| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00514/И |
| Дугаар | 508 |
| Огноо | 2017-07-16 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 508
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь cум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1 дүгээр 36 айлын орон сууцны 25 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар:ОЮ82051610, Харагчууд овогт Очирсүрэнгийн Ганбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 3.513.804 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн олгон бичилт хийлгэн баталгаажуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие О.Ганбат нь 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст албаны дарга гэсэн ажлын байранд ажилд орсон бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилласан. Миний бие О.Ганбатыг ажлаас чөлөөлсөн тухай Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон ба Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилогдсон. Иймд ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин болох 3.513.804 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг дэвтэрт нөхөн бичилт хийлгэн баталгаажуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч О.Ганбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Харагчууд овогт Очирсүрэнгийн Ганбат нь /ОЮ82051610/ танай шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Ганбат нь хариуцагч Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 3.513.804 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн олгон бичилт хийлгэн баталгаажуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Ганбат нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч О.Ганбат нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 71.158 төгрөг төлсөн ба тал хувь болох 35.579 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.579 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Ганбатад олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.Ганбат нь Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 3.513.804 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн олгон бичилт хийлгэн баталгаажуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.579 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Ганбатад олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР