Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 257

 

 

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн хурлын  танхимд  нээлттэй хийсэн иргэний  хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын үүд суманд 1967 онд  төрсөн, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 4 дүгээр баг, Баянхаан 2 дугаар хэсэг, 110 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх,  Хариад овгийн Бизъяагийн Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй /МЮ67022702/

 

 “Байрны өмчлөгч тогтоолгох” –ыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг, нарийн бичгийн даргад С.Энхтайван нар оролцов.

                                                                                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие нь 2004 оны 08 дугаар сарын 27-нд Гурил тэжээлийн үйлдвэрийн ажилчдад хувьчилж өгсөн 4 айлын галладаг сууцны 1 өрөө байшинг худалдаж авсан юм.

Тухайн үедээ байшингаа 450.000 төгрөгөөр худалдаж аваад үл хөдлөхийн бичиг баримтаа өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй. Энэ байшинг худалдсан хүн одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байгаа. Би 2004 оны 09 дүгээр сараас одоог хүртэл 13 жил 6 сар Баянхааны 4 дүгээр багийн 2 дугаар хэсгийн 110 тоотод амьдарч байна.

Иймээс миний энэ аргагүй байдлыг харгалзан үзэж үл хөдлөхийн бичиг баримтаа өөрийн нэр дээр болгох хүсэлтэй байгаа тул шүүхийн шийдвэрээр шийдвэрлэж өгнө үү! гэжээ. 

 

            Нэхэмжлэгч: Б.Алтанцэцэг шүүх  хуралдаанд  гаргасан тайлбартаа: 

 ... Би  2004 оны 08 дугаар сарын 27-нд Гурил тэжээлийн үйлдвэрийн ажилчдад хувьчилж өгсөн галладаг 4 айлын орон сууцыг н.Оюунбилэг гэдэг хүнээс 450.000 төгрөгөөр худалдаж авч 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нүүж ороод өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тэр үед байрны бичиг баримтыг өөр дээрээ шилжүүлж аваагүйгээс одоо үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадахгүй өдий хүрлээ. н.Оюунбилэг хотод амьдарч байгаа сураг байдаг боловч олж уулзаж чадаагүй бөгөөд хэд хэдэн удаа утсаар холбогдох гэсэн боловч хүүхдүүд нь ээж байхгүй гэдэг. Иймд намайг дээрхи байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү! гэжээ. 

 

 

Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                             

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 4 дүгээр баг, Баянхааны 2 дугаар хэсэг 110 тоотод  байрлалтай 37 м2 талбай бүхий 1 /нэг/  өрөө байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү ... гэх  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасны дагуу нэхэмжлэгчид уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэн гэж үзнэ.

Мөн 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл дээрх байрны талаар ямар ч маргаан гараагүй болох нь Сэлэнгэ аймгийн засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 231 тоот “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн засаг даргын ... Бизъяа овогтой Алтанцэцэг нь тус багийн 2 дугаар хэсэг 110 тоотод 2004 оны 9 сараас одоог хүртэл амьдарч байгаа нь үнэн болно... гэх тодорхойлолт, гэрч Н.Оюунцэцэгийн ... Б.Алтанцэцэг нь Сүхбаатар сумын 4 дүгээр баг 2 дугаар хэсэг 110 тоотод 2004 оны 9 сараас одоог хүртэл амьдарч байгаа нь үнэн. Тэр үед Алтанцэцэгт байр зарсан хүн нь одоо олдохгүй байгаа учраас байрны гэрчилгээгээ авч чадаагүй гэж ярьдаг ... гэх, гэрч А.Сарантуяагийн ... 2005 онд Алтанцэцэгийн хүү манай хүү хоёр нэг ангид сурдаг болж бид 2 танилцсан. Энэ үеэс л уг байранд Алтанцэцэг амьдардаг байсан, одоо ч энэ байрандаа байгаа... гэх, гэрч Б.Цэцэгмаагийн ... 2004 онд манай ээж өөрийн байраа зараад эгчид маань энэ байрыг худалдаж авч өгсөн юм. Миний эгч 2004 оноос энэ байранд одоог хүртэл амьдарч байгаа нь үнэн ... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхааны 2 дугаар хэсэг 110 тоотод байрлалтай 37 м2 талбай бүхий 1 өрөө байрны өмчлөгч нь Хариад овгийн Бизъяагийн Алтанцэцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 613 тоот шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхааны 2 дугаар хэсэг 110 тоотод байрлалтай 37 м2 талбай бүхий 1 өрөө байрны өмчлөгч нь Хариад овгийн Бизъяагийн Алтанцэцэг /МЮ67022702/ мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХЗУЛ