Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 16

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: ****************

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                Даргалагч

                                Ерөнхий шүүгч           Б.Батзориг

                                Шүүгчид                      С.Энхжаргал

                                                                    Г.Давааренчин

                               Оролцогчид:

                                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 175 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор *******ын нэхэмжлэлтэй ******* холбогдох  “Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

        Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “...Миний бие нь Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 тоот тушаалаар биеийн тамир, эрүүл мэндийн багшаар ажилд орж ажлаас халах тушаал гарах хүртэл хугацаанд ажиллаж байсан. Гэтэл Г.Сугар захирал ажилдаа орж намайг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/75 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас минь үндэслэлгүйгээр хууль бусаар чөлөөлсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би нэхэмжлэлийн шаардлагаа 3 үндэслэлээр гаргасан. Үүнд:

1. Цагааннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/75 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан биеийн тамир, эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн ажиллуулах

2.Шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах. Би нэмэгдэлтэйгээ нэг сард 699.948 төгрөг авдаг байсан учраас 3 сар 21 хоногийн цалин 4.104.231 төгрөг гаргуулах

3.Ажилгүй байсан хугацааны шимтгэлийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

Миний бие нь Үндэсний биеийн тамир дээд сургууль төгсөж ирээд тус сургуульд захирлын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай тушаал гарган биеийн тамир, эрүүл мэндийн багшаар 2010 оны 10 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн ажилласан. 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр намайг жирэмсэн байхад ажлаас халж шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу бид эвлэрэн хэлэлцэж захиралын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 81 дугаартай тушаалаар ажилдаа буцан орсон боловч миний бие нь жирэмсэн байсан учраас шууд жирэмсний амралтаа аваад төрчихөөд ажилдаа орох гэж захирал дээр 2-3 удаа хүсэлтээ бичээд орохоор чамайг авахгүй гээд байхаар нь нэгэнт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас дахин сургуулийн захиргаанд хүсэлт гарган 2015 оны 08 дугаар сарын 27-ний өдөр ажилдаа орсон. Г.Сугар багш ажилдаа ороод намайг дахин ажлаас халсан юм. Миний бие нь ******* багшаас өмнө ажилд орсон. Түүнээс биш би хүний оронд тухайлбал ******* багшийн оронд түр ажилд орсон багш биш юм. Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...”  гэжээ.

          Хариуцагч Г.Сугар шүүхэд гаргасан тайлбартаа:

        “…Г.Сугар миний бие нь Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд захиралаар ажилладаг. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/75 тоот тушаалаар багш *******ыг биеийн тамирын багшаас чөлөөлсөн. Чөлөөлсөн үндэслэл нь:

1.2015-2016 оны хичээлийн жилийн эхэнд ******* ажилд орж манай сургууль биеийн тамирын 3 багшийн орон тоон дээр 4 лээ ажиллаж ирсэн байсан.

2.Миний бие 2016 оны 09 дүгээр сард ажилд ороход үндсэн багш ******* чөлөөгөөр Солонгос Улсад биеэ эмчлүүлэхээр явсан байсан. Ингээд чөлөөтэй байгаа багшийн оронд 9-10 сард ажиллуулсан. Багш ******* чөлөөний хугацаа дуусч ажилд орох хүсэлтээ гаргасан. Энэ тухай *******т удаа дараа мэдэгдэж мэдэгдэх хуудас өгсөн.

3. 2016-2017 оны хичээлийн жилд манай сургууль биеийн тамирын 3 багшийн цагийн нормтой. 1-12 дугаар ангийн нийт 66 цаг биеийн тамирын хичээлтэй. 1 багшид 22 цаг ногдож байна. БСШУ-ны сайд, НХХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 307/97/237 тоот тушаалын хавсралт Цэцэрлэг, ЕБС-ийн багшийн зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцон олгох журам-ын 2.11-т багшийн 7 хоногт хичээл заах цагийн ачааллыг 19-өөс байна гэж заасан байдаг.

         Иймд бид хууль дүрэм зөрчиж 19 цагаас доош цагийн ачаалалтай илүү орон тоогоор багш ажиллуулах боломжгүй юм.

...Тус сумын сургуулийн захирал миний бие Г.Сугар нь 2011 онд иргэн *******ыг жирэмсэн байхад нь ажлаас нь халсан шалтгаанаар шүүхээр орж 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот Зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай...захирамжийг үндэслэн иргэн *******ыг 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 81 тоот тушаалаар ажилд нь эргүүлэн авч 9-12 сарын цалинг олгосон байдаг. Иргэн ******* нь 2012 оны 02 дугаар сарын 10-нд төрж 2014 оны 02 дугаар сар хүртэл хуулийн хугацаанд 2 жил нийгмийн даатгалаа төлүүлсэн. Ажил эрхлэх тухай хүсэлтээ гаргаагүй 2015 оны 08 дугаар сар хүртэл огт уулзаагүй хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж тооцох бүрэн үндэслэлтэй. Гэвч миний бие жирэмсний амралт 2015 оны 03 дугаар сард авч төрөөд амралттай байх хугацааанд захиралын ажлын үүрэг түр орлон гүйцэтгэгч ******* хүсэлт гаргаж 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шүүгчийн захирамжийг дахин үндэслэн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 тоот ажилд орох тушаал гаргуулсан байсан. Энэ өдрөөс эхлэн биеийн тамирын багш нар норм цаг дутуу үйл ажиллагаа явуулж ирсэн байсан. Ажил албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь албан хаагчийг ажлаас халах, чөлөөлөх, иргэнийг ажилд авах эрх нь хууль зүйн хүрээнд засгийн газрын тогтоолоор хориглосон байдаг. Энэ тухай зөвлөгөөг Сэлэнгэ аймгийн хууль зүйн хэлтсээс лавласан болно. Ингэхээр захиралын ажлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* гаргасан Б/16 тоот тушаал үндсэндээ хууль бус хүчингүй тушаал болох нь харагдаж байгаа...” гэжээ. 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 175 дугаартай шийдвэрээр:

        -Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *******ыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамир, эрүүл мэндийн багшаар эгүүлэн тогтоож, мөн сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/75 тоот тушаалыг хүчингүй болгож,

        -Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас 2.167.908 төгрөг гаргуулан *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.936.323 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

        -Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар *******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд даалгаж,

        -Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 46.350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.     

Хариуцагч Г.Сугар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Миний бие Г.Сугар нь 1995 онд УБИС-ийг дүүргэж нутагтаа ирээд 1995-2003 оны 08 сар дуустал хичээлийн эрхлэгч, сургалтын менежрээр ажиллаж байгаад 2003 оны 09 дүгээр сараас сургуулийн захирлаар томилогдон эдүгээ 21 дэх жилдээ энэ байгууллагад ажиллаж байна. 2016 оны 10 дугаар сард багш *******ыг орон тооны илүүдэлтэй нөхцөл шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Иргэн ******* нь хууль бусаар ажлаас чөлөөлсөн тухай Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд:

         1.Сургуулийн захирал Г.Сугар миний гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/75 тоот тушаалыг хүчингүй болгуулан биеийн тамирын эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн ажиллуулах

            2.Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,

3.Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэх гомдол гаргасан.

Анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 175 тоот шийдвэр гаргасны дараа шийдвэрийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч унштал шийдвэрийн 4 дүгээр хуудсанд “...Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт...” гэж бичсэнийг олж үзээд бичиг хэргээс тушаалаа татан авч үзтэл 38 дугаар зүйлийн 38.1.2 гэж бичихийг бичиг хэргийн ажилтан хайхрамжгүй байдлаар алдаа гарган бичсэнийг анзаараагүй байна. нь тайлбараа гаргасан болно. 2015 оны 09 сараас манай сургууль биеийн тамирын 3 багшийн орон тоон дээр 4 багш ажиллуулж ирсэн байна... манай сургууль Монгол Улсын Засгийн газраас баталж гаргасан дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллага, дүрэм журмаас ангид ямар нэг хувийн хэвшил биш ээ. Төрийн хуулийн дор төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа төрийн үйлчилгээний байгууллага. Хэн нэгэн хүний эрх ашгийг хамгаалж илүүдэл орон тоотой ажиллуулах эрх мэдэл надад байхгүй. Иргэн ******* нь анхан шатны шүүхэд биеийн тамирын эрүүл мэндийн багшаар ажиллуулах ажилд эгүүлэн ажиллуулах нэхэмжлэл гаргасан. Манайд биеийн тамирын эрүүл мэндийн багшийн ямар ч орон тоо байхгүй.  Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн бүтцэд мөн эрүүл мэндийн хичээлийн ямар ч цаг байхгүй. Анхан шатны шүүх Цагааннуур сумын захирал миний болон манай байгууллагын дотоод албадын гаргаж өгсөн мэдээллийг ямар учраас үндэслэлгүй хууль бус гэж нэхэмжлэгчийн талд хэт нэг талыг барьж үйлчилж байгууллагын ажиллагаанд эсрэг шийдвэр гаргаж байгаа нь ямар нэг хувийн ашиг сонирхол байна гэж үзэх бүрэн боломжтой байна.

Нэхэмжлэгч заргын хүрээнд хамааралгүй асуудлаар хамт олныг болон намайг худал хуурмагаар гүтгэн доромжлох үйлдэл анхан шатны шүүхэд гаргасныг анхан шатны шүүгч хүлээн авч надаар тайлбар гаргуулан сэтгэл санааны хямралд оруулж, эрүүл мэндийн байдалд нөлөөлж байсан. Энэ нь мөн нэхэмжлэгч шүүгчтэй ямар нэг хувийн харилцаа холбоотой болохыг үгүйсгэх аргагүй юм.

Анхан шатны шүүхэд:

Манай байгууллага ажиллавал зохих биеийн тамирын багшийн орон тоо, нормт цаг, хүүхдийн болон бүлгийн тоо, /Ерөнхий боловсролын статистик мэдээ/, батлагдсан төсөв, дагаж мөрдөж байгаа яамны дүрэм журмууд зэргийг гаргаж өгсөн боловч шүүх хүлээж авалгүй ийм шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна. Миний бие анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 175 тоот шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч *******ын зарга үүсгээд байгаа энэхүү асуудлыг хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Анхан шатны шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг бичиг хэргийн ажилтан М.Оюун-Эрдэнийн тайлбар зэргийг хавсаргав...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

“... 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 175 дугаартай шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн хариуцагч Г.Сугар гомдол гаргасан байна. Гомдлыг хүлээн авч ханган шийдвэрлэх боломжгүй юм.  Хариуцагч Г.Сугар гомдолдоо:

1.Бичиг хэргийн ажилтны буруугаас болсон мэтээр тайлбар бичсэн байна. Гэтэл ийм байдал үүсэх боломжгүй. Учир нь тухайн үед тушаал хэдэн хувь үйлдэгдэнэ нэг үг өгүүлбэртэй л хэвлэгдэнэ. Байгууллагад үлдсэн хувь өөр байх ямар ч боломжгүй. Тиймээс гомдолд дурдсан тайлбар ямар ч үндэслэлгүй болно. Ажил олгогч гаргасан тушаалаа өөрөө хянаж гарын үсэг зурж, тамгаа дардаг. Тэгэхээр өөрөө тухайн үед үзсэн байх үндэслэлтэй. Хариуцагч өөрийн гаргасан алдааг бусдад нялзаах, тэр тусмаа шүүхийг гүтгэж болохгүй юм.

2.хариуцагч талаас гаргаж өгсөн тодорхойлолт зарим тушаалууд  нотлох баримтын шаардлага хангахгүй байсан учир өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтад үнэлэх боломжгүй гэдэг саналыг тавьсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйл 44.2 дахь хэсэгт заасныг зөрчин бичмэл нотлох баримтыг эхээр нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн заалтыг хариуцагч тал зөрчсөн байна.

3.Хариуцагч Г.Сугар нь *******ыг биеийн тамир эрүүл мэндийн багшид эргүүлэн ажиллуулсан байна. Манайд ийм орон тоо байхгүй гэжээ. Хариу тайлбар:

-Г.Сугар ийм орон тоо байхгүй гэдгээ нотолж шүүхэд нотлох баримт ирүүлээгүй.

-******* нь анх ажилд орохдоо 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай тушаалаар биеийн тамир, эрүүл мэндийн багшаар ажилд орсон. Энэ тушаал нь хүчингүй болоогүй, хүүхэд асрах хугацаанд энэ орон тоо хадгалагдаж байсан зэрэг тухайн орон тоо байгаа гэж үзнэ.

-энэ сургуульд ******* нь байнгын орон тоон дээр анх ажилд орсон. Түүнээс хойш 3 багш нэмж биеийн тамирын багшаар ажилд орсон байгаа. Тэгвэл орон тоо байхгүй байсан бол яагаад дахин багш нэмж ажилд аваад байдаг юм гэсэн асуулт гарч ирнэ.

-Г.Сугар нь *******ыг хувийн шалтгаанаар 2 ч удаа халж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.         

                                                    Үндэслэх нь:

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд  холбогдуулан  ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг судлан үзвэл: Гомдол гаргагч ******* нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай тушаалаар биеийн тамир, эрүүл мэндийн багшаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 5/75 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлжээ. 

Ажил олгогч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40.1.1 дэх заалтуудыг үндэслэлээ болгосон бөгөөд тухайн  үндэслэлээ ******* нь  түр чөлөөтэй байгаа багшийн орон тоон дээр ажиллаж байсан, биеийн тамирын багшийн орон тоо илүүдэлтэй байсан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар ажиллуулахаар ажилтантай тохирч гэрээ байгуулж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т  заасан бөгөөд энэхүү гэрээ нь эзгүй байсан ажилтан эргэн ирснээр дуусгавар болдог.

Хэрэгт авагдсан  Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын дунд  сургуулийн захирлын 2010 оны 10 сарын 20-ны өдрийн 53 дугаартай “ажилд авах тухай”  тушаал болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд түүнийг түр ажилд авсан, өөрөөр хэлбэл *******ыг чөлөөтэй байсан багшийн оронд анх ажилд орсон  гэж үзэх боломжгүй,  харин  байнгын  орон тоон дээр ажилуулахаар тохирсон гэж үзэхээр байна. 

Ажил олгогчоос  ажилтантай байгуулсан  хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт нь  “ажилтан өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох тухай зохицуулалт, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т  Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай  харилцааг зохицуулдаг.

Гэтэл ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор баримталсан хуулийн заалтууд нь өөр хоорондоо зөрчилтэй,  өөрөөр хэлбэл ажилтан өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан,  ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцласан гэсэн үндэслэл заасан нь ойлгомжгүй болжээ. 

Ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хуулийн заалтаас гадна гэрээ дуусгавар болох үндэслэл нь тодорхойгүй, тухайн сургуулийн багшийн орон тоог цөөрүүлсэн,  орон тоо хасагдсан эсэх нь тодорхойгүй бөгөөд хариуцагчаас дээрхи үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч *******ын ажлаас буруу халсан гэсэн гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн хэргийн хариуцагч нь давж заалдах гомдлынхоо үндэслэлээ тушаалд бичиг хэргийн ажилтан техник алдаа гаргасан, биеийн тамирын багшийн орон тоо илүү байгаа талаар холбогдох дүрэм журмыг  өгсөн байхад түүнд шүүх дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж тайлбарлажээ.

Ажил олгогч нь  орон тоо цөөрүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан”  гэдэгт тухайн байгууллага зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болгосныг ойлговол зохих бөгөөд зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах ойлголт юм.

Харин  “орон тоо цөөрүүлэх” гэдэг нь байгууллагын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.

Мөн ажил олгогч нь өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай  шийдвэр гаргахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтанд урьдчилан арга хэмжээ авсан байх шаардлагатай.

Гэтэл тухайн маргааны хувьд дээрхи байдлууд тогтоогдоогүй, хэргийн хариуцагчаас  ирүүлсэн тус сургуулийн  биеийн тамирын багш нарын  хувийн хэрэг, захирлын багш ажилд томилсон тухай тушаалууд, сургуулийн тайлан болон тухайн хэргийн зохигчид биш сургуулийн сургалтын менежер, номын санч, нярав, дотуур байрны багш, сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс тус тус шүүхэд ирүүлсэн тайлбарууд нь тухайн хэрэгт хамааралгүй, өөрөөр хэлбэл ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан хуулийн үндэслэлийг тодорхойлоогүй байна.

Мөн  хэргийн зохигч бус этгээдүүдээс шүүхэд ирүүлсэн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана.” гэснийг зөрчсөн бөгөөд дээрхи баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул  шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааны зүйл болох ажил олгогчийн тушаалын үндэслэлийн талаар хэрэгт цугларсан баримтад  үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн  байх тул  шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт  заасан шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

*******ын ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага нь ажлаас буруу халсан тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон тул түүнийг нэхэмжлэлийн бие даасан шаардлага гэж үзэн анхан шатны шүүх ажил олгогчийн хуулийн үндэслэлгүй гаргасан тушаалыг хүчингүй болгосон нь буруу болжээ.

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж,   хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь   хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 175 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *******ыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамир, эрүүл мэндмийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. ” гэж  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн   давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                ДАРГАЛАГЧ               Б.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                   С.ЭНХЖАРГАЛ

                                                                    Г.ДАВААРЕНЧИН