Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2023/0378/З |
Дугаар | 221/МА2023/0603 |
Огноо | 2023-09-19 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2023/0603
“ТИ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, Б.Б
Нэхэмжлэгч: “ТИ” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/327 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргйин анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 599 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2023/0378/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ТИ” ХХК нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/327 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 599 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 42, 43, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/327 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, Б.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0599 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/327 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитойгоор хийгээгүй байна гэж дүгнэсэн.
3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Тус актыг гаргахдаа Захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасны дагуу Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож нэхэмжлэгч нь хэдийгээр төрийн эрх бүхийй байгууллагуудаас зөвшөөрөл авч байсан боловч газар дээрээ бодитоор зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдож байхад шүүх зөв үнэлж дүгнээгүй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргаж буй гомдлыг хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0599 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шийдвэрлэв.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “ТИ” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/327 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан.
2.2. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/327 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “ТИ” ХХК-д Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар олгосон 3462 м2 талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
2.3. Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалт нь гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх болон ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг тус тус шаардана. Өөрөөр хэлбэл дээрх хоёр нөхцөл хамт бүрдсэн тохиолдолд уг зохицуулалт хэрэглэгдэнэ.
2.4. Харин хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар нэхэмжлэгчид авто замын трасст ороогүй 815 м.кв газрыг буцаан олгосноор “ТИ” ХХК нь 3462 м.кв газар эзэмших эрхтэй болж, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг дахин байгуулсан байна.
2.5. Нэхэмжлэгчээс гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглахын тулд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2020/037 дугаар “Техникийн нөхцөл”, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15/00013/21 дугаар техникийн нөхцөл, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №81/21 дугаар “Техникийн нөхцөл”, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн TH-B6/2021 дугаар “Техникийн нөхцөл”, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №001035 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0/2737 дугаар зөвшөөрөл олгох тухай албан бичиг, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5072021 дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “ТИ” ХХК-ийн зоорьтой 16 давхар үйлчилгээтэй орон сууцны ажлын зураг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “ТИ” ХХК-ийн үйлчилгээний орон сууцны загвар зураг батлуулсан, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №20/01 дугаартай “ТИ” ХХК-ийн газраар дайран өнгөрч буй ф400мм-ийн голчтой дулаан, ф300мм-ийн голчтой цэвэр усны шугамыг зөөж шилжүүлэх тухай ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №20-02 дугаар зураг төсөл гүйцэтгэх гэрээ, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Инженер-Геологийн судалгааны ажил хийж гүйцэтгэх гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №2020/07 дугаар Автозамын ажил хийж гүйцэтгэх гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Явган хүний замын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэх гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №2021/01/20 дугаар Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Кабель угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 02 дүгээр сарын 17-ны өдрийн №17/25 дугаар Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №15/00069/23 дугаар “Техникийн нөхцөл” зэрэг ажлуудыг хийж, тухайн газартаа бодитоор хийж, хэрэгжүүлсэн ажил нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл үгүйсгэгдэж байна.
2.6. Энэ талаар анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч “ТИ” ХХК нь 2018-2022 оны хооронд өөрийн эзэмшлийн газартаа авто замын трасст орсноос шалтгаалан 2 удаа хийлгэсэн зураг төслийн дагуу барилга байгууламж барихын тулд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан болох нь... баримтуудаар тогтоогдож байх тул газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна, ... Захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эдгээр үйл баримтыг шинжлэн судлаагүй, 2023 онд шийдвэр гаргахаас өмнө өөрсдөө хянаж баталгаажуулсан баримтаа харьцуулан үзээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр болжээ” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
2.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч нь хэдийгээр төрийн эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч байсан боловч газар дээрээ бодитоор зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдож байхад шүүх зөв үнэлж дүгнээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэж шийдвэр гаргасан бөгөөд хуулийн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан, Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.
2.8. Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг зөрчиж Газрын тухай хууль болон уг хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт заасан дээрх үндэслэл, нөхцөл бий болсон эсэхийг тодруулаагүй байна.
2.9. Хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан шийдвэрийн дагуу эрх бүхий этгээдүүдийн хооронд газар эзэмших, ашиглах гэрээ хийгдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт нь Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т зааснаар тайлбарлагдах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2.10. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч “ТИ” ХХК нь анх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 6800 м.кв талбай бүхий газрыг “Р” ХХК-аас эрх шилжүүлэн авсан бөгөөд уг газрын дээгүүр авто зам тавих шийдвэр гарсан гэх шалтгаанаар нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/920 дугаар захирамжаар тус компанийн эзэмшил газрын хэмжээг 2647 м.кв болгон багасган эзэмшүүлснийг нэхэмжлэгч компанийн хүсэлтээр тухайн газарт дахин хэмжилт хийж, нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамжаар авто замын трасст ороогүй 815 м.кв газрыг буцаан олгосон, үүний дараа нэхэмжлэгчээс өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахаар дээр дурдсанчлан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байхад уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийг зөрчиж гарсан, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагад нийцэхгүй байна.
2.11. Мөн хариуцагчаас “ТИ” ХХК нь газрыг анх авахдаа сонгон шалгаруулалт /дуудлага худалдаа/-ын үнийг төлсөн гэж тайлбарласан төдийгүй энэ талаар талууд маргаагүй. Түүнчлэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03-06/1504, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/5098 дугаартай албан бичгүүдэд “Авлигатай тэмцэх газраас ...дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр “ТИ” ХХК-д газрын хэмжээг нэмэгдүүлэн олгосон талаар албан бичиг ирүүлсэн” тухай дурдсан байгаа хэдий ч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлаагүй байгаа энэ тохиолдолд шүүх үүнд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
2.12. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан маргаан бүхий актад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
2.13. Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл нь тус хэргийг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлд хамааралгүй, ач холбогдолгүй байх тул уг заалтуудыг хассан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 599 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ...43, 43” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА