Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0123/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч Ч.М-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Б-,

Шүүгдэгч К.Х-, Б.Б-, Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Х-, Б.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 2118000000072 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 20-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехник-гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, К.Х-

 

2.Монгол улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 29-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, баяжуулалтын технологич инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Б-

 

3.Монгол улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 20-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехник-гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б.Б-, К.К.Х- нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан “даралтад сав, шугам хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх”, 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт байрлах “Б******т *** ш****м” ХХК-ны нам даралтын зуух дэлбэрч Х.Х.Ж-, М.М.М- нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан,

Шүүгдэгч Б.Б.Б- нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах”, 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүргээ биелүүлэлгүй 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт байрлах “Б******т *** ш****м” ХХК-ны нам даралтын зуух дэлбэрч Х.Х.Ж-, М.М.М- нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч К.К.Х- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.

     Шүүгдэгч Б.Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

     Шүүгдэгч Б.Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:”Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б.Б-, К.К.Х- нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан “даралтад сав, шугам хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх”, 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт байрлах “Б******т *** ш****м” ХХК-ны нам даралтын зуух дэлбэрч Х.Х.Ж-, М.М.М- нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан,

Шүүгдэгч Б.Б.Б- нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах”, 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүргээ биелүүлэлгүй 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт байрлах “Б******т *** ш****м” ХХК-ны нам даралтын зуух дэлбэрч хохирогч Х.Х.Ж-, М.М.М- нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч К.К.Х-, Б.Б.Б-, Б.Б.Б- нарын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118000000072 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

                        Хохирогч Х.Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Бурхант ган ширэм” ХХК-нд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр операторчоор ажилд орсон. Байгууллагын үйл ажиллагаа хараахан эхлээгүй байгаа гээд өглөөдөө үйлдвэрийн дарга, инженер 2-оос наряд буюу ажил аваад гарч байсан юм. 2021 оны 02 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа очиход үйлдвэрийн дарга Б.Б-, инженер Б.Б- хоёр “бохирын хоолой дотор ус хөлдсөн байгаа. Түүнийг нам даралтын зуух галлаж уураар гэсгээж бөглөөсийг гаргах ажил өгч, цахилгаанчин М.М-тай ажилд гаргасан юм. Бид хоёртой хамт Б.Б-, Б.Б- болон “Га** х***р ***” ХХК-ийн сангийн инженер нар очиж нам даралтын зуухыг ажиллуулж зааж өгсөн. М.М- бид зуухыг 60 градусаас их халаагаагүй бөгөөд Б.Б-, Б.Б- нар ойр ойрхон ирж үзэж байгаад явсан. “Га** х***р ***” ХХК-ийн сангийн инженер ирж 90 градусаас дээш гарвал хаалтыг нээгээрэй гэж байснаас өөр зүйл хэлээгүй юм. М.М- зуухны нэг хаалгыг байнга нээлттэй байлгасан бөгөөд нэг мэдэхэд зуух дэлбэрчихсэн гээд би эмнэлэгт хэвтэж байсан. Тэр өдөр аюулгүй ажиллагааны зааварчилга танилцуулаагүй, зүгээр дэвтэр дээр гарын үсэг зуруулсан юм. Тэр нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94, 97-100/,

            Хохирогч М.М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Б******т *** ш****м” ХХК-нд оператораар ажилд орсон. Ингэхдээ түр хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан юм. 2021 оны 02 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа очиход Б.Б- инженер “бохирын хоолойн доторх мөсийг хайлуулна. Чи үйлдвэрийн ард хаягдлын тэнд гадаа байгаа нам даралтын зуухыг галлаж бай” гэхээр нь би “ганцаараа галлаж амжихгүй” гэхэд Х.Ж-ыг надтай хамт явуулсан. Тэгээд Б.Б-, Б.Б- нар “Га** х***р ***” ХХК-ийн сангийн инженерийн хамт ирээд галыг хэрхэн асаах, дулаан температурыг хэд хүргэж хяналт тавих талаар хэлээд галын асаалцаж өгөөд сангийн цагаан хоолойг үйлдвэрийн хаягдал гаргадаг усны хоолой руу холбож өгөөд явсан юм. Х.Ж- бид 2 тухайн зуухыг 60 градусаас дээш гаргалгүйгээр галлаж байсан. 16 цаг өнгөрч байхад Б.Б-, “Га** х***р ***” ХХК-ийн сангийн инженер нар ирээд урт цагаан хоолойг уртасгаж сольсон. Тэгээд 90 градусаас дээш халааж болохгүй гэж хэлээд явсан. Түүний дараа цагаан хоолой нь задарчихаар нь аваарын хаалтаа нээгээд уур гаргадаг жижиг хаалгыг Х.Ж- хаасан. Би болохоор аваарын хаалгыг нээгээд буцаж хаагдаад байхаар нь би хаалгыг нь нээгээд уурыг нь гаргаж байсан. Тэр үед Х.Ж- ах тасарсан цагаан хоолойг шинээр тэгшилж тасдаад буцаагаад зааж өгснөөр нь хийгээд боолтыг нь чангалж байхад зуух дэлбэрсэн. Би задарсан нэг талынх нь хавтаст цохигдоод газарт унасан. Х.Ж- ах нөгөө талд нь цохигдоод зуухтай хамт 3 метр орчим газар шидэгдсэн. Бид нарт өглөө ажилд гарахад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-130/,

            Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...инженер Б.Б- нь “ус халааж уур гаргаж бохирын хоолой руу шланк хийж гаргаж байсан нам даралтын зуух дэлбэрч Х.Ж-, М.М- хоёр гэмтсэн” гэж хэлсэн. Манай ажилтнууд “Га** х***р ***” ХХК-аас зуух холбож ажиллуулж байсан талаар би мэдээгүй. Манай байгууллагын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг Б.Б-, ерөнхий инженер Б.Б- нар ажилчдад өгдөг. Би үйлдвэрийн бохирын хоолойн хөлдүүсийг гэсгээж цэвэрлэх үүрэг өгөөгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154-155/,

            Гэрч Д.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...өнөөдөр дэлбэрсэн гэх зуухыг ачиж буулгах талбай дээр ашиглаж байгаад 2020 оны 12 дугаар сараас ашиглахаа болиод орхисон байсан. Гэтэл тэр зуухыг “Б******т *** ш****м” ХХК-ийн ажилчид ашигласан байна. Энэ зуух нь нам даралтын зуух бөгөөд “Б******т *** ш****м” ХХК-ийн өнөөдрийн ажил нь өндөр даралтаар гэсгээх үйл ажиллагаа байсан. Нам даралтын зуухаар өндөр даралтаар шахахгүй, мөн бидэнд хэлж мэдэгдэхгүйгээр уг зуухыг ашигласан нь хариуцлагагүй үйлдэл гэж бодож байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-158/,

            Гэрч Б.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...К.Х-ийн хамт ажлын нөхцөл байдалтай танилцаж байхад манай үйлдвэрээс гадна утаа гараад байхаар нь очоод үзтэл “Б******т *** ш****м” ХХК-ийн ажилчид “Га** х***р ***” ХХК-ийн ашиглаж байгаад больсон нам даралтын зуухыг талбай дээрээ аваачаад гал түлж байсан. Тэгээд К.Х- бид 2 зуухыг ашиглах талаар зөвлөгөө өгөөд явсан. 17 цаг өнгөрч байхад “Б******т *** ш****м” ХХК-ийн 2 ажилтны ажиллуулж байсан зуух дэлбэрсэн байна гэхээр нь очиж үзэхэд нөгөө зуух хажуу хажуу тийшээ унаад задраад урагдчихсан байсан. Нөгөө хажуу талд нь ажиллаж байсан 2 ажилтан нь бэртсэн гээд эмнэлэг аваад явчихсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-164/,

            Гэрч С.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажил тараад гэртээ байхад бичиг хэргийн ажилтан Баярмаа залгаад “үйлдвэр дээр зуух дэлбэрээд 2 ажилтан гэмтээд эмнэлэгт хүргэгдсэн” гэж хэлсэн. М.М- нь 2021 оны 01 дүгээр сарын 05-наас дамжлагын операторын орон тоон дээр ажиллахаар захирал Б.Б-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Дамжлагын оператор гэдэг нь үйлдвэрлэлийн дамжлага дээр хяналт тавин ажиллах ёстой албан тушаал юм. Харин Х.Ж- нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс туслах ажилтан орон тоон дээр ажиллахаар болж тушаал нь гарсан. Туслах ажилтан гэдэг нь үйлдвэрийн дамжлагатай холбоотой туслах ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэгтэй юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159/,

            Хэрэг болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хороололд байрлах “Га** х***р ***” ХХК-ийн байранд болсон байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 21-26/,

            Дэлбэрсэн гэх нам даралтын зууханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 27-30/,

            “Б******т *** ш****м” ХХК-ийн бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 31-34/,

            “Б******т *** ш****м” ХХК-ийн нарядын дэвтрийн хуулбар, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч Б.Баттулгыг ерөнхий инженерээр томилох тухай захирлын тушаалын хуулбар, хөлсөөр ажиллах гэрээний хуулбар, шүүгдэгч Б.Б.Б-г үйлдвэрийн дарга болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн албан тушаалд тус тус томилсон захирлын тушаалуудын хуулбар, хөлсөөр ажиллах гэрээний хуулбар, хохирогч М.М.М-ыг операторын албан тушаалд томилсон захирлын тушаалын хуулбар, хөлсөөр ажиллах гэрээний хуулбар, хохирогч Х.Х.Ж-ыг туслах ажилтнаар томилсон захирлын тушаалын хуулбар, хөлсөөр ажиллах гэрээний хуулбар зэрэг “Б******т *** ш****м” ХХК-ийн үзлэг хийсэн бичиг баримтууд /1-р хх-ийн 35-83/,

            Хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар болон цэнхэр өнгийн хамгаалалтын малгайнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 88-89/,

            “Б******т *** ш****м” ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актууд /1-р хх-ийн 171-174/,

            “Б******т *** ш****м” ХХК-ийн дамжлагын оператор, ерөнхий инженер, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн ажилтан, туслах ажилтан зэрэг албан тушаалуудын ажлын байрны тодорхойлолтууд /1-р хх-ийн 175-186/,

            Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч С.Э- 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19/2021/02 дугаартай “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтууд зөрчигдсөний улмаас “Б******т *** ш****м” ХХК-ийн хариуцан ажиллаж байсан нам даралтын зуух дэлбэрэн үйлдвэрлэлийн осол гарч Х.Х.Ж-, М.М.М- нар нь биедээ гэмтэл авсан байна. К.К.Х-, Б.Б.Б- нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг зөрчсөн, Б.Б.Б- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4 дэх заалтыг тус тус зөрчсөн...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 197/,

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай “Шинжилгээнд авсан “Х.Ж- 39/эр” гэж хаягласан цусны бүлэг нь OI, Rh/+/ байна” гэх шинжээчийн дүгнэлт, 17 дугаартай “Шинжилгээнд авсан “Х.Ж- 39/эр” гэж хаягласан цусанд спирт илэрсэнгүй” гэх шинжээчийн дүгнэлт, 2021 оны 02 дугаар сарын 22-ны 19 дугаартай “Шинжилгээнд авсан “Х.Ж- 39/эр” гэж хаягласан цусанд 18% карбоксигемоглобин буюу угаарын хий илэрсэн болно. Х.Х.Ж-ын биед угаарын хийн хордлого илэрсэнгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 206-211/,

            Х.Х.Ж-ын хэсэг газрын үзлэгээр зүүн гар, баруун шанаанд зүсэгдсэн шархтай гэх яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 219-220/,

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай “Х.Х.Ж-ын биед цээжний битүү гэмтэл, уушги няцрал, баруун хоншоорын гадна хана ясны хугарал, баруун тойг ясны хугарал, баруун өвдөгний үений гадна холбоосны урагдал, цээж, хүзүүний баруун хэсэг, мөрний арьсан доорх хий хуралт, зүүн гарын 5 дугаар хурууны мултрал, дух, баруун хацар, зүүн сарвуунд урагдсан шархнууд, баруун гуя, өвдөг шилбэний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Х.Х.Ж-ын биед илэрсэн цээжний битүү гэмтэл, уушги няцрал нь хий тоосны нөлөөгөөр үүсэх боломжтой. Х.Х.Ж-ын биед тогтоогдсон баруун хоншоорын гадна хана ясны хугарал, баруун тойг ясны хугарал, баруун өвдөгний үений гадна холбоосны урагдал, цээж, хүзүүний баруун хэсэг, мөрний арьсан доорх хий хуралт, зүүн гарын 5 дугаар хурууны мултрал, дух, баруун хацар, зүүн сарвуунд урагдсан шархнууд, баруун гуя, өвдөг шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Х.Х.Ж-ын биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Х.Х.Ж-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 221-222/,

            М.М.М-ын зүүн шагай, гуя зөөлөн эд язарсан гэх яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 230-232/,

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 115 дугаартай “М.М.М-ын биед цээжний битүү гэмтэл, уушги няцрал, аарцгийн зүүн талын умдаг суудал ясны сүүж яснаас ууцны 3 дугаар нугалмын зүүн хажуугийн масс хүртэл үргэлжилсэн шугаман хугарал буюу мальгены хугарал, зүүн гарын шууны богтос ясны хугарал, зүүн тохойн язарсан шарх, зүүн хөл, ташаа, хэвлийн зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. М.М.М-ын биед илэрсэн цээжний битүү гэмтэл, уушги няцрал нь хий тоосны нөлөөгөөр үүсэх боломжтой. М.М.М-ын биед тогтоогдсон аарцгийн зүүн талын умдаг суудал ясны сүүж яснаас ууцны 3 дугаар нугалмын зүүн хажуугийн масс хүртэл үргэлжилсэн шугаман хугарал буюу мальгены хугарал, зүүн гарын шууны богтос ясны хугарал, зүүн тохойн язарсан шарх, зүүн хөл, ташаа, хэвлийн зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. М.М.М-ын биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.15-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. М.М.М-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 232-233/,

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаартай “Шинжилгээнд авсан “М.М- 23 эр” гэж хаягласан цусанд 7% карбоксигемоглобин буюу угаарын хий илэрсэн болно. М.М.М-ын биед угаарын хийн хордлого илэрсэнгүй” гэх шинжээчийн дүгнэлт, 16 дугаартай “Шинжилгээнд авсан “М.М- 23 эр” гэж хаягласан цусанд спирт илэрсэнгүй” гэх шинжээчийн дүгнэлт, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай “Шинжилгээнд авсан “М.М- 23 эр” гэж хаягласан цусны бүлэг нь BIII, Rh/+/ байна” гэх шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 241-246/,

            Шүүгдэгч “Г** б********* у*********” ХХК-ийн сантехникийн инженерээр томилсон захирлын тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт /2-р хх-ийн 32-41/ болон болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч К.К.Х-, Б.Б.Б-, Б.Б.Б- нар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт байрлах “Б******т *** ш****м” ХХК-ны нам даралтын зуух дэлбэрч хохирогч Х.Х.Ж-, М.М.М- нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн  шинжтэй байна.

Иймд шүүгдэгч К.К.Х-, Б.Б.Б-, Б.Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч М.М.М-ын гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 10.006.360 төгрөг хүлээн авсан. Энэ хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол бүрэн барагдсан болно” гэх тайлбар /2-р хх 194, 197/, хохирогч Х.Х.Ж-ын “гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 12823525 төгрөгийг хүлээн авсан. Энэ хэрэгт шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбар /2-р хх 192-193/ зэргийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.К.Х-, Б.Б.Б-, Б.Б.Б- нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд эхний 2 сард 150000 төгрөгөөр, сүүлийн 3 дугаар сард 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан ба шүүгдэгч К.К.Х-, Б.Б.Б-, Б.Б.Б- нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч К.Х-, Б.Б-, Б.Б- нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.К.Х-, Б.Б.Б-, Б.Б.Б- нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй .

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.К.Х-, Б.Б.Б-, Б.Б.Б- нарт тус бүр оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 3 хугацаанд буюу хугацаанд 2 сард 150000 төгрөгөөр, сүүлийн 3 дугаар сард 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч К.К.Х-, Б.Б.Б-, Б.Б.Б- нарт тус бүр оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шүүгдэгч К.К.Х-, Б.Б.Б-, Б.Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ