Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/613

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Билгүүжин,

Шүүгдэгч П.Ч, С.Оэ, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхболд,

Хохирогч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан П.Ч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан С.О нарт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, /РД: ***/ П.Ч.

 

   2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, /РД: ***/ С.О.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

П.Ч нь 2020 оны 9 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол дотор хохирогч Д.Мтай “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан зүүн гарын долоовор хурууг мушгиж эрүүл мэндэд нь зүүн сарвууны долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт,

 

С.Оэ нь “Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 218 тоот өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “манай нөхөр гэрээс орой 21 цагаас хойш гардаггүй, гэртээ байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Чын “Би оройн цагаар гэрээсээ гардаггүй. Хөгшин ээжтэйгээ би хамт амьдардаг. Тухайн үед Дүүрэнбаяр байцаагчид мэдүүлэг өгөхдөө “хаана байсан” гэж асуухад нь “гэртээ байсан” гэж хариулсан. Одоо харахад надад хуруугаа хугалуулаад зогсож байхаар бие хаатай залуу биш байна. Би энэ хүний хурууг хугалаагүй. Би гэмт хэрэг үйлдээгүй тул яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.” гэв.

      

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Оийн “Би прокурорын яллах дүгнэлттэй эсрэг саналтай байна. Ч бид хоёр гэр бүлийн харилцаатай хүмүүс. Бид байр захиалсан бөгөөд байраа ашиглалтад ортол тусдаа байгаа юм. Би гадуур их явдаг ажилтай, ихэвчлэн машинаа би унадаг. Гэтэл яагаад намайг худал мэдүүлэг өгсөн гээд байгааг ойлгохгүй байна. Би хааяа таксинд явдаг нь үнэн. 2020 оны 9 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө би *** Киа маркийн автомашинтайгаа явж байхад Циркийн орчмоос нэг залуу гар өргөөд Нарны хороолол орно гэхээр нь машиндаа суулгаад явсан юм. Тэгээд явж байтал Нарны хороолол доторх замд энэ хохирогч гээд байгаа залуу машинтайгаа өөдөөс тулж ирээд  зогсоход миний машинд сууж явсан залуу буугаад явсан өгсөн. Би гэмт хэрэг үйлдээгүй тул яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.” гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мын “Тэр өдөр би хөдөөнөөс ирсэн найзыгаа Нарны хороолол хүргэж өгөөд явж байтал өөдөөс машин хүрээд ирсэн. “Би дүрмээрээ явж байна гаръя” гэхэд *** Киа маркийн машины жолоочийн хажуугийн урд талын суудлаас энэ Ч гэх залуу согтуу бууж ирээд надад “би бурхан чинь байна, чи надад зам тавьж өг” гээд намайг заамдсан. Тэгэхээр нь би өөрөөсөө  холдуулахаар энэ залуугийн цээж рүү нь түлхэх үед миний зүүн гарын долоовор хуруунаас атгаад, гадагшаа хүчтэй эргүүлээд миний хурууг хойш нь дарсан. Тэгэхээр нь би энэ залууд “чи хуруу хугалчихлаа” гэсэн чинь “битгий худлаа ярь” гэсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Намайг гэмтэл яв гээд, маргааш өргөдөл бичиж өгөөрэй гэсэн. Дараа нь намайг цагдаагийн газраас дуудаад “нөгөө хүнийг чинь олсон” гэж хэлсэн. Би эмчилгээний зардалтай холбоотой баримтаа гарган өгч байна. Нийт эмчилгээнд 318.800 төгрөг гарсан. Мөн би энэ хүмүүсээс болж 20 хоног ажлаа хийж чадаагүй бөгөөд ажиллаагүй өдрүүдийн цалинд 700.000 төгрөг, нийт 1.018.800 төгрөг нэхэмжилж байна. Одоо миний хуруу эргэж эдгэхдээ далий болж эдгэсэн.  Хурууны үений шингэн байхгүй болсон гэсэн. Миний хурууг Ч хугалсан. Оэ машиндаа сууж байсан. Би гомдолтой байна.” гэв.

         Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Мын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хохирогчоор өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө миний бие нь өөрийн эзэмшлийн 37-62 УНГ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байгаад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороололд үл таних иргэнийг хүргэж өгөөд хөлсөө аваад буцаад гарах гээд хөдөлсөн юм. Тухайн үед нэг урсгалтай замд  өөдөөс *** улсын дугаартай хар өнгийн машин тулаад зогсохоор нь би цонхоо онгойлгоод “хойшоо ухар, дүрмээрээ би гарах ёстой” гэж хэлээд орилоход тухайн машины жолооч эмэгтэй нь “чи өөрөө ухрахгүй юу” гэж цонхоо онгойлгоод хэлсэн...Тэр үед машины урд жолоочийн эсрэг талд сууж байсан үл таних, 35-40 орчим насны махлаг, хар өнгийн үстэй, 175-178 сантиметр өндөртэй, нэлээн согтуу эрэгтэй бууж ирээд миний машины хажууд ирээд “би бурхан чинь байна, чи надад зам тавьж өгөх ёстой” гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад “би дүрмээрээ гарах ёстой, чи хойшоо ухар” гэж хэлэхэд миний хоолойг нэг гараараа багалзуурдаад түлхсэн юм. Тэгэхээр нь би тухайн залууг холдуулахаар цээж рүү нь түлхэх үед миний зүүн гарын долоовор хуруунаас атгаад, гадагшаа хүчтэй эргүүлчихсэн. Миний долоовор хуруу үеэрээ мултраад унжаад эргэсэн бөгөөд тухайн махлаг залууд хандаж “чи хуруу хугалчихлаа” гэж хэлэхэд тухайн залуу нь “шаагаад бай” гэж хэлээд машиндаа суугаад миний машины хажуугаар шүргэх шахуу зөрж гараад яваад өгсөн юм. Тэр даруйд нь би цагдаагийн байгууллагад хандаад, Гэмтэл согог судлалын үндэсний төвд очих хуруугаа үзүүлэхэд “ миний зүүн гарын долоовор хуруу үенээсээ мултраад эргэчихсэн байна” гэж хэлээд эмчилгээ хийсэн юм. Тэгээд маргааш өдөр нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд очиж үзүүлсэн. Улмаар 2-3 хоногийн дараа цагдаагаас залгаад “хүнийг чинь олчихлоо, ирээд уулз” гэж хэлэхээр нь би очиж уулзсан... Миний хурууг хугалсан гэх эрэгтэйг Цагдаагийн байгууллага дээр ирээд шууд таньсан. Хоолойны өнгө, яриа, гадаад байдал нь адилхан бөгөөд 40 орчим насны махлаг, хар өнгийн үстэй, 175-178 сантиметр өндөртэй эрэгтэй байсан. *** улсын дугаартай хар өнгийн машины жолооч эмэгтэйн нөхөр гэх эрэгтэй нь миний хурууг хугалсан хүн мөн байсан юм...Тухайн эрэгтэй нь намайг түүнд зам тавьж өгөх ёстой” гэж хэлээд миний хоолойг багалзуурдаад хойш нь түлхсэн. Тэр үед би тухайн эрэгтэйг холдуулах гээд түлхэхэд миний зүүн гарын долоовор хуруунаас гараараа атгаад, гадагшаа хүчтэй эргүүлчихсэн юм...Тэр үед миний хурууг хугалсан гэх эрэгтэй ирчихсэн байсан бөгөөд мөрдөгч, тухайн эрэгтэйн хамт уулзаад “энэ эрэгтэй миний хурууг хугалсан хүн мөн байна” гэж хэлэхэд тухайн эрэгтэй нь “би чиний хурууг хугалаагүй, би тэр өдөр чинь гэртээ байсан” гэж хэлсэн. Улмаар энэ эрэгтэй намайг зодсон хүн мөн байна гэдгийг мөрдөгчид хэлээд салцгаасан юм. Үүдэнд гарах үед машин жолоодож явсан эмэгтэй машиндаа сууж байсан бөгөөд мөн надад хандаж “Манай нөхөр тэр үед чинь явж байгаагүй, би таксинд явж байсан, танихгүй хүнтэй явж байсан” гэж хэлээд орилоод байхаар нь би “Танай нөхөр чинь миний хурууг хугалсан хүн мөн байна, хуулийн байгууллага шийдэж өгнө” гэж хэлээд явсан юм. Миний бие нь тухайн эмэгтэйг такси үйлчилгээнд явахаар хүн биш гэж бодож байгаа бөгөөд худлаа яриад байгаа юм...Тухайн эрэгтэй нь хэрэг болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд “чи ууж идсэнээ шингээ” гэж хэлэхэд тухайн эрэгтэй нь “би чамайг ална шүү” гэж хэлээд дайрч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

 

        Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З.Сын гэрчээр өгсөн: “...Миний бие нь Пэрлээгийн Ч гэх хүнтэй 2008 оноос хамтран амьдарч байсан бөгөөд гэрлэлтийн баталгаагүй. 2019 оны намраас хойш хамтран амьдрахаа больсон. Дундаасаа 1 хүүхэдтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 20 дугаар байрны *** тоот байрыг 2014 оны зун худалдан авч байсан. Одоогийн байдлаар миний бие нь ээж, хүүгийн хамтаар оршин сууж байна. П.Ч гээд хүн уг хаяг нь дээр 2014 оноос 2019 он хүртэл хамт амьдарч байсан бөгөөд 2019 оны намраас тусдаа гарч хамт амьдрахаа  больсон. Ч гэх хүн нь 2019 оны намар надаас салснаас хойш манай гэрт ирээгүй. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө уг хаяг нь дээр байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33р тал/

 

       Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Номин-Эрдэнийн гэрчээр өгсөн “...П.Ч ах манай ээжтэй үерхэж байсан гэдгээр нь мэднэ, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 43-51 тоотод манай ээж, дүү бид гурав амьдардаг, П.Ч ах манай гэрт хонож ч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35  тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Өын гэрчээр өгсөн “...тус *** улсын дугаартай Киа З5 маркийн авто машиныг миний ах П.Ч 4-5 жилийн өмнө худалдан авч байсан. Эхнэрээсээ салах үедээ хөрөнгийг нь авах гээд байсан учир түүнээс сэргийлж миний нэр дээр шилжүүлсэн. Одоо миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би ахтайгаа сүүлийн 10 орчим жил харилцаа муутай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-66 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-73 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №10233 дугаартай “Д.Мын биед зүүн сарвууны долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Оийн гэрчээр  өгсөн “Би нөхрийн машин болох *** улсын дугаартай Киа машинаар 2020 оны 9 сарын 04-өөс 05-нд шилжих шөнө ганцаараа таксинд явж байхад циркийн урд байрлах бензин колонкийн хажуугаас нэг эрэгтэй хүн гараа өргөөд зогсож байхаар нь би колонк руу эргээд гараа өргөж байсан хүнийг суулгахад уг залуу нарны хороолол явна гэхээр нь Энхтайваны гүүр өнгөрөөд хүүхдийн паркийн урд  байрлах нүхэн гарцаар гараад Нарны хороолол ороод байрнуудын урд замаар явчих гэхээр нь урд замаар явж байтал урдаас жижиг суудлын  машин ирээд тулчихсан. Тэгэхэд такси барьсан залуу “чи явах эрхтэй яв” гэхээр нь явах гэхэд урдаас машин тулчихсан байсан тул явж чадаагүй. Тэгээд хэсэг зогсож байхад миний баруун талд сууж байсан уг такси барьсан залуу буугаад урдаас тулсан машины жолоочтой маргаж муудалцаад заамдалцаад зууралдаад байх шиг байсан. Тухайн үед харанхуй байсан би сайн харж чадаагүй. Би болиоч ээ гээд машинууд сигналдаад байсан урдаас тулж зогссон залуу машиндаа замыг чөлөөлөөд тэгээд би явсан.  Такси барьсан залуу тэр жолоочоос өндөр залуу байсан. Хувцас болон зүс царайг нь харж чадаагүй.  Манай нөхөр гэрээс орой 21.00 цагаас хойш гардаггүй гэртээ байсан. Тухайн үед такси барьсан залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

 

        Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Чын яллагдагчаар өгсөн “..Уг тогтоолын хохирогчийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй мэдүүлсэн. Тиймээс дахин мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/,

 

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Оийн яллагдагчаар өгсөн “...Прокурорын гаргасан тогтоолтой уншиж танилцсан, тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/,

 

         Шүүх хуралдаан дээр хохирогчоос гаргасан хохиролтой холбоотой баримтууд,

         шүүгдэгч П.Ч, С.Оэ нарын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128, 129 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81, 85 тал/ болон хэрэгт авагдсан  бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

        Шүүгдэгч П.Ч нь 2020 оны 9 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол доторх зам дээр хохирогч Д.Мтай “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан зүүн гарын долоовор хурууг мушгиж эрүүл мэндэд нь зүүн сарвууны долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

       хохирогч Д.Мын “...тэр үед машины урд жолоочийн эсрэг талд сууж байсан үл таних, 35-40 орчим насны махлаг, хар өнгийн үстэй, 175-178 сантиметр өндөртэй, нэлээн согтуу эрэгтэй бууж ирээд миний машины хажууд ирээд “би бурхан чинь байна, чи надад зам тавьж өгөх ёстой” гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад “би дүрмээрээ гарах ёстой, чи хойшоо ухар” гэж хэлэхэд миний хоолойг нэг гараараа багалзуурдаад түлхсэн юм. Тэгэхээр нь би тухайн залууг холдуулахаар цээж рүү нь түлхэх үед миний зүүн гарын долоовор хуруунаас атгаад, гадагшаа хүчтэй эргүүлчихсэн. Миний долоовор хуруу үеэрээ мултраад унжаад эргэсэн бөгөөд тухайн махлаг залууд хандаж “чи хуруу хугалчихлаа” гэж хэлэхэд тухайн залуу нь “шаагаад бай” гэж хэлээд машиндаа суугаад миний машины хажуугаар шүргэх шахуу зөрж гараад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-66 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/, шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №10233 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Шүүгдэгч П.Ч дээрх гэмт хэргийг “би үйлдээгүй” гэж мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлдэг боловч түүний энэ мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

 

       Хохирогч Д.М мэдүүлгийнхээ  эх сурвалжийг шууд заасан бөгөөд түүний мэдүүлэг нь таньж олуулах ажиллагааны тэмдэглэл,  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/, хохирлын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул хохирогч Д.Мын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

       Дээрх хэргийн үйл баримт болоход П.Чтой хамт явсан гэр бүлийн харилцаатай гэх С.Оээс гэрчийн мэдүүлэг авахдаа мөрдөгч Ж.Отгонбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүргийг танилцуулж, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд “ Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол...ял шийтгэнэ” гэж заасныг сануулсан байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг тайлбарлахад С.Оэ гэрчийн мэдүүлэг өгнө гэж  хууль сануулсан баримтад гарын үсэг зурсан байна. /хх-ийн 24/

 

        Гэрч С.Оэ мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 218 тоот өрөөнд гэрчээр 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “манай нөхөр гэрээс орой 21 цагаас хойш гардаггүй, гэртээ байсан” гэж зориуд худал мэдүүлсэн байна.

 

        Мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд шүүгдэгч С.Оэ “...миний машинд миний баруун талд сууж байсан уг такси барьсан залуу буугаад урдаас тулсан машины жолоочтой маргаж муудалцаад заамдалцаад зууралдаад байх шиг байсан...” гэж тогтвортой мэдүүлдэг боловч түүний энэ мэдүүлэг нь  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй болно.

 

         Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч П.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох санал дүгнэлт,

       Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхболдоос “...П.Ч, С.Оэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах...” санал дүгнэлт гаргаж оролцлоо.

 

       Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч П.Ч нь хохирогч Д.Мын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь, мөн шүүгдэгч С.Оэ мөрдөн байцаалтын явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж хууль сануулсан баримтад гарын үсэг зурсан атлаа  зориуд худал мэдүүлсэн нь тус тус нотлогдон тогтоогдсон дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” санал дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй юм.

        Улсын яллагчаас гаргасан гэм буруугийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч П.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

      

        Шүүгдэгч П.Ч, С.Оэ нарт Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд П.Чод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,  С.Оэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл тус тус оногдуулах нь зүйтэй.

 

          П.Чод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

        П.Ч, С.Оэ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн 6.6-д заасан  хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

 

         Шүүх шүүгдэгч нарт  ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан шүүгдэгч П.Чод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Оэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

 

         Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

        Хохирогч Д.М шүүх хуралдаан дээр “эм тарианы болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 1.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн.

        Хохирогчийн нэхэмжлэлээс  эрүүл мэндийн хохиролтой холбогдох эм тарианы нийт 318.800 төгрөгийн баримт нь энэ хэрэгт хамааралтай байх ба нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч П.Чоос 318.300 төгрөг гаргуулж хохирогч Д.Мад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилсэн 681.700 төгрөгийн нэхэмжлэлийг холбогдох баримтгүй тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         Шүүгдэгч С.Оэ бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

          П.Ч, С.Оэ нарт холбогдох хэрэг хянагдах явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

        Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч П.Чын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, шүүгдэгч С.Оийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргүүд тус тус Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

        Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

         Иймд шүүгдэгч С.Оэд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ялыг  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэв.

Шүүгдэгч П.Ч нь хохирогч Д.Мад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй, нөхөн төлөөгүй байх тул Өршөөлд үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй юм.

 

         Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Ч, С.Оэ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

                    ТОГТООХ нь:

 

        1.Шүүгдэгч П.Чыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

         С.Оийг “мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч С.Оэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 

        3. Шүүгдэгч С.Оэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Чод мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Ч, С.Оэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

         6. Хохирогчийн нэхэмжлэлээс 681.700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Чоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 318.300 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мад олгосугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ч, С.Оэ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ