Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/710

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Ц.Сайнзаяа,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мт  холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, урьд

-Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-мөн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 11-ний 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, улмаар Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д зааснаар Б.Мт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

-мөн тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 909 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан. Дээрх ялуудыг биечлэн эдэлж дууссан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан санаа бүрэн Б.М, /РД:***/.   

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М нь “2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Такара” нэртэй зочид буудалд засварын ажил хийж байхдаа хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч, хохирогч С.Бийг зодож түүний эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, дух доод уруулын дотор салстад няцарсан шарх, баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Б.М нь “2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Такара” нэртэй зочид буудалд засварын ажил хийж байхдаа хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч, хохирогч С.Бийг зодож түүний эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, дух доод уруулын дотор салстад няцарсан шарх, баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын “…хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн *** дугаартай хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Бийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хохирогчоор өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 24-ний орой 16 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Такара зочид буудалд хамтран амьдрагч Б.М нь засварын ажил хийж байсан. Бид 2 тэнд сүүлийн 3 өдөр засварын ажил хийж байсан. Тухайн үед М архи уугаад байсан ба архи ууж байхдаа миний гэдэс рүү өшиглөсөн. Би “чи архи уухаа боль, уухаараа хачин зан гаргадаг шүү” гэж хэлсэн. Тэгээд байж байтал миний утас руу манай найз залгахад хардаад “чи наад хүнтэйгээ явалдах гэж байгаа юм уу” гэх зэргээр хэрүүл өдөөд шууд миний үснээс зулгаагаад шал мөргүүлсэн. Үснээс зулгаасан байдлаараа миний нүүр болон нүд хэсэгт маш олон удаа цохисон. Би “намайг зодохоо болиоч” гэж гуйсан ч “одоо 2-лаа байгаа болохоор би чамайг ална” гэж хэлээд зодоод байсан. Тэгээд доод талд байдаг вьетнам засварын газрын танихгүй хүн цагдаа дуудсан байсан. Нүдний яс хугарсан, хамрын яс хугарсан, нүүр, бие битүү хөхөрсөн. Тухайн үеийн камерын бичлэг байгаагүй. Засвар хийж байсан болохоор хяналтын камер ажиллаагүй. Өмнө 2020 оны 11 дүгээр сард миний хавиргыг хугалж байсан. Би эрүүл мэндийн хувьд маш их хохирсон. Эмчилгээ хийлгэхэд 3.000.000 төгрөг шаардлагатай гэсэн, миний хамрын яс хугарсан. Би эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Бийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчоор өгсөн “...Би 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр толгойд гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн бөгөөд уг шинжилгээний хариуг авч очиж өөрийн биеэр шүүх эмнэлэг дээр үзүүлсэн. Өөр үзүүлсэн ямар нэгэн шинжилгээ байхгүй. Би Мтой 2019 оны 01 дүгээр сараас хойш хамтран амьдарч байгаа, 2020 оны 11 дүгээр сард намайг зодож байсан. Эмчилгээний мөнгө гэж М надад 900.000 төгрөг өгсөн бөгөөд эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй учир гарган өгөх баримтгүй байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бын гэрчээр өгсөн “...Мтой бид 2 Архангай аймгийнх юм, нөхөрлөөд олон жил болж байна. 2019 оноос хойш эхнэр Бтэй хамтран амьдарч байгаа. Сүүлийн 3 сар орчмын хугацаанд надтай хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 18 дугаар байрны *** тоотод амьдарч байна. Архи уухгүй бол элдэв ааш араншин байхгүй. Надтай хамт нэг их архи уугаад байдаггүй. Ямарваа нэгэн юмыг сэтгэлээрээ сайн хийдэг, шатар даам тоглодог залуу байгаа. 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би эхнэр рүү залгаад Мтой ярих гэхэд “байхгүй байна, өчигдөр бид 2 маргалдсан, намайг зодсон” гэж хэлсэн учраас би эрүүлжүүлэх байрнаас гаргах гэж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 50-51 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 4451 дугаартай “...С.Бийн биед зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, дух доод уруулын дотор салстад няцарсан шарх, баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашлаад ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Мын яллагдагчаар өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Такара нэртэй зочид буудалд С.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрт 1.600.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 59-64 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 74 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Мт холбогдох хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч Б.М нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Такара” нэртэй зочид буудалд засварын ажил хийж байхдаа хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч, хохирогч С.Бийг зодож түүний эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, дух доод уруулын дотор салстад няцарсан шарх, баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч С.Бийн мэдүүлгүүд, шинжээч эмчийн 4451 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг санаатайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн  байхыг шаардана.

 

Шүүгдэгч Б.М болон хохирогч С.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Баянгол дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч Б.Мт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүхээс дүгнэв.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 4451 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч нь хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Мыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны  хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 4451 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Мөн түүнчлэн Баянгол дүүргийн хяналтын прокуророос ирүүлсэн шүүгдэгчид холбогдох хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь заалтад заасан нотолбол зохих байдал хангагдсан гэж шүүх дүгнээд шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Мыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэн шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтлийн  шинж байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 550 /таван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж, Б.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                       ТОГТООХ нь:

 

1.  Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мыг 550 /таван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Б.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй,  гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ