Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0334

 

“Юумэд хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч “Юумэд хайрхан” ХХК-ийн захирал Ч.Даваасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 78 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд “Геоталст” ХХК, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Юумэд хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Юумэд хайрхан” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Манайх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших "Дэлгэр-1" нэртэй 3096 гектар талбайд өргөдөл гарган ХА-017844-001-NE дугаарт бүртгүүлсэн. Уг өргөдлийг хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.

Энэхүү татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяад гомдол гаргасан боловч Ашигт малтмалын газрын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 6/6348 дугаар албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн.

Манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гол үндэслэл бол уг талбай нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07/01 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 191 дүгээр тогтоолоор улсын нөөцөд авсан газартай давхцалтай гэсэн шалтгаанаар орон нутгаас зөвшөөрөхгүй гэсэн санал ирүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзсан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар төрийн захиргааны байгууллага өргөдлийг хянахдаа анхан шатны шүүлт хийсний дараа уг талбай нь тусгай хэрэгцээний болон нөөцөд авсан талбайтай давхцаж байгаа эсэхийг шалгаж давхцаагүй нөхцөлд орон нутгаас санал авахаар явуулдаг. Манай компанийн өргөдлийг Ашигт малтмалын газраас хүлээн авч шалгаад орон нутгийн болон улсын тусгай хэрэгцээнд авсан газартай ямар нэгэн давхцал байхгүй гэж үзэж орон нутгаас санал авахаар явуулсан хэрнээ давхцалтай гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компаниас гаргасан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээхийг даалгаж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр уг талбайд “Геоталст” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг Ашигт малтмалын вэб сайтнаас олж мэдлээ. Манай компанийн өргөдөл өгсөн талбайд өөр компанид тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж үзэж байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн "Геоталст" ХХК-д Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт ашигт малтмалын хайгуулын ХҮ-018985 дугаар тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Өргөдлийн материалыг Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6/853 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

"Юумэд хайрхан" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NЕ-025104 дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан хуулийн хугацаанд буюу 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын 12 дугаар албан бичигт дэмжихгүй саналыг Ашигт малтмалын газарт ирүүлсэн байна. Говь-Алтай аймгийн Засаг даргын санал болон хавсралтаар ирүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн Тонхил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 05 дугаар тогтоол, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Геоталст ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Тус компани нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт Хүрэн нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэсэн. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрээр “Геоталст” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн. Тухайн талбай дээр “Юумэд хайрхан” ХХК нь өргөдөл гаргаж тус өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Санал өгөх эрх нь тухайн орон нутгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарна. Төрийн захиргааны байгууллагаас санал өгөх эрхэд халдах эрх байхгүй. Аймгийн Засаг даргын дэмжсэн саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга хүчингүй болгох эрх байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хууль бус гэж байгаа боловч хууль зүйн үндэслэлийг тодорхойлохгүй байна. Тэгэхлээр Кадастрын хэлтсийн даргыг хууль зөрчсөн гэж үзэж буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтад заасныг баримтлан “Юумэд хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн “Юумэд хайрхан” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрийн “Геоталст” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Юумэд хайрхан” ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгажээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрт "хариуцагчийн 2015 оны 538 дугаартай шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Засаг даргын дэмжихгүй санал ирсэн тул хайгуулын тусгай зөвшөөрлийг “Юумэд хайрхан” ХХК-д олгохоос татгалзсан боловч уг засаг даргын "хууль зүйн үндэслэлгүй" дэмжээгүй саналыг үндэслэж гарсан шийдвэр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. “Юумэд хайрхан" ХХК нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт "Дэлгэр-1" нэртэй талбайд 3096 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь заалтад "хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх" гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгч этгээдэд мэдэгдэж, 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлэхэд түүнээс хариу дэмжихгүй саналыг ирүүлсэн тул 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн "Юумэд хайрхан" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан дээрх 538 дугаартай шийдвэр гарсан.

Аймгийн засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д тус тус заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон эрхтэй.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд санал авахад тухайн сумын иргэд дэмжихгүй саналыг гаргасныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргад уламжилсан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан байх тул иргэдийн саналыг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байж болно.

Тиймээс Кадастрын хэлтсийн дарга нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй аймгийн Засаг даргын саналд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх эрхийг Ашигт малтмалын тухай хуулиар олгоогүй тул мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт "Дэлгэр-1" нэртэй 3096 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн "Юумэд хайрхан" ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч хууль зүйн үндэслэлгүй саналыг үндэслэж нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж 2015 оны 718 дугаар шийдвэр гаргаж, тухайн талбайд “Геоталст” ХХК-д Засаг даргын санал хуулийн хугацаанд ирээгүй тул тухайн саналыг зөвшөөрсөнд тооцно гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь Монгол улсын Үндсэн хуулийн 2 дахь заалтын "..шудрага ёс,..тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагаанд үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг зөрчсөн, мөн эдгээр шийдвэрийг гаргахдаа шудрага ёс, эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт "Дэлгэр-1" нэртэй 3096 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн "Юумэд хайрхан" ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэр гарсны дараа тухайн талбайд дахин өөр өргөдөл авахгүй байхыг хуулиар хязгаарлаагүй.

Иймээс "Дэлгэр-1" нэртэй 3096 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдлийн дугаарыг "Геоталст" ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр авсан бөгөөд өргөдлийг бусад материалын хамт хүлээн авч дугаар олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор уг өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Говь-Алтай аймгийн засаг дарга энэ албан бичгийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор хариу Кадастрын хэлтэст ирүүлэх ёстой байсан боловч ирүүлээгүй.

Энэ 19.4 дэх хэсэгт "....энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ" гэж заасан байх тул үүнийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 18985Х дугаартай тусгай зөвшөөрлийг “Геоталст" ХХК-д олгосон үндэслэлтэй байна

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 78 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Юумэд хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Геоталст” ХХК-ийн захирлын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь “Юумэд хайрхан” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шүүлт хийж, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайтай давхцалгүй гэж үзэн, Говь-Алтай аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдлийн хариуд мөн аймгийн Засаг даргаас 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай “Дэлгэр сумын ард иргэд, сумын болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг үндэслэн Дэлгэр-1 нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” гэсэн санал ирүүлжээ. Хариуцагч нь уг саналыг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан ямар үндэслэл байгаа талаар тодруулалгүй, нэхэмжлэгч “Юумэд хайрхан” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан атлаа уг шалтгаан арилаагүй байхад мөн талбайд дахин хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Геоталст” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчимд нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... Засаг даргын саналд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх эрхийг Ашигт малтмалын тухай хуулиар олгоогүй тул ... нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй ...” гэжээ. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь өөрийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн, шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцүүлэн явуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргийн хүрээнд өөрийн шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн талбайд тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй аймгийн Засаг даргын саналын үндэслэл, шалтгааныг тодруулж, уг шалтгаан нь хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах эсэхийг тогтоож, тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх эрхтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Засаг даргын “Дэмжээгүй” саналын үндэслэл нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, эсхүл тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарласан, нөөцөд авсан зэрэг Кадастрын хэлтсийн шүүлт хийсэн асуудалтай холбоотой бол зохих журмын дагуу зураг зүйн бүртгэлд бүртгүүлсэн эсэх, бүртгэгдээгүй бол шалтгаан, шүүлт зөв хийсэн эсэх, сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлсэн эсэх зэргийг нягтлан шалгаж, Засаг даргын саналыг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хуульд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой. Харин өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй, орон нутгийн онцлогтой холбоотой, хууль зүйн үндэслэлтэй эсэхэд нь дүгнэлт хийх боломжгүй шалтгааны хувьд энэ үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах боломжтой бөгөөд тухайн шалтгаан арилаагүй, эсхүл эрх бүхий этгээдээс Засаг даргын саналыг хууль бус болохыг тогтоогоогүй үед тухайн талбайд дахин өргөдөл хүлээн авах үндэслэлгүй.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдолдоо “Геоталст” ХХК-ийн гаргасан өргөдөлтэй холбоотой саналыг 30 хоногийн дотор Засаг даргаас ирүүлээгүй тул хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон гэж тайлбарлах боловч хэрэгт “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал[1]”-ын хуудас авагдсан, “Геоталст” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн байна.

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/69 тоот[2] албан бичиг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээс харвал хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг аль ч хуулийн этгээдэд зөвшөөрөөгүй байна. Гэтэл хариуцагчаас нэг ижил талбайд 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу хүргүүлсэн мэдэгдэлд аймгийн Засаг дарга нь хоёр өөр санал ирүүлсэн нь эргэлзээтэй байхад өмнөх шалтгаан арилсан эсэх, сумын болон аймгийн Хуралд мэдэгдсэн эсэх зэргийг тодруулалгүй Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор хариу өгөх...” гэж заасныг зөрчсөн саналыг үндэслэн “Геоталст” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн зохих журмын дагуу өргөдлөө хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.

Мөн төрийн захиргааны байгууллага нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэн ажиллах ёстой байтал нэг талбайд өргөдөл ирүүлсэн 2 хуулийн этгээдэд тэгш бус хандаж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 78 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, гуравдагч этгээд “Геоталст” ХХК-ийн захирал Ж.Гомборагчаа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ


[1] Хэргийн 65 дахь тал

[2] Хэргийн 122 дахь тал