Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 351

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 3 дугаар хэсэг 145 тоотод оршин суух Уушуу овогт Шаравдоржийн Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Г.Уранчимэгийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ш.Мөнхцэцэг шүүхэд гарагасан нэхэмжлэлдээ:

... Миний бие нь Г.Уранчимэгт холбогдуулан 400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Г.Уранчимэг нь нэхэмжлэлд дурьдсан хаягтаа оршин суудаггүй гэдэг үндэслэлээр тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №382 захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Г.Уранчимэг нь Улаанбаатар хотод Хангай зах дээр ажилладаг сурагтай гэрийнхэн нь Г.Уранчимэгийн дугаарыг нь хэлж өгөхгүй хаана байгааг нууцлаад байгаа учир одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Г.Уранчимэгийг эрэн сурвалжилж өгнө үү! гэжээ. 

Хүсэлт гаргагч Д.Мөнхцэцэг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний бие Г.Уранчимэгээс 400.000 төгрөг гаргуулахаар 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлд дурьдсан хаягт Уранчимэг оршин суудаггүй гэдэг үндэслэлээр тус шүүх 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Мөн Уранчимэгийн ар гэрийнхэн хаана амьдарч байгааг нь огт хэлж өгдөггүй. Иймд Г.Уранчимэгийг эрэн сурвалжилж өгнө үү! ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ш.Мөнхцэцэг нь Г.Уранчимэгийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.  

 

Г.Уранчимэг нь Ш.Мөнхцэцэгтэй 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай авсан байна.

Тэрээр зээл авах үедээ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суварга 24 дүгээр гудамжны 4 тоот хаягт оршин суудаг байсан боловч хаягаа өөрчилж, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн засаг даргын ... Г.Уранчимэг тус хаягт бүртгэлтэй боловч 2015 оноос хойш одоог хүртэл тус хаяг дээр амьдардаггүй болохыг тодорхойлов... гэх тодорхойлолт, Алтанбулаг сумын хэсгийн төлөөлөгчийн ... Г.Уранчимэг нь Алтанбулаг сумын 2 дугаар баг Суварга 24 дүгээр гудамж 4 тоотод оршин суух хаягтай байсан боловч одоог хүртэл тус хаяг дээр 2014 оноос хойш ирээгүй гэх... илтгэх хуудас болон бусад бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Ш.Мөнхцэцэгийн хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох Г.Уранчимэгийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

            Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.             

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар  зүйлийн 155.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суварга 24 дүгээр гудамж 4 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй Боржигон овгийн Гангаамаагийн Уранчимэг /МА-80071947/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар  зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.Уранчимэгийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Ш.Мөнхцэцэгт мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МӨНХЗУЛ