Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 202/МА2017/00024

 

 

 

*** банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 136/ШШ2017/00262 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *** банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э-т холбогдох, 

Үндсэн зээл 855000 төгрөг, хүү 1168939,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 386654 төгрөг, нийт 2410593 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагч Б.Эын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Эрдэнэчимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч *** банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь иргэн Б.Этай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 16 тоот лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж 855000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, нэг сарын 2,2 хувийн хүүтэй олгосон. Гэвч зээлдэгч нь зээл, зээлийн хүүгээ гэрээний дагуу хугацаандаа төлөхгүй одоог хүртэл нэг ч удаа зээлийн төлөлт хийлгүй өдийг хүрсэн байна. 2013 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа оршин суудаггүй 

үндэслэлээр СХДИХАШШүүхийн 2013 оны 10 сарын 14-ний өдрийн 6463 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсан байдаг. Тиймээс Б.Этай байгуулсан 2011 оны 7 сарын 27-ны өдрийн 16 тоот лизингийн барьцаат зээлийн гэрээнд заасан үндсэн зээлийн үлдэгдэл 855000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү, балансын гадуурх хүүний төлбөрт 155593 төгрөг, нийт 2410593 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2011 онд иргэн Б.Г би Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт кафе караоке ажиллуулж байсан юм, гэтэл надруу нэг хүн утасдаад “та одоо надтай ирээд уулзаач” гэсэн, тэгээд Герман элчингийн хойд талын 2 давхар байранд заалгаад очтол нэг залуу, нэг охин хоёулаа байсан, “ах танай бааранд маш их хэрэгтэй ашигтай аппарат байна, энэ аппаратыг тавьснаар та цэвэр ус авах ямар ч шаардлагагүй, одоо танд мөнгө байхгүй бол энэ гэрээн дээр гарын үсэгээ зурчих, бид маргааш аппаратыг чинь хаягаар чинь хүргээд өгье” гээд, нэг улаан ус буцалгагч үзүүлсэн. Ингээд 7 хоног хүлээгээд аппарат ирдэггүй, утсаа ч авдаггүй, гэтэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас “а/х Уламбаяр гэдэг хүн байна, та ус буцалгагч аппарат авсан уу” гэсэн, би “аваагүй, мөнгө ч аваагүй одоо болтол ирээгүй байна” гэсэн, гэтэл “энэ хүмүүс залилан хийсэн байна, бид шалгаж байна” гэсэн, тэгээд чимээгүй болсон. Би 2015 онд Онцгой байдлын албанд ажилд ороод цалингийн зээл авах гэтэл “та найдваргүй зээлдэгч байна, *** банкнаас 855000 төгрөг 2011 оны 07 сард зээлсэн байна” гэсэн, би Монгол банк, *** банкны хэд хэдэн хуулийн зөвлөхүүдтэй нь удаа дараа уулзсан боловч хууль шүүхээр яваад хэрэггүй гэдэг боловч бүтэлтэй хариу шийд өгөхгүй байсаар байгаад өдийг хүрсэн. Би өөрөө данс нээгээгүй, тэр дансыг сая 2016 онд мэдлээ, иймд эдгээр нөхцөл байдлуудыг судлан үзэж хууль зүйн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар Б.Эас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2410593 төгрөгийг гаргуулж *** банкинд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 53519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эас улсын тэмдэгтийн хураамжинд 53519 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** банкинд олгож, … шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч Б.Э давж заалдсан гомдолдоо: …Иргэн Э надтай анх гэрээ хийсэн *** ХХК, мөн *** банкны 918-р салбарын эрхлэгч А.Э нарыг хариуцагчаар татах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүх хурлын тодорхойлох хэсэг дээр Б.Э 2080000 төгрөгийг төлнө гэсэн бичиг баримт хавтаст хэрэгт авагдсан  байгаа, хариуцагч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг гэдэг, гэтэл энэ талаар шүүх хурал дээр нэг ч үг асуугаагүй. *** ХХК, *** банк хоёр энэ асуудалд хамтран оролцож урьдаас бэлтгэлтэй зохион байгуулж хүнийг төөрөгдүүлэн гарын үсэг зуруулж байх магадлалтай байна. *** ХХК-ийн ажилтан Ц гэгч нь барааг хүлээлгэн өгсөн баримт үйлдээд хүлээлгэн өгөөгүй тул Цыг гэрчээр татан оролцуулах хүсэлтэй байна.  *** банкны хуулийн зөвлөх Э гэгч нь хуулийн цоорхой ашиглан, эрх зүйн мэдлэггүйг далимдуулан мөнгө төлүүлэх, залилангийн шинжтэй арга мэх хэрэглэсэн байх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч миний зүгээс хуулийн зөвлөхтэй зөвшилцсөн гэгдэх үндсээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. Жич: Мөн 2013.10.14-ний өдрийн шүүхийн захирамж, 2015 онд биеэр уулзаж хаягаа өгсөн гэх мэт.  Шүүх ус буцалгагчийн гэрээ, мөнгө авсан өгсөн баримт, бараа хүлээлгэн өгсөн зэргийг дахин нягталж бодит үнэлэлт дүгнэлт гаргуулах боломжийг бүрдүүлж өгөх нөхцлийг бүрдүүлж өгөх, 

Иргэний хуулийн 452.2 зээлдэгч гэрээнд зааснаар зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувь үндсэн хүү нь 1 жилийн хугацаатай байсан. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Мөн 281.2-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэснийг тодруулах, 

Аливаа банк нь иргэн, ААН-д зээл олгохдоо тухайн зээлдэгчийн нэр дээр байгаа эд хөрөнгийг барьцаалан олгох ёстой атал *** ХХК-ийн хууль бус үйлдэлд тэдний хөрөнгөөр надад зээл олгосон нь хууль зөрчсөн үйлдэл мэт харагдаж байна. Мөн Иргэний хуулийн 282.2-т заасан шүүх зээлийн хүүг багасгаж болох үндэслэлүүд байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй зэрэгт гомдол гаргаж байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь гомдолдоо яг ямар шаардлага гаргаад байгааг сайн ойлгохгүй байна. Мөнгөн дүнгээ багасгах юм уу, эсхүл анхан шатны шүүх рүү буцаая гээд байгаа юм уу сайн ойлгохгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар дурдсан, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хүү төлөх баталгаа гаргах зэргийг өөрөө гаргасан байдаг, энэ нь хавтаст хэрэгт байгаа. Анз хэрэглэсэн гэж бас яриад байгаа, анзыг бол банк хэрэглээгүй. Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж байгаа, банкны үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан байдаг. *** руу шилжүүлсэн, зээлийн дансанд нь мөнгө орсон, өөрөө гарын үсэг зурсан баримт нь хэрэгт байгаа. Б.Э нь эд зүйлийг хүлээн авсан баримт дээр гарын үсэг зурсан баримт нь бас хэрэгт байгаа.  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэснийг баримтлан банк нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.                                                                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул  давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Учир нь нэхэмжлэгч *** банк хариуцагч Б.Эд холбогдуулан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээл 855000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү, балансын гадуурх хүүгийн төлбөр нийт 1555593 төгрөг, бүгд 2410593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийг *** ХХК болон Э нар хариуцах ёстой, зээлийн мөнгө болон барааг хүлээн аваагүй, хүү төлөхгүй, хүүгийн хэмжээ өндөр, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *** банкнаас зээл олгох үйл ажиллагаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг зөрчөөгүй, улмаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээний үүрэгт  А.Э болон *** ХХК нь  хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй зөв байх боловч гэрээний хугацаа хэтэрсэн нөхцөл байдлын талаарх үйл баримтанд  буюу зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар дүгнэлт өгөхдөө энэ талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

Тодруулбал хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч *** банкнаас 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр цахилгаан бараа буюу ус цэвэршүүлэгч, эрдэсжүүлэгч аппарат худалдан авах зорилгоор 855000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулан, тус банкин дахь хариуцагчийн дансанд тухайн өдөрт гүйлгээ хийгдэж зээлийг олгосон /хх-13/, улмаар хариуцагч төлбөрийн баримт /хх-54/ үйлдэн 940500 төгрөгийг *** ХХК-д шилжүүлсэн, *** ХХК нь хариуцагчид барааг хүлээлгэн өгсөн /хх-52/ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон ба талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ. 

Харин хариуцагч Б.Э нь гэрээний үүргийг огт биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байхад нэхэмжлэгч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан шүүхэд мэдүүлэх замаар үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр зөрчигдсөн эрхийг сэргээлэх эрхээ хэрэгжүүлэлгүй гэрээний хугацаа дууссанаас хойш 4 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хүүгийн төлбөрийн хэмжээ нэмэгдэхэд хүргэсэн буюу энэ нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрч, үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл болсон байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. 

Энэ талаар нэхэмжлэгч тал хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй, шүүхэд хандсан боловч энэхүү шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч *** банк нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчаас гэрээний үүргийг шаардаж Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас өөрөөр энэ эрхээ хэрэгжүүлээгүй ба *** банк нь *** ХХК-д холбогдуулан гаргасан гомдлоор Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар Дүүргийн нэгдүгээр Прокурорын газрын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3672 дугаар Прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагчийг эрэн сурвалжлуулах талаар шүүх болон цагдаагийн байгууллагад хүсэлт гомдол гаргаагүй зэргээс үзэхэд хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй. 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.”, 24 дүгээр зүйлийн  3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.3, 9.3.1-т “зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн бол банк барьцаат зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардана” гэж тус зааснаас үзэхэд дээрх зохицуулалтууд нь зээлдүүлэгчид эрх олгосон, үүрэг болгоогүй заалт хэдий ч  талуудын хооронд зээлийн гэрээ 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдаж, хариуцагч Б.Э нь гэрээнд заасан хуваарь ёсоор 2011 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 73758 төгрөгийг эхэлж төлөх байсан боловч энэ үеэс л үүргээ огт биелүүлээгүй 5 жил өнгөрсөн байхад зээлдүүлэгч зээлийг төлүүлэх талаар гэрээ болон хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй нь ойлгомжгүй буюу энэ нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд хүргэж, гэрээний нөгөө талд тэгш бус байдал бий болсон гэж үзэх үндэслэлтэй. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *** банкийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан буруутай гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т зааснаар зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч *** банк нь  мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах тул нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 1555593 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Харин хөөн хэлэлцэх хугацааны хувьд:

1. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс буюу гэрээний үүрэг зөрчигдсөн хугацаа болох 2011 оны 07 дугаар сарын 31-нээс эхлэн тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан,

2. Гэвч нэхэмжлэгч *** банк нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан,

3. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.3-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шүүгчийн захирамж гарснаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогссон, 

4. Улмаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хугацааг дахин шинээр эхлэн тоолоход 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусах байсан, 

5. Хариуцагч Б.Э нь 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч *** банкинд төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий бичгийн баримтыг гаргаж өгсөн нь  Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар үүрэг хүлээсэн этгээд шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй ба мөн үеэс хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдсан, харин хариуцагч нь уг бичгийн баримтыг нэхэмжлэгч байгууллагын хуулийн зөвлөх бичүүлсэн, өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл биш гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэхүү үйл баримтыг нотлоогүй, 

6. Ийнхүү нэхэмжлэгч *** банк нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно. 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Эын “хүүгийн хэмжээг багасгах” тухай давж заалдсан гомдлыг  хангаж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 гэж хуулийг бичиглэлийн хувьд алдаатай хэрэглэсэн байгааг дурьдах нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 136/ШШ2017/00262 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т зааснаар хариуцагч Б.Эас зээл 855000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн хүүгийн төлбөр нийт 1555593 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 

2 дугаар заалтын “... 57 дугаар зүйлийн 57.1 ...” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2” гэж, “... Б.Эас улсын тэмдэгтийн хураамжид 53519 төгрөг ...” гэснийг “Б.Эас улсын тэмдэгтийн хураамжид 25070 төгрөг” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Эын давж заалдсан гомдлыг хангасугай. 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 53519 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БОЛОРМАА

        ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ 

                                                       Н.БАТЧИМЭГ