Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 512

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, Найрамдлын хороо, 4-44 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ПЭ62091327, Таргад овогт Цэвэгмэдийн Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1962 онд төрсөн, 55 настай, ам бүл 5. Би 1981 онд 10 дугаар анги төгсөөд 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Хөгжимт драмын театрт жүжигчнээр 1987 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаад, 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Хөгжимт драмын театрт жүжигчнээр, 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт жүжигчнээр тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон боловч бичиг баримтаа бүрдүүлэхэд анх ажилд томилогдсон болон зарим тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь Увс аймгийн Хөгжимт драмын театрт 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал жүжигчнээр, Завхан аймгийн Хөгжимт драмын театрт 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал жүжигчнээр, Ховд аймгийн Хөгжимт драмын театрт 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал жүжигчнээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

      1. Цэвэгмэдийн Эрдэнэчимэгт Увс аймгийн Хөгжимт драмын театраас 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээсэн ажиллаж байсан байдлыг бүрэн бичсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

     2. Увс аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1987 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 57 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Жүжигчин Цэвэгмэд овогтой Эрдэнэчимэгийн эцэг нь өөр аймагт шилжих болсон тул түүнийг 1987 оны 6 дугаар сарын 26-аар тасалбар болгон ажлаас нь чөлөөлж, Завхан аймгийн Соёлын хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй” гэжээ,

      3. Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Соёлын хэлтсийн даргын 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 42 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Тус театрын жүжигчин Цэвэгмэдийн Эрдэнэчимэг нь амьдралын шаардлагаар Ховд аймагт шилжих болсон тул 8 дугаар сарын 25-наар тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ,

    4. Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1989 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1 тоот “Цалин тогтоох тухай” тушаалын хавсралтын 5. 5 дугаар цалинд /350/ 5. Ц.Эрдэнэчимэг бичигджээ,

    5. Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1995 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 7 тоот “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “...жүжигчин Эрдэнэчимэг нарыг 1995 оны 1 дүгээр сарын 02-ноос эхлэн тус тусын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ,

    6. Ховд аймгийн Хөгжимт драмын театрын дарга Н.Сэнгэдоржийн 2001 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 73 тоот “Ц.Эрдэнэчимэг нь Ховд аймгийн Соёлын хэлтсийн шийдвэрийг үндэслэн тус аймгийн ХДТ-ын даргын 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 64 тоот тушаалаар драмын жүжигчнээр 1995 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,

     7. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж ирүүлсэн “Увс аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1982 оны тушаалын баримт манай архивт шилжиж ирээгүй тул Цэвэгмэд овогтой Эрдэнэчимэгтэй холбогдох лавлагааг шүүн үзэх боломжгүй байна” гэх лавлагаа,

     8. Гэрч Ц.Лхагвын шүүхэд өгсөн: “Би 1977 оноос Увс аймгийн Хөгжимт драмын театрт жүжигчнээр ажилд орж 1986 оноос Ховд аймгийн Хөгжимт драмын театрт жүжигчнээр, 1998 оноос 2015 он хүртэл Увс аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчнээр ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Ц.Эрдэнэчимэг 1982 онд манай театрт жүжигчнээр ажид орж бид 1986 он хүртэл хамт ажиллаад Ц.Эрдэнэчимэг Завхан аймаг, би өөрөө Ховд аймгийн Хөгжимт драмын театрт шилжин ажиллаж байгаад, 1988 онд Ц.Эрдэнэчимэг Ховд аймгийн Хөгжимт драмын театрт шилжин ирж бид хоёр гэр бүл болсон юм. Тэгээд 1994 онд Ц.Эрдэнэчимэг Ховд аймгийн Хөгжимт драмын театраас гарч, бид 1998 онд Увс аймаг руу буцаж ирсэн түүхтэй” гэх мэдүүлэг,

   9. Гэрч Э.Тойвгоогийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос Увс аймгийн Хөгжимт драмын театрт хөөмийчнөөр ажилд орж 2009 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Ц.Эрдэнэчимэг нь намайг ажилд орсны дараа 1982 онд манай байгууллагад драмын жүжигчнээр ажилд орж 1986 он хүртэл ажиллаад Завхан аймгийн Хөгжимт драмын театрт шилжин ажиллах болсон юм. Манай байгууллага нь хөдөө сумуудад тоглолтоор их явдаг бөгөөд Ц.Эрэнэчимэг бид хоёр “Сүнжидмаа” хөгжимт жүжиг, Ялалтын тоглолт, Баяр наадмын тоглолтуудад хамт оролцож байлаа. Мөн түүний нөхөр болох Ц.Лхагва манай байгууллагад жүжигчнээр ажиллаж байсан учраас бид найз нөхдийн холбоотой нэг нэгнээ сайн таньж мэддэг хүмүүс юм” гэх мэдүүлэг,

    10. Гэрч Ц.Лхагвын Увс болон Ховд аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э.Тойвгоогийн Увс аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь Увс аймгийн Хөгжимт драмын театрт 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал жүжигчнээр, Завхан аймгийн Хөгжимт драмын театрт 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал жүжигчнээр, Ховд аймгийн Хөгжимт драмын театрт 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал жүжигчнээр тус тус ажиллаж байсан болох нь Ц.Эрдэнэчимэгт Увс аймгийн Хөгжимт драмын театраас 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээсэн ажиллаж байсан байдлыг бүрэн бичсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, Увс аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1987 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 57 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Соёлын хэлтсийн даргын 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 42 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1989 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1 тоот “Цалин тогтоох тухай” тушаал, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1995 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 7 тоот “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын дарга Н.Сэнгэдоржийн 2001 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 73 тоот “Ц.Эрдэнэчимэг нь Ховд аймгийн Соёлын хэлтсийн шийдвэрийг үндэслэн тус аймгийн ХДТ-ын даргын 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 64 тоот тушаалаар драмын жүжигчнээр 1995 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт, гэрч Ц.Лхагва, Э.Тойвгоо нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн Увс аймгийн Хөгжимт драмын театрт 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал 5 жил, 26 хоног жүжигчнээр, Завхан аймгийн Хөгжимт драмын театрт 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 1 жил, 1 сар, 28 хоног жүжигчнээр, Ховд аймгийн Хөгжимт драмын театрт 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 6 жил, 4 сар жүжигчнээр, нийт 12 жил, 6 сар, 24 хоног жүжигчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Таргад овогт Цэвэгмэдийн Эрдэнэчимэгийн Увс аймгийн Хөгжимт драмын театрт 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал 5 /тав/ жил, 26 /хорин зургаа/ хоног жүжигчнээр, Завхан аймгийн Хөгжимт драмын театрт 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 1 /нэг/ жил, 1 /нэг/ сар, 28 /хорин найм/ хоног жүжигчнээр, Ховд аймгийн Хөгжимт драмын театрт 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 6 /зургаа/ жил, 4 /дөрөв/ сар жүжигчнээр, нийт 12 /арван хоёр/ жил, 6 /зургаа/ сар, 24 /хорин дөрөв/ хоног жүжигчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР