Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 00130

 

 

                                                                           

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа,

Улсын яллагч Т.Ганзориг,

Хохирогч Г.Баярмаа,

Шүүгдэгч Ц.Атарсэлэнгэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогтбаярын Атарсэлэнгэд  холбогдох Эрүүгийн 201614000287  дугаартай хэргийг 2016 оны 07 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

          Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Булган аймаг Булган сумын 1-р баг  Шинэ хороо барилга засварын байр 2 тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй,

              Булган аймгийн сум дундын шүүхийн 2001 ны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 05 сар 12 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан,

              Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

              Булган аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн тэгшитгэлээр Булган аймгийн сум дундын шүүхийн 04 дүгээр сарын 07-ны өдрийн 109 тоот шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж 2 жил хорих ял эдэлж суллагдсан,

              Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

              Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 110 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 19 хоногийн ялаас өршөөн хэлтрүүлж, суллагдсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Гал овгийн Цогтбаярын Атарсэлэнгэ /ГЮ 84120479/.

                                Холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Ц.Атарсэлэнгэ нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн инжинер зураг төслийн хэлтсийн байрны 303 тоот орлогч Г.Баярмаагийн албан өрөөнөөс I phone-6 маркийн гар утас хулгайлан 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан ба Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 сарын 20-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 110 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

           1. Шүүгдэгч Ц.Атарсэлэнгэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 сарын 02-ны өдөр Булган аймагт хүмүүстэй архи ууж байгаад тэд нараас салаад Улаанбаатар явахаар Орхон аймагт ирсэн. 14 цагийн үед Хүүхэлдэйн театрын хажууд таксинаас буусан. Согтуу байсан учраас тэр хавьд буудалд унтахаар хүүхэлдэйн театрын хажуу талд байх албан газар руу буудал гэж андуурч орсон. Тэгээд хүмүүсээс буудал асуух гээд 2 давхарт явж байгаад 1 өрөө рүү орсон чинь хүнгүй байхаар нь ширээн дээр нь байсан I phone /Айпоне/-6  маркийн гар утсыг хулгайлж аваад гарсан. Тэндээсээ вокзал орсон бөгөөд гар утсыг цэнэглүүлэх гэж хүнд өгч байгаад цагдаад баригдсан. Утсыг цагдаа нар хохирогчид утсыг буцааж өгсөн байсан гэв.   

          2.  Хохирогч Г.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Манай ажлын байр хүүхэлдэйн театрын баруун талын байранд байдаг бөгөөд би 3 давхрын 303 тоотод суудаг юм. Би ажлаа хийж байгаад 15 цагийн орчим гараад өөр өрөө рүү орох гээд явж байсан чинь коридорт манайд ажилладаггүй танихгүй залуу зогсож байсан бөгөөд надаас Гантулга гэж байдаг уу гэхээр нь тийм хүн байхгүй гэж хэлээд анзааралгүй өөр өрөөнд ороод хэсэг юм ярьж байгаад өрөөндөө ороод утсаа хайгаад олоогүй. Цүнхэндээ үзсэн байхгүй байсан. Утас руугаа залгахад холбогдохгүй байсан ба өрөөнийхөө ширээн дээрээс хулгайд алдсанаа мэдсэн. Тэгээд хүү Баттайван руу яриад ээж нь утсаа алдчихлаа яаж олдог билээ гэж асуухад хүү маань фээсбүүкээр зар тавьсан байсан.  Би утсаа олж авсан бөгөөд миний утас сирал дугаараа таарч байсан. Ажиллагаа нь хэвийн харин сим картыг нь хаячихсан байсан. Сим картыг олон жил хэрэглэсэн болохоор Мобиком ХХК-аас үнэгүй сэргээж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

            3. Гэрч М.Баттайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... Г.Баярмаа нь миний төрсөн эх юм. Би ээждээ 2015 оны 01 сарын эхээр I phone 6 маркийн гар утсыг 1 500 000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. 2016 оны 06 сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим над руу утсаар яриад өрөөнөөсөө утсаа хулгайд алдчихлаа гэсэн. Би фээсбүүк дээр I phone 6  маркийн гар утсыг кодгүйгээр ашиглаж болохгүй тул шагналаа аваад буцааж өгнө үү гэсэн утгатай зарыг утасны сириал номерийн хамт тавьсан. Гэтэл тэр орой Наранзул гэх эмэгтэй фээсбүүк хаягаар энэ утас мөн үү гэж явуулсан бөгөөд ээжийн маань алдсан утас яг мөн байсан. Наранзул нь манай эхнэрийн найз байсан бөгөөд миний тавьсан зарыг хараад адилхан утас барьчихсан хүн явахаар нь сэжигтэй санагдахаар нь зургийг нь дараад явуулсан байсан. Наранзул нь өөрөө төмөр замд ажилладаг хүн юм шиг байна лээ  гэсэн мэдүүлэг, /хх-ийн 14 тал/

            4. Гэрч Ж.Наранзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би Улаанбаатар төмөр замын Эрдэнэт өртөөний хэсэгт заалны үйлчлэгчээр ажилладаг. 2016 оны 06 сарын 02-ны өдөр 16 цагийн орчим ажил дээрээ байж байтал 25 орчим насны танихгүй залуу утас цэнэглүүлье гэж ирэхээр нь нэрийг нь асуухад Атраа гэж хэлсэн. Тэр үедээ сонирхоод өнгөрсөн гэтэл буцаж ирээд I phone 7 маркийн гар утасны цэнэглэгч зарахгүй биз гэж ирсэн. Гаднаас нь харахад тийм үнэтэй утас хэрэглэхээр хүн биш байсан ба тийм утас худалдаанд гараагүй байхад яагаад барьж явдаг билээ гээд сонин сэжигтэй санагдсан. Тэгээд утсыг нь үзтэл I phone 6  маркийн гар утас байсан. Сэжигтэй санагдсан тул би утасныхаа кодыг хийгээч гэхэд худлаа код хийгээд блоклоод байсан. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүн байж магадгүй гэж бодоод Мобикомд ажилладаг хүн рүү утасдаж I phone 6  маркийн утсаа алдсан гэж тэмдэглүүлсэн болов уу гэхэд манайд орж ирээгүй байна. Цагдаад хэлээрэй гэсэн. Би төмөр замын цагдаа дээр очиж энд утасныхаа маркийг мэдэхгүй үнэтэй утас барьсан хүн яваад байна гэж хэлээд улмаар вагонд суусан байхад нь хайж олж өгсөн. Цагдаа бүртгээд явуулсан байх. Ажлаасаа тараад гэртээ ирээд фээсбүүк ортол Баттайван гэж хүний нэртэй утсаа алдсан тул шагналаа аваад буцааж өгнө үү гэсэн зар байсан түүний дагуу холбогдож зургийг нь явуулсан чинь мөн байсан. Тэр залуу цагдаад өргөдөл өгөөд утсаа олж авсан гэж байсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15 талд/

         5. Далай ван аудит ХХК-ний шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02/102 дугаартай дүгнэлт,

         6. Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-33 тал/

            7. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Атарсэлэнгэ нь 2016 оны 06 сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн инжинер зураг төслийн хэлтсийн байрны 303 тоот албан өрөөнөөс тус хэлтсийн орлогч дарга Г.Баярмаагийн албан өрөөнөөс I phone-6 маркийн гар утас хулгайлан 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан ба Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 сарын 20-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 110 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Баярмаа, гэрч  М.Баттайван, Ж.Наранзул нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул үнэн зөв баримт гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Атарсэлэнгэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Атарсэлэнгэ нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 61 хоног  цагдан хоригдсон болно.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

           1. Шүүгдэгч Гал овгийн Цогтбаярын Атарсэлэнгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ц.Атарсэлэнгийг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Атарсэлэнгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ц.Атарсэлэнгийн цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

    5. Шүүгдэгч Ц.Атарсэлэнгэ нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

          6.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.