Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 202

 

 

    2017 оны 04 сарын 10 өдөр                Дугаар 129/ШШ2017/00202                                                              Эрдэнэбулган сум

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1961 төрсөн, Архангай аймгийн Батцэнгэл сумын 6 дугаар багт оршин суух Боржигин овгийн Даваажавын Батжаргалын /РД:АА61040835/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч М.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Батжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Нэгдлийн санхүү шатахад хөдөлмөрийн дэвтэргүй болсон. Иймд миний Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд Азарга бригадад 1977 оны 01 сарын 05-ны өдрөөс 1992 оны 06-р сарын   20-ны өдөр хүртэл малын санитарчаар тасралтгүй ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Батжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малын санитарчаар 1977 оны 01 сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажилласан юм. Иймд 1992 он гэснийг 1989 он болгон наашлуулж ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Батжаргал нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.         Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1.  Малчдын сургууль, төлчдийн семинар зөвлөгөөний сумдын төвд нэгтгэн зохион байгуулж хийлгэхэд оролцсон 172 малчид, төлчдөд хичээл семинар тэмдэглэхэд нь зориулж тус бүр 4 төгрөгийн үзэг 1 ширхэг, 48 мөнгөний дэвтэр 1 ширхэг бүгд 770 төгрөг 56 мөнгөний хичээлийн хэрэглэл олгосныг зарлага болгохоор тогтоож хавсралтаар баталсугай. Хавсралтанд: Азарга бригад Батжаргал, олгосон зүйл 4-ийн үзэг-1, 48 мөнгөний дэвтэр-1 гэсэн “Хөрөнгө зарлага болгох тухай” Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 01 сарын 28-ны өдрийн 07 тоот тогтоол,

2.1. Малчид төлчдийн семинарын үеэр төлөө сайн бойжуулахыг ерөөсөн төлийн зурагтай хувин, будаа өгч байсан нэгдлийнхээ түрүүчийн уламжлалыг үндэслэн хавсралтанд заасан 260 хүнд төмөр хувин, талх, шимт бираник бүгд 3340 төгрөг 80 мөнгөний зүйлийг бэлэг болгон олгохоор тогтоож хавсралтыг баталсугай. Хавсралтанд: Д.Батжаргал, 8 төгрөгийн төмөр хувин-1, 3 төг 40 мөнгөний талх-1, шимт бираник-500г, бүгд үнэ-13 төг 90 мөн гэсэн “Хөрөнгө зарлага болгох тухай” Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 02 сарын 18-ны өдрийн 11 тоот тогтоол,

1.3. Нэгдлийн зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүдэд дурсамж болгож олгосон үзэг 190ш, дэвтэр 190 ш-ийн үнэ 1370 төгрөгийг зарлага болгосугай. Хавсралтанд: Батжаргал, дэвтэр-1 төг, 3 мөн, үзэг-1 төг, 4 мөн, бүгд үнэ-7 гэсэн “Хөрөнгө зарлага болгох тухай” Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 11 сарын 22-ны өдрийн 95 тоот тогтоол,

1.4. 1989 оны бог малын хамрын хөндийн гуурын боловсруулалтанд хамрагдах 35320 бог малыг БНМАУ-д үйлдвэрлэсэн АМС маркийн авто компрессор 59 мото цаг утлага хийхэд зориулж 147 литр 500 мл бензин, 5 литр маслыг олгосугай. Хавсралтанд: нийгэм хонь-336, ямаа-36, амь хонь-114, ямаа-1, бүгд-485, ажилласан цаг-40 мин гэсэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 11 сарын 01-ний өдрийн 71 тоот тогтоол,

2. Д.Батжаргалд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд идэвх зүтгэлтэй ажиллаж малын тариа туулгыг хугацаанд нь хийж малыг эрүүлжүүлэх явдалд идэвхтэй ажиллаж байгааг чинь үнэлж сайшаалын  үнэмлэх үнэ бүхий зүйлээр дурсгав гэсэн Бадрал нэгдлийн зөвлөлийн 1978 оны 12 сарын 30-ны өдрийн сайшаалын үнэмлэх,

3. Д.Батжаргалд мал сүргийг эрүүлжүүлэх, өсгөн нэмэгдүүлэх, тариа туулгыг хугацаанд нь хийх зорилгоор мал аж ахуйн мэргэжилтнүүдэд зарласан социалсит уралдаанд идэвх зүтгэлтэй ажиллаж 2-р байр эзэлсэн тул баярын бичиг үнэ бүхий зүйлээр дурсгав гэсэн Бадрал нэгдлийн зөвлөлийн 1979 оны 02 сарын 15-ны өдрийн баярын бичиг,

4. Гэрч Б.Дэнсмаагийн: “Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд саальчнаар 1970 оноос 1990 он хүртэл ажилласан. Намайг Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд саальчнаар ажиллаж байхад Д.Батжаргал нь 1977 оны үеэс эхлэн малын санитарчаар ажилласан. Д.Батжаргал нь сууриудаар явж нэгдлийн малд тариа хийж, вакцинжуулдаг байсан. Манай суурьт ирж малд вакцин, тарилга хийдэг байсан учир түүнийг санитарч байсныг мэднэ. Харин мал маллаж байсныг нь мэдэхгүй. Д.Батжаргал нь санитарчаар 1977 оноос 1990 он хүртэл ажилласныг би түүнтэй нэг нэгдэлд ажиллаж байсан учир мэдэж байна” гэх мэдүүлэг

5. Гэрч Д.Бадамсүрэнгийн: “Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд Хануй бригадад малчин, саальчнаар 1976 оноос 1992 онд тус нэгдлийг тарах хүртэл ажилласан. Д.Батжаргал нь Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн Азарга, Хануй бригадуудаар тойроод малд тарилга, туулга хийгээд явдаг байсан. Д.Батжаргал нь Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1977 оны үеэс эхлэн тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан. Д.Батжаргал нь малын санитарч хийдэг байсан байх малд тарилга, туулга хийдэг байсан. Би Д.Батжаргалыг мал маллаж байсныг нь мэдэхгүй. Намайг Бадрал нэгдэлд сааль саадаг байхад Д.Батжаргал нь манай бригад ирж сууриадаар тарилга хийдэг байсан учир би түүнийг 1977 оноос 1990 он хүртэл ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг,

6. Гэрч Б.Жамъянгаравын: “Би Д.Батжаргалыг Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд хэдэн оноос ажиллаж эхэлснийг сайн мэдэхгүй байна. Намайг 1987 онд Өндөр-Улаан сумын Хануй бригадад мал зүйчээр очиж ажиллахад Д.Батжаргал нь тус бригадад малын санитарчаар ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн Д.Батжаргал нь намайг 1994 он хүртэл Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлээс гарах хүртэл малын санитарчаар ажиллаж байсан. Би Д.Батжаргалын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй бригадад санитарчаар ажиллаж байсныг сайн мэднэ. Батжаргал нь санитарчаар ажиллаж байхдаа эмчийн заавраар эмчилгээ тэжээлийн цэгийн малд тариа туулга хийдэг, эмийг нь өгнө, арчилгаа маллагаа тэжээлийг хариуцна. Малчдын сууриар явж тариа туулга хийж, малын эм өгдөг” гэх мэдүүлэг,

7. Гэрч Б.Жамъянгаравын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд зоо-техникчээр ажиллаж байсныг нотолсон “Комисс байгуулах тухай” Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1980 оны 03 сарын 30-ны өдрийн 13 тоот  тушаал, “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 01 сарын 26-ны өдрийн 3 тоот тушаал, “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 11 сарын 28-ны өдрийн 68 тоот тушаал,

8. Өндөр-Улаан сумын нэгдсэн конторын барилга нь 1984 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16:20 цагт цахилгааны гэрлийн утасны гэмтлээс болж шатсан нь үнэн болохыг гал түймрийн нэгдсэн бүртгэлээс хянан үзэж тодорхойлов гэсэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 05 тоот тодорхойлолт,

9. Даваажав овогтой Батжаргал /АА61040835/ нь цэргийн албыг ямар нэг хэлбэрээр хаагаагүй болохыг тодорхойлов гэсэн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2017 оны 04 сарын 05-ны өдрийн 10/69 тоот тодорхойлолт зэрэг болно.

 

Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр Д.Батжаргалтай хамт ажиллаж байсан Б.Дэнсмаа, Д.Бадамсүрэн, Б.Жамъянгарав нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Батжаргалын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд ажиллаж байсан нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 11 сарын 22-ны өдрийн 95 тоот, 1989 оны 11 сарын 01-ний өдрийн 71 тоот тогтоол, 1978 оны 12 сарын 30-ны өдрийн сайшаалын үнэмлэх, 1979 оны 02 сарын 15-ны өдрийн баярын бичиг, гэрч Б.Дэнсмаа, Д.Бадамсүрэн, Б.Жамъянгарав нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл зэргээр нотлогдож байна.

Хэрэгт хүсэлт гаргагчийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малын санитарчаар томилогдсон болон чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 11 сарын 22-ны өдрийн 95 тоот, 1989 оны 11 сарын 01-ний өдрийн 71 тоот тогтоол, 1978 оны 12 сарын 30-ны өдрийн сайшаалын үнэмлэх, 1979 оны 02 сарын 15-ны өдрийн баярын бичиг зэргээр хүсэлт гаргагч Д.Батжаргалын санитарчаар ажиллаж байсан нь тогтоогддог боловч түүний Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдэлд малын санитарчаар 1977 оны 01 сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн “миний бие нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малын санитарчаар 1977 оны 01 сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажилласан” гэх нэхэмжпэл, гэрч Б.Дэнсмаагийн “Д.Батжаргал нь Бадрал нэгдэлд санитарчаар 1977 оноос 1990 он хүртэл ажилласныг би түүнтэй нэг нэгдэлд ажиллаж байсан учир мэдэж байна” гэх мэдүүлэг, гэрч Д.Бадамсүрэнгийн “Намайг Бадрал нэгдэлд сааль саадаг байхад Д.Батжаргал нь манай бригад ирж сууриудаар тарилга хийдэг байсан учир би түүнийг 1977 оноос 1990 он хүртэл ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Б.Жамъянгаравын “Намайг 1987 онд Өндөр-Улаан сумын Хануй бригадад мал зүйчээр очиж ажиллахад Д.Батжаргал нь тус бригадад малын санитарчаар ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн Д.Батжаргал нь намайг 1994 он хүртэл Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлээс гарах хүртэл малын санитарчаар ажиллаж байсан. Батжаргал нь санитарчаар ажиллаж байхдаа эмчийн заавраар эмчилгээ тэжээлийн цэгийн малд тариа туулга хийдэг, эмийг нь өгнө, арчилгаа маллагаа тэжээлийг хариуцна. Малчдын сууриар явж тариа туулга хийж, малын эм өгдөг” гэх мэдүүлэг, Д.Батжаргалд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд идэвх зүтгэлтэй ажиллаж малын тариа туулгыг хугацаанд нь хийж малыг эрүүлжүүлэх явдалд идэвхтэй ажиллаж байгааг чинь үнэлж сайшаалын үнэмлэх үнэ бүхий зүйлээр дурсгав гэсэн Бадрал нэгдлийн зөвлөлийн 1978 оны 12 сарын 30-ны өдрийн сайшаалын үнэмлэх, Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 11 сарын 01-ний өдрийн 71 тоот тогтоол зэргээр тогтоогдож байх тул Д.Батжаргалыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малын санитарчаар 1977 оны 01 сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд Батжаргалын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малын санитарчаар 1977 оны 01 сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

“Хөрөнгө зарлага болгох тухай” Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 01 сарын 28-ны өдрийн 07 тоот, 1986 оны 02 сарын 18-ны өдрийн 11 тоот тогтоолууд нь малчид, төлчдөд хамаарах тогтоол байх тул хүсэлт гаргагч Д.Батжаргалын ажил төрөлтэй холбоогүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Боржигин овгийн Даваажавын Батжаргалыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдэлд малын санитарчаар 1977 оны 01 сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА