Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2023/0567

 

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2023/0567

Улаанбаатар хот

 

 

 

 

 

                                   Д.С***йн нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А***,

 

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч Д.С***,

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 700 м.кв газрыг эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг аймгийн Засаг Даргад, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2023/0030 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Д.С***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У*** нар.

Хэргийн индекс: 110/2023/0020/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.С***гаас шүүхэд хандан “Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 700 м.кв газрыг эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг аймгийн Засаг Даргад, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах”-аар маргасан.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 110/ШШ2023/0030 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 21 дүгээр 21.3.2, 23 дугаар зүйлийн 23.3.7, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.С***гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 700 м.кв газрыг эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус даалгаж” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 50 дугаар тогтоолоор тус газар нь олон нийтийн үйлчилгээний бүсэд хамрагдаж байхад тухайн байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох боломжгүй, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй,

 3.2. Нийтийн эзэмшилд байсан газарт нэхэмжлэгч зөвшөөрөлгүйгээр хашаа барьж суурьшсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т заасныг зөрчсөн,

3.3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газраас гадна 2 газар эзэмшдэг, 1 нь Мушгуу улаан толгойд байдаг өвөлжөөний зориулалттай бөгөөд тус газарт 2012 оноос хойш амьдарч байгаа талаараа шүүх хуралдаанд тайлбарласан байтал шүүх тэр газрыг эзэмшдэг нь дахин аймгийн төвд газар эзэмшихэд хамаарахгүй гэж хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн

3.4. Нэхэмжлэгч зөвшөөрөлгүйгээр хашаа барьж газар эзэмшиж Газрын тухай хуулийг зөрчсөн байхад шүүх энэхүү хууль бус үйлдлийг дэмжсэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэх зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулав.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд, нэхэмжлэгч  Д.С*** нь “...2012 оноос хойш маргаан бүхий газарт 2 давхар байшин барьж, хашаа татаж амьдарч байгаа. 2018, 2021 онуудад эрх бүхий байгууллагуудад тухайн газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх хүсэлтээ гаргаж байсан. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтнаас өгсөн зааврын дагуу хөршүүдийн зөвшөөрлийг авч, тэмдэглэл үйлдсэн. Уг байгууллагаас газар олгох тухай захирамжийн төслийг боловсруулан аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн боловч Засаг дарга захирамж гаргахгүй байна” гэсэн агуулгаар,

хариуцагчаас “ ... зөвшөөрөлгүйгээр байшин барьж, хашаа татсан, ... Засаг даргын Тамгын газрын дарга болон бусад бүх хэлтсийн дарга нар зөвшөөрөл өгсөн тохиолдолд захирамж гардаг. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 50 дугаар тогтоолоор тус газар нь олон нийтийн үйлчилгээний бүсэд хамрагдаж байхад тухайн байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох боломжгүй” гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргаж байна.

            4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолоор баталсан 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 442.60 га газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсаны дотор нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гаргасан 658 м.кв талбай бүхий газар багтсан. Маргаан бүхий газарт байрлах нэхэмжлэгчийн  өвлийн сууцны  доорх 90,9 м.кв талбайн 24,8 м.кв газар нь “Э*** ө***” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай боловч “Э*** ө***” ХХК-иас энэ талаар маргахгүй болохоо шүүхэд бичгээр илэрхийлсэн үйл баримт тогтоогдсон.

5. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заасанчлан иргэний гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхийг хүссэн газар нь бусдын эзэмшил газартай давхацаагүй, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тухайн зориулалтаар бусдад эзэмшүүлж болохоор тусгагдсан тохиолдолд тухайн шатны Засаг дарга газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахаар хуульчилсан.

6. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, хэдийгээр анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасанчлан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлд тодорхойлсон хариуцагч тус бүрийн тухайд “захиргааны акт гаргуулахыг даалгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн” болохыг тодруулах ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагын сонгох боломжид халдан нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгох захирамж гаргах, газар эзэмших гэрчилгээ олгохыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн байх боловч  нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт сүүлийн 11 жилийн хугацаанд амьдарч байгаа, тухайн газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсан зэрэг үйл баримт нөхцөл байдлыг үнэлэн нэхэмжлэгч Д.С***ас гаргасан газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2023/0030 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтын “Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 700 м.кв газрыг эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус” гэснийг “Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 700 м.кв газрыг эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                      ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА