Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 18

 

Г, Ц, Г, Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Батнасан

Шүүгдэгч Г, Ц, Г, Н,

Шүүгдэгч Г, Ц, Н нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

Шүүгдэгч Ж.Ганзоригийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г, Ц, Н, шүүгдэгч Г-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарын давж заалдах гомдлоор Г, Ц, Г, Н нарт холбогдох 1716001540021 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г, Ц, Г, Н нар нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багийн нутаг дэвсгэрт буюу Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2017 оны 12 сарын 10-ны өдөр бүлэглэн ховор амьтан болох 2 тооны дааган насны хуланг 54-44 ГАҮ улсын дугаартай УАЗ-31512 маркын автомашинаар хөөж буудан, тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж Монгол орны байгаль орчинд 20.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г, Ц, Г, Н нарыг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн  24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г, Ц, Г, Н нарыг тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г, Ц, Г, Н нарт тус бүрд нь оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг дурдаж, Шүүгдэгч ЖГ, Ц, Г, Н нарыг цагдан хорьж ял эдлэх хугацааг тухайн өдрөөс эхлэн тоолохыг дурдаж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 54-44 ГАҮ улсын дугаартай УАЗ 31512 маркийн 2.000.000 төгрөгний үнэлгээ бүхий авто машиныг эзэмшигч Ж-д олгож, машины үнэ 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Г, Ц, Г, Н нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч нараас тус бүр 500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгох албадлагын арга хэмжээг авахыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хулангийн толгой 2 ширхэг, ТОЗ-8 маркийн галт зэвсгийн сумны хонгио, цус мэт зүйлээр бохирлогдсон сонингийн цаас, хулдаасны тасархай тус бүр 1 ширхэг, машины доторлогооны эмжээр төмөрний хугархай 1 ширхэг, дробинк маркийн ар хэсэгтээ 16 гэсэн дугаартай сумны хонгио 1 ширхэг, сумны хошууны хэлтэрхий мэт металл 1 ширхэг, бууны гол төмрийн арчдас 3 ширхэг зэргийг устгаж, Ц, Д нарын эзэмшлийн гэх улсын бүртгэлгүй 33840 гол төмөртэй, 51135 дугаарын замагтай ТОЗ-8 загварын галт зэвсэг 1 ширхэг, ДО750АТ дугаарын гол төмөр, Е11828 дугаарын замагтай дровинк маркийн галт зэвсгүүдийг хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлж, 8 гега багтаамжтай улаан өнгийн плашийг эзэмшигч А-д олгож, хэргийн газрын үзлэгийн болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны дүрс бичлэгийг хадгалсан 2 компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахыг дурдаж, Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г, Ц нар нь амьтны аймагт учруулсан хохирол 41.400.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

 

Шүүгдэгч Г давж заалдах гомдол, тайлбартаа: “Би Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Энэ үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байгаа. Нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Буруу зүйл хийсэнээ ойлгон маш их гэмшиж байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж тэнсэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ц давж заалдах гомдол, тайлбартаа: “Би эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Энэ үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байгаа. Нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Буруу зүйл хийсэнээ ойлгон маш их гэмшиж байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн 43 дугаар Шийтгэх тогтоолын тогтоолоор надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Шүгдэгч Ж.Ганзориг давж заалдах гомдол тайлбартаа: Миний бие Г нь гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж буруугаа хүлээж байна. Миний бие нь шүүгчдэгч Ц, Г нарын төлсөн хохирол мөнгийг хувааж тэдэнд өгөхөө илэрхийлж байна. Цаашид ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадахаа илэрхийлж байна. Иймд намайг Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлээс чөлөөлж үүрэг хүлээлгэж өгнө үү. Миний бие нь байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэл хийх болно гэв.

Шүүгдэгч Н давж заалдах гомдол, тайлбартаа: Би Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж тогтоогдсон. Энэ гэмт хэргийн улмаас учирсан нөхөн төлбөр бүрэн төлөгдсөн байгаа. Миний бие ам бүл 5, эхнэр, бага насны /0-6 насны/ 3 хүүхдүүдийн хамт амьдардаг. Гэмт хэргийн улмаас учирсан нөхөн төлбөр төлөгдсөн байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж  оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г, Ц, Н нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан: Шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Ц, Г нар нь хулан алсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нөхөн төлбөрийг төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна оногдуулах ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан. Шүүгдэгч Н нь энэ хэрэгт ямар үндэслэлээр татагдаж байгаа нь тусгагдаагүй байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах үед улсын яллагч хэлэхдээ гэрчийн мэдүүлгээс харахад Н нь хамааралгүй гэдэг талаар хэлж байсан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан байна. Н-ийн хувцас нь цус мэт зүйлээр бохирлогдсон байгаа учир Н нь хуланг тухайн машинд өргөлцөж хийсэн гэж үздэг. Н-ийн хувцас нь цус мэт зүйлээр бохирлогдсон байгаа нь хавтаст хэрэгт байгаа зурагнаас харагдахгүй байна. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Н, Г нарын хувцас нь хулангийн цусаар бохирлогдсон гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй. Мөрдөн байцаалтад Н-г дуудаж Г-г явсан гэдгийг хэлбэл чиний хэргийг хэрэгсэхгүй болгоё гэдэг зүйлийг хэлэхэд нь Н тийм зүйл байхгүй гэж хэлсэн байдаг. Гэрч нар 15 километрийн цаанаас дурандсан байдаг. Гэрчүүд авто машины урд хоёр хаалга онгойгоод 2 хүн бууж ирсэнийг бид нар харсан гэж мэдүүлдэг. Гэрч Г-ын мэдүүлэгт машины 3 хаалга онгойгоод 3-4 хүн бууж ирсэн гэж мэдүүлдэг. Тэгэхээр бусад гэрчийн мэдүүлгээр няцаагдаж байна. Үнэхээр 15 километрийн цаанаас бүгд нэг нэг дурангаар дурандсан эсэх эсхүл нэг дурангаар ээлжлээд харсан эсэхийг тогтоох боломжгүй. Мөн энэ хүмүүс дотор цоохор хувцастай хүн байсан гэж мэдүүлдэг гэтэл энэ хүмүүс дотор цоохор хувцастай хүн байгаагүй. Тухайн үед Х-д нь маш тод өнгийн дээлтэй байсныг хараагүй байж цагаан дээлтэй хүн байсан гэж хэлдэг. Машин дотор байсан хүн тасралтгүй дурандаад явж байсан зүйл байхгүй. Яндан нь мултрч унасныг замдаа аваад тавьсан гэдэг нь зураг дээрээс харагдаж байгаа. Хулан ачсаны дараа яндангаа унахаар нь авч машиндаа хийсэн байдаг. Энэ нь тухайн хүмүүст харагддаггүй. Хөөгөөд шүүгдэгч нар зугтаад байсан зүйл ярьдаг. Гэтэл шүүгдэгч нар зугтаагүй гэнэт хажуугаар машин орж ирээд зогссон гэж хэлдэг. Н-н тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна миний ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэж байгаа боловч Н нь энэ хүмүүстэй хамт явсан гэдгээрээ буруудаад байна. Тухайн үед би байхгүй байсан гэдгээ хэлдэг. Иймээс хэрэгт байгаа нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэж, шүүгдэгч нар нь нөхөн төлбөрөө төлсөн, 2 хулан алсан, тухайн машин дотор эдгээр хүмүүс бүгд явж байсан гэдгээрээ хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймээс шүүгдэгч нарыг заавал нийгмээс тусгаарлаж хорихгүйгээр тэнсэж өгөн үү. Эдгээр шүүгдэгч нар нь бүгд айл гэрийн өрхийн тэргүүн, орон гэрээ авч явдаг хүмүүс учир шүүгдэгч нарыг хорихгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн саналыг нь дэмжиж байна. Мөн 2 бууны тухайд шинжээчийн дүгнэлтээр 2 нүх байна энэ нь шинжилгээ хийх боломжгүй мөрдөн байцаалтын тавьсан асуултад хариулах боломжгүй байна гэж гарсан. Шүүхээс тухайн хулангийн арьсыг эд мөрийн баримтаар хураагаагүй байна, эд мөрийн баримтаар тооцоогүй нь эргэлзээтэй, мөн буудагдсан хэсгийн арьсыг аваагүй нь ямар буугаар буудсаныг тогтоох боломжгүй байна гэж тогтоосон боловч тухайн бууг эд мөрийн баримтаар хураасаныг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед хэргийн газрын үзлэг хийхэд хулангууд нь авч явах боломжгүй өмхийрсөн байдалтай гэж дүгнэсэн боловч хэрэг гарсан цаг хугацаанаас харахад өмхийрсөн байх боломжгүй байсан. Иймээс буудагдсан арьсыг мөн авч явах боломжтой байсан мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдсан гэв.

Шүүгдэгч Г-ийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г-ийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ хэргийн тухайд хохирол нөхөн төлөгдсөн. Шүүгдэгч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд сурталчилхаа илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг учир 5 жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлоо дэмжиж байна. Тэнсэн харгалзах хугацааны хувьд гэмт хэрэг үйлдсэн оролцоог харж үзнэ үү гэв.

Прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч нар давж заалдах гомдол гаргахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж гомдол гаргасан боловч эдгээр хүмүүс нь өөрсдөө үйлдлээ 1 бүрчлэн ярихгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна.  Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Н, Х нарын хэргийг хэрэгсэхгүй болгоё Г-г хамт явсан гэж хэлүүл гэдэг зүйл болоогүй. Г машин барьж явсан гэдэг бодит нөхцөл байдал тогтоогдоод байна. Ганбаатарын мэдүүлэгт цоохор хувцастай хүн байсан гэж хэлдэг. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан зураг дээр шүүгдэгч Ц-н дээл маш их хэмжээгээр цус мэт улаан зүйлээр бохирлогдсон байсан. Энэ нь цоохор гэж дуранд харагдсан байх. Яндан нь унаад тухайн янданг аваад машинд хийх хугацаа байхгүй байсаныг гэрчүүд мэдүүлдэг. Шүүгдэгч нар мэдүүлэхдээ зугтаасан зйүл байхгүй гэж хэллээ. Хуланг алаад машинд хийгээд авахад нь тухайн гэрчүүд дурангаа хураагаад араас нь явсан байдаг. Эхлээд шүүгдэгч нар нь дархан цаазат газрын машиныг хараагүй сүүлийн 2-3 километрт хөөцөлдөөн болсон гэж дархан газрынхан ярьдаг. Мөн Н хамт явсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Бууны тухайд шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчээс асуухад 2 хулангийн биед үүссэн тус бүр нэг нүх нь өөр өөөр буунаас үүссэн байх боломжтой гэж хэлсэн учир анхан шатны шүүх тухайн 2 бууг хурааж авсан. Хэргийн  талаар үнэн бодит зүйлийг ярихгүй байгаа учир гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэх боломжгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Г, Ц, Г, Н нар нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багийн нутаг дэвсгэрт буюу Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ховор амьтан болох 2 тооны дааган насны хуланг 54-44 ГАҮ улсын дугаартай УАЗ-31512 маркын автомашинаар хөөж буудан, тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж Монгол орны байгаль орчинд 20.700.000 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Энэ байдал нь гэрч Г-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Бид нар 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Дархан цаазат газрын орчны бүсийн Охин гэдэг газар хоносон. 13 цагт Ховд аймгийн Алтай сумын нутагт байрлах Тахийн ус гээд байгаль хамгаалагчийн ажлын байран дээрээс хөдөлсөн. Маршрутын дагуу Сэртэн уулыг өвөрлөөд Ховд аймаг Говь-Алтай аймгийн нутгийн залгаа газраар явж байхдаа эхлээд тоос харсан. Тухайн тоосыг ан амьтны тоос байх магадлалтай гэж үзээд хоёр аймгийн залгаа нутаг руу ойртож ирээд зогсож дурандсан. Бид нар хэсэг явж байгаад дурандаж үзээд орчин нөхцөл байдлыг шалгадаг. Бор ногоон өнгийн жаран ес машиныг хамар сөхсөн байдалтай байхыг харсан. Тэгээд  тухайн өдөр орон даяар тооллого явж байсан өдөр бөгөөд замд Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн тооллогын машинтай тааралдсан учраас энэ машиныг Тонхил сумын Алтансоёмбо багт тооллого хийж яваа байх гэж анхан шатны дүгнэлт хийгээд цаашаа ажлаа үргэлжлүүлсэн. Тэгээд явж байгаад Сэртэнгийн өврийн нэгэн толгой дээр гараад машин нь эвдэрч хэмхэрсэн байна уу? Очиж тусламж үзүүлэх хэмжээнд байна уу? гэж хоорондоо ярилцаад зогсож том сваровский маркийн телескопоо зоож дурандахад бор ногоон өнгийн жаран есний өмнө нэг хулан нилээд хүнд шарх авсан бололтой явдал нь удааширсан алхаж явж байсан. Араас нь бор ногоон өнгийн жаран ес аяархан дагаад явж байсан. Намайг дурандаад эхэлж байтал хулан унасан. Хулан унахад машины 3 хаалга онгойгоод 3-4 хүн бууж ирсэн. Энэ хэргийг шалгах хэрэгтэй гээд дараагийнхаа хүмүүст дурангаа шилжүүлж өгөөд толгойн орой дээр гарч жи мобайлын утасаа асаагаад Ховд аймгийн Алтай сумд байрладаг байгаль хамгаалагчид байдлыг мэдээлээд ийм хүмүүстэй тулах нь тодорхой боллоо. Та бүгд бид нарт асуудал гарах юм бол, 1 цагийн дараа ямар нэгэн хариу өгөхгүй бол холбогдоорой гэж хэлээд дараа нь хамгаалалтын захиргаа руу жолоочдоо утастаж хэлсэн. Ийм байрлалд бор ногоон өнгийн машинтай хүмүүсийн наанаас явах гэж байна. Эдгээр хүмүүс хулгайн ан хийсэн, хулан агнасан нь тодорхой болсон. Энэ хүмүүсийг очиж уулзах саатуулахаар явлаа гэдгийг хэлсэн. Энэ хооронд манай дурандаж байсан хүмүүс хуланг өргөөд машин руу хийчихлээ гэсэн. Түлш дуусах дөхсөн байсан учраас хүмүүстэй хөөцөлдөх ажил гарч магадгүй гээд машин руугаа түлшээ хийсэн.  Машиндаа түлш нэмэж байхад машин хөдлөөд эхэлсэн байсан. Машины наанаас яваад Сэртэн уулын өвөрт очиж уулзалдсан.

Анхан шатны үзлэг хийхэд машинд хоёр хулан алаад хийсэн байсан. Хоёулаа дөнгөж саяхан агнагдсан байсан. Үйлдсэн хэргээ хүмүүс газар дээрээ хүлээн зөвшөөрсөн. Хамгаалалтын захиргаа дээр очих, нэг бол Тонхил сум орох хэргийн эд материалыг дараагийн шатанд шилжүүлэх албан шаардлагыг сайн хүлээж аваагүй.

Машин хулангийн цаагуур тойрч очиж зогссон. 3 хаалга онгойхыг нь харсан. Урд талын хоёр хаалга, хойд талын нэг хаалга онгойсон. Ойролцоогоор 3-4 хүн бууж ирэхийг хараад миний дурандах ажиллагаа дууссан. Баригдах хүртэл машин хөдөлгөөнөө тасралтгүй үргэлжлүүлсэн. Энэ машинд замаас нь хүн суух тийм боломж байгаагүй. Энэ хүмүүсийг зогсоох үед машиныг Г жолоодож явсан.” гэсэн мэдүүлэг, /1-р хх-119-120-рт/,

Гэрч Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говьд ан амьтны тооллого хийж явсан. 12 дугаар сарын 10-ны өдөр гэр рүүгээ явж байхад УАЗ 469 машинтай хүмүүс хулан агнахыг харж газар дээр нь зогсоосон. Ан амьтны тооллого хийж яваад дурандахад бор жаран ес машин явж байсан. Бид нар буугаад дурандахад урд нь нэг хулан явж харагдсан. Тэгсэн хулан унасан байсан. Дурандаж байхад машинаас 4 хүн бууж ирэх шиг болсон. Ямар нэгэн зогсолт хийсэн зүйл байхгүй. Уулын өөд явж байгаад хүч алдаад эргээд явсан. Тэр хооронд машин тэрэгнээс хүн бууж суухыг хараагүй. Зогсоох үед машиныг Г жолоодож явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч А-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тэгш сар болгон хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийж хэрэгжүүлдэг. 2017 оны 12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд дархан газрын нийт нутгаар хяналт шалгалтын ажлаа хийж явсан. 12 дугаар сарын 10-ны өдөр зэрлэг амьтны тооллого, мониторингийн ажлаар Сэртэн гэж уулын өвөрт нэг толгод дээр гараад зэрлэг амьтдынхаа байршил хөдөлгөөнийг ажиглаж байхад нэг машин явж байсан. Тэр машины тэнд хулан унасан. Биднийг яваад очиход энэ хүмүүс хэрэг үйлдсэн байсан. Газар дээр нь очиж зургийг нь авч баримтжуулж дараагийн газар нь шилжүүлж ажилласан. Би телескопоор харахдаа хоёр цагаан хувцастай хүнийг харсан. Жи пи эсээр хэмжихэд 10 километр гаруй зайтай байсан. Тэгээд би цагаан цоохор хувцастай хүмүүс юм шиг байна гэж хэлсэн. Дараа нь яваад очиход цагаан дээлтэй хүн байсан. Энэ хүмүүсийн араас хөдөлснөөс хойш энэ машин замдаа зогсоогүй. ...Машин дотор 2 ширхэг хулан алаад машины ар хэсэгт зөрүүлж хийсэн байсан. Машиныг шалгахад ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, дорвинк маркийн буу 1 ширхэг байсан. Бууны хоолойд тус бүр нэг, нэг сум байсныг би авсан.” гэсэн мэдүүлэг, /1-р хх-126-рт/,

Гэрч Н-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...манай гражид байгаа номер дугааргүй ногоон өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг 2017.12.10-ны орой 20-21 цагийн үед Тонхил сумын засаг даргын тамгын газрын дарга Г гэх хүн Дарив сумын хүмүүс гэх сайн танихгүй 4 хүний хамт ирж тавьсан. Г надад ярихдаа Говьруу яваад ирсэн чинь машин эвдэрсэн гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 92 дугаар хуудас/,

Гэрч Х-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Би Говь-Алтай аймгийн Тонхил сум хариуцсан хэсгийн төлөөлөгч хийдэг юм. 2017 оны 12 сарын 10-ны орой 20 цагийн орчимд Тахийн талын дарга Г 95189318 гэсэн дугаараас надтай яриад танай сумын Засаг даргын тамгын газрын дарга Г нь хулан агнасан байна. Тэгээд Г нь өөрөө явчихлаа гэж мэдэгдсэн. Маргааш нь буюу 12 сарын 11-ний өдөр Г Дарив сумын Г-н хамт ирэхээр нь уулзаж болсон явдлыг тодруулах гэсэн боловч Г, Г нар нь согтуу байсан учраас гэрт нь хүргэж өгсөн. Харин 12 сарын 12-ны өглөө Г-той уулзаад түүнийг дагуулж, хэсгийн цагдаа Б-ны хамтаар өөрийнхөө 15-07 ГАҮ дугаартай “Ланд-80” маркын машинаар явж хулан агнасан газрыг заалгасан бөгөөд тухайн зааж байгаа зургийг хэсгийн цагдаа Б авсан. Г нь Дарив сумын иргэн

 

Г, Ц, Н, Г гэх хүмүүсийн хамт явж хулан агнасан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1 хавтаст эргийн 99-100 дугаар хуудас/,

  Гэрч Б-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2017 оны 12 сарын 12-ны өглөө Х-ын  хамт түүний Г-той уулзаад түүнийг дагуулан явж хулан агнасан газрыг заалгасан бөгөөд Г-р агнагдсан хуланг заалгаж байгаад би өөрийнхөө гар утасаар 2 ширхэг зураг авсан. Г нь ярихдаа машинаар хөөгөөд буудаж алсан гэсэн. Тахийн талын хүмүүс тааралдаж зураг авсан бөгөөд алсан хулангаа тухайн газраа үлдээсэн гэх зүйлийг хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/,

Шинжээч Г.Олонбаатарын шинжилгээнд ирүүлсэн амьтны толгой нь ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн, 1 настай, эр, эм бодгаль хулан адууны толгой бөгөөд хулан адууны эр нь 9700000 төгрөгийн, эм нь 11000000 төгрөгийн үнэлгээтэй бөгөөд  уг хулан адууг агнасан газар нь Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн тусгай хамгаалалттай бүс нутагт хамаардаг тухай дүгнэлт,

Шүүгдэгч нарын унаж явсан, улсын дугааргүй, бор ногоон өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд зүүн урд талын суудалны шалавчин доор V тэмдэглэгээтэй бууны сумны хонгио, баруун урд суудалны шалавчин доор 54-44 ГАҮ гэсэн авто машины улсын дугаар байсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 

Шинжээч Ч.Соронзонболдын шинжилгээнд ирүүлсэн АЗОТ маркийн сумны хонгио, шинжилгээнд ирүүлсэн 16х70 миллиметрийн спорт-ангийн зориулалттай, ТОЗ-54 маркийн бууны зүүн гол төмрөөр буудагдсан, Хар саарал болон шаргал өнгийн хонгоинууд замгандаа 51735 дугаартай ТОЗ-8 маркийн буугаар буудагдсан тухай шинжээчийн дүгнэлт,

Шинжээч Б.Даваанямын шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 33840, замагны 51135 дугаартай ТОЗ-8 маркийн, гол төмрийн ДО750АТ, замагны Е11828 дугаартай дорвинк маркийн бууны баруун талын гол төмөртэй хэсгээр буудлага үйлдсэн тухай дүгнэлт,

Хэрэг гарсан газарт эр, эм хүйсийн битүү туурайтан буюу хулан байсны эр хүйсийн амьтных нь гэдэсний зүүн хэсэгт сум орсон байж болох 0.5х0.5 см хэмжээтэй нүх байсан, эм хүйсийн амьтны өвчүүний зүүн дээд хэсэгт 3х3 см хэмжээтэй арьс цоорч нүх гарсан, тухайн хэсгүүдэд цус гарч арьс нь бохирлогдсон байсан тухай хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд,

 А-с хураан авч эд мөрийн баримтаар тооцсон флаш дискэнд үзлэг хийж уг флаш дискэнд хадгалагдаж байсан гэрэл зургуудыг өнгөт хэвлэгчээр хэвлэж хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г, Н нар нь тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон эсэх нь эргэлзээтэй гэж өмгөөлөгч Ж.Мөнхнасан тайлбарлаж байгаа боловч энэ байдал анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн байна.

Шүүгдэгч Г уг гэмт хэргийг үйлдэх үед бор ногоон өнгийн УАЗ-31512 маркийн авто машиныг жолоодож явсан, шүүгдэгч Н-ийн хувцас тухайлбал өмдний урд хэсэг цус болсон байсан, хуланг 4 хүн авто машинд өргөж хийсэн зэрэг нь гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн баримтад авагдсан гэрэл зургуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдэхэд сэтгэхүйн болон үйлдлийн хувьд бусад шүүгдэгч нартай нэгдсэн зорилготой байсан болохыг нь нотлож байна.

Шүүгдэгч Г нь мөрдөн байцаалтад би машин жолоодоогүй гэж мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт Ц, Г хоёр хулан агнаад ирсний дараа авто машины янданг авч машинд хийгээд тэрнээс цааш би уг авто машиныг жолоодож явсан гэж мэдүүлсэн бөгөөд бусад шүүгдэгч нар ч энэ талаар нэгэн адил мэдүүлсэн байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нь шүүгдэгч Г, Н нар нь Г, Ц нарыг хулан агнаснаас хойш авто машинд суусан, хулан агнахад оролцоогүй бөгөөд Г, Ц нар хулан агнаад ирэхэд машиных нь яндан мултарч унасныг авч машиндаа хийгээд Г машин жолоодож явахад  Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хүрч ирсэн. Энэ байдал нь эд мөрийн баримтаар хэрэгт авагдсан авто машинд ачсан хоёр хулангийн дээр авто машины яндан байгааг тусгасан гэрэл зургаар нотлогдоно гэж тайлбарлаж байна.

Гэвч уг гэрэл зургуудад Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны алба хаагч нар ирсний дараа шүүгдэгч нар авто машиныхаа янданг авч авто машины арын суудлын хэсэгт агнагдсан хоёр хулангийн дээр тавьсан болох нь тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр гэмт хэргийн талаар үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд мөн хуулийн 1.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглосон, хэргийн байдлыг нотлох нь мөрдөгч, прокурорын үүрэг байх бөгөөд, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсныг дурьдах нь зүйтэй.

 

 Тиймээс шүүгдэгч Г, Ц, Г, Н нар улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой хувийн байдал зэргийг нь харгалзан давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шүүгдэгч  нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай:

 

А. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан  шүүгдэгч Г, Ц, Г, Н нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 3 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,        

 

Б. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Г, Ц, Г, Н нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх хязгаарлалт тогтоосугай” гэж,

 

В. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг: “Шүүгдэгч Г, Ц, Г, Н нар нь 56 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

             

       

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ш.БАТТОГТОХ

 

                                           ШҮҮГЧИД                         Б.НАМХАЙДОРЖ

 

                                                                                    Ч.ЭНХТӨР