Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/650

 

 

                                   МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Шүүгдэгч: Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Т.Эд холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, урьд

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ял оногдуулж, ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

 Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 1 сарын хорих ял,

 Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял,

 Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял,

 Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ял тус тус шийтгүүлсэн, Улсаас авсан гавьяа, шагналгүй, Т.Э, РД:***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Т.Э нь “...2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны 2 автобусны буудлын орчим иргэн Б.Аийн халааснаас түүний эзэмшлийн Редми нөүт 8 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Э нь “...2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны 2 автобусны буудлын орчим иргэн Б.Аийн халааснаас түүний эзэмшлийн Редми нөүт 8 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эгийн өгсөн “... Гэмшиж байгаа, дахин ийм хэрэг үйлдэхгүй…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн *** дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аийн хохирогчоор өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны 2 автобусны буудал өнгөрөөд найз Тэргэлийн хамт уруудаад гартаа гар утсаа барьж байгаад хуруугаа дугаргах гээд гадуур өмссөн цахилгаантай цамцныхаа баруун талын халаасандаа гар утсаа хийгээд хуруугаа дуугаргачхаад гар утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан тээгээд утас хулгайлсан хүнийг олохгүй байсан. Цагдаагийн байгууллагад хандаад миний гар утас алга болсон газрын хажууд байсан NRJ гэх нэртэй пабын гадна талын хяналтын камер шүүж үзэхэд миний араас саарал өнгийн цамцтай эрэгтэй хүн ирээд халааснаас гар утас хулгайлаад зам хөндлөн гарч байгаа бичлэг байсан.  Ингээд цагдаагийн байгууллагад гар утсаа алдсан гэсэн гомдол өгсөн. Би 2021 оны 02 дугаар сард Хятад улсаас Монгол мөнгөөр 520.000 төгрөгөөр захиалж авч байсан. Эрэгтэй хүн дагаад байгааг мэдэж байсан ч царайг нь сайн хараагүй бөгөөд гар утас хулгайлсан гэж мэдээгүй. Дахин харвал танихгүй. Миний цамцны хармаа хөнгөрөхөөр нь найз Тэргэлээс гар утас авсан уу гэж асуухад аваагүй гэсэн ба тэр үед гар утсаа алдсанаа мэдсэн...” гэх мэдүүлэг \хх-ийн 23-26 тал\

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд \хх-ийн 3-8 тал\

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-921\1736 дугаартай шинжээчийн дүгнэлт \хх-ийн 40-42 тал\

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Т.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 119 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 56-64/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

НЭГ: Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Э нь “2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны 2 автобусны буудлын орчим иргэн Б.Аийн халааснаас түүний эзэмшлийн Редми нөүт 8 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...модны 2 автобусны буудал өнгөрөөд найз Тэргэлийн хамт уруудаад гартаа гар утсаа барьж байгаад хуруугаа дугаргах гээд гадуур өмссөн цахилгаантай цамцныхаа баруун талын халаасандаа гар утсаа хийгээд хуруугаа дуугаргачхаад гар утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан тээгээд утас хулгайлсан хүнийг олохгүй байсан. Цагдаагийн байгууллагад хандаад миний гар утас алга болсон газрын хажууд байсан NRJ гэх нэртэй пабын гадна талын хяналтын камер шүүж үзэхэд миний араас саарал өнгийн цамцтай эрэгтэй хүн ирээд халааснаас гар утас хулгайлаад зам хөндлөн гарч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-42 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Т.Эгийн “2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны 2 автобусны буудлын орчим иргэн Б.Аийн халааснаас түүний эзэмшлийн Редми нөүт 8 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Т.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Т.Э нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хохирогч Б.Аийн нь мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хүсэлтдээ “...Би өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан, надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн /хх-ийн 114 тал/ болохыг дурдаж байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Э нь “2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны 2 автобусны буудлын орчим иргэн Б.Аийн халааснаас түүний эзэмшлийн Редми нөүт 8 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Эд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Т.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 115 тал/

 

Хохирогч Б.Аь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан хүсэлтдээ “...Би гар утсаа эргүүлэн авсан бөгөөд одоо надад ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг Т.Эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хэрэв оногдуулсан ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Т.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Т.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эг 480 /дөрвөн зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ