Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/590

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Т.Баянмөнх,

Шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Цт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 956 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийх ял, мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож  эдэлж дууссан, хэрэг хариуцах чадвартай, /РД:***/ С.Ц.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Ц нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны баруун талд явж байсан хохирогч Д.Гийн өгзөг тус газарт ир үзүүртэй зүйлээр зүсэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчим Баянгол дүүргийн 17дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын автобусны буудлын дээрээс гэр рүүгээ явж байсан хохирогч С.Мын зүүн гуяны ар хэсэгт ир үзүүртэй зүйлээр зүсэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол,

мөн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 37 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны баруун хойд талд явж байсан хохирогч Б.Хы өгзөг тус газарт ир үзүүртэй зүйлээр 2 удаа зүсэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний биед хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       

         Шүүгдэгч С.Ц шүүх хуралдаанд “ ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Хавтаст хэргээс хохирогч Б.Хы мөрдөн байцаалтад “...Би 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17:30 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны баруун хойд талд явж байхад миний араас хүн дагаад явж байх шиг байсан ба гэнэт миний зүүн өгзөг хэсэг рүү цохих шиг болохоор нь эргэж харахад халимаг үстэй, намхан, бордуу царайтай, бордуу хөмсөгтэй хүн байсан ба би тэр хүнд хандаж “чи тэнэг юм уу” гэж хэлэхэд тэр хүн ямар нэгэн зүйл хэлэхгүй байхаар нь би доошоо харахад баруун гартаа мөнгөлөн өнгийн нарийн хутга мэт зүйл барьчихсан байсан. Тэгээд би шууд зугтаагаад гэртээ орохоор гүйж байтал миний өгзөг хэсэгт халуу оргиод байхаар нь гараараа тэмтэрч үзэхэд өмд урагдчихсан, цус мэт зүйл гарчихсан байхаар нь цүнхээрээ таглаад гэртээ ороод толинд харахад зүсэгдчихсэн байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирсний дараа тэр хүнтэй тааралдсан газраа зааж өгөөд эмнэлгийн тусламж авахаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү хүргүүлээд байж байтал миний араас мөн өгзөг хэсэгтээ зүсүүлсэн гэсэн хүнтэй таарсан....”, “...Би тухайн хүнийг дахин харвал танина...”, “...Би зүүн гуяны дотор хэсэгт 4 оёдол, баруун өгзөгт 4 оёдол тавиулсан...”, “...Манай ажлаас машинаар хүргэж өгдөг бөгөөд би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Gem mall” дэлгүүрийн үүдэнд буугаад тэндээсээ ертөнцийн зүгээр зүүн зүгт гэртээ харихаар алхаад явж байсан...”, “...Тэр хүн миний зүүн гуянаас баруун өгзөг хүртэл чиглэлтэй 1 удаагийн үйлдлээр 2 газарт зүссэн. Би маш их гомдолтой байна. Энэ хүнд зохих хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү...”, “...Би тэр хүнээс болоод гадуур харахаасаа айдаг болсон. Тэр хүн миний биед хурц иртэй хутга мэт зүйлээр гэмтэл учруулсан. Би уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байгаа. Тэр хүнийг таньж оруулах ажиллагааны үеэр зааж өгсөн. Баримт гэхээр зүйл байхгүй, харин Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс бичиж өгсөн эмүүдийг 45.600 төгрөгөөр худалдан авсан. Мөн 7 хоногийн цалин болох 275.000 төгрөг, унааны мөнгө болох 45.000 төгрөгийг нэхэмжилж байна. Урагдсан хувцсаа хаяж байгаа. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-52 тал/,    

 

       Хавтаст хэргээс хохирогч Д.Г мөрдөн байцаалтад “...Би 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17:35 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны зүүн талд автомашины зогсоол дээр гэртээ орохоор явж байтал миний өгзөг хэсэгт нэг юмаар хатгах шиг болсон тэгэхээр нь би ойр орчмоо харахад 59/2 дугаар байрны гадна хашаагаар цэнхэр өнгийн цамцтай, үл таних эрэгтэй хүн бөгтийгөөд маш хурдтай гүйсэн мөн тэр үед миний ар талын машин дотор эрэгтэй, эмэгтэй 2 хүн байхаар нь би санаа зовоод тэр үедээ араас нь хөөлгүй шууд орцныхоо өмнө очоод гэртээ орчихсон юм. Тэгээд гэртээ ороод намайг хатгасан хэсгийг нөхрөөрөө харуулахад миний зүүн өгзөг хэсгийг зүсчихсэн байсан, миний өмсөж явсан юбка, дотоож хоёр зүсэгдсэн байсан. Тэгээд нөхөр хүүхдээ дагуулаад тэр орчмоор хайгаад ороогүй. Би өөрийн эмч дүү болох Урангоод зургаа дараад явуулахад оёдол тавиулсан нь дээр юм байна гэхээр нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очоод оёдол тавиулах гээд бүртгүүлээд байж байтал бүртгэлийн ажилтан “дөнгөж сая чамтай адилхан Баянгол дүүргийн 2 дугаар хорооноос зүсүүлээд ирсэн охин байгаа, чи яваад оч” гэсэн. Би үзлэгийн хэсэгт очиход 1 эмэгтэй хүн зогсож байхаар нь “чи зүсүүлсэн юм уу” гэж асуухад “тийм” гэж хариулсан. ГССҮТ-ийн цагдааг эмч нар дуудаж уулзуулсан...”, “...Миний зүсүүлсэн хэсэгт хяналтын камер байхгүй, харин тэр хүний зугтаж явсан хэсэгт байгаа байх. Би өмсөж явсан хувцсаар нь таних байх, ерөнхийдөө бөгтийгөөд яваад байсан, намхавтар хүн байсан. Би зүүн өгзгөндөө 5 ширхэг оёдол тавиулсан. Би маш их гомдолтой байна. Энэ хүнд зохих хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү...”, “...Энэ хүнийг цагдан хорьж өгнө үү, миний хувьд маш их айдастай байна. Надаас гадна 2 өөр хүн зүсүүлсэн байсан. Би тэр хүнийг таньж оруулах ажиллагааны үеэр зааж өгсөн. Тэр хүн миний зүүн өгзөг хэсэгт хурц үзүүртэй, иртэй зүйлээр зүсэж гэмтэл учруулсан. Юугаар зүссэн эсэхийг мэдэхгүй байна, намайг эргээд харахад зугтаагаад алга болсон...”, “...Би гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байгаа, гэхдээ баримт гэхээр зүйл байхгүй. Энэ хүнээс болж эм худалдаж авсан 45.600 төгрөг, мөн өдөр бүр хичээл заадаг 7 хоногийн 105.000 төгрөгийн төлбөр, унааны мөнгө болох 45.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 тал/,

 

Хавтаст хэргээс хохирогч С.Мын мөрдөн байцаалтад “...Би 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд ажлаа тарчхаад гэртээ харихаар Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт байрлах Москва хорооллын автобусны буудал дээр буугаад тэндээсээ ертөнцийн зүгээр баруун зүгт алхаад Сөөхий дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний шатаар дээш алхаад гарахад Tsubaki-1 салоны үүдэнд бордуу царайтай нэг эрэгтэй хүн над руу маш эвгүй харсан. Тэгэхээр нь би өдрийн цаг болохоор яавал гэж бодоод шууд тэр чигээрээ Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар бичил хорооллын автобусны буудлын эсрэг талын гарц руу очих гээд алхаж байтал миний араас маш хурдтай гүйж ирээд зүүн гуяны доод хэсэгт 1 удаа хүчтэй хүрчих шиг болохоор нь би ойр орчимд хүн байгаа эсэхийг харахад хүн байгаагүй, тэгээд урагшаа харахад нөгөө хүн чинь миний урд талд зогсчхоод  дахин намайг зүсэх гэхээр нь би хөлөө хойшлуултал миний өмсөж явсан плажийг зүссэн. Тэгээд тэр хүн надад хандаж “чимээгүй, чимээгүй, ямар нэгэн зүйл ярьж болохгүй” гээд гартаа хурц иртэй зүйл барьчихсан байгаагаа харуулсан. Тэгэхээр нь би “яах гээд байгаа юм бэ” гэж чанга дуугаар хэлэхэд нүүр нь хувьс гээд гартаа барьж явсан хурц иртэй зүйлээ нуус гээд эхлэхээр нь хажуугаар нь гарцаар гүйж гараад автобусны буудал дээр зогсож байсан машинд шууд ороод суучихсан. Машины жолоочид хэлэхэд нэг их тоохгүй байсан ба “энэ хоёрын хооронд юу л болбол гэж” гээд хэлсэн. Би маш их айсан байсан тул машинд нь хэсэг хугацаанд суусан. Жолооч тэр хүнийг явчихлаа гэхэд нь би машинаас бууж алхаад гэртээ орсон. Тухайн хүн 30 орчим насны, дугараг зууван царайтай, бүлтгэрдүү том нүдтэй, 165-170 см өндөртэй, хөх цэнхэр эрээн өнгийн хөндлөн зураастай срочкон цамц шиг захтай цамцтай, бараан өнгийн өмдтэй хүн байсан. Би тухайн хүнийг дахин харвал танина...”, “...Tsubaki-1 нэртэй салоны үүдний гадна талд намайг хүлээгээд зогсож байсан. Намайг зүсчхээд тэр орчимдоо байгаад байсан. Би таксинд суугаад 10 орчим минут болсон. Тэгээд гэртээ орж ирэхэд 17:20 минут болсон байсан...”, “...Жижигхэн хэмжээтэй хутга шиг иртэй зүйл байсан. Ишийг нь яг хараагүй...”, “...Би маш их гомдолтой байна. Энэ хүнд зохих хуулийн хариуцлагыг нь хүлээлгэж өгнө үү, Энэ хүнийг хорьж өгнө үү...”, “...Энэ хүн тухайн үед намайг хайгаад яваад байсан. Тухайн хүнийг таньж оруулах ажиллагааны үед би шууд зааж өгсөн. Тэр хүн миний зүүн гуя орчимд хурц иртэй зүйлээр зүсэж гэмтэл учруулсан. Би эмнэлгийн тусламж авахааргүй байдалтай байсан тул эмнэлэгт хандаагүй. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-60 тал/,

 

Гэрчээр С.Цын мөрдөн байцаалтад “...Би дээрмийн хэргээр ял авч хоригдож байгаад 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан. 7 дугаар сарын 25-ны өдөр гэрээсээ гарч найз Амгалантай уулзаад бид хоёр ГССҮТ-ийн тэнд “Түмэн плаза” төвийн хойд талд байрлах нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг буудлын 209 тоотод 18 цагийн үед орж 2 хоног архи ууцгааж хоносон. 7 дугаар сарын 26-ны өдөр би ганцаараа гарч Эх нялхсын эмнэлэг орж найзынхаа эхнэрийг эргэчхээд буцаж буудалдаа ирж Амгалантай хамт 0,75 литрийн 2 ширхэг архи ууцгаасан бөгөөд бид 2 хоорондоо маргалдсан учир би буудлаас 16 цаг өнгөрч байхад гараад “Түмэн плаза” төвийн хойно үргэлжилсэн 9 давхар байрнуудын дундуур яваад “Номин” дэлгүүрийн хойно байрлах хүнсний дэлгүүрээс нарийн хэмжээтэй хар өнгийн 1000 төгрөгийн үнэтэй цаасны хутга 1 ширхгийг авч, 100 граммын архи авч уучхаад тус дүүргийн 14 дүгээр хорооны чиглэлд явж байсан чинь цэцэрлэгийн хажууд 20-30 насны эмэгтэй ганцаараа явж байхаар нь бөгсийг нь илээд баруун гарынхаа цамц нь дотор шуу хэсэгтээ цаасны хутгаа нуугаад үзүүр хэсгээр нь 1 удаа зүссэн чинь тэр эмэгтэй бөгсөө бариад надаас зугтаагаад явчихсан. Тэгээд “Парадокс”-ын автобусны буудал чиглэлд зам гараад ертөнцийн зүгээр замын урд талаар цагаан өнгийн 9 давхрын дундуур явж байгаад тус хэлтсийн хойно байрлах далангаар уруудаж байгаад 59 дүгээр байрны байр урдуур явж байсан чинь 20-30 насны эмэгтэй явж байхаар нь бөгсийг нь элээд цаасны хутгаараа бөгсийг нь 1 удаа зүссэн. Гэтэл тэр эмэгтэй мөн л юм хэлэлгүй зугтаагаад явчихсан. Тэгэхээр нь 51 дүгээр сургуулийн ойр орчим явж байгаад мөн л 20-30 орчим насны эмэгтэй явж байхаар нь бөгсийг нь элээд цаасны хутгаараа нэг удаа зүссэн. Мөн тэр эмэгтэй юу ч хэлэлгүй надаас зугтаагаад явсан. Тэгээд би “Андууд”-ын хойд талын автобусны буудал дээрээс найз Амгалангийнх руу явах гээд Офицерын автобусанд суухдаа тэнд байсан хогийн саванд цаасны хутгаа хаясан. Манай найз Амгалан надад “эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ормоор байвал айлга, ална гэж хэл, тэгвэл айсандаа чамтай унтдаг юм” гэж хэлсэн. Би 6 дугаар сарын 04-ний өдрөөс хойш эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд ороогүй. Би тэр 3 эмэгтэй дандаа араас нь явж байгаад бөгсийг нь барьсан. Надаас зугтаасан болохоор миний царайг сайн хараагүй байх, би ч мөн царай болон хувцсыг нь сайн санахгүй байна. Би бэлгийн харилцаанд оръё гэж хэлж чадахгүй байсан болохоороо үйлдлээ үргэлжлүүлээд байсан. Би эмчийн хяналтад байдаггүй, 3 настай байхдаа л моринд өшиглүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/,

 

        Яллагдагчаар С.Ц мөрдөн байцаалтад “...Яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Би тийм үйлдэл хийхдээ согтуу байсан. Тэр 3 эмэгтэйг урьд нь таньдаггүй байсан. Надад ямар нэгэн сэтгэлийн өвчин байхгүй, би эмчийн хяналтад байдаггүй. Өмнө нь 2 удаа ял шийтгүүлж байсан. Надад эхнэр, хүүхэд байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 тал/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 6871 дугаартай “...С.Мын биед зүүн гуяны ар дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үр үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 86-87тал/,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 6761 дугаартай “...Б.Хы биед зүүн өгзөгт шарх, баруун өгзөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шинэ гэмтлүүд байх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 83-84 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 6762 дугаартай “...Д.Гийн биед зүүн өгзөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шинэ гэмтлүүд байх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 80-81 тал/,

 

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Хэргийн газарт үзлэг хийсэн тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-06 тал/,

 

2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Таньж оруулах ажиллагаа хийсэн тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-20 тал/,

 

2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-28 тал/,

 

2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Эд зүйлд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-29 тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 131-134 тал/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүгдэгч С.Ц 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны баруун талд явж байсан хохирогч Д.Гийн өгзөг тус газарт ир үзүүртэй зүйлээр зүсэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

          2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчим Баянгол дүүргийн 17дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын автобусны буудлын дээрээс гэр рүүгээ явж байсан хохирогч С.Мын зүүн гуяны ар хэсэгт ир үзүүртэй зүйлээр зүсэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол,

мөн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 37 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны баруун хойд талд явж байсан хохирогч Б.Хы өгзөг тус газарт ир үзүүртэй зүйлээр 2 удаа зүсэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний биед хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

түүний үйлдсэн хэргээ мэдүүлсэн С.Цын “...“Номин” дэлгүүрийн хойно байрлах хүнсний дэлгүүрээс нарийн хэмжээтэй хар өнгийн 1000 төгрөгийн үнэтэй цаасны хутга 1 ширхгийг авч, 100 граммын архи авч уучхаад тус дүүргийн 14 дүгээр хорооны чиглэлд явж байсан чинь цэцэрлэгийн хажууд 20-30 насны эмэгтэй ганцаараа явж байхаар нь бөгсийг нь илчхээд баруун гарынхаа цамц нь дотор шуу хэсэгтээ цаасны хутгаа нуугаад үзүүр хэсгээр нь 1 удаа зүссэн чинь тэр эмэгтэй бөгсөө бариад надаас зугтаагаад явчихсан. Тэгээд “Парадокс”-ын автобусны буудал чиглэлд зам гараад ертөнцийн зүгээр замын урд талаар цагаан өнгийн 9 давхрын дундуур явж байгаад тус хэлтсийн хойно байрлах далангаар уруудаж байгаад 59 дүгээр байрны байр урдуур явж байсан чинь 20-30 насны эмэгтэй явж байхаар нь бөгсийг нь илээд цаасны хутгаараа бөгсийг нь 1 удаа зүссэн. Гэтэл тэр эмэгтэй мөн л юм хэлэлгүй зугтаагаад явчихсан. Тэгэхээр нь 51 дүгээр сургуулийн ойр орчим явж байгаад мөн л 20-30 орчим насны эмэгтэй явж байхаар нь бөгсийг нь элээд цаасны хутгаараа нэг удаа зүссэн. Мөн тэр эмэгтэй юу ч хэлэлгүй надаас зугтаагаад явсан....” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 73-74 тал/, хохирогч Б.Хы мөрдөн байцаалтад “...гэнэт миний зүүн өгзөг хэсэг рүү цохих шиг болохоор нь эргэж харахад халимаг үстэй, намхан, бордуу царайтай, бордуу хөмсөгтэй хүн байсан ба би тэр хүнд хандаж “чи тэнэг юм уу” гэж хэлэхэд тэр хүн ямар нэгэн зүйл хэлэхгүй байхаар нь би доошоо харахад баруун гартаа мөнгөлөн өнгийн нарийн хутга мэт зүйл барьчихсан байсан. Тэгээд би шууд зугтаагаад гэртээ орохоор гүйж байтал миний өгзөг хэсэгт халуу оргиод байхаар нь гараараа тэмтэрч үзэхэд өмд урагдчихсан, цус мэт зүйл гарчихсан байхаар нь цүнхээрээ таглаад гэртээ ороод толинд харахад зүсэгдчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-52 тал/,  хохирогч Д.Г мөрдөн байцаалтад “...гэртээ орохоор явж байтал миний өгзөг хэсэгт нэг юмаар хатгах шиг болсон тэгэхээр нь би ойр орчмоо харахад 59/2 дугаар байрны гадна хашаагаар цэнхэр өнгийн цамцтай, үл таних эрэгтэй хүн бөгтийгөөд маш хурдтай гүйсэн мөн тэр үед миний ар талын машин дотор эрэгтэй, эмэгтэй 2 хүн байхаар нь би санаа зовоод тэр үедээ араас нь хөөлгүй шууд орцныхоо өмнө очоод гэртээ орчихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 тал/, хохирогч С.Мын мөрдөн байцаалтад “...алхаж байтал миний араас маш хурдтай гүйж ирээд зүүн гуяны доод хэсэгт 1 удаа хүчтэй хүрчих шиг болохоор нь би ойр орчимд хүн байгаа эсэхийг харахад хүн байгаагүй, тэгээд урагшаа харахад нөгөө хүн чинь миний урд талд зогсчхоод  дахин намайг зүсэх гэхээр нь би хөлөө хойшлуултал миний өмсөж явсан плажийг зүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-60 тал/,

 шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 6871 дугаартай дүгнэлт /хх-ийн 86-87тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 6761 дугаартай  дүгнэлт /хх-ийн 83-84 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 6762 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-81 тал/, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Хэргийн газарт үзлэг хийсэн тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-06 тал/, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Таньж оруулах ажиллагаа хийсэн тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-20 тал/, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-28 тал/, 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Эд зүйлд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-26 тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Ц нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны баруун талд явж байсан хохирогч Д.Гийн өгзөг тус газарт ир үзүүртэй зүйлээр зүсэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчим Баянгол дүүргийн 17дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын автобусны буудлын дээрээс гэр рүүгээ явж байсан хохирогч С.Мын зүүн гуяны ар хэсэгт ир үзүүртэй зүйлээр зүсэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол,

Мөн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 37 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны баруун хойд талд явж байсан хохирогч Б.Хы өгзөг тус газарт ир үзүүртэй зүйлээр 2 удаа зүсэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний биед хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Ц шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

 

             Шүүгдэгч С.Цын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хохирогч Б.Х, Д.Г, С.М нарын биед шалтгаангүйгээр халдаж хохирогч Д.Гийн өгзөг тус газарт ир үзүүртэй зүйлээр зүсэж, хохирогч С.Мын зүүн гуяны ар хэсэгт ир үзүүртэй зүйлээр зүсэж, хохирогч Б.Хы өгзөг тус газарт ир үзүүртэй зүйлээр 2 удаа зүсэж хохирогч нарын эрүүл мэндэд буюу хохирогч Д.Гт зүүн өгзгөнд шарх, хохирогч Б.Хд зүүн өгзгөнд шарх, баруун өгзгөнд шарх, хохирогч С.Мд зүүн гуяны ар дээд хэсэгт шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хоёр, түүнээс олон хүнийг” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн байх тул шүүгдэгч С.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

            

        Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч С.Цт эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.

 

        Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч С.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тайлбар санал дүгнэлт гаргалаа.

 

         С.Цын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” ялын сонгомол санкцтай.

      

         Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5-д заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

 

         Дээрхи ялын төрлүүдээс шүүгдэгч С.Ц урьд нь шүүхээс удаа дараа ял шийтгэгдэж байсан атлаа өөртөө дүгнэлт хийлгүйгээр  дахин гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

        Энэ талаар улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авсан болно.

 

         Шүүхээс С.Цт оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний  цагдан хоригдсон 46 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 368 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлснээр тооцож, үлдэх  352 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоов.

 

         Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог. Мөрдөн байцаалтад Б.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 365.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч хохирол төлбөртэй холбоотой баримт хэрэгт хавсаргагдаагүй, хохирогч Д.Г нь 195.600 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч хохирол төлбөртэй холбоотой баримт хэрэг хавсаргагдаагүй, хохирогч С.М хохирол төлбөр нэхэмжлээгүй байх бөгөөд хохирогч Б.Х мөрдөн байцаалтад “...Баримт гэхээр зүйл байхгүй, харин Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс бичиж өгсөн эмүүдийг 45.600 төгрөгөөр худалдан авсан. Мөн 7 хоногийн цалин болох 275.000 төгрөг, унааны мөнгө болох 45.000 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна...” гэж, хохирогч С.М “...Би эмнэлгийн тусламж авахааргүй байдалтай байсан тул эмнэлэгт хандаагүй. Гомдолтой байна...” гэж, хохирогч Д.Г “...Би гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байгаа, гэхдээ баримт гэхээр зүйл байхгүй. Энэ хүнээс болж эм худалдаж авсан 45.600 төгрөг, мөн өдөр бүр хичээл заадаг 7 хоногийн 105.000 төгрөгийн төлбөр, унааны мөнгө болох 45.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна...” гэж тус тус мэдүүлсэн  байх боловч нэр бүхий хохирогч нараас хохиролтой холбогдох баримт хэрэгт гаргаагүй байна.

 

          Иймд шүүгдэгч С.Цыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

           Харин нэр бүхий хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд С.Цаас Иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.

 

         Шүүгдэгч С.Цт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх авав.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. С.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүний биед учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч С.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 46 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 368 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлснээр тооцож, элдээгүй үлдсэн 352 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

 

         4. С.Ц нь энэ хэрэгт 46 хоног цагдан хоригдсон, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

         5. Хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд С.Цаас Иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж нэн даруй суллаж, түүнд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.                 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАЙРИЙЖАВ