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаанд оролцсон 21 Төлөөлөгчөөс олонхийн буюу 52.3 хувийн саналыг авсан Батдорж овогтой Цэнд-Аюушийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилжээ.

 

2.2. Дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.Т-өөс:

1. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох,

2. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах,

3. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/02 дугаартай “Хурлын дарга чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

4. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/03 дугаартай “Хурлын дарга сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

5. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/04 дүгээр “Тэргүүлэгчдэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

6. Л.Тийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох,

7. Л.Тийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацааны  ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах,

8. Л.Тийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1, 5 дугаар шаардлагаасаа татгалзсан үйл баримт тогтоогдож байна.

2.3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”-д зааснаар Хурлын даргыг сонгох, өөрчлөх бүрэн эрхтэй хэдий ч энэхүү бүрэн эрхээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн тохиолдолд энэ талаар гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үзнэ.

2.4. Анхан шатны шүүхээс “...хэдийгээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нь хуралдаанд асуудал хэлэлцүүлэхээр санаачилж оруулах эрхтэй хэдий ч тийнхүү хэлэлцүүлэхээр оруулж буй саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн  өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх хуулийн зохицуулалт, хуралдааны дэгийг зөрчсөн төдийгүй төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримтлаагүйгээс нэхэмжлэгч Л.Т-ийг Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас чөлөөлсөн үйл ажиллагааг хууль  ёсны гэж үзэх боломжгүй, хурлын үйл ажиллагааны журам, зарчмыг зөрчсөн байна” гэж дүгнэж, Л.Т-ийн нэхэмжлэлийг ханган, дээрх тогтоолуудыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

2.5. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”-д тухайн шатны Хурал нь Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 24 дүгээр зүйлд 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасны дагуу хурлын даргыг огцруулах саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, холбогдох шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараахаар байх бөгөөд энэхүү шаардлагыг хангагдаагүй тохиолдолд тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцэх хууль зүйн боломжгүй байна.

2.6. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV дүгээр хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт хуралдуулахаар товлож, 8 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөн мөн өдрийн хуралдааныг Л.Т даргалж эхлүүлсэн атлаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” 4/01 дүгээр тогтоолоор хэлэлцэх асуудлыг өөрчлөн баталж, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Ц-ийг шинээр томилж, тус хуралдааныг даргалуулан дээрх асуудлыг хэлэлцсэн нь хууль бус болжээ.

2.7. Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд 21 төлөөлөгч ирэхээс 21 төлөөлөгч хүрэлцэн ирснээр 100 хувийн ирцтэйгээр хуралдсан байх бөгөөд хуралдааны эхэнд дотоод журам, хэлэлцэх асуудал, илтгэгчдийг танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбоотой асуулт байгаа эсэхийг тодруулахад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх, Засаг даргыг огцруулах саналыг Ховд аймгийн Буянт сумын Ардын намын хорооноос гаргаж, улмаар тус бүлэг завсарлага авч хуралдаан үргэлжлүүлэхэд ирц хүрэлцээгүй тул хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг хүртэл хойшлуулсан байх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөр этгээдээр даргалуулан цааш үргэлжилсэн болох нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

2.8. Улмаар дээрх хуралдаанд 21 төлөөлөгч ирэхээс 11 төлөөлөгч хүрэлцэн ирснээр 52.3 хувийн ирцтэйгээр хуралдсан байх бөгөөд Уг хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардын намын бүлгээс хэлэлцэх асуудалд “... урьд нь ... өгсөн албан бичгийн талаар хэлэлцэх саналтай байна ...” гэх саналыг нэмж гаргаснаар “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Т, сумын Засаг дарга Ч.Н” нарыг огцруулах асуудлыг хэлэлцэх эсэх талаар төлөөлөгчдөөс санал хураахад 11 хүний саналтайгаар хэлэлцэх асуудалд шууд оруулан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлуудыг хэлэлцсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” гэсэн хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх, 22.1.1-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”, 22.1.4-д “эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах”, 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны Анхдугаар хуралдааны 1/03 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хуралдааны дэг батлах тухай” 02 дугаар тогтоолоор баталсан “Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны байнгын дэг”-ийн 4 дүгээр зүйлийн 4.7-д “Ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

2.9. Маргаан бүхий Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/02 дугаартай “Хурлын дарга чөлөөлөх тухай” тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”-д заасан тухайн шатны Хурал нь Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх эрхтэй гэснийг үндэслэсэн боловч нэхэмжлэгч Л.Т нь хуульд заасан үүргээ хэрхэн зөрчсөн, ямар үндэслэлээр чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй төдийгүй энэ талаарх баримт, судалгаа, лавлагааг гаргаагүй, гарах шийдвэрийн төслийг урьдчилан бэлтгээгүй, хуралдааны үеэр шууд санал гаргаж асуудлыг хэлэлцсэн нь дээрх байдлаар хууль бус байх бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон гуравдагч этгээд Б.Цийн талаарх танилцуулга, мэдээлэл, холбогдох шийдвэрийн хамт хуульд заасан журмын дагуу хурлын төлөөлөгчдөд хүргүүлээгүй нөхцөл тогтоогдож байх тул анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

2.10. Хэдийгээр улс төрийн албан тушаалтан боловч орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад зохих шалтгаан, үндэслэл байхгүйгээр, дээрх хуулийг зөрчих эрхгүй тул хариуцагчийн “... улсын төрийн аливаа шийдвэрийг шүүх дахин хянаж үнэлэх боломжгүй” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

2.11. Түүнчлэн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаар тогтоолоор нэгэнт ээлжит IV дүгээр хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдуулахаар товлож, хэлэлцэх асуудлыг баталсан байхад тухайн өдрийн хуралдаанд Монгол Ардын намаас хэлэлцэх асуудалд батлагдаагүй “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга” нарыг огцруулах саналыг гаргасныг дээрх хуульд заасны дагуу хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тарааж, мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.12. Ийнхүү нэхэмжлэгч Л.Т-ийг Хурлын даргаас огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хууль бус байх тул гуравдагч этгээд Б.Ц-ийг шинээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилсныг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэх боломжгүй тул Ховд аймгийн Буянт сумын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь хэсэг, 4/02 дугаартай “Хурлын дарга чөлөөлөх тухай” тогтоол, 4/03 дугаартай “Хурлын дарга сонгох тухай” тогтоолуудыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон                                                     ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА