Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00840

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1241 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар магадлалтай,

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Д” ХХК, Д.Э-д холбогдох,

137.988.059 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Борхүү, Д.Гантөмөр, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д ХХК жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог төслийн зээлийг Каар дамжуулан авахаар болж Д ХХК нь Ктай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 332 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 200.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 7 хувийн хүүтэй зээлдэн авахаар гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу зээлийн санхүүжилт 80.000.000 төгрөгийг банк өөрийн эх үүсвэрээс олгосон боловч Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сангаас тус зээлийн санхүүжилт хийгдээгүй учраас үлдэгдэл 120.000.000 төгрөг олгогдоогүй болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр баг , 17-ийн ББ-ны зүүн хойд талд байрлалтай 90 м.кв талбайтай амины орон сууц, Дархан сум, 9 дүгээр баг, 17-ийн ББ-ны зүүн хойд талд байрлалтай, 20 жилийн хугацаатай амины орон сууц, Дархан сум, 10 дугаар баг 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 178 тоот 18 м.кв 1 өрөө орон сууц тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардаж байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 172.173.50 төгрөг, зээлийн хүүд 15.760.683.53 төгрөг нэмэгдүүлсэн хүү 14.443.73 төгрөг тус тус төлсөн байх бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөр дараах байдалтай байна. Үндсэн зээл 79.827.826.50 төгрөг, зээлийн хүү 5.480.350.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.096.070.05 төгрөг нийт 86.404.246.80 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг бүгд 86.424.246.80 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж: 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 51.583.812 төгрөг нэмж гаргуулж өгнө үү. Хариуцагч Д.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.                                                  

Хариуцагч “Д” ХХК, Д.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн хариуцагчаар нэг иргэнийг 2 хувааж хариуцагч болон хамтран хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байгаа бөгөөд иргэн Д.Э- нь Д ХХК-ийн захирлын хувьд аж ахуй нэгжийн хувиар банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд хувь хүний хувиар зээлийн гэрээ байгуулаагүй. Харин зээлийн гэрээ байгуулах үед банкны шаардлагаар хамтран зээлдэгч гэдэг дээр гарын үсэг зурсан. Иймээс энэ хэргийн хариуцагч нь Д ХХК болно. Д ХХК-ийн хувьд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан-аас олгодог төслийн зээлэнд хамрагдахын тулд Барилгын хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх автомат ажиллагаатай үйлдвэр барих зорилгоор төсөл боловсруулж 200.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан дэмжиж уг зээлийг олгох шийдвэр гаргасан юм. ...Зээлийн батлан даалтын сан-аас манай компанийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлээгүй байна гэсэн үндэслэлээр батлан даалт гаргахаас татгалзсан тул үлдэх 120.000.000 төгрөгийн зээлийг олгохоос татгалзсан. К хариуцагч Д ХХК-тай 200.000.000 төгрөг зээлдүүлэх зээлийн болон барьцааны гэрээ хийчхээд 80.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд барьцаанд авсан 3 төрлийн үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнээс илт доогуур олгосон буюу 80.000.000 төгрөгийн зээлэндээ тохируулан үнэлж барьцааны гэрээ хийсэн нь зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ 200 сая төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг барьцаалж 80 сая төгрөгийн зээл өгсөн байгаа. Гэрээнээсээ татгалзсан бол уг гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох ёстой байтал өнөөдөр нэмэгдүүлсэн хүү нэхэж байгаа асуудал үндэслэлгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1241 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан К, Д ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 12 сарын 26-ны өдрийн №332 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д ХХК-иас зээлийн үндсэн төлбөр 79.827.826.50 төгрөг, зээлийн хүү 5.480.350.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.096.070.05 төгрөг нийт 86.404.246.8 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Кинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 51.583.813 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Д.Э-д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 17 дугаар багш нарын байрны зүүн хойд талд байрлалтай 000214347 улсын бүртгэлийн дугаартай 90 м.кв талбай бүхий амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг 17 дугаар багш нарын байрны ард талд байрлалтай 20 жилийн хугацаатай 000451710 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 178 тоот 18 м.кв 000166987 улсын бүртгэлийн дугаартай 1 өрөөр орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415.869 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 589.971 төгрөгийг нөхөн гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Д ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 589.971 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Кинд олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 1241 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан К, Д ХХК-ний хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 332 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д ХХК-иас зээлийн үндсэн төлбөр 79.827.826,50 төгрөг, зээлийн хүү 5.480.350,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.096.070,05 төгрөг нийт 86.404.246,8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Кинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 51.583.813 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан Д ХХК-иас зээлийн зээлийн үндсэн төлбөр 79.827.826,50 төгрөг, зээлийн хүү 5.480.350,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.096.070,05 төгрөг нийт 86.404.246,80 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 51.583.813 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн хэн алиных нь давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1623 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч К ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451.869,07 төгрөг, хариуцагч Д ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.000 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 29-ний өдрийн 1241 тоот шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 20 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргаж байна.

 “К" хариуцагч “Д” ХХК-тай 200 сая төгрөг зээлдүүлэх зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч 80 сая төгрөгийг зээлдүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн бөөлүүлээгүй бөгөөд барьцаанд авсан 3 төрлийн үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнээс илт доогуур буюу олгосон 80 сая төгрөгийн зээлэнд тохируулан үнэлж барьцааны гэрээ хийсэн иь зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Барьцааны хөрөнгө нь Д.Э- миний өмчлөлийн хөрөнгө бөгөөд барьцааны гэрээнд заагдсан 3 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ нь өмчлөгчийн үнэлгээгээр 237 сая төгрөгийн үнэтэй эл хөрөнгө юм. Гэтэл “К” 200 сая төгрөг зээлдүүлэх зээлийн болон барьцааны гэрээ хийсэн атлаа 80 сая төгрөгийн зээлийг олгож 237 сая төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд авсан байгаа нь гэрээний эрх тэгш байдлыг алдагдуулсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа болно. Шүүх зээлийн гэрээний гүйцэтгэлд банкны буруутай үйл ажиллагаа байгаад дүгнэлт хийлгүй үлдсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн зүгээс үндсэн зээл зээлийн хүүг боломжоороо төлж барагдуулна. Харин нэмэгдүүлсэн хүүнд тооцож 1.096.070 төгрөг гаргуулсныг хүлээч зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэмэгдүүлсэн хүүнд тооцсон 1.096.070 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч К ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Э-д холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Д ХХК-с 137.988.059 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө “...гэрээнд заасан мөнгийг бүрэн шилжүүлээгүйгээс төсөл хэрэгжих боломжгүй болсон” гэсэн тайлбар гарган,  маргасан байна.

Д ХХК нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 200.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаагаар зээлэхээр Ктай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр багт байрлах 90 м.кв талбай бүхий амины орон сууц, мөн хаягт байрлах газар эзэмших эрх, тус сумын 10 дугаар баг, 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны 178 тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ /хэргийн 6-18 дугаар тал/.

Зохигчийн хооронд банкны зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч, гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгчид бүрэн шилжүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 80.000.000 төгрөгийн зээлийг хариуцагчид олгосон байх ба санхүүжилт хийгдээгүй гэх шалтгаанаар үлдэх 120.000.000 төгрөгийг олгоогүй байна.

Хариуцагч зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгөтэй ижил төрөл, тоо, хэмжээний мөнгийг тогтоосон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй бөгөөд хүлээн авсан зээлийн төлбөрт 15.947.300 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дууссан боловч зээлийг бүрэн буцааж төлөөгүй болох нь тогтоогджээ.

Зээлийн гэрээнд заасан үүргээ хариуцагч хугацаандаа биелүүлэх боломжгүй нөхцөл байдал буюу гэрээ цуцлах үндэслэл бий болсон нь хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөр шаарджээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлээс үндсэн зээл 79.827.826 төгрөг, хүү 5.480.350 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.096.070 төгрөг нийт 86.404.246 төгрөгийн шаардлагыг хангаж, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 175 дугаар зүйлийн 175.1-т нийцжээ.

Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч шаардаагүй байхад гэрээ цуцлах шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу” гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах боломжгүй болно.

Зээлийн гэрээний 2.3-т зээлдэгч нь зээлийн ерөнхий болон хэсэгчилсэн хугацааг зөрчсөн тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэмэгдүүлсэн хүү 1.096.070 төгрөгийг хасуулах” талаарх гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 31.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ