Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 511

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дугаар баг, 13-32 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, регистрийн дугаар:ОЖ80110103, Тайж овогт Осорын Сувдаагийн нэхэмжлэлтэй, М.Анхбаяртай хамтын амьдралтай байсныг тогтоолгох болон охин А.Нандин-Эрдэний төрсөн эцэг М.Анхбаяр мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Сувдаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгч О.Сувдаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2010 онд нөхөр М.Анхбаяртай танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаанд 2012 оны 3 дугаар сарын 23-ний өдөр охин А.Нандин-Эрдэнэ төрсөн. Бид албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан ба өөрийн гэсэн гэр оронтой ам бүл 3, Улаангом сум 4 дүгээр баг, 13-32 тоотод хамтран амьдарч байсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 07-ний өдөр нөхөр М.Анхбаяр маань зуурдаар нас барсан. Иймд биднийг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү, 2012 оны 3 дугаар сарын 23-ний өдөр төрсөн охин А.Нандин-Эрдэний төрсөн эцэг нь М.Анхбаяр мөн болохыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтээсээ татгалзаж байна. Учир нь нийгмийн даатгалын байгууллагаас тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтооход эцэг тогтоолгох шаардлагагүй гэсэн хариу өгсөн болно” гэжээ. 

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч О.Сувдаа нь М.Анхбаяртай хамтын амьдралтай байснаа тогтоолгох, М.Анхбаярыг охин А.Номин-Эрдэний эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Анхбаярыг охин А.Номин-Эрдэний эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн багасгажээ.

     Xэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэдийгээр М.Анхбаяр, О.Сувдаа нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч тэдний дундаас төрсөн охин А.Номин-Эрдэний төрсний гэрчилгээнд эцгийн нэр “Анхбаяр”, эхийн нэр “Сувдаа” хэмээн бичигдсэн байна.

      М.Анхбаяр нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь №0000181998 г-64 тоот нас барсны гэрчилгээний хуулбаар нотлогдож байна.

      Мөн гэрч Л.Рэгзэдмаагийн шүүхэд өгсөн: “О.Сувдаа, М.Анхбаяр нар 2010 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2012 онд А.Нандин-Эрдэнэ төрсөн юм. Манай хүү М.Анхбаяр “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-нд эдийн засагчаар ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зуурдаар нас барсан, бэр О.Сувдаа маань манай хашаанд бидэнтэй хамт амьдарч байгаа. Тэд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан учраас одоо тэдний дундаас гарсан охин нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авахад аав ээжийнх нь хамтран амьдарч байсан нь үнэн болохыг тогтоолгох шаардлага гарсан юм. О.Сувдаа өмнө нь гэр бүлтэй 2 хүүхэдтэй байсан бөгөөд 2016 онд гэрлэлтээ цуцлуулаад дахин М.Анхбаяртай гэрлэлтээ бүртгүүлж амжаагүй байсан. О.Сувдаа, М.Анхбаяр нар 7 жил хамт амьдарч байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

     Гэрч Д.Мойорын шүүхэд өгсөн: “О.Сувдаа, М.Анхбаяр нар 2010 онд танилцаж 2011 онд гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2012 онд охин А.Нандин-Эрдэнэ төрсөн. Тухайн үед О.Сувдаа нь өөр гэр бүлтэй амьдарч байгаад гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байсан учраас манай хүү М.Анхбаяртай гэрлэлтээ бүртгүүлж амжаагүй байтал хүү М.Анхбаяр маань 2017 онд зуурдаар нас барсан юм. Би М.Анхбаярын аавынх нь хувьд тэндийг 7 жил манай хашаанд хамт амьдарч байсныг гэрчилж байна, одоо ч бэр болох О.Сувдаа маань охин А.Нандин-Эрдэний хамтаар манай хашаанд амьдарч байгаа. Одоо ач охин А.Нандин-Эрдэнэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэхэд аав, ээжийнх нь хамтран амьдарч байсныг тогтоолгох шаардлагатай болсон юм ” гэх мэдүүлэг тус тус шүүхэд өгчээ. 

   Иймд нэхэмжлэгч О.Сувдаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Л.Рэгзэдмаа, Д.Мойор нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, РД:ОЖ80110103, Тайж овогт Осорын Сувдааг 1979 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, РД:ОЭ79121170, Тайж овогт Мойорын Анхбаяртай 2010 оноос 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Сувдаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, РД:ОЖ80110103, Тайж овогт Осорын Сувдааг 1979 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, РД:ОЭ79121170, Тайж овогт Мойорын Анхбаяртай 2010 оноос 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.      

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч О.Сувдаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                                           

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР