| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00522/И |
| Дугаар | 513 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 513
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 17-15 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар:ОЮ67062500, Зуутраг овогт Загираагийн Оюунгэрэлийн хүү О.Энхмөнхбаатарыг 1992 оны 1 дүгээр сарын 18-нд төрж, 2000 оны 8 сарын 2-ны өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие З.Оюунгэрэл нь 2 дахь хүү О.Энхмөнхбаатарыг 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 3.3 кг жинтэй төрүүлсэн бөгөөд нүүрний зүүн тал нь улаан толботой төрсөн. Тэгээд Тэс сумын “Хар хөгшин”-д очиж үзүүлэхэд 18 нас хүртэл бүртгэл дансгүй, олны хөлөөс зайдуу газар байх шаардлагатай гэсэн тул бүртгэлд оруулж амжаагүй байсан. Хүү маань 8 нас хүрээд Улаан уулын ард Нямжав гэдэг айлтай хамт байж байтал 2000 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Миний бие өндөр настны тэтгэвэр тогтоолгох нас болсон тул миний хүү О.Энхмөнхбаатарыг 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрж, 2000 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Оюунгэрэл нь хүү О.Энхмөнхбаатарыг 1992 оны 1 дүгээр сарын 18-ны өдөрт төрж, 2000 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Xэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд З.Оюунгэрэл нь хүү О.Энхмөнхбаатарыг 1992 оны 1 дүгээр сарын 18-ны өдрө төрүүлсэн болох нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс нээсэн , “Төрөлтийн түүх” болон “Нярай хүүхдийн өсөлтийн түүх”-д бичигдсэн байдлаар нотлогдож байна.
Мөн гэрч А.Жаргалын шүүхэд өгсөн: “Манайх 1990 онд Улаангом сумын Улиасны хэвд нүүж очиход З.Оюунгэрэл нь аавынхаа хашаанд тусдаа гэрт Оёдоо гэх залуутай хамт амьдарч байсан юм. Тэгээд 1992 оны өвөл З.Оюунгэрэл амаржиж хүү О.Энхмөнхбаатарыг төрүүлсэн. Тухайн үед би хүүхдийг нь харж өгдөг, хамар хашаанд байсан учраас байнга гэрт нь орж гардаг байсан юм. О.Энхмөнхбаатарыг ээж болох З.Оюунгэрэл нь хүмүүст харуулахгүй гэж нуудаг байсан бөгөөд яагаад тэгдэг юм гэж асуухаар хүнд үзүүлэхэд хүүхдээ хүмүүст харуулж болохгүй гэж хэлсэн гэдэг байсан. Учир нь хүү О.Энхмөнхбаатарын нэг тал тэр чигтээ улаан нүүртэй хүүхэд байсныг би сайн санаж байна. 1997 оны үед намар З.Оюунгэрэл нь Улаангомын төв рүү нүүж тэр цагаас хойш би О.Энхмөнхбаатарыг олж хараагүй. Сүүлд О.Энхмөнхбаатарыг нас барсан гэдгийг З.Оюунгэрэлтэй хамт амьдарч байсан Оёдоо гэх залуугийн ээжээс нь би сонсож байлаа” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Ганхүүгийн шүүхэд өгсөн: “О.Энхмөнхбаатар нь 1992 оны 1 дүгээр сард төрсөн бөгөөд тухайн үед манайх Хартолгойд амьдарч байсан учраас би эгч З.Оюунгэрэлийн гэрт амьдарч хичээлдээ явдаг байлаа. О.Энхмөнхбаатарыг төрөх үед би түргэн тусламж дуудаж эгч маань нэгдсэн эмнэлэгт хүүхдээ төрүүлсэн юм. Тэгээд хүү О.Энхмөнхбаатарын нэг тал тэр чигтээ улаан нүүртэй төрсөн учраас мэргэн хүнд үзүүлэхэд хүнд хүүхдээ харуулж болохгүй, айлд хүүхдээ оруулж болохгүй гэж хэлж байсан юм. О.Энхмөнхбаатарыг 4 настайгаас нь нүүр дэх мэнгэ нь бохирдож шархлаад бие нь муудаж эхэлсэн бөгөөд 2000 онд нас барсан юм. Тэгэхэд би гэр бүлтэй болоод тусдаа гарсан байсан, тэгээд хүүхэд нас барсан дуудлага аваад ажил явдалд нь очиж оролцсон. Яг хэдэн сард нас барсан болохыг нь сайн санахгүй байна. О.Энхмөнхбаатар нь дээрээ нэг ахтай 1988 онд төрсөн, доороо хоёр дүүтэй 2001, 2010 онуудад төрсөн байдаг юм. О.Энхмөнхбаатар болон түүний ах О.Чимэддорж нар ээж болох З.Оюунгэрэлээр овоглодог байсан, хоёр дүү нь сүүлд суусан ааваараа буюу Б.Тогтохоор овоглодог. Харин О.Чимэддоржийг насанд хүрээд цэрэгт явахад нь шүүхэд хандаж Б.Тогтохоор овоглодог болсон юм” гэх мэдүүлэг тус тус шүүхэд өгчээ.
Иймд нэхэмжлэгч З.Оюунгэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч А.Жаргал, Ц.Ганхүү нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн О.Энхмөнхбаатарыг 1992 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрж, 2000 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Оюунгэрэлийн Энхмөнхбаатарыг 1992 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрж, 2000 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нас барсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР